Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0429/З |
Дугаар | 750 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 750
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ж ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гуравдагч этгээд: Ү ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын Ү ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Г, Э.У, иргэдийн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Энэ газартаа мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, БОНХАЖЯ-наас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан. 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2011/135 дугаартай газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, манай компанийн хооронд байгуулж БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсан.
2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд энэхүү газарт хэрэгжүүлэх "Монгол таун хаус" төслөө танилцуулж хуралд оролцогчдын 62.5 хувийн дэмжлэг авснаар хурлын шийдвэр төслийг дэмжиж гарсан. Манай компани энэхүү зураг төслөө батлуулахаар 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 03 тоот албан бичгээр Нийслэлийн өрөнхий төлөвлөгөөний газарт хандсан боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор барилга барих хүсэлт хүлээн авахгүй түдгэлзүүлсэн байгаа гээд хүлээж аваагүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзаж барилгын ажлаа эхлэх хүсэлтээ илэрхийлэхэд тэдний зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 тоот мэдэгдэл гарч барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түдгэлзүүлсэн, тусгай хамгаалалтай газар нутгийн тухайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл барилгын зураг батлахгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа гэсэн хариуг өгч байсан.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Д*******тай уулзаж аялал жуулчлалын зориулалттай барилгаа барих хүсэлтээ гаргасан ч энэ асуудлаар нийслэл болон манай яамны удирдлагын хооронд нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа гэсэн хариуг өгч байсан. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас барилгын ажлыг явуулах боломжгүй байсан юм. Манай компани 2011/135 тоот гэрээний дагуу жил бүр 13.860.000 төгрөгийг газрын төлбөрт төлж, гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл БОНХАЖ-ын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А- 236 тоот тушаалаар манай комланийн газар ашиглах эрхийг “үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсныг 2016 оны 2 дугаар сарын дундуур хөндлөнгийн хүнээс олж мэдээд яам дээр очиж мэргэжилтэнтэй нь уулзахад танай газрын координат өөрчлөгдсөн гэсэн хариу өгсөн боловч өөрчилсөн шийдвэрийг манай талд өдийг хүртэл албан ёсоор өгөөгүй, мэдэгдээгүй байгаа болно. Дам сураг сонсоход бидний гэрээ болон, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан 3.5 га газрыг Ү******* ХХК-д шилжүүлэн олгосон байж болзошгүй болохыг тэмдэглэж байна. Ингээд бид Ерөнхий сайд Ч.С*******т хандаж, сайдын дээрх тушаалын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас уг гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/589 дүгээр албан бичгээр салбарын сайдад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байдаг.
Манай компани шүүхэд хандаж захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний өмнө нь эзэмшиж байсан газрыг хууль зөрчиж хурааж авч, улмаар уг газрыг Ү ХХК-д олгосон болох нь тодорхой болсон. Тус компанид уг газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын хавсралтын 55-д заасны дагуу газар ашиглах эрхийг олгожээ. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ болон холбогдох хуулиудыг зөрчөөгүй байхад газар ашиглах эрхийг хууль бусаар цуцалж, уг газрыг бусдад дахин ашиглуулахаар хуваарилж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчөөд зогсохгүй бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Бидэнд газар ашиглах эрхийг маань цуцалсан болон, цуцлах санал оруулж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд уг газрыг гуравдагч этгээдэд олгосон болохыг хавтаст хэрэгт хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай танилцах үедээ олж мэдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын Ү ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд Хан уулын дархан цаазат газрын Арцадын аманд 3,5 га газар аялал, жуулчлалын зориулалтын дагуу ашиглах эрх аваад 2013 онд гэрээ байгуулж, энэ газрыг ашиглах гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлсөн байдаг.
Маргаан бүхий тушаал гарсны дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр уг газрыг Ү ХХК-д олгосон байдаг. Ингээд энэ газрыг хасагдсан эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, тушаалд заасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар зүйл. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар 2 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, мөн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэл тушаал дээр заасан байдаг. Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг ашиглах эрхийг эзэмшиж байгаа, ашиглаж байгаа хүмүүст мэдэгдэх үүрэгтэй гэж сайдын тушаал дээр заасан байдаг. Үүнийг огт хэрэгжүүлээгүй. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа энэ тухайгаа мэдэгдээгүй гэдэг талаар хэргийн материалд нотлох баримт байдаг.
Ямар учраас ийм нөхцөл байдал үүссэн гэхээр өмнөх шүүхийн шийдвэр болон өмнөх хэрэг хянан хэлэлцэх ажиллагаагаар тодорхой болсон. Газрын төлбөрийн асуудал дээр ямар ч асуудалгүй газрын төлбөрийг төлсөн. Зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг энэ асуудал нь “...газар ашиглагч, эзэмшигчийн өөрийнх нь хүсэл зоригоос хамаараагүй байна” гэж дархан цаазат газрууд дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны сайд, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “...дархан цаазат газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсны дараа ашиглуулна...” гэдэг байр суурин дээр байсан учраас энэ газар ашиглах асуудлаар газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар хэдэн удаа хүсэлт гаргасан гэдгийг тодруулна гэдэг байдлаар өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгоод буцаасан байдаг.
Энэ хугацаанд шүүхийн болон нэхэмжлэгчийн зүгээс тодорхой ажиллагаануудыг хийсэн. Гэсэн хэдий боловч яг энэ хэрэгт цугларсан нотлох баримтыг ямар нэгэн байдлаар үгүйсгэх, няцаах ийм баримтууд цуглараагүй. Нэхэмжлэгчийн хувьд гаргасан алдаатай зүйл нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандаж байсан, хандахдаа албан бичгээр хандаагүй, өөрөө биеэр очиж уулзаж байсан. Түүнээс гадна энэ хугацаанд холбогдох үнэлгээнүүдийг бүгдийг нь хийлгэсэн байдаг. Энэ газар дээр тухайн асуудлаар иргэдийн Нийтийн Хурал дээр 64.7 хувийн саналаар “аялал жуулчлалын чиглэлээр барьж болно” гэдэг зөвшөөрөл авсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ газрыг хоёр жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар мартаж орхисон зүйл байхгүй. Мэдээж газрын төлбөрөө төлж байсан тохиолдолд газар дээр барих ажиллагааг хийж байсан. Харамсалтай нь эрх бүхий байгууллагуудын шийдвэр болон ажил хариуцсан хүмүүс мэдэгдсэний дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан юм.
Тэгэхээр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг чухам ямар хэмжээнд ойлгож байна гэхээрх тэнд газар ухаад тодорхой хэмжээний түр сууц барихыг хэлээд байгаа юм уу, эсвэл хашаа хатгахыг хэлээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Тухайн газрыг ашиглахын тулд нэхэмжлэгчийн зүгээс тодорхой алхмуудыг хийсэн нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Тухайлбал гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр төлж, хийж байсан зүйлүүд байгаа. Тэр нь ашиглаж байсныг нотолно гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Ү ХХК энэ газрыг үндсэндээ сар хүрэхгүй хугацаанд ухсан байдаг. Үйлт-Од Сэр ХХК Богдхан уулын Дархан цаазат газар авах гээгүй эсрэгээрээ Налайх дүүрэгт газар олгож өгнө үү гэдэг ийм зүйл байсан. Гэтэл ерөнхий төлөвлөгөөний үнэлгээ хийгдээгүй, хүсэлт нь өөр байхад Ү ХХК-д газар олгож байгаа нь илэрхий хууль зөрчсөн ажиллагаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компани Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Хан-уул дүүргийн 4 дүгээр хррооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 3.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2011/135 дугаар газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттын захиргаа, Ж ХХК-ийн хооронд байгуулж БОНХАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсан.
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаал гаргаж Ж ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна. Ж ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн хуулийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд газар ашиглах эрхийг цуцалсан, Ү******* ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2015 оноос эхлэн аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлж, төлөвлөж үйл ажиллагаагаа явуулахаар газар судалж удаа дараа Байгаль орчны яаманд очиж уулзаж хүсэлт гаргасны үндсэн дээр хуульд заасан дүрэм журмын дагуу 2015 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцадын аманд 3,5 га газар ашиглах эрхтэй болсон.
Уг газар ашиглах эрхийг авахдаа хуульд заасан дүрэм журмын дагуу бүх хүсэлтийг өгч, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар ерөнхий үнэлгээ гаргуулж түүний дагуу нарийвчилсан үнэлгээ хийлгэж газрын тэмдэгтийн хураамж болон бусад төлбөрийг төлж дүрэм, журмын дагуу ашиглах эрхтэй болсон. Бид уг газрыг өмнө нь цуцлагдсан гэдгийг мэдээгүй. Цуцлагдсан талаар бидэнд мэдэх боломж байхгүй. Энэ хугацаанд газрын төлбөр, зураг төслөө гаргаж нийт 100 орчим сая төгрөгийн зардал гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол ийнхүү эд хөрөнгөөр хохирол учрах нөхцөл үүссэн байгаа. Бид уг газар ашиглах эрхийг хуульд заасан дүрэм, журмын дагуу эзэмшиж авсан” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани тухайн үеийн Ерөнхий сайд Ч.С*******т хандаж гомдол гаргасан гэж байна. Энэ нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас уг гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шилжүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариу өгөхдөө “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй” гэж, салбарын сайд нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 012635 тоот албан бичгээр ирүүлэхдээ уг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд өөрийн анх авсан 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 дугаар тушаалаар Ж ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг буруутай гэж үзэх боломжтой байсан. Хариуцагчийн хэлснээр нэхэмжлэгч өөрөө уг гомдлыг гаргахдаа Ерөнхий сайдад хандах маягаар гаргаж, шүүхийн маргаан үүсэх замаар явсан гэж үзэж байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ж ХХК газар ашиглах эрхтэй байсан байна. Хууль бусаар газар ашиглах эрхийг нь цуцалж өөр компанид өгсөн нь буруу, хуулийн цоорхой байгааг харуулж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК тус шүүхэд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын Ү ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр бидэнд мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус”, харин хариуцагч газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлээ “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж маргажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Ж ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2011/135 дугаартай газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож , 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ж ХХК гурвалсан гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Ж ХХК 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын цогцолбор төв байгуулахаар хүсэлт гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ ерөнхий шинжээчийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 6/1310 дугаар албан бичгээр “...тусгай хамгаалалттай газар Арцатын аманд аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийв. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн дэмжсэн хариу хүргүүлжээ.
Ж ХХК 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2.4-ийн “б”, “в”-д зааснаар 1 жилд 13.860.000 төгрөг (арван гурван сая найман зуун жаран мянга)-ийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албанд төлж байх үүрэгтэй боловч нэхэмжлэгч 2013 онд 13.680.000 төгрөг, 2014 онд 6.930.000 төгрөг, 2015 онд 13.680.000 төгрөг бүгд 34.650.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна .
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ж ХХК газрын төлбөр төлсөн, ашиглах эрхтэй газартаа аялал жуулчлалын төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг газар ашиглахад шаардлагатай баримт цуглуулах ажиллагааг хийлгэх явцад газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар Ж ХХК-ийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 3-ийн 8-д “Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх” гэж заасны дагуу 2013, 2014, 2015 онуудад газар ашиглагч газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх тооцоог нийлж, акт үйлдээгүй, гэрээг дүгнээгүй атлаа тухайн онуудад нэхэмжлэгч газрын төлбөр төлсөн эсэхийг үл харгалзан маргаан бүхий 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Ж ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 636 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.3-д “газар...ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол....эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Ү ХХК 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах хүсэлт гаргаснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Ү ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2015/270 дугаартай газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үйлс Од сэр ХХК гурвалсан гэрээг байгуулжээ
Түүнчлэн Ү ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2015 оны 6 дугаар сард хийлгэж, мөн оны 8 дугаар сард “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан хэдий ч газар ашиглах гэрээний салшгүй хэсэг болсон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэзээ хийлгэсэн, дүүргийн Засаг даргаас санал авсан эсэх нь тодорхойгүй байхад зөвшөөрөл олгосон маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын Ү ХХК-д холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын Ж ХХК-д холбогдох, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалын Ү ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ОЮУМАА
Д.ХАЛИУНА