Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 29

 

 

 

 

2020       01          06                                   2019/ШЦТ/29 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Э.Халиун;  

шүүгдэгч: Б.Н/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д худалдагдагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт   улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Н

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний оройн 23 цагийн орчим   гэртээ нөхөр болох хохирогч И.Г-н “...архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн мөрөн тус газар нь заазуураар хутгалж зүүн мөрний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Г-н /хх-ийн 11-12/ мэдүүлэг, гэрч П.Н-н /хх-ийн 7-8/ мэдүүлэг, Б.Н-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/ мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16, 19, 26 дугаартай,  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23, 26-35/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-59/, Б.Н-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-41, 44, 69/, И.Ганхуягийн хүсэлт /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ннь 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн орчим  ..... гэртээ өөрийн нөхөр И.Ганхуягтай “...архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч И.Г-н /хх-ийн 11-12/: “...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гадуур архи согтууруулах ундаа хэрэглэсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...энхэртэйгээ жаахан маргалдаад 19 цагийн үед гарч найз нартайгаа 2 том пиво уугаад гэртээ 20 цаг өнгөрч байхад орж ирсэн. Хадам ээж, эхнэр 2 тамхи татаад сууж байсан. Би эхнэртээ “ээжтэйгээ нийлж тамхи татдаг болоо юу” гэж хэлэхэд  хадам ээж “архичин жомбого, гадуур архи уучихаад орж ирлээ” гээд орилоод байсан.  Эхнэр “чи битгий давраад байгаарай” гэж хэлээд шүүгээнээс заазуур аваад миний зүүн мөр рүү хүрэх шиг болсон. Миний мөр орчим нэг зүсэгдсэн. Эхнэр заазуураар цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Н-н  /хх-ийн 18/ “...хүргэн И.Г-г охин Б.Н“архи байнга уулаа” гэж хоорондоо маргасан. Манай хүргэн охиныг 3 хүүхэдтэй нь хамт хөөсөн. Охин Б.Н  байгаад гал тогооны шүүгээнээс заазуур аваад нөхрийнхөө зүүн мөр орчим далайж 2 удаа цохих шиг болсон.  Би санд мэнд охиныхоо гараас заазуурыг булааж аваад өөрийн гэртээ оруулж тавьсан. Тэгээд охин цагдаад мэдэгдсэн. ...хүргэн И.Г архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, эхнэр хүүхдээ гэр бүлийн хүчирхийллийн байдалтай байлгадаг, өнөөдөр л охин маань тэвчихгүй ийм үйлдэл хийх шиг боллоо...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Н-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4/: “...Манай нөхөр нэг архи уухаараа доод тал нь 2-5 хоног уудаг. Архи уухаараа агсам тавиад байдаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи уусан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарч яваад архи уусан ирсэн. ...17 цагийн үед нөхөрт уур хүрээд ганцаараа 2,5 литрийн “” нэртэй пиво уугаад байж байтал нөхөр ороод ирсэн. Надтай болон манай эжтэй маргаан хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд заазуур аваад зүүн мөрний хэсэгт 2 удаа цохисон. Ээж надаас заазуурыг авсан. Би уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

И.Г-н биед “зүүн мөрний зүсэгдсэн шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг заазуураар цохиж биеийг нь зүссэн болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад заазуураар цохиулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг заазуураар цохиж, зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Н-нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Н-н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч И.Ганхуягийн “...эхнэртэйгээ эвлэрсэн, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Н-г“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан 30 см урттай, шаргал өнгийн модон иштэй заазуурыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай, шаргал өнгийн модон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ