Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0180

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 85 дугаар зүйлийн 85.1, 85.1.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-д заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Д.Н-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.Н нь шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах

Тус нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ны өдрийн 128/ШШ2021/40 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх захиргааны актыг хууль бус гэж үзсэн боловч нэхэмжлэгчийн эрхийг сэргээхээс үндэслэлгүйгээр татгалзсан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хуудаст “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалд Д.Н-ийн албан тушаалыг өөрчилж, өөр албан тушаалд шилжүүлэн томилсон үндэслэл шалтгаанаа заагаагүй нь буруу байна. Гэвч шүүх татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул тус шаардлагыг мөн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар шүүхийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар Д.Н-ийг “Сүхбаатар дүүргийн татварын тасгийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажил албан тушаалаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн татварын тасгийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон” Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг шүүхээс хууль бус гэж үзсэн байна.

Төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлж төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1 - д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан баталгааг зөрчсөн гэдгийг шүүх өөрөө тогтоосон атлаа тухайн захиргааны актыг хүчингүй болгохоос татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна.

Д.Н-ийг төрийн албан хаагчийнх нь хувьд эрх ашиг сонирхлыг нь хөндсөн захиргааны актуудын тухайд Татварын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/156 дугаар “татварын хяналт шалгалтын тасгийн дарга” албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалаар татварын хяналт шалгалтын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тухайн албан тушаалын ажил чиг үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Татварын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар ажлаас халагдсан.

Иймээс Д.Н-ийг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаал хууль зүйн хувьд буруу бол тус шийдвэрийг хүчингүй болгож, эрхэлж байсан “татварын хяналт шалгалтын тасгийн дарга”-ын ажил, албан тушаалд томилж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ёстой.

Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаас чөлөөлсөн шийдвэр хууль бус гэж шүүх үзэж байгаа бол түүнд үндэслэж “чөлөөлөгдөх тушаал гаргасны дараа татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажлыг эрхэлсэн нь буруу” гэх үндэслэлээр Д.Н-ийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан Татварын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаал үндэслэлгүй болох ёстой.

Үүнд Д.Н “ажлыг хүлээлцсэн эсэх”, “тушаалыг мэдсэн өдөр ажилласан уу эсвэл тушаалыг мэдэхээс өмнөх өдөрт ажилласан уу гэдгээс үл хамааран захиргааны акт гарах үйл баримт хууль зүйн хувьд үгүй болно.

Гэвч шүүхээс хууль бус акт төрийн албан хаагчийг ажлаас халах хууль зүйн үндэслэл болно гэж шийдвэрлэсэн нь логикийн алдаатай байна.

2. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар хуудаст “Нэхэмжлэгч Д.Н нь татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш илтгэх хуудас, татварын хяналт шалгалтын томилолтыг системд дуусгавар болгон бүртгэж, хаасан зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байх тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан.

Шүүхээс Д.Н-ийг тушаал гарсан өдрөөс эхэлж ажлыг хүлээлгэн өгөөгүй ч тус ажил албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэхгүй байх ёстой, тийнхүү гүйцэтгэсэн нь зөрчил байна гэж үзэхдээ хууль хэрэглэх ёстой. Гэвч ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр шууд зөрчил байна гэж үзсэн нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуульд ажлаас гарсан чөлөөлөгдсөн хугацааг хэрхэн тооцох тухай нарийвчлан тогтоогоогүй тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан.

Иймээс Д.Н нь дээрх зохицуулалт болон төрийн албаны тасралтгүй явуулах зарчмыг баримтлан тушаал гарсан өдрөөс эхлэн тус албан тушаалыг эрхлэхэд зогсоох боломжгүй бөгөөд түүний эрхэлж байсан албан тушаалд шинээр томилогдсон төрийн албан хаагчид ажлаа хүлээлгэн өгөх хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой. Д.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр татварын хяналт шалгалтын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Сүрэнхорлоод ажлаа хүлээлгэн өгсөн.

Гэвч шүүхээс Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх үндэслэл зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгч тухайн үндэслэлээр маргаж байхад хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгч шийдвэрлээгүй байна.

3. Нотлох баримтыг харьцуулан үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр хуудаст “Нэхэмжлэгч Д.Н нь дээр дурдсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/156 тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 21 минутад илтгэх хуудас, татварын хяналт шалгалтын “fisher” системд дуусгавар болгон бүртгэн хаасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна” гэжээ.

Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон тухай тушаалыг танилцуулсан 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагт хойш ажил дээр байгаагүй. Дээрх ажлыг 202 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхдаа өмнө жилийн шалган зааварчилгааны чиглэлийн дагуу томилолт дууссаны дараа өдрийг программд сонгож баталгаажуулалтыг хийсэн гэж маргадаг.

Тус ажлыг буюу Д.А Н.Г нарын “А р с” ХХК-д хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудсыг баталгаажуулах үйлдлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэдгийг дараах нотлох баримтаар нотлогдог.

Үүнд: 1. Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11/3726 дугаар албан бичгийн 2 дугаар хавсралтаар ирүүлсэн “fisher” системийн log хяналтаар системд 252000100007 дугаартай томилолтын дугаартай шалгалтыг хяналт баталгаажуулах үйлдлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 55 минут зарцуулж гүйцэтгэсэн гэж,

2. Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06/2899 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нотлох баримтын Илтгэх хуудас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр огноологдож мөн өдрөөр Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н нь гарын үсэг зурж, тамгаар баталгаажсан баримт,

3. Илтгэх хуудсыг баталгаажуулсан тэмдэглэлд “А р с” ХХК-д хийгдсэн хяналт шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж баталгаажуулсан хэмээн татварын байцаагчид гарын үсэг зурсан он, сар, өдрөө зурж тэмдэглэсэн жагсаалт,

4. Гэрч Д.А-ийн “Хяналт шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусган мөн өдөр Д.Н дарга “fisher” системд баталгаажуулан, улмаар илтгэх хуудаст тус өдөр гарын үсэг зурсан” гэж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг.

Гэвч шүүх нэг үйл баримтыг өгүүлж буй дээрх баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.

Нэхэмжлэгч гараас “fisher” системд үйлдэл хийснийхээ маргааш өдрөөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг сонгож оруулсан гэж тайлбарласнаар атал “fisher” системийн мэдээлэл хэсгээс авсан нотлох баримтыг хөтөлбөргүй үнэн хэмээн үнэлж Д.Н-ийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус үйлдлийг хийсэн байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

4. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар хуудаст “Татварын Ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Татварын улсын байцаагч, хураагчийн үйлдсэн доор дурдсан зөрчилд холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Дээрхээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д татварын улсын байцаагчийн холбогдох зөрчилд Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107-д заасан хариуцлага хүлээлгэхээр тусгайлан, нарийвчлан зохицуулсан байна. 105 дугаар зүйлийн 105.1-д Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.

Захиргааны ерөнхий хуулийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.2.3-д “ажлаас халах” гэж тус тус заасан байна.

Татварын Ерөнхий газын даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Татварын улсын байцаагчийн Илтгэх хуудсыг хүчингүй болгох тухай” А/176 дугаар тушаалаар “... Татварын улсын байцаагч Н.Ганчимэг, Д.Ариунаа нар нь “Американ стандар ресурс” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд томилолтын дагуу хяналт, шалгалт хийж илтгэх хуудсыг үйлдэхдээ татварын хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтыг хийгээгүй, үндэслэлгүй илтгэх хуудсыг үйлдсэн шинэ нөхцөл байдал хөндлөнгийн мэдээллээр тогтоогдож байх тул” гэсэн үндэслэлээр Илтгэх хуудсыг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Татварын ерөнхий хуулийн 85.1-д заасан нарийвчилсан зохицуулалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг гаргасан байх тул тус Б/458 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ” гэжээ.

Маргаан бүхий Татварын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны  өдрийн Б/458 дугаар акт “зөрчилтэй байгууллагыг зөрчил илрээгүй гэж илтгэх хуудас бичсэн” гэх үндэслэлээр гараагүй. Иймээс ч нэхэмжлэгч Н.Г, Д.А нарын “А р с” ХХК-д явуулсан хяналт шалгалт хууль ёсных үнэн зөв байсан гэх агуулгаар маргаагүй.

Харин акт “2020 оны 04 дүгээр сарын 02-нд ажил хийсэн нь буруу” гэж гарсан бол нэхэмжлэгч “тус өдөр тухайн ажлыг хийгээгүй, тус өдөр ажлаа хийсэн байлаа ч буруудах зүйлгүй” гэж маргаж байна.

Гэтэл шүүхээс Н.Г, Д.А нарын явуулсан хяналт шалгалт нь хууль бус байсан учраас Д.Н-ийг халсан нь зөв гэсэн дүгнэлт хийсэн байна.

Энэ нь 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн дээрх байдлаар шүүх хянаж буй захиргааны актын агуулгыг өөрөө дэлгэрүүлж тайлбарлан актад дурдаагүй үйл баримтаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах , бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхийг зөрчиж буй явдал юм.

Татварын улсын байцаагч нар гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Татварын ерөнхий хууль болон Төрийн хяналтын тухай хуульд зааснаар өөрсдөө хүлээнэ. Татварын улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг үнэн зөв, эсэхийг томилолтыг хаасан ахлах хүлээхгүй.

Н.Г, Д.А нарын гаргасан “Илтгэх хуудас”-ыг Татварын ерөнхий газрын дарга нь хожим 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болгосон нь Д.Н-ийг ажлаас халсан 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэртэй холбогдуулан ашиг сонирхол нь зөрчигдсөн “А р с” ХХК шүүхэд маргаж байгаа тухай мэдээлэл байна. Ийм нөхцөлд шүүх “ Илтгэх хуудас” буруу байсан хэмээн эцэслэн дүгнэх ч эрх хэмжээ байхгүй.

Шүүхийн шийдвэрт нарийвчилсан хуулийн зохицуулалт хэрэглэж байна гэж дурдсан атлаа нэхэмжлэлд дурдагдсан “ажлаас гарсан цаг хугацааг нарийвчлан зохицуулсан нарийвчилсан зохицуулалт”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам” зэрэг нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй.

Эсрэгээр нь Захиргааны ерөнхий хууль, Татварын Ерөнхий хууль зэрэг хамгийн ерөнхий хуулиудын ерөнхий заалтуудыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ.Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн санаанд ерөнхий агуулга, үндэслэл, үзэл нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2021/0040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...  ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Д.Н-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлд өгч буй тайлбар буюу тухайн маргааныг шийдвэрлээд гаргаж буй шийдвэрийн үндэслэл болж буй хэм хэмжээг хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгах шаардлагатай, ийнхүү тусгаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт хийгээгүй, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхой бус тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэл, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд огт тайлбар хийгээгүй, тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэм хэмжээг хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж  хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгагдаагүй буюу нэхэмжлэгчийн эс зөвшөөрсөн үндэслэл, хариуцагчийн түүнд өгч буй тайлбар зэргийг дэмжсэн эсхүл үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан тус газрын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор мөн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/156 дугаар тушаалын 1 дэх заалтаар Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтад дурдсан албан хаагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсний дотор нэхэмжлэгч Д.Нийг Татварын хяналт шалгалтын тасгийн Тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн, 2 дахь заалтаар Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хоёрдугаар хавсралтад дурдсан албан хаагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс албан тушаалд томилсны дотор нэхэмжлэгч багтсан буюу тэрээр “Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилогдсон байна.

Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч “... надад хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хууль бусаар албан тушаал өөрчилж, төрийн жинхэнэ албан хаагч миний шударгаар ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн ... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д эрх нь хөндөгдөх этгээдэд урьдчилан танилцуулж саналыг нь авахаар ... хуульчилсан байтал ... урьдчилан тохиролцолгүйгээр хууль зөрчин албан тушаал өөрчилсөн ... 2020 оны ... А/18 дугаар “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” тушаалд Татварын хяналт шалгалтын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй ... надаас урьдчилсан мэдүүлэг аваагүй, миний оронд томилсон ... Ц.Сүрэнхорлоогоос мөн урьдчилсан мэдүүлэг авалгүйгээр томилгоо хийсэн ...” гэсэн үндэслэлээр “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалын Д.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн  тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд хариуцагч эс зөвшөөрч “... Татварын хэлтсийн зарим тасаг, нэгж нэр томъёоны хувьд өөрчлөлт орж өөрчлөн зохион байгуулалтад орсон ... Наранчимэгийн хувьд хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байсан ... үүнтэй холбоотой үүрэг, чиглэлүүд очиж байсан ...  цалин, хөлс хангамжийн хувьд буураагүй ... эрх зүйн байдал нь дордоогүй учраас түүнийг Б/156 дугаар тушаалаар чөлөөлж, томилсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуульд зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд тусгайлан заасан баталгаагаар хангагдах бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах боломжтой байх бөгөөд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсхүл орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан хаагчийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдөх үндэслэлийг тус тус ялгамжтай байдлаар хуульчлан зохицуулсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг  Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох үндэслэл бүрдсэн байсан эсэхэд хамаарах үйл баримтыг тодруулж, нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилсон хариуцагчийн шийдвэр холбогдох хуульд нийцсэн эсэхэд буюу хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэлийн тус шаардлагыг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх энэ талаарх хэргийн оролцогчдын маргасан үндэслэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан “... Б/156 дугаар тушаалд Д.Н-ийн албан тушаалыг өөрчилж, өөр албан тушаалд шилжүүлэн томилсон үндэслэл шалтгаанаа заагаагүй нь буруу байна ...” гэж дүгнэсэн атлаа “... Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй ...” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын талаар хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх уг шаардлагад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэлийн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/156 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн  тогтоолгох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нэхэмжлэгч Д.Н-ийг “... тус хэлтсийн татварын хяналт шалгалтын нэгжийн даргын албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан ...” гэсэн үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “... Б/156 дугаар тушаалын Д.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-ийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргасан байна.

Тэрээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан “... Б/458 тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл надад оногдуулах тушаалын үндэслэл хэсэгт заасан Төрийн албаны хуулийн зүйл, заалтууд (ТАтХ-ийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйл)-ийг миний бие зөрчсөн явдал байхгүй ... “Шалган зааварчилсан ажлын танилцуулга”-ын 14 дүгээр хэсгийн 1-д “Томилолтын хугацааг сунгахдаа хүртэл гэж сунгаад тэр өдрөө шийдвэр гаргаж байгааг анхаарах” гэсэн зааварчилгаа өгсөн учир түүнээс хойших бүх шалгалт хийгдсэн газруудад томилолтын хугацааг хяналт шалгалт дууссан өдөр хүртэл сунгаад, Fisher программд бүртгэхдээ дараагийн ажлын өдрийг өөрөө сонгож хадгалдаг болсон ...  2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрлэгдсэн “Илтгэх хуудас”-ыг тухайн өдөр хянан баталгаажуулаад fisher программд бүртгэл хийхдээ дараагийн ажлын өдрийг сонгож бүртгэсэн ... Төрийн албаны тухай хуульд ажлаас гарсан чөлөөлөгдсөн хугацааг хэрхэн тооцох тухай нарийвчлан заагаагүй тул ... Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу намайг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын нэгжийн даргын албан тушаалыг хүлээлцэж өгснөөр тус ажлыг эрхлэхээ зогсоосон гэж үзнэ ...  миний бие ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... хүлээлгэн өгсөн ... халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын хоёрдугаар зүйлд зааснаар “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах” процесс явагдалгүйгээр мөн журмын 1.3, 1.4, 3.3, 6.1-д заасныг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр маргасан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... удирдамжийн дагуу ... ажлын хэсэг ... хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад Д.Н нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаж, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй орхигдуулсан, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, цаг хугацаанд нь хийгээгүй ажлыг программд нөхөн баталсан, үндэслэлгүйгээр томилолт цуцалсан, хяналт шалгалтын томилолт үүсгээгүй ... ” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах”, 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргаж буй Татварын ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/156, Б/458 дугаар тушаалуудтай холбоотой Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Шалган зааварчлах ажлын 03 дугаар удирдамж[1]-аар байгуулагдсан Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын нэгж, хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтсийн хяналт шалгалтын нэгжийн дарга, татварын улсын байцаагчийн хууль тогтоомж, чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажилласан байдал, Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газраас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийг хэрэгжүүлсэн байдлыг шалгаж, хяналт шалгалтын нэгжийн дарга, татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, сахилга, хариуцлага, ур чадварын дээшлүүлэх талаар заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйгээр хангах, хууль бус үйлдэл, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох зорилго бүхий ажлын хэсгийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн 2019, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх үйл ажиллагаанд хийсэн шалган зааварчилсан ажлын тайлан[2], Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн санал[3], Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Н.Г, Д.А нарын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Илтгэх хуудас”[4] (Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Д.Н 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр танилцсан), Татварын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/2957 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Д.Н-ийн “Fisher” системд хэзээ, хэдэн удаа нэвтэрч, ямар үйлдэл хийсэн тухай баримт[5], нэхэмжлэгч Д.Н-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай Grand med hospital LLC-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20/141 дугаар бүхий Эмнэлгийн тодорхойлолт /1хх-158/ зэрэг баримтууд авагдсан байна.

Татварын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн  Б/458 дугаар тушаалаар “татварын хяналт шалгалтын нэгжийн даргын албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлээр буюу өөр албан тушаалд томилсны дараа өмнө эрхэлж байсан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, уг шийдвэрийг хаяглагдсан этгээдээс эс зөвшөөрч маргаж буй энэ тохиолдолд шүүх цаг хугацааны хувьд өмнө гарсан маргаан бүхий Б/156 дугаар тушаал нь хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй атлаа уг тушаалаар чөлөөлөгдсөн цаг хугацаа, албан үүрэг гүйцэтгэсэн үйлдэлтэй нь холбогдуулан хариуцагчийн гаргасан шийдвэр болох нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч ... албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш илтгэх хуудас, татварын хяналт шалгалтын томилолтыг системд дуусгавар болгон бүртгэж, хаасан зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байх тул ... Б/458 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй ...” гэж агуулгын хувьд өмнөх тушаалыг зөвтгөж буй мэт дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  байна.

Иймээс шүүх маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаарх маргааны үйл баримтыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа өмнөх албан тушаалын үүргийг гүйцэтгэсэн гэж үзсэн буюу өөрөөр хэлбэл, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Fisher” системд нэвтэрч, илтгэх хуудсыг баталгаажуулж гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн үйлдэл нь хууль бус гэж үзсэн эсэх, эсхүл нэхэмжлэгчийн “Американстандарт ресурс” ХХК-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийсэн татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын “... тус ХХК-ийн шалгалтад хамрагдсан хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд зөрчил илрээгүй тул илтгэх хуудас бичив ...” гэх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Илтгэх хуудас”-ыг баталсан үйлдэл нь “албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” гэх үндэслэл болсон эсэх талаарх маргааны үйл баримтыг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “... “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын хяналт шалгалтын Тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/156 дугаар тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарсны маргааш өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, нярав, нягтлан бодогч нарт ажлаа хүлээлгэн өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж  хуульчилсны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн сүүлийн өдөр ...”  гэж, хариуцагчаас “тушаал гарсан өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзнэ” гэсэн агуулгаар тус тус маргасан байх тул шүүх маргаан бүхий тушаал гарснаар нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөн гэж үзэх эсэх эсхүл ажлаа хүлээлгэн өгсөн өдрийг ажлаас чөлөөлөгдсөн өдөр гэж үзэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

[1] 1-р хавтаст хэргийн 167 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 170-179 дэх тал

[3] 1-р хавтаст хэргийн 179-181 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 151 дэх тал

[5] 1-р хавтаст хэргийн 189-190 дэх тал