Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 86

 

 

 

2020         01         29                                     2020/ШЦТ/86

       

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

улсын яллагч: Г.Сундуй;  

шүүгдэгч: М.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Баянчандмань Титан” ХХК-д химич ажилтай, ам бүл 6, эх, 4 хүүхдүүдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, М.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Б нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2917438 дугаартай хэвлэмэл маягт дээр хэвлэгдсэн №11-1363607 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн Ү-2204038477 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 61 тоот орон сууцны гэрчилгээ зэрэг эдийн баялагыг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар дээрх баримт бичгүүдийг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол групп” ХХК-д 30 тонн түлшийг дараа төлбөрт нөхцөлөөр Ү-2204038477 бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан зээлээр авах хүсэлт гаргах байдлаар ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй. Гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 21/, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-27/, гэрч Н.Оролжмаа /хх-ийн 28/, гэрч Г.Бадамханд /хх-ийн 30/, гэрч Д.Оюунчимэг /хх-ийн 32/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны №4633 дугаартай  дүгнэлт /хх-ийн 35-38/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 58-62, 64/, М.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-49/, М.Б-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-55/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2917438 дугаартай хэвлэмэл маягт дээр хэвлэгдсэн №11-1363607 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн Ү-2204038477 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 61 тоот орон сууцны гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, улмаар дээрх баримт бичгүүдийг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол групп” ХХК-д 30 тонн түлшийг дараа төлбөрт нөхцөлөөр Ү-2204038477 бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан зээлээр авах хүсэлт гаргах байдлаар ашигласан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

     гэрч Н.Оролжмаагийн /хх-ийн 14/: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай “Сод Монгол групп” ХХК-д “Сингин рок” гэх компаниас 01 дугаартай хамтран ажиллахыг хүссэн албан бичиг ирсэн. Тус бичигт “Сингин рок” компани нь манай байгууллагаас дараа төлбөрт нөхцөлтэйгээр гэрээ байгуулж cap бүр 30 тонн түлж авч хариуд нь Y-2204038477 дугаарын бүртгэлтэй 56.34 мкв талбайтай хоёр өрөө байрыг барьцаалан зээлээр авахыг хүссэн байсан. Уг хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагааг гаргаж өгөхийг шаардахад тус компаний захирал М.Бнь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байрны гэрчилгээний эх хувь, улсын бүртгэлийн лавлагааны эх хувийг авчирч өгсөн. Тус гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагааг шалгаж үзэхэд хуурамч байсан. Тус байр нь “Ариг банк”-нд барьцаалагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Оюунчимэгийн /хх-ийн 32/: “...Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөрөнгийн лавлагаа нь эрх олгох бичиг баримт байгаа юм. Тухайн бичиг баримтаар тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдийг илэрхийлдэг юм... Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр гардаг. Харин лавлагааг хэвлэмэл маягтан дээр гаргадаг. ...Ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг этгээдээс өөр хүн тухайн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг “ТҮЦ” машин болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч болохгүй байдаг. Зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч авна...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4633 дугаартай “...-Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №11-1363607 дугаартай Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагаа, Y-2204038477 дугаарын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 61 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь бичиг техникийн шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №11-1363607 дугаартай Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагааны цаас нь үнэт цаас байна. Харин Ү-2204038477 дугаарын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 61 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний цаас нь ердийн хэрэглээний цаас байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №11-1363607 дугаартай Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагааг жинхэнэ лавлагааны cap өдөр, мэдээллийн хэсгийг арилгаж, “2019 оны 05 cap 31 өдөр” гэсний “05”, “31” гэсэн тоо болон “Н.АЛТАНХУЯГ, Х.БУЯНХИШИГ ТАНАА, 2204038477, ...зүрх, Энхтайваны өргөн, 56, 61, Н.Алтанхуяг, Х.Буянхишиг” гэж өөрчлөн засварлаж, хэсэгчлэн хуурамчаар үйлдсэн байна. Харин шинжилж буй гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн, тэмдэгний дардсыг бараар дарсан байна.

-Шинжилгээнд ирүүлсэн Ү-2204038477 дугаарын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56 дугаар байрны 61 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь ердийн хэрэглээний цаас ашиглан дэвсгэр, сери дугаар, хэвлэмэл бичиг, тэмдгийн дардсуудыг “ink jet” хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж, гарын үсгүүдийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн, хуурамч байна” гэх дүгнэлтээр /хх-ийн 35-38/,

 

М.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 46-49/: “...Би нэг компани руу түлш нийлүүлэхээр болоод “Сод Монгол групп” ХХК-иас түлш зээлээр авахаар материал бүрдүүлж өгсөн. Эхлээд материалаа бүгдийг нь хуулбараар бүрдүүлж өгсөн. Анхандаа бол хуулбараар өгч болно гэж байсан. Материал бүрдүүлж өгөхдөө барьцааны хөрөнгөд нь танил Н.Алтанхуягийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 56-61 тоотод байх орон сууцны үл хөдлөх хөрөнгийг барьцаалъя гээд гэрчилгээний хуулбарыг өгсөн. Тэгсэн 2019 оны 03 дугаар сарын сүүлээр “Сод Монгол групп” ХХК-иас залгаад “зээлийн асуудлыг шийдэх гээд байна, барьцааны хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь мөн өөр газарт ямар нэгэн барьцаа өр төлбөргүй гэсэн бичгийг улсын бүртгэлийн газраас 2 хоногийн дотор авчир” гэж хэлсэн. Тухайн үед Н.Алтанхуягийн байр нь “Ариг банк”-д зээлийн барьцаанд байсан. Тэгээд болохгүй болохоор өргүй гэсэн лавлагаа хайсан. Өмнө нь манай компанид ажиллаж байсан Г.Пүрэвхүү өмнө нь зээл хөөцөлдөж байгаад тэр нь бүтэхээ болиод зээлийн материалаа надад орхиод явсан байсан. Тэр дунд нь өргүй гэсэн нийслэлийн улсын бүртгэлийн газрын 11-1363607 дугаартай лавлагаа байсан. Би Дашка /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг бага байхдаа нэг байранд байсан найзаасаа суурин комьпютерийн процессорыг нь гуйж аваад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 801-146 тоотод дэлгэц залгаж байгаад нөгөө лавлагааг харж байгаад фотошоп программ дээр эхийг бэлтгэсэн. Мөн Н.Алтанхуягийн байрны гэрчилгээний хуулбарыг харж байгаад фотошоп дээр өнгөт болгосон. Түүнийгээ флашанд файл болгож хийгээд Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо хэвлэлийн газарт ороод лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар хоёрыгоо скайнердаж оруулаад фотошопоор янзалсан байсан эх бэлтгэл дээрээ оруулж өөрөө янзлаад хэвлүүлсэн. Уг хуурамч бичгээ “Сод Монгол групп” ХХК-д өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Улсын бүртгэлийн орон сууцны гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж “Сод Монгол групп” ХХК-д 30 тонн түлшийг дараа төлбөрт нөхцөлөөр Ү-2204038477 бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан зээлээр авах хүсэлт гаргах байдлаар ашигласан болохыг шүүгдэгч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр шүүгдэгчийн ашигласан орон сууцны гэрчилгээ, лавлагаа хуурамч болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар орон сууцны гэрчилгээ, лавлагаа зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан М.Б-н санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Б-н “эрх олгосон баримт бичиг, эдийн баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч М.Б-гбусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч М.Б-г “эрх олгосон баримт бичиг, эдийн баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хатуу дикс, 1 ширхэг Ү-2204038477 дугаартай хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1 ширхэг 11-1363607 дугаартай хуурамч бүртгэлийн лавлагаа зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Б-г эрх олгосон баримт бичиг, эдийн баялгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хатуу дикс, 1 ширхэг Ү-2204038477 дугаартай хуурамч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1 ширхэг 11-1363607 дугаартай хуурамч бүртгэлийн лавлагаа зэргийг  хэрэгт хаварган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ