Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 426

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Х.Баянжаргалын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1972 оны 04-р сарын 10-наас 1976 оны 04-р сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байгаад цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн мөн нэгдлийн Өгөөмөр бригадад 1979 оны 06-р сарын 15-наас 1993 оны 08-р сарын 28-н хүртэл мал малласан юм.

Иймд Х.Баянжаргал намайг 1972 оны 04-р сарын 10-наас 1976 оны 04-р сарын 30-ныг хүртэл, 1979 оны 06-р сарын 15-наас 1993 оны 08-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Мөн миний бие хөдөө амьдардаг бөгөөд отроор малаа хариулж байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Баянжаргал нь Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад 1972 оны 04-р сарын 10-наас 1976 оны 04-р сарын 30-н хүртэл, 1979 оны 06-р сарын 15-наас 1993 оны 08-р сарын 30-н хүртэл тус тус мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х.Баянжаргал нь 1972 оны 04-р сарын 10-наас 1976 оны 04-р сарын 30-н хүртэл, 1979 оны 06-р сарын 15-наас 1993 оны 08-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болох нь он сар дугааргүй Завхан аймаг Алдархаан сум Партизан Чойбалсан нэгдэл Ханд Баянжаргал гэж бичиж нээлгэсэн 1972 оны 04-р сараас 1976 оны 04 сар хүртэлх бичит хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1981 оны 01-р сарын 27, 1995 оны 02-р сарын 27-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд, аймгийн архивын тасгийн 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн А/363 тоот лавлагаа зэрэг баримт бичгүүдээр нотлогдож байна.

Мөн Х.Баянжаргалын ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Пэрэнлэйн ...Х.Баянжаргал Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад 1972 онд мал дээр гарч 1993 он хүртэл тус бригадад мал маллаж байсан. Манхайхан нэг голд, нэг дор нутагладаг байсан юм. Одоо хүртэл малаа маллаж байна даа. Цэргийн алба хаагаад ирж байсныг нь мэдэж байна. Яг хэдээс хэдэн онд цэргийн алба хаасныг нь сайн мэдэхгүй байна. Миний үед сум нэгдлийн дарга нь Жанчив, намын хорооны дарга нь Далхжав гэж хүмүүс байсан... гэсэн,

гэрч Б.Гарамжавын ... Би Ховдын Хөдөө аж ахуйн техникумыг 1972 онд төгсөөд малын эмчээр ирэхэд Баянжаргал Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад мал маллаж байсан. 1993 он хүртэл тус бригадад мал малласан. Тухайн үеийн нэгдлийн дарга нь Жанчив гуай, намын хорооны дарга нь Далхжав гуай гэж хүмүүс байсан... гэсэн,

гэрч Б.Дарьрагчаагийн ...Х.Баянжаргал Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад 1992 оноос 1993 он хүртэл тасралтгүй мал маллаж байсныг мэднэ. Бог мал малладаг байсан. Манайхныг хөдөө байхад цэрэгт яваад ирлээ л гэж байсан. Айлын бага хүүхэд байх. Оныг нь сайн мэдэхгүй байна.... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х.Баянжаргалыг Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Өгөөмөр бригадад 1972 оны 04 дүгээр сарын 10-наас 1976 оны 04 дүгээр сарын 30-н хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 15-наас 1993 оны 08 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ