Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 617

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулав.

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, MV-***** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Ж ХХК нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Өвөр хөшөөтийн амны алтын шорооны ордын MV-0***** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн талбай анх 204.37 га байсан. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүстэй уг ордын талбай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр манай компанийг энэхүү ордод бүхэлд нь үйл ажиллагаа явуулахыг 2009-2011 онуудад түдгэлзүүлсэн.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ийнхүү манай тусгай зөвшөөрлийн талбайгаас хасахдаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэхүү хууль хэрэгжих, үйлчлэх хүрээ хязгаар, хилийн заагийг тодорхойлсон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд үндэслэн гаргасан.

Өөрөөр хэлбэл Ж ХХК-ийн эзэмшдэг MV-0***** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хамрах хүрээнд багтаж, улмаар хасагдсан юм.

МV-0***** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хасалт хийхдээ Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга нь 2012 оны 05 дугаар сарын 15-нд 333, мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр 440 дүгээр шийдвэрүүдийг тус тус гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5.2-оос харахад нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх үүсэхээр байхад хариуцагч нь шаардлага хангагдаагүй, нөхцөл бүрдээгүй байхад 333, 440 дүгээр шийдвэрүүдийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт болсон байна.

Өөрөөр хэлбэл нөхөх олговрыг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн талбайн хэмжээг багасгах зохицуулалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд байхгүй юм. Хуульд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасантай нийцээгүй хууль бус акт юм.

Харин дээр дурдсан Засгийн газрын 174 дүгээр тогтоол нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт 

малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-нд өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газраас гаргасан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. 

Цаашлаад 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн явдал юм.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийхдээ ямар нэгэн нөхөх олговор олгоогүй бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлийн талбайг хасах боломжгүйгээр хуульчилсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн MV-0***** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 440 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, MV-0***** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Өвөрхөшөөтийн ам нэртэй 204.37 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0***** дугаар тусгай зөвшөөрлийг  2007  оны  10  дугаар  сарын  10-ны  өдөр Ж ХХК-д олгосон.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан.

Тус тогтоолд хамрагдаж буй 7211 солбицлыг кадастрын мэдээллийн санд бүртгэхэд ашигт малтмал ашиглалтын MV-0***** дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөх олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 дугаар албан бичиг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаар тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-0***** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамаарахгүй байна.

Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-иас Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дараах байдлаар шийдвэрлэв.

“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд;

Ж ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Өвөрхөшөөтийн ам нэртэй газар орших 204 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмалын МV-12806  тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон .

 Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор  баталсан хилийн заагт  Ж ХХК-ийн эзэмшиж буй МV-12806  тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагджээ. 

Мөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, цуцлах тухай” 333 дугаар  шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхацсан 33 тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ж ХХК-ийн  эзэмшиж байсан MV-12806 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтсан байна.

Мөн хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр  шийдвэрээр Ж ХХК-ийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Өвөр хөшөөтийн ам нэртэй талбай бүхий MV-12806 дугаар тусгай зөвшөөрлийн  Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай 97.62 гектар талбайн хэсгийг цуцалж, давхцалгүй хэсгийг 106.75 гектар талбай байхаар солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журамд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргахаар зохицуулсан байна.

Уг  журмын  3.4.2-т  зааснаар  тусгай   зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац 

бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор хүсэлт гаргаагүй бол нөхөх олговор олгохгүй байхаар заасан бөгөөд нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаггүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй тул нөхөх олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг илт хууль бусад тооцох боломжгүй юм.

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

“MV-12806 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр  тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сан бүхий газрын хилийн заагийг баталж, усны сангийн эргээс 50 метрт онцгой,  200  метрт  энгийн   хамгаалалтын   бүсийг   тэмдэгжүүлэх   ажлыг   зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалган, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ. 

Хариуцагч “... нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох хууль зүйн зохицуулалт байхгүй тул сэргээх боломжгүй...”, гэж тайлбарлаж байх боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас үзвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхаар зохицуулсан байна.  

Дээрх хуулийн заалтаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болж, нэхэмжлэгийн эзэмшиж байсан MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хасагдсан талбайн Засгийн Газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт орохгүй хэсгийг солбилцолоор нь тооцон буцаан олгох асуудлыг шийдвэрлэх боломж хариуцагчид олгогдсон гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хасагдсан талбайг буцаан олгох талаар зохицуулаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгүүдэд төсөөтэй харилцааг буюу тусгай хэрэгцээний газар болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үргэлжлүүлэн эзэмших давуу эрхийн талаар зохицуулсан байна. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/3879 дүгээр албан бичгээр  нэхэмжлэгчээс хасагдсан талбайгаа буцаан эзэмших талаар хүсэлт гаргаж байсан бөгөөд тус газраас Сангийн яаманд хүргүүлсэн  2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1-795 дугаар  албан бичгээр Ж ХХК Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолын дагуу нөхөн олговор авах хүсэлт гаргаж байгаагүй зэргээс үзэхэд тусгай зөвшөөрлөө буцаан сэргээлгэх хүсэлтээ гаргаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Ашигт малтал газрын тосны газрын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7/5728 дугаар  албан бичгээр нэхэмжлэгч Ж ХХК нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээхээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 015/047 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хандаж байсан талаар дурджээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингээд Ж ХХК-ийн гаргасан “MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан “MV-***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 440 дүгээр шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН

          ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                         С.ТӨМӨРБАТ