| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00424/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 424
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.Өлзийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1975 оны 05-р сараас 1978 оны 08-р сарын хооронд цэргийн алба хааж ирээд 1978 оны 09-р сараас эхлэн аав, ээжийн хамт Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Тосгуур бригадад мал маллаж байгаад 1981 онд гэр бүл болж тусдаа гарсан юм. Тусдаа гараад мөн нэгдэлдээ 1981 оноос 1990 оны 12-р сарын 31-н хүртэл тасралтгүй мал маллаж байсан. 1978 оноос эхлэн аавтай мал маллаж байхад миний хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүн гэдгээрээ аавын маань нэр дээр бичсэн нь архивын лавлагаан дээр гарсан байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу зөрчилтэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм.
Иймд намайг 1978 оны 09-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Тосгуур бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Өлзийд шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Я.Өлзий 1978 оны 09-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.
Тэрээр нэхэмжлэгч Я.Өлзий нь 1978 оны 09-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/694 тоот лавлагаа, 1981 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүлсэн гэрч Г.Гомбын ...Я.Өлзий 1972 онд манай дүүгийн хүүхэдтэй хамт Завханмандал сумын 8-н жилийн сургуульд хамт сурч байгаад 7-р ангиас нь ээж нь сургуулиас гаргаж аваад Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Тосгуур бригадад мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явсан. 1978 онд цэргээс халагдаж ирээд, мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн малаа малласан. Тэгээд 1981 онд айл болсон. Тус нэгдэлд 1990 он хүртэл мал маллаж байгаад, 1990 оноос хувьчлалын мал аваад одоог хүртэл малаа маллаж байгаа. Ээж нь Яахүү гэж хүн байсан. Аав нь Ойдов гэж хүн байж байгаад бага байхад нь нас барсан. Өлзий айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Дороо 2 дүүтэй. Бог голдуу мал маллаж байсан. Манайхан Хүнгүйн голоор айл саахалт нутагладаг байсан юм. Мөн малаа маллахын хажуугаар моторчин хийж байсан. Тэрээр Эвлэлийн төв хорооны алтан медаль авч байсан. Засгийн газрын хүндэт жуух авч байсан манай тэргүүний малчин хүн байгаа юм... гэсэн,
гэрч Ж.Мягмаржавын ...Өлзий Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдлийн Тосгуур бригадад шувт л мал хариулж байсан хүн. Мал хариулж байгаад тэтгэвэртээ гарч байгаа. Цэрэгт явж байсныг мэдэж л байна. Яг хэдэн онд явж, ирснийг сайн санахгүй байна. Одоо юмыг их мартдаг болжээ. Ээжийг нь Яахүү гэдэг юм. Аав нь бага байхад нь нас барчихсан. Ээжтэйгээ л мал маллаж байсан хүн. Би их мартамхай болжээ. Он сарыг үнэндээ мэдэхгүй байна. Нас ахиад ирэхээр зөнөж байгаа юм уу мэддэг юмаа мэдэхгүй болжээ. Ямар ч байсан Өлзийг ээж Яахүүгийн хамт мал маллаж байсныг мэдээд байна. Бог мал голдуу хариулсан. Цэргээс ирчихээд ээжтэйгээ шувт мал малласан хүн. Тухайн үед нэгдлийн даргаар Төмөрбаатар гээд Сонгино сумын хүн ажиллаж байсан. Дараа нь Гарамжав гэж байгаад тарж байсан. Хэдэн онд нэгдэл тарсныг санахгүй байна. Бичин жилнээр л хувьчлал явагдаад байсныг санаад байна. Боловсон хүчин Ганболд гээд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг хүн байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Я.Өлзийг 1978 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын Туяа нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ