Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0220

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Э-г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,994,324 (хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,2000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасны дагуу аймгийн Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Э НБХ-ийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан үндэслэлээр шилжин томилогдсон. Аймгийн Засаг даргын 2020 оны Б/55 дугаар захирамжийг гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэж, Б.Эг ажлаас чөлөөлсөн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Эг төрийн албанаас түр болон нөөцөөс бүр мөсөн чөлөөлөх хэмжээнд тухайн шийдвэрийг гаргаагүй ба нэг албанаас нөгөө албыг гүйцэтгүүлэхээр холбогдох хууль, журмын дагуу шилжүүлэн томилсон. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д зааснаар тухайн албан тушаалтныг шилжүүлэн томилсон тохиолдолд салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө гэсэн процесс хуульд хуульчлагдаагүй байхад салбарын сайдтай зөвшилцөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа “... эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж тусгайлан зааж өгснийг 2 тусдаа үндэслэл байна гэдгийг харгалзан үзэж, ялгаатай байдлаар ойлгож, үнэлээгүй. “Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 10-аас дээш жил ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа ч энэ нь түүнийг өөр, ажил албан тушаалд шууд шилжүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй юм” гэж шүүх дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын дээр дурдсан холбогдох хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.3-д заасан “Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил 1 албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн журмыг тус тус зөрчиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалттай шүүхийн шийдвэр зөрчилдөж байна. Анхан шатны шүүхээс тайлбарласны дагуу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт нь 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахыг тэдгээрийн удирдлагад үүрэг болгосон заалт биш боловч эрх олгосон заалт мөн гэж үзэж байна. Тиймээс бид тус хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд дээр дурдсан журмын 1.2-т заасан зорилгын хүрээнд Б.Эг шилжүүлэн томилох шийдвэрийг гаргасан. Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 29 хоногийн хугацаатай 12 дугаар сарын 11-ний өдөр ажилд орохоор шийдвэрлүүлсэн байдаг. Б.Эг ээлжийн амралттай байх үед Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол гарч орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул Эрүүл мэндийн газрын даргын хувьд ээлжийн амралттай байх хугацаанд ажилдаа зайлшгүй орох онцгой нөхцөл байдал үүссэн тул аймгийн Засаг дарга М.Идэрбат, Б.Эг ажилдаа орж, дараа ээлжийн амралтыг биеэр нөхөн эдлүүлэх талаар тохиролцож, үүрэг өгсөн байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилдаа орсон нь байгууллагын үйл ажиллагаанд 2 албан бичигт гарын үсэг зурсан, мөн онцгой комиссын хуралд суусан зэргээс нь ажилдаа орж, ажиллаж байсан нь нотлогдоно. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдлын дараа ээлжийн амралтыг биеэр нөхөж эдлэх талаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 12 дугаар заалтад “Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно” гэж заасны дагуу ажилласан хугацаагаа биеэр нөхөн эдэлж, энэ үед нь цалин хөлсийг ажилласнаар тооцон олгох боломжтой. Ээлжийн амралттай байх хугацаандаа амралтын мөнгөө тооцуулан авсан байдаг тул энэ хугацаанд нь цалин тооцож, давхардуулан олгохгүй бөгөөд ээлжийн амралттай байсан гэдгийг дан ганц Эрүүл мэндийн газрын цалингийн картад үндэслэн шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. Хувийн ашиг, сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулах ажил нь захиргааны байгууллага, албан тушаалд нэр дэвшигч нарын хоорондын хамтын үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан амжилттай болж, Авлигатай тэмцэх газраар хянуулах нөхцөл боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллагаас тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд цахим системд мэдүүлгээ шивж оруулах эрхийг үүсгэж өгдөг ба мэдүүлэг гаргагч мэдүүлгийг шивж баталгаажуулснаар Авлигатай тэмцэх газарт цахим хэлбэрээр урьдчилсан мэдүүлэг хянагдах боломжтой болдог. Энэхүү процессыг хуулийн дагуу явуулахад нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан тул томилохын өмнө Авлигатай тэмцэх газарт хянуулах боломж бүрдээгүй харин тухайн албан тушаалд шилжин томилогдсон шийдвэрээ хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээж авсныхаа дараа цахим системд мэдүүлгээ шивж, илгээж хянуулсан. Энэ талаар шүүхэд холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасны дагуу албан тушаалтан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг хүлээн авч гэсэн байдаг ба бид хүлээн авч хүргүүлэх боломжтой цаг хугацаандаа хүргүүлснийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шүүх харгалзан үзээгүй. Удирдлагуудын зүгээс гаргасан Б/55, Б/69 дүгээр захирамж, тушаал нь эрх зүйн хувьд маргаан бүхий акт болж шүүхийн шатанд хянагдаж байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох талаар шүүхэд хандаагүй. Харин ердийн хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба захиргааны байгууллага, шүүх, иргэн тухайн захиргааны актыг хүчингүй болох хүртэл нь дагаж мөрдөх үүрэгтэй байхад Б.Э нь ажлын байраа орхин ажлаа шүүхээр асуудал шийдвэрлэгдэх хүртэл тасалсан мөн төрийн жинхэнэ албан хаагч нэг албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхдаа давхар ажил эрхэлж, Нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байгаа зэргээр холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөд байгаа нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт гаргаагүй. Мөн Засаг даргын Тамгын газраас түүнийг ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зайнаас болон биеэр ирж, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэн ажилласан тул цагийн бүртгэлийг үндэслэн 11 дүгээр сард ажилласан 3 хоног 12 сард ажилласан хугацааг бүтнээр буюу 21 хоногоор тооцон 1,982,527 (Нэг сая есөн зуун наян Хоёр мянга таван зуун хорин долоо) төгрөгийн цалин олгосон байхад шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг ажилд шилжүүлэн томилсон Б/55 дугаар захирамж гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байснаар тооцон дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,994,324
(Хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг Эрүүл мэндийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэсэн нь цалинг давхардуулан олгох нөхцөл байдлыг үүсгэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь сар бүрийн 20-ны өдрөөр тасалбар болгон тухайн албан хаагчийн цалинг боддог учраас Б.Эд 12 сарын цалинг бүтнээр олгосон. Иймд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Эг “албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан” гэсэн үндэслэл шалтгаанаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс чөлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлж, мөн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Г-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Б/69 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Эг Эрүүл мэндийн газрын дарга албан тушаалаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шилжүүлэн томилжээ.

Нэхэмжлэгч Б.Э дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар мөн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байх бөгөөд анхан шатны шүүх “Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бүхий болсон байна. Харин шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,994,324 төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т зааснаар “төрийн албан хаагч” гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор байх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нөхцөл, журмыг зааж хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж хуульчилжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.6-д “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуульд зааснаас үзвэл төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд юуны өмнө албан ажлын зайлшгүй шаардлага гарсан байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардсан байх бөгөөд 10 ба түүнээс дээш жил хүртэлх хугацаагаар нэг албан тушаалд ажилласан албан тушаалтны хувьд удирдлагын санаачилгаар өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой байхаар, харин нэг албан тушаалд 10 жил хүртэл хугацаагаар ажилласан байх шаардлага хангагдаагүй албан хаагчийн хувьд тухайн албан тушаалтантай тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой, эдгээр нөхцөл журмаас бусад  тохиолдолд төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах шалтгаанаар ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна аймгийн эрүүл мэндийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэндийн сайдтай зөвшилцсөн байхыг хуулиар шаардсан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Э-г Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилохдоо дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчтэй тохиролцох байтал хариуцагч нь тохиролцолгүйгээр шууд шилжүүлэн томилсон нь хууль бус байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар  10  жил тасралтгүй ажиллаагүй байхад түүнтэй зөвшилцөлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь хууль бус, хариуцагч “... Эрүүл мэндийн газрын даргаар 10 жил 6 сар тасралтгүй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч тул удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажилласан ...” гэж маргасан нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... 2008 оноос Эрүүл мэндийн газрын даргаар 9,2 жил ажилласан. 10 жил ажиллаагүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна ...” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Э Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон, аймгийн Засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, улмаар Нийслэлийн Хүрээ амаржих газарт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд  Жирэмсний эмгэг эмчлэх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажилласан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/65 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдон ажилласан болох нь тогтоогдсон буюу нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 9 жил гаруй хугацаанд ажилласан байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу түүнтэй зөвшилцөх хуулийн шаардлагыг хангахгүйгээр өөр албан тушаалд томилсон нь хууль бус болсон байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Б.Э нь Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд 10-аас дээш жил ажилласан” гэсэн агуулга бүхий дүгнэлт буруу байх боловч дан ганц энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 4.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцолгүйгээр дараах тохиолдолд шилжүүлэн ажиллуулахыг хориглоно”, 4.1.1-д “Ээлжийн амралттай” гэж тус тус заажээ.

Хэрэгт аймгийн Шуурхай штабын хурлын 2020 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрийн тэмдэглэлүүд /1хх-152,158/, аймгийн Онцгой комиссын гишүүдийн ирцийн бүртгэлүүд зэрэг баримтууд авагдсан, хариуцагчаас “... Б.Эг ээлжийн амралттай байх үед ... Covid-19 цар тахал тархсан хүнд цаг үед Монгол улс дотооддоо халдвар тархах аюул нүүрлэж, ... аймгийн онцгой комиссын гишүүн, аймгийн шуурхай штабын менежер, Эрүүл мэндийн газрын даргын хувьд Б.Э нь ээлжийн амралттай байх хугацаанд ажилдаа зайлшгүй орох онцгой нөхцөл байдал үүссэн тул ... Б.Э-г ажилдаа орох үүрэг өгсөн ... шуурхайн штабын хуралд ... оролцож, ажилласан зэргээс нь ажиллаж байсан нь нотлогдоно ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэгт авагдсан Тамгын газрын даргын албан үүргийг  түр  орлон гүйцэтгэгч Ж.Түвшинжаргалын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ээлжийн амралтын мэдэгдэл /1хх-10/, нэхэмжлэгчийн 2020 оны цалингийн карт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлсэн нь хууль, журамд нийцээгүй бас нэг үндэслэл болж байна.

Түүнчлэн нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж өөр албан тушаалд шилжүүлэн томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.Э-г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/55 дугаар захирамж, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалууд нь хууль бус үндэслэлгүй, тус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн ажлаас хууль бусаар чөлөөлөгдөхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул  Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.Э-г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/55, Б/56 дугаар захирамж, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг тус тус шүүх хүчингүй болгосон нь буруу биш.

Мөн хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/1114 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч Б.Э-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Эг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамж, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оын 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалууд нь хуульд нийцээгүй байх тул Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр гуравдагч этгээд Б.Г-ыг томилсон Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Харин шүүх ажилгүй байсан 38 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,994,324 (хоёр сая есөн зуун ерөн дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнтуяад олгож  шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан Цалин олгох хүснэгт /1хх-111/-ээс үзэхэд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Э-ийн гарт олгох цалингийн хэмжээг 1,579,100.65 гэж тооцоолсон байх бөгөөд Орлогын дэлгэрэнгүй /1хх-114/, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт /1хх-75/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Эгаас 1,967,527.49  төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дансанд цалингийн буцаалт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

Хариуцагч “... ээлжийн амралттай байх хугацаандаа амралтын мөнгөө тооцуулан авсан байдаг тул энэ хугацаанд цалин тооцож, давхардуулан олгохгүй бөгөөд ээлжийн амралттай байсан гэдгийг дан ганц Эрүүл мэндийн газрын цалингийн картад үндэслэн шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй ... цагийн бүртгэлийг үндэслэн 11 дүгээр сард ажилласан 3 хоног 12 сард ажилласан хугацааг бүтнээр нь буюу 21 хоногоор тооцон 1.982.527 төгрөгийн цалин олгосон байхад шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг ажилд шилжүүлэн томилсон Б/55 дугаар захирамж гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байснаар тооцон дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь цалин давхардуулан олгох нөхцөлийг үүсгэж байна ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргсан байх бөгөөд нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... би буцаагаад хийсэн гэтэл над руу дахиж шилжүүлсэн. Би буцааж хийе гэхээр гүйлгээ хүлээгдээд байгаа, нийгмийн даатгал, татварыг чинь төлчихсөн учраас өртэй гарч ирээд байна гэсэн. Өчигдөр нягтлан бодогч над руу залгаж одоо мөнгөө буцааж хийж болно гэсэн ...” гэж тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгөн дүнг хасч тооцох эсэхийг нягтлан шалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам“-д заасны дагуу зохих ёсоор тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож, олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, мөн аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ