Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Нямсүрэнд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 79 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 2 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ, 2015 оны 7 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан  хэлэлцэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Эрдэнэ-Очир

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 9 сарын 30-ны өдөр иргэн Ц.Нямсүрэнтэй 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 1 сарын 30-ны өдөр хүртэл зээлийн гэрээг сунгасан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 2 сарын 05-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж 2015 оны 1 сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар, 2015 оны 7 сарын 03-ны өдөр мөн өөрчлөлт оруулж 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан юм. Зээлдэгч Ц.Нямсүрэн нь 2014 оны 10, 11, 12 сар 2015 оны 1, 2 сарын хүү болох нийт 5 сарын хүү төлсөн бөгөөд өөр төлбөр огт хийгдээгүй тул зээлдэгч Ц.Нямсүрэнгээс үндсэн зээл, хүү, алдангийг хуульд заасан үндэслэлээр гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 9 сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай байсан тул 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний хугацааны сарын хүү 10 хувь буюу 30 000 000 төгрөг, 30 хоногийн хүү 3 000 000 төгрөг нийт 33 000 000 төгрөг болж байна. 2014 оны 9 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 3-т алданги төлөөлүүлэхээр заасан тул 2015 оны 2 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл 10 сар буюу 300 хоногоо тооцож үзвэл 30 000 000*0,5=150 000 төгрөг, 300*150 000=45 000 000 төгрөгийн алданги болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 15 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. мөн өмгөөлөгчийн зардалд 1 000 000 төгрөгийг, нийт гэрээний үүрэгт 79 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Нямсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ц.Нямсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 30 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь зээлдэгч нь зээл авснаас хойш 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 19 350 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 350 000 төгрөгийг Б.Эрдэнэ-Очирын данс руу шилжүүлсэн төлсөн. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 19,350,000 төгрөгийг өгсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад эдгээр мөнгийг 5 сарын хүүнд тооцож авсан гэж дурьдсан байна. Төлөлтийн тал дээр талууд маргаан байхгүй. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Энэ үед Ц.Нямсүрэн зээл, хүүгээ төлж чадаагүй. Энэ үеэс нэхэмжлэгч гэрээний үүргээ хариуцагчаас шаардарх эрх нь бий болсон. Гэтэл Б.Эрдэнэ-Очир нь их хэмжээгээр хүү төлүүлэх гээд гэрээний үүргээ шаардахгүйгээр хугацаа их алдсан байна. Ц.Нямсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхний 7 350 000 төгрөгийг төлөхөд анх байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байсан. Өөрөөр хэлбэл анхны гэрээний хугацаа сунгагдаагүй юм. 7 350 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь гэрээний үндсэн хүүнд тооцож авч, үлдсэн төлбөрийг гэрээний үндсэн дүнгээс хасах ёстой гэж үзэж байна. Энэ төлөлтөөс хойш зээлийн үлдэгдэл нь 25 650 000 төгрөг болж буурсан байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Ц.Нямсүрэнгээс төлбөр орж ирэхэд төөрөлдүүлэх замаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь өөрийнх тайлбар болон мөнгө төлсөн баримтын он, сар, өдрөөр тодорхой харагдана. Тухайлбал 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц.Нямсүрэн нь 8 000 000 төгрөг төлсөн байхад нь Б.Эрдэнэ-Очир нь гэрээгээ сунгачих гэж хариуцагчийг төөрөгдөлд оруулж гэрээнд өөрчлөлт орсон. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөний дараа дахин гэрээний өөрчлөлт хийгдсэн. Хариуцагч эрх зүйн мэдлэггүйгээс болж төөрөгдүүлэх замаар энэ гэрээнүүдийг сунгасан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлсөн мөнгө нь үндсэн зээлээс хасагдаж тооцогдоно. Нэхэмжлэгч нь гэрээнээс гадуур хүү нэхэх эрх байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлсний дараа Ц.Нямсүрэнгийн өр 13 650 000 төгрөг болсон байна. Гэрээний хүүг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. Бусад мөнгө нь үндсэн зээлээс хасагдах ёстой юм гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Нямсүрэнгээс 35 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 43 150 000 төгрөгийг, хариуцагч Ц.Нямсүрэнгийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн болон 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан гэрээнүүд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 552 950 төгрөгийг, хариуцагч Ц.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 337 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Ц.Нямсүрэн, Д.Эрдэнэ-очир нарын байгуулсан 2014 оны 09 сарын 30-ны зээлийн гэрээ нь 2014 оны 10 сарын 30-ны өдөр дуусгавар болсон ч Ц.Нямсүрэн хүү, зээлээ төлж чадаагүй энэ үеэс эхлэн Д.Эрдэнэ-Очир нь гэрээний үүргээ Ц.Нямсүрэнгээс шаардах эрхтэй болсон. Гэвч Д.Эрдэнэ-Очир нь санаатайгаар их хэмжээний хүү төлүүлэх зорилгоор гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй цаг алдсан.

            Ц.Нямсүрэн нь 2014 оны 11 сарын 28-нд эхний 7 350 000 төлбөрийг төлөх үед 2014 оны 09 сарын 30-ны өдрийн  зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байсан, өөрөөр хэлбэл анхны гэрээний хугацаа сунгагдаагүй байсан. 2014 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний доод буланд хийгдсэн тодорхойгүй, гэрээ сунгасан он сар өдөр нь байхгүй байх тул тухайн зээлийг 2015/01/30  хүртэл сунгагдсан гэх үндэслэлгүй, 2014/11/28-нд анхны төлөлт болох 7 350000 төгрөгийг төлөх үед зээлийн гэрээ нь сунгагдсан байсан гэдгийг хөдлөшгүй нотолж чадахгүй юм.

            Иймд Д.Эрдэнэ-очир нь 1 сарын хүү болох 3 000 000 төгрөгийг хүүндээ авч үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасах ёстой байсан. 3 000 000 төгрөгийг хүүнд төлөөд үлдсэн 4 350 000 төгрөгийг зээлээс хасахад 2014 оны 11 сарын 28-ны өдөр Ц.Нямсүрэнгийн зээлийн үлдэгдэл 25 650 000 төгрөг болж буурчээ. Д.Эрдэнэ-очир нь Ц.Нямсүрэнгээс төлбөр орж ирэх тохиолдол бүрт гэрээнд өөрчлөлт оруулж ирсэн нь өөрийнх нь тайлбар, мөнгө төлсөн нотлох баримтуудын он сар өдрөөр тодорхой харагддаг.

            Тухайлбал: Ц.Нямсүрэн нь 02/05/2015-нд дахин 8 000 000 төгрөг төлсөн бөгөөд энэ өдөр гэрээнд нэмэлт оруулсан, мөн 07/03/2015-нд 4 000 000 төлсний дараа дахин гэрээнд өөрчлөлт оруулжээ. Зээлийн гэрээнд сунгалт /өөрчлөлт/ хийгдэх тухай бүрд зээлдэгчийн “гэрээнд өөрчлөлт оруулах” тухай хүсэлт байх ёстой боловч хавтаст хэрэгт нэг ч тийм нотлох баримт байхгүй болно. Хариуцагчийн хууль эрх зүй, санхүүгийн мэдлэггүй байдлыг далимдуулан маш өндөр хэмжээний хүүтэй мөнгө зээлж улмаар төлөгдүүлэх үамаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. 2014 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрэээ нь сунгагдаагүй, нэмэлт өөрчлөлт ороогүй байсан тул 2015 оны 02 сарын 05-нд төлсөн 8 000 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, Ц.Нямсүрэнгийн зээлийн өр 17 650 000 төгрөг болсон байна.

            2014 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний  хүү болох 3 000 000 төгрөгийг 2014 оны 11 сарын 28-нд нэгэнт төлсөн байсан тул Д.Эрдэнэ-Очир нь гэрээнээс гадуур хүү нэхэх эрхгүй юм. 2015 оны 02 сарын 05-нд 8 000 000 төгрөг төлсний дараа 2014 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг албан ёсоор талууд сунгасан байх бөгөөд энэ үеээс эхлэн зээлийн үлдэгдэл болох 17 650 000 төгрөгт 10%-иар тооцон хүү бодогдож эхэлсэн.

            2015 оны 07 сарын 03-нд 4 000 000 төгрөг төлсний дараа дахин гэрээг сунгасан байдаг. Дээрх төлсөн 4 000000 төгрөгийг зээлдэгч нь үндсэн зээлээс хасах зорилгоор төлсөн ба Монгол улсын иргэний хуулийн  “216 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх дараалал. 216.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заасны дагуу үндсэн үүргэ болох 17 650 000 төгрөгөөс хасагдах ба үндсэн зээлийн өр нь 13 650 000 болсон байна.

            2015 оны 02 сарын 05-07 сарын 03 хүртэлх хуримтлагдсан хүү нь 1 765 000 /1 сарын хүү/х 5сар=8 825 000 төгрөг болж байна.

            2015 оны 07 сарын 03-наас үндсэн үүрэг 13 650 000 төгрөг болж буурсан ба нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 11 сарын 30 хүртэл хуримтлагдсан хүү нь 1 350 000 /1 сарын хүү/х4 сар=5 400 000 төгрөг болж байна.

            Үндсэн зээлийн өр =13 650 000 төгрөг

            Хуримтлагдсанс хүү /8 825 000+5 400 000/=14 225 000, нийт 27 875 000 төгрөгийн өртэй байна.

            2014 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь иргэд хоорондын хэлцэл тул хүү буюу анз нь үндсэн үүргийн 50%-иас хэтрэхгүй байхаар хуульчилсан тул 7 112 500 төгрөгийн анз төлөх үүрэгтэй.

            Иргэн Ц.Нямсүрэн нь иргэн Б.Эрдэнэ-Очирт 2015 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13 650 000 төгрөг, хүү 7 112 500 төгрөг бүгд 20 762 500 төгрөгийн  өртэй байна хэмээн үзэж буй  тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/01020 тоот шийдвэрийн дүн болох 35 850 000 төгрөгөөс 15 087 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 20 762 500 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очир нь хариуцагч Ц.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 33 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 79 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулж, зээлдүүлэгч нь Б.Цэрэндэжид, Ц.Нямсүрэн, Ц.Отгончимэг нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 5 дугаар байрны 26 тоотод байршилтай 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж 30 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч нь мөнгийг гэрээний хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн, зохигчид 2015 оны 02 дугаар сарын 05, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан, зээлдэгч нь зээлийн төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7 350 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 4 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, зохигчдын тайлбар, хариуцагч Ц.Нямсүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх 5-9, 43-49, 61, 62/

 

            Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу талууд чөлөөтэй хүсэл зоригоо илэрхийлэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Хэргийн 5 дугаар талд авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний зүүн доод хэсэгт “Зээлийн гэрээний хугацааг 2015.01.30-ныг хүртэл 3-н сарын хугацаатай сунгав” гэсэн тэмдэглэлийг хэзээ бичсэн буюу уг гэрээ сунгагдсан хугацаа тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу уг тэмдэглэлээс талууд гэрээг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар бичгийн хэлбэрээр сунгасан гэж дүгнэх боломжгүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...зээлийн хүүг бууруулж, 6 хувиар тооцуулах” тухай хүсэлт гаргасан /хх 45/ байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн уг хүсэлтийн дагуу сунгагдсан хугацаанд төлөх зээлийн хүүг 1 сарын 6 хувь хүртэл бууруулах боломжтой байхад зээлийн хүүг 1 сарын 5 хувиар тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

           

            Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 сарын 5 хувь буюу 3 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 7 350 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 8 000 000 төгрөгийг тус тус хасч 17 650 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр үлджээ.

 

            Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байх ба үндсэн зээл 17 650 000 төгрөгт 9 сар 25 хоногийн хугацааны хүүг зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу сарын 6 хувиар тооцоход 10 413 100 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 03-нд төлсөн 4 000 000 төгрөгийг хасч 6 413 100 төгрөгийн хүү төлөх үүрэг үлдсэн байна.

 

            Үндсэн зээл 17 650 000 төгрөг, зээлийн хүү 6 413 100 төгрөг, бүгд 24 063 100 төгрөгт гэрээний 4 дэх заалтад заасны дагуу хоног тутамд 0.5 хувийн алдангийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 18 хоногоор тооцон /24 063 100 х 0.5% = 120 315,5 х 18 хоног = 2 165 679 төгрөг, үндсэн үүрэг 24 063 100 төгрөг + алданги 2 165 679 төгрөг/ нийт 26 228 779 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Нямсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Мөн нэхэмжлэгч нь иргэний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас эрх зүйн тусалцаа авах, хөлсөө хэрхэн тогтоохоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулах эрх чөлөөний хүрээнд өөрөө шийдвэрлэх эрхтэй тул ийнхүү сайн дурын хэлцлийн үндсэн дээр өмгөөлөгчийн хөлс төлснийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй шууд холбоотой учирсан хохиролд тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/01020 дугаар шийдвэртийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Нямсүрэнгээс 26 228 779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 771 221 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, хариуцагч Ц.Нямсүрэнгийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн болон 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...337 200 төгрөг...” гэснийг “...289 094 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагч Ц.Нямсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 388 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН