Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 541

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй Ховд Их сургуульд холбогдох Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.******* миний бие 2006 оны 06 дугаар сард Ховд их сургуульд нягтлан бодогчоор томилогдсон бөгөөд тус сургуулийн ерөнхий нягтлан бодогч санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Сангийн яамны жуух бичиг, аймгийн хүндэт тэмдэг, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн хүндэт тэмдэг, Ховд их сургуулийн хүндэт тэмдэг, жуух зэргээр тус тус шагнагдаж байсан. 2016 оны 02 дугаар сард шинэ захирал томилогдож ирээд чамтай ажилламааргүй байна, чи ажлаа өгөөд багш болчих, би чамд үргэлжлүүлэн докторантурын цалинтай чөлөө өгье гэж хэлсэн. Энэ шалтгаанаар Ховд их сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаал гарч намайг санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж ажиллуулах тухай тушаал гарсан. Багшаар томилогдсон өдрөөс эхлэн тус сургуульд мөрддөг журмын дагуу докторантурын 45 хоногийн цалинтай чөлөө хүссэн боловч захирлын тушаалаар цалингүй чөлөө олгогдож, үргэлжлүүлэн 2016 оны 06 дугаар сард ээлжийн амралтын мөнгөө бодуулж авсан. Гэтэл 2016 оны 06 дугаар сард гарсан багш ажилтнуудын ээлжийн амралтын тушаалд миний нэрийг оруулаагүй байсан. Энэ асуудлыг сургуулийн захирал, сургалт эрхэлсэн дэд захиралд мэдэгдэж, уг тушаалын хавсралтыг засварлуулж, зассан ээлжийн амралтын тушаалын дагуу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон. Гэтэл өнөөдрийн байдлаар багшид ногдох цаг байсаар байтал хичээл заалгахгүй, багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхгүй, цалин олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Ховд их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн багшийн ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд их сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлдөө Монгол Улсын их сургуулийн докторантурт суралцаж, диссертацийн ажлаа бичиж дуусган, хамгаалахад ажлын ачааллаа багасгаж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд ТҮМБД-5 багш зэрэглэлд багшаар ажиллах хүсэлтэй гэж өргөдөл гаргасны дагуу Г.*******ыг Ховд их сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багшаар ажиллуулах тушаал гарсан. Тушаалын 4 дэх хэсэгт Ховд их сургуулийн 2014, 2015 онуудын Аудитын дүгнэлт сөрөг гарсантай холбоотой аудитын дүгнэлтээр тавигдсан актыг барагдуулж ажиллахыг Г.*******д үүрэг болгосон. Уг зөрчлийг арилгаагүй учир 2016 оны 09 дүгээр сарын 15-нд акт барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл нь ажлаас чөлөөлөх тухай биш, аудитын акт барагдуулах тухай мэдэгдэл юм. Г.*******ыг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшийн ажлаас чөлөөлөөгүй учир ажилд эгүүлэн авах тухай шаардлага нь үндэслэлгүй юм.

Г.*******ыг Ховд их сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багшаар ажиллуулах тушаал гарсан боловч 2015, 2016 онуудад Ховд их сургуульд элсэгчдийн тоо эрс цөөрсөнтэй холбоотойгоор Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар Ц.*******, Г.******* нарт цаг хуваарилах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нарын 2016-2017 оны хичээлийн жилийн хуваарилалтаар Г.*******д заах цаг байхгүй гэсэн шийдвэр гарсан. Ховд их сургуулийн Дотоод ажлын зохион байгуулалт, чанарын удирдлагын тогтолцооны журмын 6.14-д заасан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу Ховд их сургуулийн багш ажилтнуудын цалинг ажлын үр дүнтэй нь холбон олгох бөгөөд энд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт ажлын гүйцэтгэл болон сургуулийн захиргаанаас өгсөн цаг үеийн шинжтэй үүрэг даалгавар, байгууллагын хамт олныг хамарсан хурал цуглаан, олон нийтийн ажлыг тооцно гэсэн заалтыг үндэслэн багшлах ажил эрхлээгүй, ажлын байранд ирээгүй, тушаалд заасан акт барагдуулах үүргийг хэрэгжүүлээгүй учир Г.*******д цалин олгох үндэслэлгүй юм. 2016-2017 оны хичээлийн жилд Ховд их сургуульд элсэгчдийн тоо эрс цөөрсөнтэй холбоотойгоор багш нарын цаг хүрэлцээгүй болсон учир цаг хүрэлцэхгүй байгаа багш нарын нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаа. Иймд Г.*******ыг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Ховд Их сургуульд холбогдуулан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь багшид ногдох цаг байсаар байтал хичээл заалгахгүй, багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхгүй, цалин олгохгүй байгаа нь үндэслэлгүй юм гэж,

хариуцагч нь 2014, 2015 онуудын Аудитын дүгнэлт сөрөг гарсантай холбоотой аудитын дүгнэлтээр тавигдсан актыг барагдуулаагүй, Ховд их сургуульд элсэгчдийн тоо эрс цөөрсөнтэй холбоотойгоор Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар Г.*******д цаг хуваарилах боломжгүй гэсэн гэж мэтгэлцлээ.

Ажил олгогч нь ажилтан Г.*******ыг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаартай тушаал /хх-05/-аар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимын багшаар томилсон байна.

Дараа нь Г.*******ын Ховд Их сургуулийн захиргаанд бичгээр гаргасан өргөдлийг /хх-96/ үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/******* дугаартай Ховд их сургуулийн захирлын тушаал /хх-06/-аар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 45 хоногийн цалингүй чөлөө олгожээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ховд их сургуулийн багшийн ажлын журам-ын 3.5.1-д зааснаар багшийг авах захиалгыг тэнхим үндэслэж, цагийн ноогдлын хамт гаргаж, сургуулийн захиргааны зөвлөлөөр хэлэлцдэг тул Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн профессор багш нарын цаг хуваарилалтад Г.******* багшид хуваарилах цаг байхгүй гэсэн шийдвэр гарсан гэх боловч үндэслэл болгосон Ховд их сургуулийн багшийн ажлын журам-ын 3.5.1-д заасан /хх-60-79/ заалт нь шинэ багш сонгон шалгаруулж ажиллуулах заалт байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.******* нь Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлыггүйцэтгэж байгаад Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимын багшаар томилогдсон байх тул дээрх журмын заалт хамаарахгүй юм.

Г.******* нь Ховд их сургуульд Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, Ховд их сургуулийн байнгын ажлын байранд ажилладаг ажилтан мөн болох нь Ховд их сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/107 дугаартай Ховд их сургуулийн ажиллагсдын ажилласан жил, орон тоо, албан тушаалын зэрэглэл тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-80-88/, Ховд их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн А/58 дугаартай Профессор багш, ажилтан, ажилчдын 2016 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-89/, түүний хавсралт /хх-90-93/, ХИС-ийн профессор багш нарын ээлжийн амралтын хоног, хуваарь /хх-12-14/-аар нотлогдож байна.

Харин Г.*******ыг Ховд их сургуульд Санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд түүнд аудитын акт тавигдсан болох нь Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-43/, түүний хавсралт /хх-45/, Ховд их сургуулийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/******* дугаартай Акт барагдуулах тухай албан бичиг /хх-46/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Г.*******д 2016-2017 оны хичээлийн жилд хичээл заах цаг хуваарилагдаагүй болох нь Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн профессор багш нарын сургалтын гүйцэтгэлийн багц цагийн тооцоо /хх-38-42/, Ховд их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн НББ-ийн тэнхимийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн протокол /хх-95/-оор тус тус нотлогдож байна.

Гэвч Г.*******д тавигдсан аудитын акт нь түүнийг Санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд тавигдсан акт байх ба тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимын багшаар томилогдсон тул түүний ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж, багшаар томилогдсон багш Г.*******д аудитын актыг барагдуулах үүрэг ногдохгүй юм.

Мөн Г.*******д 2016-2017 оны хичээлийн жилд хичээл заах цаг хуваарилагдаагүй нь ажилтанг томилогдсон ажил хөдөлмөрийг нь эрхлүүлэхгүй, ажилуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ёстой.

Иймд ажил олгогч ажилтныг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал гаргахгүйгээр ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдож, ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Ховд их сургууль нь ажилтан Г.*******ыг томилогдсон багшийн ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, эрхийг нь зөрчсөнийг ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй гэж үзлээ.

Г.*******ын ажил олгогчийн буруугаас болж хөдөлмөр эрхлээгүй 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 1 сар 15 өдөрт олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Ховд их сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Г.*******ыг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшийн ажилд ажиллуулахыг хариуцагч байгууллагад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо түүний цалингийн цэс /хх-48/болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээс тооцоход (690,724 х 1 сар) + (690,724/21,5 х 15ажлын өдөр) = 1,172,614 төгрөгийг хариуцагч Ховд их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6*******,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн тооцуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчГ.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (ажилд эгүүлэн тогтоосон тул) + 32693 (1,172,614 төгрөгийн олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж) нийт 102,893 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Хэрэгт авагдсан Ховд их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хх-97-98/ нь хэрэгт хамааралгүй, хэргийн 7-11 дугаар хуудаст авагдсан Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш нарын 2016-2017 оны хичээлийн жилийн цаг хуваарилалт, 15 дугаар хуудаст авагдсан Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш ажилчдын ажилласан өдрийн тодорхойлолт, 16 дугаар хуудаст авагдсан Г.*******ын өргөдөл зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 34 дугаар хуудаст авагдсан Г.*******ын өргөдөл, 37 дугаар хуудаст авагдсан Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн НББ-ийн тэнхимийн хурлын протокол зэрэг нь хариуцагч байгууллагын хуулбар үнэн дардас дарсан, 35 дугаар хуудаст авагдсан Ховд их сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 36 дугаар хуудаст авагдсан Ховд их сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/******* дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь хэрэгт давхацан авагдсан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ыг Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багшийн ажилд ажиллуулахыг Ховд их сургуульд даалгасугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 1 сар 15 өдөрт ногдох олговорт 1,172,614 төгрөг /нэг сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 102,893 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА