Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00870

 

Ү.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаар магадлалтай,

Ү.М-гийн нэхэмжлэлтэй

К Б-ХХК-д холбогдох,         

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 18 495 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ү.М- нь К Б-ХХК-ийн 989 дүгээр салбарын эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот орон сууцны санхүүжилтын гэрээ болон 366 тоот ажилчдын орон сууц санхүүжилтын гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9 дүгээр байрны 7 дугаар давхар, 52 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 1 өрөө байрны 1 м.кв талбайн үнийг 1.350.000 төгрөгөөр буюу нийт 55.485.000 төгрөгөөр тооцон К Б-ХХК-тай тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл К Б-ХХК-иас 2013 онд 1 м.кв талбайн үнийг 1.800.000 төгрөг буюу нийт байрны үнийг 73.980.000 төгрөг болгож өсгөсөн байдаг. Ингэхдээ өмнөх байгуулсан гэрээг шинэчилж байгуулна, байрны зөрүү болох урьдчилгаа 30 хувийг төл гэж банкны удирдлагаас шаардсан. Ү.М- нь 2013 оны 10 дугаар сарын 30-нд 18.495.000 төгрөгийг дансаар төлсөн. Энэ мөнгө нь банкны зээл болох 55.485.000 төгрөгөөс огт хасагдаагүй. Хариуцагч нь уг мөнгийг байрны урьдчилгаанд төлсөн, үндсэн зээлээс хасагдах үндэслэлгүй гэж тайлбарладаг. 2012 оны 5 дугаар сарын 21-нд Ү.М- нь Би энд си ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2012 оны 3 дугаар сард банк нь 1.800.000 төгрөгөөр барилгын компанитай захиалгын гэрээ байгуулсан бол тухайн компани нь 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 сарын дараа иргэн Ү.М-тай 1.350.000 төгрөгөөр тооцон орон сууцны захиалгын гэрээ давхар байгуулах үндэслэл байхгүй. Захиалгаар орон сууц бариулах гэрээнд үндэслэж, 2012 оны 6 дугаар сарын 06-нд 55.485.000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөргүйгээр банк захиалгын гэрээ байгуулсан. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот зээлийн гэрээний 3.1-д олгосон зээлийн хэмжээг 55.340.000 төгрөг гэж заасан. Уг 2 зээлийн гэрээний сүүлийнх нь 1 жилийн дараа байгуулагдсан. 2012 оны зээлийн гэрээний хавсралтын төлбөрийн хуваарьт үлдэж байгаа үнийн дүнгээр 2 дахь гэрээ байгуулагдсан. 2012 онд нэхэмжлэгч нь Би энд си ХХК-тай 1.350.000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, энэ үнийн дүнгээр 366 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Гэтэл банк 1 м.кв-ын үнийг 1.800.000 төгрөг болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлсөн 18.495.000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Урьдчилгаа төлбөрт 18.495.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, банк өөрөө шилжүүлсэнийг зөвшөөрөхгүй учраас энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К Б-ХХК шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажил олгогч болон ажилтан нар хоорондоо харилцан тохиролцож, 2012 оны 6 дугаар сарын 06-нд 366 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9-р байрны 7-р давхар, 52 тоотод байрлах 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж, 73.980.000 төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс 18.495.000 төгрөг нь байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь гэж үзсэн. Анх тохиролцсон ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд 1 м.кв талбайн үнэ 1.350.000 төгрөг байсан. К Б-ХХК болон Би энд си ХХК нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д 1м.кв үнийг 1.800.000 төгрөг гэж заасан байдаг. Ажиллагсдын орон сууцны зээл олгох зориулалт бол банкинд тогтвортой ажиллах нөхцөлд 1 м.кв-ын үнэ 1.350.000 төгрөг байсан. Гэтэл 2013 онд Засгийн газрын орон сууцны 8 хувийн санхүүжилтын журам батлагдаж, үүнтэй холбогдуулан ажиллагсдын орон сууцны зээлийн хүү жилийн 12 хувь байсныг 8 хувь руу шилжүүлсэн. 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу 1 м.кв үнийг 1.800.000 төгрөг гэж дахин санхүүжилт хийсэн. Хэрвээ 8 хувийн зээлд хамаарахгүй тохиолдолд м.кв-ын үнэ 1.350.000 төгрөг, жилийн 12 хувийн хүүтэй байж болно гэдэг тохиролцоо байсан боловч нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 18.495.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. К Б-ХХК-ийн зүгээс ажиллагсдын орон сууцны гэрээний үнийг бөөнд нь шилжүүлсэн. Гэрээг шинэчилж хийнэ гэсэн тохиролцоо байсан учир дахин санхүүжилт хийсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь мөнгөө төлөхгүй байсан учир Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч талууд эвлэрсэн. Гэхдээ сүүлд дахин санхүүжилт хийж м.кв-ын үнийг 1.800.000 төгрөг болгоход Ү.М- өөрөө урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн учраас банк Би энд си ХХК руу шилжүүлсэн тул нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч К Б-ХХК-иас 18 495 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 250 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэлгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүд, “Би энд Си” ХХК-ийн болон нэхэмжлэгч нарын хооронд дансны хуулга, “Би энд Си” ХХК, хариуцагч нарын хооронд тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар “Капитал банк” ХХК нь өөрийн татгалзлыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар өгсөн. Харин шүүх хэргийн үйл баримтыг банк орон сууцын м.кв-ын үүнийг тогтоож зөрүү авсан мэтээр тайлбарласан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй. Ажилтан “Капитал банк” ХХК-ийн хороонд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр сарын 189.1-д заасан зохицуулалтад нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр өөрсдөө үйлдсэн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн үйл баримт болон хариуцагч талаас гаргасан тайлбар, татгалзал зэргээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл, нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан байдаг. Мөн хариуцагч талаас “Би энд Си” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэргийн үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны 399 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ү.М- хариуцагч К Б-ХХК-д холбогдуулан 18.495.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, ...2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Би энд Си ХХК-с 41.1 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1.350.000 төгрөгөөр худалдан авч, нийт 55.485.000 төгрөг банкнаас зээлж төлбөрөө төлсөн. К Б-ХХК нь 2013.10.30-нд м.кв-н үнийг 1.800.000 төгрөг болгож, урьдчилгаа 30 хувь гэж 18.495.000 төгрөг үндэслэлгүйгээр төлүүлсэн...” гэснийг, хариуцагч “...73.980.000 төгрөгийн зээл жилийн 12 хувийн хүүтэй олгосон. Урьдчилгааг 30 хувь буюу 18.495.000 төгрөг гэж үзсэн,... зээлийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулах болсноор гэрээг шинэчлэн байгуулсан, 18.495.000 төгрөгийг нэхэмжлэгч нь банкинд бус барилгын Би энд Си ХХК-д төлсөн... банк мөнгийг аваагүй...” гэж  татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийн баримт, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд үүнд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэсэн нөхцлийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ү.М- хариуцагч К Б-ХХК-ийн зээлийн харилцах дансанд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байрны урьдчилгаа гэсэн утгаар 18.495.000 төгрөг шилжүүлсэн байх боловч тэрээр хариуцагчид уг мөнгийг төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. 

Хэргийн баримтаас үзэхэд Ү.М- К Б-ХХК-ийн 989 салбарт эдийн засагчаар ажиллаж байхдаа Би энд Си ХХК-ийн барьсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж 9 дүгээр байрны 7 давхар, 52 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 1.350.000 төгрөгөөр худалдан авахаар тус компанитай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, улмаар ажил олгогчтой 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 1.350.000 төгрөгөөр тооцож, 55.485.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлж, зээлийн мөнгийг худалдан авсан орон сууцны үнэд барилгын Би Энд Си ХХК-д шилжүүлжээ. Үүний дараа зохигч 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 55.350.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн байгуулж зээлийн хүүг жилийн 8 хувь болгосноос гадна гэрээний хугацааг 25 жил байсныг 20 жил болгон өөрчилсөн байна.

Хариуцагч нэхэмжлэгчээр 18.495.000 төгрөг төлүүлсэн боловч ажил гүйцэтгэгч Би энд Си ХХК, захиалагч Ү.М- нарын хооронд орон сууц захиалах, зээлдэгч Ү.М-, зээлдүүлэгч К Б-ХХК-ийн хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээний алинд ч орон сууцны үнийг 73.980.000 төгрөг, энэхүү үнийн 30 хувь буюу 18.495.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон нь тогтоогдоогүй байна. Иймд К Б-ХХК-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх ба энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ү.М- нь 18.495.000 төгрөгийг К Б-ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Харин тус банк энэхүү мөнгийг Би энд Си ХХК-д шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь нэхэмжлэгч дээрх мөнгийг барилгын компанид төлөх үүрэг хүлээснийг болон банк нэхэмжлэгчийн бусдад төлөх төлбөрийн үүргийг дамжуулан гүйцэтгэсэн гэх нөхцлийг нотлохгүй юм. Дурдсан үндэслэлээр  хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02408 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250.425 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ