Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холобгдох

Нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүү 6 540 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Ц.Тэгшжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 03 сард олон хүүхэдтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Улсад нийтдээ 28 жил ажилласан. Үүний 11 жил 5 сарыг нь сум, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр ажилласан тул эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь заалтын дагуу сум өрхийн эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлэгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг бодож олгохыг 28 сараар бодож 8 сараар дутуу олгогдсон байна. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-нд 6 668 868 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-нд 7 780 342 төгрөг, нийт 14 449 210 төгрөг авсан. Нийслэлийн эрүүл мэндийн газарт сум өрхийн эмнэлэгт ажилласан жилийг тооцоогүй тухай өргөдөл өгч хариуг нь авахад надад олгосон тэтгэмжийн жагасаалт хуулбараар өгсөнтэй танилцахад надад 16 296 100 төгрөг бодсоноос 1 876 790 төгрөг дутуу олгогдсон байна. Монгол улсын Эрүүл мэнд, спортын яамны салбарын санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын газрын өгсөн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4 1/140 албан тоотын дагуу дутуу бодогдсон 8 сарын мөнгө 4 664 000 төгрөг, дутуу олгогдсон тэтгэмжийн мөнгө болох 1 876 790 төгрөг нийт 6 540 790 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн тухай хуульд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаагаар буюу нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосны дагуу 26 жилээр тооцож олгосон. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2015 оны төсвийн төсөлд их эмч Ц.Тэгшжаргалын ажилласан жил, тэтгэвэрт гарах огноог ирүүлсний дагуу 28 жилээр тооцоход 16 296 100.00 төгрөг батлагдсан боловч материалыг шалгахад төрийн өмчийн эрүүл мэндийн салбарт ажилласан хугацаа нь 26 жил байсан тул тэтгэвэрт гарсан огнооноос өмнөх 36 сарын үндсэн цалингийн дунджийг Засгийн газрын 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудаар батлагдсан албан тушаалын үндсэн цалингаар тооцож 26 /жил/ х555.739/ албан тушаалын сүүлийн 36 сарын дундаж цалин/ 14 449 210 төгрөг олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох 6 540 790 төгрөг гаргуулах тухай Ц.Тэгшжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: “...Миний бие нийгмийн даатгалын дэвтрийг сар сараар тоолж үзэхэд 27 жил 2 сар ажилласан байдаг. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас надад 26 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжжний тэтгэмж олгож, илэрхий дутуу олгосон байхад шүүх анхаараагүйд гомдолтой байна. Миний бие тэтгэвэрт гарах хүсэлтээ 2014 оны 06 сард гаргаж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан судалгаанд хамрагдсан. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт төсвийг нэг жилээр баталж тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хувиарлан хэрэгжилтийг зохион байгуулна. Мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар дараа оны төсвийг тухайн жилдээ багтааж мэдүүлэхээр зохицуулсныг тус тус үндэслэн надад олгогдох 36 сарын тэтгэмжийн мөнгө 2015 оны төсөвт суусан байсан. Үүнээс хойш Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад өөрчлөлт ордог бөгөөд миний 2014 оны 06 дугаар сард өгсөн хүсэлт, уг хүсэлтийн дагуу 2015 оны төсөвт суусан байсан тэтгэмжийг хуучин хуулийн заалтаар авах ёстой байсан гэж үзэж байна. Миний бие 2015 оны 03 сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт орсон. Уг өөрчлөлт ороход Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Засгийн газрын тогтоол гаргаж зохицуулахаар заасан. Энэ дагуу Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолын дагуу надад ажилласан жилээр тооцож 26 сарын тэтгэмж олгож байгааг зөвшөөрөхгүй. Учир уг тогтоол нь намайг тэтгэвэрт гарсны дараа батлагдсан байна. Үүнийг шүүх анхаараагүйд гомдолтой байна.

Миний ажиллаж байсан албан тушаалын үндсэн цалингийн дундажийг бодохдоо цалингийн сүлжээний хамгийн доод жишгээр боддог. Гэтэл надад гар олгосон цалингийн цэсээс тооцоход үндсэн цалингийн дундаж нь Эрүүл мэнд, Спортын яамны 2015оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1а/4143 албан бичгээр бодсон үндсэн цалингийн дундаж 582 200 төгрөгтэй таарч байхад нийслэлийн эрүүл мэндийн газраас өөрсдийн дураар гаргасан үндсэн цалингийн дундажаар бодсонд гомдолтой байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар өөрсдөө Яам руу төсвөө мэдүүлэхдээ /судалгаанаас харагдана/ 582 002 төгрөгөөр тооцож бодсон мөртлөө энэ дагуу яамнаас төсөвлөсөн мөнгийг дураараа хасаж өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал нь хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зөрүүд 6 540 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтөөс өмнөх би хуулийн өөрчлөлтөөс өмнө тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул 36 сарын тэтгэмж олгох байтал 26 сарын тэтгэмж олгосон, үндсэн цалинг буруу тооцсон гэж тайлбарласныг хариуцагч хяцаан нэхэмжлэгчийг хуулийн өөрчлөлтөөс хойш тэтгэвэрт гарч, тэтгэмж авах эрх нь үүссэн, үндсэн цалинд ямар нэгэн өөрчлөлт байхгүй тул хууль, журамд заасны дагуу тэтгэмжийг олгосон гэж тус тус тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Халдвар тандалт, сэргийлэлтийн хэсгийн эмчээр ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 50 настай, 5 хүүхэдтэй шалтгаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасны дагуу тус байгууллагын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/73 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарах хүртлээ 26 жил ажилласан болох нь дээрх тушаал, өргөдөл, тэтгэврийн дэвтрийн хуулбар, Эрүүл мэнд спортын яамны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1а/4143 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2015 онд тэтгэвэрт гарч мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт, зохигчдын гаргасан тайлбар зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 4-8, 12-14, 21, 33, 45, 46, 54, 101, 146/

 

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргалд хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэг удаагийн мөнгөн тэтгэмжид 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 6 668 868 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7 780 342 төгрөг, нийт 14 449 210 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Ц.Тэгшжаргалын Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогджээ. /хх 9, 11/

 

Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт нэг удаагийн тэтгэмж олгох, хэмжээ, шалгуурыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохицуулахаар тодорхой заажээ.

 

            Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт орж, уг өдрөөс дагаж мөрдөгдөхөөр тусгасан, уг журамд өөрчлөлт орсноос хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал нь тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан байгаа нь тухайн харилцаанд үйлчлэхгүй гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх 106, 146/

 

Нэхэмжлэгч Ц.Тэгшжаргал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд өөрчлөлт орохоос өмнө хүсэлтээ гаргасан, тэтгэвэрт гарсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эрүүл мэнд, спортын яамнаас гаргаж өгсөн судалгаанд 2015 онд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрхтэй этгээдүүдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Ц.Тэгшжаргалын нэр орсон байгаа нь /хх-101/ 36 сарын тэтгэмж буюу өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтын дагуу тэтгэмжийн хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан 2015 онд тэтгэмж авах эмнэлгийн мэргэжилтний сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дундаж хэмжээг тооцсон хүснэгт, Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1а/4143 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт зэрэгт Ц.Тэгшжаргалын үндсэн цалин 582 202 төгрөг, 555 739 төгрөг, 538 091 төгрөг гэж зөрүүтэй бичигдсэн байх боловч шүүх хариуцагчийг Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх журам”-д заасан аргачлалаар /түүний сүүлийн 36 сарын цалингийн дундаж 555 739 төгрөг/ийн цалин/ тэтгэмжийг зөв тооцож олгосон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН