Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 159/2020/0029/З |
Дугаар | 221/МА2021/0091 |
Огноо | 2021-02-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0091
Д.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ц-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн Г.А давж заалдах гомдолдоо: Гомдол гаргагч Д.Ц-т оногдуулсан шийтгэлийн хуудас нь зөрчил гаргасан иргэнийг бус зөрчил гаргаагүй иргэнийг эрх зүйн үндэслэлгүйгээр хохироож гарсан хууль бус акт гэж үзэж байна.
Учир нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх заалт буюу тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол гэсэн үндэслэлээр торгууль ногдуусан.
Гэтэл энэ зөрчлийн субьект нь гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн, эсхүл нэвтрэхийг завдсан хүн эсвэл хуулийн этгээд байх ёстой. Зөрчил гаргагч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт боомтоор 270 ширхэг согтууруулах ундааны зүйлийг авч гарсан үйлдэл байхгүй. Үүнийг энэ хэргийг шалгасан эрх бүхий албан тушаалтнууд баримтаар тогтоож чадаагүй.
2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.Ц-т архи худалдсан дэлгүүрийн худалдагч нь тухайн архийг өөрийн эзэмшлийн машинаараа зөөвөрлөн гаалийн хилээр шалгахгүйгээр нэвтрэн 100 гаруй архийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очиж худалдаж авсан үйлчлүүлэгчдээ өгсөн. Д.Ц-ын хувьд тухайн өдөр 2 иргэний хамт тухайн барааг үйлчлүүлэгчийн хувиар худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийгээд авсан боловч худалдагч нарт Д.Ц нь барааг хил гаргаад өгөөч гэж гуйсан, ярьсан, хэлсэн гэсэн нэг ч мэдүүлэг болон нотлох баримт байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндсэн хэсэгт Д.Ц нь тарифын бус хягаарлалттай бараа болох согтууруулах ундааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэлгүй, 24 цагт 2 литр согтууруулах ундааг авах хязгаарлалтыг хэтрүүлэн их хэмжээгээр нэг дор худалдан авсан нь хуулийг зөрчсөн тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэсэн байна. Гэтэл шийтгэлийн хуудасны үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь 2 өөр байж болохгүй.
Учир нь Д.Ц-т авсан арга хэмжээ нь хязгаарласан барааг хэтрүүлэн авсан үндэслэлээр бус хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлээр авагдсан байхад шүүгч гомдлын шаардлагаас хальж өөр үйлдлийг хамааруулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх заалт буюу тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 арга нь мөн Д.Ц-ын үйлдэлд хамаарахгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, гаалийн шалтгалтаас нуун далдалсан гэсэн аргаар гаалийн хилээр гаргасан гэж үзсэн байна. Гэтэл гомдол гаргагчийн хувьд гаалийн мэдүүлэгт 100 гаруй согтууруулах ундааны зүйлийн барааг гаалийн хилээр авч гаргаагүй учраас бичих боломжгүй. Тэр бүү хэл зөрчил гаргагч нь хэдэн сарын хэдний өдөр хэдэн цагт ямар тээврийн хэрэгслээр гаргасан гэдгийг нь гаалийн байгууллага өөрөө ч тогтоож чадаагүй. Харин эсрэгээрээ хэрэгт авагдсан материал болох Гаалийн байгууллагын бүртгэлийн кайс программд Д.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 ч удаа гарсан, орсон бүртгэлгүй байна гэснээс үзэхэд Гаалийн байгууллагын холбогдох хяналт шалгалтын ажилтнуудын хайхрамжгүй байдал, эсхүл ажил үүргээ зохих ёсны дагуу хийгээгүйгээс болж нэг иргэн хэлмэгдэж хохирсон байна.
Гаалийн байцаагч Ц.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотолж гомдол гаргагчийн хилээр гарч, орж байгаа бичлэгийг хавсаргахын оронд зохиолын дууны клиптэй бичлэгийг өгсөн нь шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах шатанд судлагдаж нотлох баримтын шаардлагыг хангааүй байхад энэ асуудлыг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
Гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаартай шийтгэлийн хуудас нь зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хилээр гарсан гэх зөрчлийг шалгасан үйлдэл болохоос бус бусад үйлдлийг огт дурьдаж шалгаж хэрэгт хавсаргаагүй нь хууль бусаар гаалийн байцаагч өөрөө иргэний эд зүйлд халдсан үйлдлийг гаргасан байна.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримт болох худалдагч нарын мэдүүлэг, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг зэргээр 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 100 гаруй архийг худалдан авсан ба тэдгээрийг худалдагч нар нь хилээр авч гарснаа хүлээсэн байдаг. Гэтэл гомдол гаргагч Д.Ц-ын 270 шил согтууруулах ундааны зүйлийг нь хураасан нь ойлгомжгүй байна.
Д.Ц-ын хувьд 170 гаруй согтууралах ундааны зүйлийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс өмнө 2 сар гаруйн хугацаанд хилийн бүсийн гадна амьдарч байгаа Алтанбулаг сумын иргэдээс хуулинд заасан хэмжээгээр хүнээр дамжуулан Хилийн гаднаас худалдаж авсан байхад дээрхи зөрчилтэй хамааруулж хураасан үйлдэл нь Гаалийн байцаагч нь шалгаагүй, тогтоогоогүй өмнө худалдаж аваад хадгалсан зүйлийг нь тодруулахгүйгээр шийдвэрлэсэнд миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа болно.
Хэрвээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн үйдлээс бусад өдөрт Д.Ц-ын худалдаж авсан согтууруулах ундааны зүйлийг хэмжээ хэтрүүлж авсан гэх юм бол мөн тусдаа хянан шалгалтын ажиллагаа явагдаж бусад архинд хамааралтай гэрч нарыг асууж мөн нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах шаардлагатай байсан гэж гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Д.Ц-ыг “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчилд 100,000 төгрөгөөр торгож, зөрчилд холбогдох эд зүйлийг хурааж” шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч Д.Ц-ын Алтанбулаг чөлөөт бүсээс худалдаж авсан гэх согтууруулах ундаа нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан тоон хязгаарлалт тогтоосон тарифын бус хязгаарлалттай бараа байх бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/233 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1, 2.4-т тус тус зааснаар зорчигч нь 24 цагийн дотор, 2 литрээс илүүгүй архи, дарсыг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцжээ.
Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзвэл, нэхэмжлэгч Д.Ц 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэр бүхий дэлгүүрийн худалдагч нараас 110 шил архи худалдан авсан боловч хариуцагчаас нийт 270 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж авсан нь тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчиж, 110 ширхэг бусад архийг ямар зөрчилтэй холбогдуулан хураасан нь тодорхойгүй байна.
Учир нь маргаан бүхий актаар зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн согтууруулах ундааны зүйл хилээр гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон атлаа Д.Ц-ын өмнө нь худалдан авсан гэх асуудалтай нь холбогдуулсан, өөрөөр хэлбэл уг зөрчилтэй холбогдуулан ямар нэг нотлох ажиллагаа хийгээгүй байж, сүүлд тогтоогдсон зөрчилтэй хамааруулан нийт 270 шил согтууруулах ундааны зүйлийг хураан авсан нь үндэслэлгүй.
Иймээс гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан “...гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаартай шийтгэлийн хуудас нь зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн согтууруулах ундааны зүйл хилээр гаргасан гэх зөрчлийг шалгасан үйлдэл болохоос бус бусад үйлдлийг огт шалгаж тогтоогоогүй, хэрэгт хавсаргаагүй нь гаалийн байцаагч хууль бусаар иргэний эд хөрөнгөд халдсан үйлдлийг гаргасан” гэх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан гэрч нарын болон нэхэмжлэгч Д.Ц-ын мэдүүлгээс үзвэл зөрчил гаргагч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Солонго инвест” дэлгүүрийн худалдагчаас 24 ширхэг, “SI mart” дэлгүүрээс 24 ширхэг, “SRI” дэлгүүрийн худалдагчаас 12 ширхэг, “Ерөө шоп” дэлгүүрийн худалдагчаас 18 ширхэг, “VIP” дэлгүүрийн худалдагчаас 18 ширхэг, “Алтай шоп” дэлгүүрийн худалдагчаас 14 ширхэг согтууруулах ундааны зүйл тус тус худалдан авсан үйл баримт тогтоогдсон, энэ зөрчил нь Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж заасныг зөрчсөн байх тул зөрчилд холбогдох дээрх 110 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаалийн хилээр согтууруулах ундаа гаргадаг гэх иргэдэд согтууруулах ундаа тус бүрд 2000 төгрөг нэмж өгч гаргуулж цуглуулсан гэх архины тухайд уг согтууруулах ундааны зүйлийг хилээр зохион байгуулалттайгаар, хууль бусаар нэвтрүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Д.Ц-т буцаан олгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11, 15, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дүгээр шийтгэлийн хуудасны “зөрчилд холбогдсон эд зүйлийг хурааж” гэснийг “зөрчилд холбогдсон 110 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж” гэж өөрчилж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А-н гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН