Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 151

 

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Ө, Ц.А нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, иргэдийн төлөөлөгч С.Э, улсын яллагч Ц.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ц, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.З, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ц.О, шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Б.Э, А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Чт холбогдох эрүүгийн 1906 06097 2235 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Ч,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ж.Ч нь архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 20-466Б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, талийгаач Ч.Оийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр, толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан,

            мөн өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ч мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-27/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-40/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-46/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваахүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-49/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-54/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 56-57/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Яаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-63/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64-66/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12540 дугаартай дүгнэлт /хх 71/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5864 дугаартай дүгнэлт /хх 77-78/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Чаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 108, 147-148/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2251 дугаартай дүгнэлт /хх 130-134/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /хх 137-138/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 149-151/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5862 дугаартай дүгнэлт /хх 154-157/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5863 дугаартай дүгнэлт /хх 169-170/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гаас шүүгдэгч Ж.Ч нь архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 20-466Б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, талийгаач Ч.Оийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр, толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр алсан,

мөн өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Ж.Чыг архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, талийгаач Ч.Оийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр, толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр алсан,

мөн өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цын хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Уын өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх 45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваахүүгийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх 48-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Даваасүрэнгийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх 51-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх 56-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Яын өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх 61-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бын өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх 64-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12540 дугаартай:

1. "...Ч.Уын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх 71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5864 дугаартай "...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүз, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн." гэх шинжээчийн дүгнэлт /хх 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5044 дугаартай "...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хоолойтой цамцанд 11мм, 12 мм татах, чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 81-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2251 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи болон гавлын баруун ар дунд хонхорын цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хэвлийн арын гялтангийн цусан хураа, нарийн, бүдүүн гэдэсний сэмж, чацархай язарсан шарх цус хуралт, гэмтлийн гаралтай шок, хурц цус хуралт, нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралтууд, Ч.Оийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо,

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бүгд шинэ үүссэн гэмтлүүд болно.

3. Ч.Оэ нь гавал тархи болон хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шокод орж нас баржээ.

4. Шүүх химийн шинжилгээгээр "Цусанд нь 2.4% спиртийн агууламж илрэв." гэх хариу ирүүлсэн байна. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна.

5.Нас барсан хугацааг цогцост хийгдсэн 23:30 гадна үзлэгээр 5-7 цаг гэж тогтоосон байна.” гэх дүгнэлт /хх 130-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5861 дугаартай:

1. "...шинжилгээнд ирүүлсэн Ч.Оийн гарын хуруунаас авсан гэх хумсан дээр цус илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оийн гэх цусны ДНХ-тэй тохирч байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх 169-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5863 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хөхний даруулга дээр цус илэрсэн, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

2. Хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр цус илэрсэн.

3. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач Ч.Оийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Хөхний даруулга дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оийн өмсөж байсан гэх улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ИЙН тогтоц нь Чинбаатарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх 174-175/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх, сэтгэц, эмгэг судлалын 1332 дугаартай дүгнэлт /хх 137-138/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

            Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ж.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, талийгаач Ч.Оийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дорхи болон гавлын баруун ар дунд хонхорын цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хэвлийн арын гялтангийн цусан хураа, нарийн бүдүүн гэдэсний сэмж, чацархай язарсан шарх цус хуралт, гэмтлийн гаралтай шок, хурц цус хуралт, нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралтууд бүхий  гэмтлүүд үүссэний улмаас хохирогч гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байх тул шүүгдэгчийг онц харгис, хэрцгийгээр хүнийг алсан байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Мөн шүүгдэгчийг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримаар тогтоогтож байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхээс шүүгдэгч Ж.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зүйл, заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 105 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, талийгаач Ч.Оийн улаан хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.У, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ч.Х, Ч.Х, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ч.Х, Ч.Т нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.