Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.П холбогдох эрүүгийн 1940000300010 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Г.П

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Г.П нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Э гэрт байсан “Самсунг Эс-6 плас” маркийн гар утсыг хулгайлж нийт 304000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Хохирогч С.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 01 сарын 24-ний өдөр Баянмөнх сумын 4 дүгээр багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн  “Самсунг Эс-6 плас” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн өдөр би 17 цаг 50 минутын үед  ажил руугаа хүнд хувцас хүргэж өгөхөөр гэрээ түгжилгүй онгорхой орхиод хүүгээ дагуулаад сумын эмнэлэг явсан юм. Би гэрээс гарахдаа “Самсунг галакси-С6 плас” маркийн шар өнгийн гар утсаа гэрийн зүүн талд байрлах өөрийн унтдаг орон дээр  цэнэглээд  орхисон байсан. Хүү бид хоёр удалгүй 30 орчим минутын дараа гэртээ ирэхэд миний гар утас байхгүй алга болсон байсан ...Би 2019 оны 01 сарын 24-ний өдөр Г.П огт таараагүй. Би сумын цагдаа Тэмүүжинтэй хамт гэрт очиж гар утсаа авсан. Г.П  миний гар утсыг гэрийн баруун хэсэгт байрлах орныхоо гудсан доороос гаргаж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би “Самсунг галакси-С6 плас” маркийн гар утсаа бүрэн бүтэн олж авсан” гэх мэдүүлэг /хх-н 13-15 хуудас/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Баянмөнх сумын 4 дүгээр багийн иргэн С.Э  нь 2019 оны 01 сарын 25-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутын орчимд өчигдөр орой 18 цагийн үед гэрээсээ “Самсунг галакси-С6 плас” маркийн шаргал өнгийн хулгайд алдчихлаа гэж мэдэгдсэн. Би дуудлагын дагуу гэрт нь очиж үзэхэд алдагдсан гэх гар утас байсан гэх гэрийн орчим размерийн эрэгтэй хүний гутлын мөр байсан. Тэгээд би хохирогч Э уулзаж ярилцахад манай хойд эгнээний Г.П  байж магадгүй гэсэн. Би Баянмөнх сумын 4 дүгээр багт хашаанаас гарсан гутлын мөрийг харахад хашаанаас гарч хойд зүгт явж байгаад Баянмөнх сумын 4 дүгээр багийн Цацын 1-1 тоот хашааны ойролцоо Г.П ийн гэрийн ойролцоо очсон байсан. Тэгээд би Э хамт очоод С.Э  г Г.П ийн гэрт нь орж алдагдсан гар утасны талаар хэлэхэд Г.П шаргал өнгийн “Самсунг галакси-С6 плас” маркийн гар утсыг гэрээсээ гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 18-19 хуудас/

Шүүгдэгч Г.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 01 сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Баянмөнх сумын Саруулын С.Э   гэх айлынхаар хэсэх гэж очиход гэрийнхэн хаалга цоожгүй гэрийн хаалгаар шагайхад гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт ортол гэрийн орон дээр самсунг маркийн утсыг цэнэглээд орхичихсон байхаар нь цэнэглэгчнээс нь салгаад утсыг унтраагаад гэрээс нь гарч гэртээ хариад уг авсан утсаа өөрийнхөө орны гудас нь доогуур хийж нуусан. Ингээд би тэр өдрөө гэрээсээ гараагүй гэртээ байгаад унтаж амарсан. Ингээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 01 сарын 25-ны өдөр өглөө 09 цагийн үед байх сумын төв рүү явж байхад С.Э  эгч машинтай зөрж өнгөрөөд намайг харчихаад эргэж над дээр ирсэн. Тэгэхээр нь би машинд суухад С.Э  эгч “Эгч нь өчигдөр гэрээсээ утсаа алдчихлаа” гэхээр нь би “Таны утсыг би авчихсан юм аа, таны утас манайд байгаа, одоо очоод авчих” гэж хэлээд гэр рүүгээ дагуулж яваад утсыг нь авч өгсөн. С.Э  эгч “Өчигдөр утсаа алдсан гэж цагдаад мэдэгдсэн болохоор хоёулаа цагдаатай очиж уулзая” гээд намайг хэсгийн төлөөлөгчийн ажлын байр руу дагуулж явсан. Би эхнэртээ утас авч өгөх мөнгө төгрөгний боломжгүй байсан болохоор эхнэртээ утас бариулъя гэж бодоод С.Э   эгчийн гэрт цэнэглэж байсан утсыг авчихсан юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би С.Э  эгчийн гэрээс авсан утсаа С.Э  эгчид буцааж өгсөн. Би гэрээс нь өөр зүйл аваагүй, С.Э   эгчийн утсыг өгч ямар нэгэн гомдол саналгүй болгосон тул  шүүх  прокурор  ажилчид  та  бүхэн  миний  хийсэн  хэрэгт  хөнгөн  ял шийтгэл ногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-н 25 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 2 хуудас/, гар утасны баталгааны хуудас /хх-н 7-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 76-77-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31 хуудас/

-Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би С.Э гар утсыг авсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Г.П-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч С.Э “Самсунг Эс-6” плас маркийн гар утсыг хулгайлж бусдад 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

Хохирогч С.Э , гэрч Б.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн хөрөнгийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Тухайлбал шүүгдэгч Г.П нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багт тоотод оршин суух хохирогч С.Э гэрт байсан “Самсунг Эс-6 плас” маркийн гар утсыг хулгайлж нийт 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Шүүгдэгч Г.П ид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,  шунахайн сэдэлтээр үйлдсэн байна. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгох бол шунахайн сэдэлт гэдэгт өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

Шүүгдэгч Г.П нь G93 буюу тархины бусад эмгэг гэх өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болох нь хэрэгт цугаларсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна. Дээрх өвчин нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын  4.26-ийн а-д заасан Үлдэц бүхий тархины органик эмгэгшил /энцефалопати/-ийн талласан хөшүүн саа гэх өвчин бөгөөд энэхүү өвчин нь тус тушаалын 2-т заасан сэтгэцийн болон зан үйлийн эмгэг өвчнүүд, 4.25-т заасан Эпилепсийн уналт, таталтын өвчнүүд гэх бүлэгт хамаарахгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ буюу гар утасны үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний Вендо компаниар үнэлүүлсэн нь тухайн хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх боломжтой, хуульд нийцсэн байна дүгнэлээ.

          Хохирогч С.Э  нь мөрдөн байцаалтын шатанд надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би “Самсунг галакси-С6 плас” маркийн гар утсаа бүрэн бүтэн олж авсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.П ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

          Тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогчийн эд хөрөнгөндөө хэт хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгч Г.П ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Г.П ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Г.П нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.5  дугаар

зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Г.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.П ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.     

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.П ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлийн 1, 6, 7, 8,  36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7,

36.8, 36.10, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

1.Шүүгдэгч Г.П ийг хулгайлах гэмт хэргийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайван овогт Гансүхийн Г.П ийг хорих ял оногдуулахгүйгээр 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.П ийг тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ийг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П ийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

  6.Шүүгдэгч Г.П нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       М.ЭНХМАНДАХ