Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00898

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03847 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалтай,

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

Б.Э-д холбогдох,   

Зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Б.Э-д 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 45.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.Э- нь 2016 оны эхээр 27.000.000 төгрөгийг цувуулж төлсөн бөгөөд үүнээс хойш 1 жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн боловч үлдэгдэл мөнгөө авч чадахгүй. Зээлийн гэрээний 2.7-д 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон тул төлөгдөөгүй 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Учир нь Д.Ц- анх Улаанбаатар палас ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 460,6 м.кв талбайг шөнийн клубын зориулалтаар ашиглахаар тохиролцож олон жил түрээсээр ажиллуулсан. Тухайн үед Б.Э- Д.Ц-ын түрээсэлж байсан шөнийн клубт ажиллаж байсан ба Д.Ц- ажиллуулж чадахгүй байснаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Д.Ц-аас түрээсэлсэн. Д.Ц- Улаанбаатар палас ХХК-тай түрээсийн гэрээтэй гэдгээ хэлэхгүй давхар түрээслэж нэг дахин илүү түрээс авч байсан. Анх Д.Ц- уг бааранд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг өөрийнх нь гэж хэлээд бид тохиролцож нийт 45.000.000 төгрөгөөр зарахаар болсон нотариатын газарт ороод зээлийн гэрээ хийсэн. Бодит байдал дээр 45.000.000 төгрөг зээлж мөнгө хүлээж авсан өгсөн асуудал огт болоогүй. Харин Д.Ц-ад ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжөө өөрөө ав гэсний дагуу 45.000.000 төгрөгөөс хасаад 33.000.000 төгрөг болгож төлөхөөр тохиролцсон. Тоног төхөөрөмжийн төлбөр болгож Д.Ц-ад 27.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар тэдгээр тоног төхөөрөмжийг Улаанбаатар палас ХХК манайх гэдэг, иргэн н.Баярхүү миний тоног төхөөрөмж би авна гэж маргадаг. Энэ бүхний эцэст Д.Ц-ад итгэж тоног төхөөрөмжийн үнэ гэж 27.000.000 төгрөг өгснөөрөө хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/03847 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 292.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 292.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд “09 цагийн шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр ирүүлж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хавсаргасан байсан. Энэхүү Д.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 11 цаг 30 минутад товлогдсон байсан бөгөөд өмгөөлөгч миний зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан нь дууссан, шийдвэрлэгдсэн байх бүрэн боломжтой гэж үзсэн тул шүүгчид “давхцсан гэх хурал нь тарсан эсэхийг шүүхээс нь тодруулж хүсэлтийг шийдэх нь зүйтэй” гэх хүсэлт тавьсны дагуу шүүх хуралдааны явцад давхцсан гэх шүүх хуралдаан тарсан эсэхийг шүүхээс лавлахад “09 цагт хойшилчихсон” гэх хариуг өгсөн. Шүүгч энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны энэхүү процесс ямар нэг байдлаар хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж огт үзэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, хойшлуулах хүсэлт гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүх хуралдаан давхцсан гэж тайлбарласан. Гэтэл шүүх өөрөө энэ асуудлыг тодруулсны дүнд шүүх хуралдаан давхцсан гэх үндэслэл арилсан, шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байгааг тогтоосон. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан журмын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ. Энэ мэтчилэн хэргийн оролцогч, зохигчийн шүүх, шүүх хуралдаан, бусад хэргийн оролцогчдыг үл хүндэтгэсэн, болсон болоогүй хүсэлт, шалтгаар шүүх хуралдааныг хойшлуулах гэсэн явцуу үйл ажиллагааг давж заалдах шатны шүүх дэмжсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буруу жишиг, практик тогтоож, хэргийн оролцогчдын явцуу үйл ажиллагааг өөгшүүлж байгааг анхаарч үзэх нь зүйтэй.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулаагүй, зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох баримтгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2015.09.21-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, Д.Ц- 45.000.000 төгрөг зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээг нотариат гэрчилсэн байдаг. Талууд албан ёсоор өөрсдөө гарын үсгээ зурж, үүрэг, үр дагаврыг нь бүрэн ухамсарлан бичгээр хийсэн, нотариатаар гэрчлэгдсэн гэрээг нотлох баримт биш, зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй байна гэх шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна. Эрх зүйн бүрэн чадамжтай, эрх үүрэг, хариуцлага, хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлах чадвартай хүмүүсийн хооронд хийгдсэн зээлийн гэрээг шүүх анхаарч гомдлыг шийдвэрлэх учиртай байсан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлж шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Ц-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасантай нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийг хариуцагч Б.Э-д 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хариу тайлбарыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна.

Хариуцагч Б.Э- нь өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг 2017.11.23-ны өдөр С.Номиндалайд олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон хариу тайлбарыг шүүхэд гаргахдаа “нэхэмжлэлд дурдсан мөнгийг зээлж аваагүй,... түрээсийн тоног төхөөрөмжийн үнэ төлөхөөр тохиролцсон” гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргахаа илэрхийлжээ.

Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 101/ШЗ2017/20049 тоот захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр зарлаж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохигчдод хэргийн баримтыг танилцуулж, мөн өдрөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариу тайлбар өгөх сүүлчийн хугацаа 11 дүгээр сарын 28-ны өдөр бөгөөд шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 29-ны өдөр зарласан байна. Өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь байдлаар зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг заахдаа “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно” гэжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжид  “шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн” гэх үндэслэлийг заасан байх ба энэ нөхцөл бүрдээгүй байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгснөөс хойш хариуцагч  нэхэмжлэлийг зөвшөөрөх эсхүл татгалзах тухай хариу тайлбар гаргаагүй, тайлбар гаргах хугацаа болоогүй буюу зохигч мэтгэлцэж эхлээгүй байхад шүүх дээрх үндэслэлийг зааж, хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан товлосон нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн баримттай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоолгохоор нотлох баримт бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, зохигч эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасныг шүүх анхаараагүй, зохигч хэн аль нь эсрэг талынхаа тайлбар, татгалзалд хариу өгөх, нотлох баримт гаргах, нотлох баримт бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах боломжийг  шүүх олгоогүй, зохигчийн эрхийг хязгаарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэхдээ шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, боломжит хугацаанд хүргүүлнэ.  

Шүүх хуралдааны товыг хуралдаанаас нэг өдрийн өмнө мэдэгдсэн нь болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тайлбар өгөх хугацаа болоогүй, өөр хурал давхацсан” буюу мэтгэлцэх боломжоор хангах, хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй гэх агуулгатай хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, хэргийг хэлэлцсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэв.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэх боломжгүй байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 292.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ