Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/72

 

 

Б.Ц-д холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Ж.Айжуу,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2017/ШЗ/179 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Ц-д холбогдох, эрүүгийн 201710000194 дугаартай, 1 хавтас, 97 хуудас бүхий хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, 1978 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Дорноговь аймгийн ..... сумын 1 дүгээр багт оршин суух, хувийн мал аж ахуй эрхлэдэг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Төмөр тэмээт овогт Б.Ц /ЕА78082011/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Айраг сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 201710000194 дугаартай хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор 5 хоногт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Б.Ц нь Ц.Д-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан: Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 238 дугаартай Ц.Д-ийн биед зүүн нүдний ухархай дотор хана, хамар яс, тархи, доргилт, зүүн хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи улаан хүрэн өнгийн цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-21/, хохирогч Ц.Д-ийн: Цийн цамцнаас нь зуураад татаад унагаасан ба тухайн үед Ц-ийн гартаа зүүж байсан эрх нь тасраад газарт унасан. Гэтэл Ц уурлаад намайг зодсон. Миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохиж унагаасан, газар унамагц дээрээс цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх-18-19/, яллагдагч Б.Цийн: Миний уур хүрээд зүүн гараараа цээжинд нь цохиод баруун гараараа зүүн нүд рүү нь цохисон гэсэн мэдүүлэг /хх-51-52/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон.

 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг багтсан байгаа. Тухайн гэмт хэргийг заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахгүй мөн хохирлоо төлсөн байх, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагагүй.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт “Шүүх шүүгдэгчийн гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж тодорхой заасан, харин шүүхээс энэ тохиолдолд хэргийг прокурорт буцаах заалт байхгүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх талаар энэхүү хуулийн 17.4 дүгээр зүйлийг 17.5 дахь хэсэгт заасан хэргүүдийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэнэ гэж буруу ойлгон “шүүгдэгч Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтэй эвлэрээгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаагүй гэж дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хуулийг илтэд буруу ойлгон хэрэглэн хууль зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч мөрдөн байцаалт өгөхдөө 5 сая төгрөгийг нэхэмжилж байна гээд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хэрэг шүүхийн шатанд хохирлын зарим баримтуудыг ирүүлсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруутай этгээд ял шийтгэл хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлтэй болж байгаа. Шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж үзэхээр байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч 5 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн ч ямар ч баримт гаргаж өгөөгүй байдаг. Хохирогчтой хохирол төлбөрийн асуудлаар эвлэрсэн, хохирол хэдэн төгрөг байх талаар тохирсон ямар ч зүйл байхгүй. Цоггэрэл нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байсан боловч шүүх хуралдаан дээр гэм буруугийн асуудлаар маргадаг. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хоорондоо ярилцсан зүйл байдаггүй учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй юм гэж үзэж анхан шатны шүүх хэргийг буцаасан нь үндэслэлтэй тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Энэ нь анхан шатны шүүх прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэж прокурорт буцаасан байх боловч прокурорын яллах дүгнэлтэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэх агуулга тусгагдаагүй, мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, яллах дүгнэлт үйлдсэн хугацаа зэргээс үзэхэд энэ хэргийн хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалт явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд тухайн зүйл хэсэгт заасан онцлог зохицуулалт үйлчлэхээр ойлгогдож байгаа хэдий ч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ерөнхий үндэслэл журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх явдал бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Ц нь тийм хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ийнхүү шийдвэрлэх болсон ерөнхий нөхцөл журмыг хамаарахгүй гэж үзэх нь учир дутагдалтайн гадна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн зорилго, агуулга, зарчим алдагдахад хүрэх юм. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой богино хугацаанд явагдах зорилго нь онцлог зохицуулалт болох хэдий ч хуулийн 17.5 дугаар зүйлийн  2 дахь  хэсэгт “прокурор хэргийг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд энд прокурор хэргийг хянах агуулга тусгагдсан байгаа нь хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журам хамаарна гэж үзнэ. 

Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдэд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналыг зөвшөөрсөн байх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ерөнхий агуулга зарчим хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй болно. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлд зааснаас үзэхэд хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 4.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нөхцөл байдлыг хянах агуулга дээрх хуульд тусгагдаагүй гэж ойлгогдож байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, энэхүү хэргийн хувьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх дээр дурдсан нөхцөл журам хангагдаагүй тул шүүх ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2017/ШЗ/179 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                          ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА 

                                                                                                Н.БАТЧИМЭГ