Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 5057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,

 

65,100,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            “Миний бие 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 35,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай, 1 /нэг/ сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон ба тухайн өдрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 35,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгсөн юм.

 

            Бид Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн Барьцааны гэрээ байгуулсан.

 

            Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг төлөөгүй, түүнээс зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл биелүүлэхгүй байна.

 

            Иймд, хариуцагч аас үндсэн зээл 35,000,000.00 төгрөг, 6 /зургаа/ сарын хүү 8,400,000.00 төгрөг, гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутмын алдангид 21,700,000.00 төгрөг, нийт 65,100,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэн зээл 35,000,000.00 төгрөг, хүү 5,350,000.00 төгрөг, алданги 17,500,000.00 төгрөг, нийт 57,850,000.00 төгрөг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа 7,250,000,000.00 төгрөгөөр багасгаж байна.

 

            Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийг буцаан төлөх хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд уг өдрөөс хойш алдангийг тооцоход үндсэн зээлийн үнийн дүнгээс хэтэрч байгаа учраас хуульд зааснаар 17,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Хариуцагч нь хариу тайлбартаа тус зээлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тул тэрээр алданги төлөх үүрэгтэй.

 

            Түүнчлэн талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт хэрэв хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тусгах хүсэлттэй байна.

           

            Иймд, хариуцагч аас 57,850,000.00 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

            “Миний бие гээс 35,000,000.00 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүүг төлж байсан.

 

            Нэхэмжлэгчээс одоо нэхэмжилж буй 65,100,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүү төлж байсан баримтууд гийн дансны хуулгаас тодорхой харагдах юм” гэжээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 57,850,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ы зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч аас 56,350,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тай Зээлийн гэрээ байгуулж, түүнд 35,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай 1 /нэг/ сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.

 

Талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгч ы өмчлөлийн*******,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохирч, Барьцааны гэрээг байгуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 болон мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч гийн зүгээс зээлдэгч д зээлийн гэрээний зүйл болсон 35,000,000.00 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус Зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч д үндсэн зээлийн хүүнд сар бүрийн 01-ний өдөр 1,400,000.00 төгрөг төлөх, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл зээлдэгч 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1,400,000.00 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,150,000.00 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000.00 төгрөг, нийт 4,550,000.00 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.

 

Гэрээний хугацаа буюу зээлдэгч ы зүгээс зээлийг ашиглах хугацаа 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бөгөөд тэрээр үндсэн зээлийг дээр дурьдснаар гэрээний хугацаа дуусах эцсийн өдөр төлөх үүрэг хүлээсэн учраас энэ хугацаанд түүний төлсөн 4,550,000.00 төгрөгийг зээлийн хүү төлсөн гэж үзэх нь зөв бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг энэ хугацаанд 3,050,000.00 төгрөгийн хүү төлсөн гэж мэтгэлцэж байгаа боловч нь зээлдүүлэгчид нийт 4,550,000.00 төгрөгийн зээлийн хүү төлжээ.

 

Гэвч зээлдэгч хэдийгээр зээлийн хүүнд 4,550,000.00 төгрөг төлсөн боловч тэрээр Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм.

 

Учир нь, хариуцагч нь зээлийг ашиглах хугацаанд зээлийн хүүнд нийт 8,400,000.00 төгрөгийг зохих ёсоор төлөх, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөх ёстой байсан атал тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хүүний төлбөрт 3,850,000.00 төгрөг дутуу төлсөн байгаагаас гадна үндсэн зээлийг одоо хүртэл төлөөгүй хэвээр байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, зээлдүүлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч аас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээл болон тохирсон хүүг төлөх нь зүйтэй юм.

 

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар Анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатайгаас гадна 232 дугаар 232.6-д зааснаар алдангийн хэмжээ нь 0.5 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтай.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь Анзын талаар бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байгаагаас гадна алдангийн хэмжээ хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Анзын хэмжээ хэт их байвал шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болно гэжээ.

 

Гэвч энэхүү хэргийн нөхцөл байдал болон үндсэн зээлийн хэмжээтэй тухайн тохиролцсон алдангийг харьцуулан авч үзвэл нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас хариуцагч ы зүгээс ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, тэрээр үүргийг гүйцэтгэхэд тодорхой нөхцөл байдал нөлөөлсний улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан хоёрдугаарт, үүргийг гүйцэтгэх талаар тодорхой арга хэмжээ авч байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 01-ий өдөр ийнхүү Зээлийн гэрээ байгуулж, Анзын талаар тохирч байх үеийн нөхцөл байдал хожим өөрчлөгдсөн, Анзыг бууруулах ямар нөхцөл, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа, анхнаасаа тохирсон Анз нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон зэрэг үйл баримтын талаар нотлохгүй байна.

 

Иймд, үндсэн зээл болох 35,000,000.00 төгрөгөөс тооцсон 17,500,000.00 төгрөгийн алдангийг бууруулах үндэслэл алга байх тул хариуцагч нь алдангид 17,500,00.00 төгрөг төлөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу тооцвол 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд тооцогдсон алдангийн хэмжээ 17,500,000.00 төгрөг болсныг төлөх ёстой.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү барьцаа нь хүчин төгөлдөр юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тус тус зааснаар талууд төрийн эрх бүхий байгууллагад Барьцааны гэрээг зохих ёсоор бүртгүүлж, баталгаажуулсан байна. 

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлд барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах журмыг зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 43.1-д барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно, 44 дүгээр зүйлийн 44.1-д барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр зохигчид үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахдаа шүүхийн журмыг хэрэглэхээр тохирсон байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулжээ.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл 35,000,000.00 төгрөг, түүний хүүнд 3,850,000.00 төгрөг төлөх үүргээ зөрчсөн байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч гийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

 

                       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар хариуцагч аас 35,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 3,850,000.00 төгрөг, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн 17,500,000.00 төгрөгийн алданги, нийт 56,350,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох*******,,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950.00 төгрөг, хариуцагч аас 439,750.00 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/11627 тоот захирамж нь энэхүү шийдвэрийг тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.МАНДАЛБАЯР