Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Баттулгын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батхуягт холбогдох

Дуудлага худалдаанаас автомашинуудыг худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, уг автомашинуудыг авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан хөрөнгө болох 7 550 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэрэнжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одонжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Баттулга 2014 оны 6 сарын 6-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд хариуцагч Д.Батхуягтай хамтран оролцсон. Ийнхүү дээрх нийслэлийн иргэдийн танхимд болсон дуудлага худалдаанаас бид хоёр нийт 4 627 200 төгрөгөөр улсын дугаар 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Автомашинуудыг худалдаж авахад нэхэмжлэгч миний бие 2 627 200 төгрөг, хариуцагч Д.Батхуяг 2 000 000 төгрөгийг тус тус гаргасан ба уг машинуудыг хамтран засварлаж худалдан борлуулж ашиг шимийг хуваахаар аман хэлцэл байгуулсан. Мөн 2014 оны 06 сарын 20 ны өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд миний бие оролцож 4 150 000 төгрөгөөр Ланд круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Гэтэл Ц.Баттулга намайг гэртээ байхгүй үед гэрт ирж Ланд Круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг маань ачиж явсан нь миний хууль ёсны өмчид халдсан хууль бус үйлдэл болсон. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн өмчлөлд байгаа 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 Тоёота Ипсум, 06-51 УБЦ Мазда демо маркийн автомашинуудыг дундаа хамтран өмчлүүлэх шийдвэр гаргах, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчийг хууль бусаар авсан Д.Батхуягаас 05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер-78 автомашиныг албадан гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү. Би тахир дутуугийн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд нэг сард 172 200 төгрөг авч, энэ мөнгөөр эхнэр хоёр хүүхдээ тэжээдэг. Тиймээс миний энэ амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. Би тахир дутуугийн тэтгэвэр авдаг дэвтэрийн хуулбарыг болон өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримт болгон өгч байна” гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Баттулга миний бие Д.Батхуягтай хамтран 2009 оноос эхлэн дуудлага худалдаанаас машин худалдан авч борлуулан ашгийг нь хувааж авч хамтран ажилладаг байсан. Бидний дуудлага худалдаанаас худалдан авсан машинууд голдуу засвартай машинууд байдаг байсан бөгөөд засварын ажлыг Ц.Баттулга миний бие хийж гүйцэтгэдэг байсан болно. Улмаар миний бие Д.Батхуягтай дахин хамтран 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд Д.Батхуягтай хамтран оролцож дуудлага худалдаанаас бид 4 627 200 төгрөгөөр 27-72 УБГ улсын дугаартай Бенц 400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Эдгээр машинуудыг худалдан авахад Д.Батхуяг нь 2 000 000 төгргийг гаргаж, миний бие үлдэгдэл 2 627 200 төгрөг, машины сэлбэгийн 165 000 төгрөг, нийт 2 932 200 төгргийг гаргаж бид хамтран худалдан авсан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд Круйзер 78 маркийн машиныг 4 200 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд бүх төлбөрийг Ц.Баттулга миний бие гаргасан болно. Учир нь уг машиныг миний бие өөрөө унах зорилгоор авах хүсэлтэй байгаагаа Д.Батхуягт хэлж, Д.Батхуяг нь дуудлага худалдаанд үнэ хаялцаж миний бие ард нь сууж байсан юм. Гэтэл Д.Батхуяг нь Бенц 400, Мазда демо машинуудыг зарах болоогүй, Тоёота Ипсум машиныг өөрөө унана, эсвэл хамаатандаа зарна гэх зэргээр олон шалтаг хэлэн машинуудыг өөр газар аваачиж тавьсан. Маргааш нь намайг эзгүй байх хойгуур машиныг ачаад явсан байсан. Түүнээс хойш гэртээ байхгүй, уулзах гэхээр зугтаад утсаа авахгүй дээрх машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан миний мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн надад хохирол учруулж байна. Ц.Баттулга миний бие Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас авахад гаргасан 4 200 000 төгрөгийг өөрийн танил Д.Батамсүрэнгээс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлж чадалгүй хүүг нь төлсөөр байгаа. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 сарын хүүнд 3 150 000 төлсөн. Д.Батхуяг нь хамтран худалдан авсан машинууд болоод миний мөнгөөр авсан Ланд Круйзер 78 маркийн машинуудыг хууран мэхлэн авч иргэн намайг илтэд хохироож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1. 27-72 УБГ улсын дугаартай Бенц 400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашинуудыг Ц.Баттулга, Д.Батхуяг нарын дундын өмчлөл болохыг тогтоолгох, 2. Д.Батхуягаас УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас гаргасан 4 200 000 төгрөг болон зээлийн хүүнд төлсөн 3 150 000 төгрөг буюу нийт 7 350 000 төгрөгийг гаргуулах” гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие Д.Батхуягтай дахин хамтран 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд Д.Батхуягтай хамтран оролцож дуудлага худалдаанаас бид 4 627 200 төгрөгөөр 27-72 УБГ улсын дугаартай Бенц 400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Эдгээр машинуудыг худалдан авахад Д.Батхуяг нь 2 000 000 төгрөгийг гаргаж, миний бие үлдэгдэл 2 627 200 төгрөг, машины сэлбэгийн 165 000 төгрөг, нийт 2 932 200 төгрөгийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанаас 27-72 УБГ улсын дугаартай Бенц 400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн нийт 3 машиныг худалдан авсан 4 627 200 төгрөгөөс 57 хувь буюу 2 627 200 төгрөгийг Ц.Баттулга миний бие гаргасан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд круйзер 78 маркийн машиныг 4 200 000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг миний бие өөрөө унах зорилгоор үнэ хаялцаж авсан бөгөөд Д.Батхуяг нь үнэ хаялцаж, би ард нь сууж байсан бөгөөд бүх төлбөрийг 100 хувь Ц.Баттулга миний бие гаргасан. Гэтэл Д.Батхуяг нь Бенц 400, Мазда демо машинуудыг зарах болоогүй, Тоёота Ипсум машиныг өөрөө унана, эсвэл хамаатандаа зарна гэх зэргээр олон шалтаг хэлэн машинуудыг өөр газар аваачиж тавьсан. Ланд круйзер 78 машиныг худалдан авсаны маргааш Манай нутгийн ах авсан төлбөр дээр нь 1 сая төгрөг нэмж өгөөд авъя гэж байна, Ландаа зарчих гэхээр нь өөрөө засаж унах гэж байгаагаа хэлтэл уурлаад гараад явсан. Маргааш нь намайг эзгүй байх хойгуур машиныг ачаад явсан байсан. Түүнээс хойш гэртээ байхгүй, уулзах гэхээр зугтаад утсаа авахгүй, дээрх машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан миний мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн надад хохирол учруулж байна. Одоо эцэст нь огт танихгүй, өөрөө бүх мөнгийг гарган дээрх автомашинуудыг дуудлага худалдаанаас авсан гэж иргэн намайг луйварчин мэтээр тайлбар хийж байгаад нь гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага: 1. 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, 2. Д.Батхуягаас 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас оруулсан 7 550 000 төгрөгийг гаргуулах” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Баттулга, Д.Батхуяг нар нь хамтраад дуудлага худалдаанаас автомашин аваад ашгийг нь хуваадаг байсан. 2009 оноос хойш хамт ажиллахгүй байж байгаад 2014 оны 05 дугаар сард хариуцагч нь нэхэмжлэгчид ахин дуудлага худалдаанд оролцоод автомашин авч засаж сайжруулаад худалдан борлуулаад, ашигаа хувааж авах санал тавьсаны улмаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож 4,627,000 төгрөгөөр 27-72 УБГ улсын дугаартай Бенз 400 маркийн автомашин, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн автомашин, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдаж авсан байдаг. 4 627 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг хариуцагч гаргаад үлдсэн мөнгийг нэхэмжлэгч гаргасан байдаг. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд 200 маркийн автомашиныг 4 200 000 төгрөгөөр авсан байдаг. 4 200 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө 100 хувь гаргасан байдаг. Д.Батхуяг нь автомашинуудыг зарах болоогүй, хамаатны хүндээ зарах гэж байгаа гэх зэрэг шалтгаан тоочоод автомашинуудыг зараагүй байдаг. Эхэндээ холбогдоод явж байсан боловч сүүлдээ холбогдохгүй алга болсон байдаг. Ерөнхийдөө 4 627 000 төгрөгийн 57 хувийг нэхэмжлэгч гаргасан байдаг. Ланд маркийн автомашины төлбөр болох 4 200 000 төгрөгийг 100 хувь оруулсан байдаг тул гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бодохдоо сүүлд авто худалдааны газраас лавлагаагаар тодорхойлсон. Мазда демо маркийн автомашиныг худалдаж авахдаа 1 000 000 төгрөгөөр авсан байдаг. Уг 3 автомашиныг худалдаж авахад мөнгөний 57 хувийг оруулсан гэдэг утгаараа худалдан борлуулсан ашгийн 57 хувийг эзэмших эрхтэй гэдэг агуулгаар гаргасан. Бенз маркийн автомашин 1 497 500 төгрөг, Тоёота Ипсум 513 000 төгрөг, Мазда демо 1 339 500 төгрөг, Ланд 4 200 000 төгрөг нийтдээ 7 550 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

            Хариуцагч Д.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батхуяг би 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж, зохиомол байдлыг бий болгон, гүтгэж бичсэн байгааг хэлмээр байна. Нэхэмжлэл гаргасных нь дараа би яагаад ийнхүү гүтгэх болсныг тодруулахаар уулзах гэтэл надаас зугтааж, уулзахгүй байгаа нь нэг учиртай гэж би бодож байна. Д.Батхуяг минийбие төрийн өмчит байгууллагуудаас зохион байгуулдаг актлагдсан авто машинуудыг худалдаалах дуудлага худалдаанд зарын дагуу оролцож, актлагдсан авто машинуудыг худалдан авч, засварлан борлуулах ажлыг хийж ирсэн. Харин Ц.Баттулга ийм ажил хийж байсан эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан машинуудыг би өөрөө худалдаж авсан. Энэ нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдно. Тухайлбал: Нийслэлийн өмчийн харилцааны газар болсон дуудлага худалдаанд оролцож 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн 3 авто машиныг худалдан авсан. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Ланд Круйзер 78 маркийн, 05-01 УБЦ улсын дугаартай, засвартай авто машиныг борлуулах худалдаанд нийт 7 хүн оролцсоноос Д.Батхуяг миний бие нь 4 200 000 төгрөгөөр энэхүү авто машиныг хууль журмын дагуу худалдан авсан болно. Гэтэл иргэн Д.Батхуяг миний хууль ёсны өмчид Ц.Баттулга нь хууль бусаар халдахыг санаархаж, үндэслэлгүй нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Д.Батхуяг нь нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батхуяг миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож хууль журмын дагуу 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо, 27-72 УБГ улсын дугаартай Бенц-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота Ипсум автомашинуудыг ялагчаар тодрон, өөрийн хөрөнгөөр бие даан худалдаж авсан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож 05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн засвартай авто машиныг борлуулах худалдаанд нийт долоон хүн оролцсоноос Д.Батхуяг миний бие нь 4 200 000 төгрөгөөр энэхүү авто машиныг хууль журмын дагуу худалдан авсан болно. Иймд Д.Батхуяг миний бие нь Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 хэсэгт заасны дагуу дээрх автомашинуудын хууль ёсны өмчлөгч мөн болно. Иргэн Д.Батхуяг миний бие нь тус автомашинуудыг зохих журмын дагуу худалдан аваад засварлаж худалдан борлуулаад үр шимийг хүртэх зорилгоор нээлттэй дуудлага худалдаанд орж худалдан авсан. Гэтэл иргэн Д.Батхуяг миний хууль ёсны өмчид Ц.Баттулга нь хууль бусаар халдахыг санаархаж, зүй бус шаардлагуудыг нэхэмжлэл гарган удаа дараа шаардаж, удаан хугацааны туршид дээрх автомашинуудын хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгө болон тэдгээрээс үр шим хүртэж амьдрал ахуйгаа авч явахад минь саад тотгор учруулан иргэн намайг цаг хугацаа, сэтгэл санаа, үр шим, ашиг орлого олж гэр бүлээ тэжээх гэсэн хичээл зүтгэлээр эрхэлж байсан бизнесийг минь тасалдуулж, өөрийнхөө зохиосон ор үндэслэлгүй худал нэхэмжлэл болон худал гэрчүүдээр иргэн намайг илтэд гүтгэн шүүх байгууллагыг хууран мэхлэхийг оролдож байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу эдгээр автомашинуудын хууль ёсны шударга эзэмшигч иргэн Д.Батхуяг миний өмчийг хамгаалж тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагаа гурав дахь удаагаа өөрчилжээ. Ц.Баттулга нь дуудлага худалдаанд өрсөлдөгчөөр орсон боломжийг овжин ашиглаж өөрийгөө хөрөнгө оруулагч мэтээр илт гуйвуулсан мэдэгдлийг өнөөдрийг хүртэл гаргасаар ирсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дуудлага худалдаанд хөрөнгө оруулагч хэлбэрээр оролцсон гэж тогтоолгохыг хүсээд нийт 4 автомашин худалдан авахад зориулсан гэх 7 550 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ц.Баттулга нь дуудлага худалдаанд оролцсон, мөнгө төлбөр гаргасан гэх боловч нотлох баримтаа шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа огт гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан заалтыг зөрчсөн. Түүнчлэн энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ уялдахгүй, тодорхой биш бөгөөд түүнийг нотлох баримтын жагсаалтыг хавсралтаар хүргүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх боловч ямар үндэслэлээр 7 550 000 төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Одонжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний нөхөр Д.Батхуяг нь 2014 оны 06 дугаар сарын 13, 23-ны өдрүүдэд болсон дуудлага худалдаанд оролцоод ялагч болж авсан 4 автомшины талаар нэхэмжлэл гаргасан байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орж, Ц.Баттулга мөн нэг оролцогчоор орсон. Ялагчаар миний нөхөр тодроод авсан байдаг. Улаан загалмайн нийгэмлэг дээр Ланд круйзер маркийн автомашиныг миний нөхөр ялагч болоод хуулийн дагуу авсан 4 автомашин байгаа. Уг автомашинуудыг авч байгаа процессд хамтарсан гэж яриад байгаа боловч өөрөө өрсөлдөгчөөр ороод авч чадаагүй Үнэндээ хамтарсан гэх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан мөнгийг нотлох баримт байхгүй байна. Хамтрагчаар орох байсан бол яагаад тусдаа дэнчингээ төлөөд орсон юм бэ?, хамтрагчид байсан юм бол нэгнийгээ оруулах шаардлагатай байсан байх. Дэнчингээ төлөөд орсон. Дуудлага худалдаанд ялсан ялагч нь дэнчин дээрээ үлдэгдэл мөнгөө нэмж төлөөд автомашинаа авдаг. Дуудлага худалдааны дараа 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхээс нэхэмжлэл ирсэн. Ц.Баттулга өрсөлдөгчөөр орчихоод өөрөө ялагч болж чадаагүй байж 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл гомдол гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад автомашинуудыг битүүмжлүүлчихсэн. Ланд, Демио маркийн автомашинуудыг зарчихсан байгаа. Ипсум, Бенз маркийн хоёр автомашинуудыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн. Ажил албаа алдаад явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хамтарсан зүйл байхгүй. Ц.Баттулга нь манай хамар хашаанд амьдардаг, мэнд устай явдаг байсан. Бид нарт мөнгө хэрэгтэй байхад эхнэрийнхээ данснаас 1 350 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлчихээд, түүнийгээ автомашинд хөрөнгө оруулсан гэж нэхэмжилж байх шиг байна. 4 300 000 төгрөгийг гэрт нь бэлнээр оруулж өгснийг ярих боломжгүй байна. 1 350 000 төгрөгийг зээлснээс болж энэ хүний өгөөшинд орчихоод байх шиг байна. Солонгосоос охиноос мөнгө ирэхээр өгчихнө гэхлээр өгсөн байдаг. Нотлох баримтгүй тул энэ мөнгөө ч нэхэмжлэх боломжгүй байна” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Баттулгыг 27-72 УБГ улсын дугаартай Мерседес Бенц-400, УБЯ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, 27-72 УБГ улсын дугаартай Мерседес Бенц-400, УБЯ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо,  05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер-78 маркийн маркийн автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч Ц.Баттулгаас оруулсан 6 850 000 /зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 /долоон зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгаас 135 750 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, Д.Батхуягаас 124 550 төгрөг Ц.Баттулгад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах гомдолдоо: “...МУЗН-ийн дуудлага худалдаанд оролцоод Батхуяг Ланд круйзер маркийн автомашиныг өөрөө ялагчаар тодрон худалдан авсан баримт хэрэгт авагдсан бөгөөд холбогдох баримтыг гаргаж өгсөн байхад Баттулга гэдэг хүн хөрөнгө оруулж Батхуягаар дамжуулан худалдан авсан хэмээн эхнэрийнх нь дансны хуулгаар үндэслэн шийдвэрлэсэн ба дэнчингээ тус тусдаа төлөөд дуудлага худалдаанд оролцсон нь хамтран оролцохгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзсэн. 2014 оны 06 сарын 20-ны өдрийн дуудлага худалдаагаар 6 автомашин дуудаж зарсан ба Баттулга Тоёото автомашиныг 2 600 000 төгрөгөөр, пад тракторыг 130 000 төгрөгөөр, Батхуяг Ланд круйзер автомашиныг 4 200 000 төгрөгөөр, эцсийн үнийг дуудаж худалдан авсан. Энэ Ланд круйзерын дуудлагад Баттулга оролцож үнэ өгсөн боловч эцсийн үнэ өгч чадаагүй. Гэтэл шүүх нэг өдөр болсон энэхүү дуудлага худалдаанд Баттулга өөр автомашин авсаныг эс тоон түүний эхнэрийн дансанд тухайн дуудлага худалдааны өмнө мөнгө орсон гарсан байх гүйлгээний хуулгаар Батхуягийн авсан  Ланд круйзер автомашиныг хамтарч авахаар хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд үнэнд нийцэхгүй юм. Баттулга дуудлага худалдаанд орохоор мөнгө зээлж авсан байж болох ч энэ Батхуягтай хамтарч дуудлага худалдаанд орохоор хөрөнгө оруулсан болохыг нотлохгүй. Учир нь Баттулга тухайн өдөр өөр автомашинууд мөн худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 сарын 06-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанаас Батхуяг нь:

- Мерседес бенз маркийн автомашин худалдан авахад 2014 оны 06 сарын 05-ны өдөр дэнчин 758 160 төгрөг, 06 сарын 13-ны өдөр үлдэгдэл төлбөр 1 869 040 төгрөгийг төлсөн,

- Тоёото  Ипсум маркын автомашиныг худалдан авахад 2014 оны 06 сарын 05-ны өдөр дэнчин 240 000 төгрөг, 06 сарын 10-ны өдөр үлдэгдэл 630 000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр 30 000 төгрөг тус тус төлсөн,

- Мазда демо маркын автомашиыг худалдан авахад 2014 оны 06 сарын 05-ны өдөр дэнчин 300 000 төгрөг, 06 сарын 10-ны өдөр үлдэгдэл 800 000 төгрөгийг тус тус төлж худалдан авсан.

2014 оны 06 сарын 13-ны өдөр Баттулга нь эхнэр Энхсайханы Хаан банкны данснаас найзаасаа зээлсэн гэх 1 850 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авсан байдаг ба 900 000 төгрөг болон 450 000 төгрөгийг Батхуягийн дансанд шилжүүлсэн байна. Гэтэл шүүгч эдгээр мөнгийг бүгдийг хөрөнгө оруулалт хэлбэрээр Батхуягт өгсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Баттулга, Батхуяг нар нь хөршүүд бөгөөд хооронд мөнгө төгрөг зээл, өгч авалцах, бие биедээ харилцан туслалцах асуудал байдаг байсан боловч 2014 оны 06 сарын 13-ны өдөр эдгээр мөнгийг дуудлага худалдаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн гэдгийг дансанд байгаа нийт орлогын хэмжээгээр тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Баттулга нь НӨХГ-ын дуудлага худалдаанд мөн оролцсон байдаг ба 3 ширхэг автомашиыг худалдан авахад дэнчингийн 1 298 160 төгрөгийг мөн төлсөн байдаг. Гэтэл Баттулгад байсан бүх мөнгийг Батхуягт хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн хэрэгт СД-нд бичигдсэн гэх утасны яриа нотлох баримтаар авагдсан, сонсох боломжгүйн улмаас сонсоогүй бөгөөд мэтгэлцэх боломжоор хангаагүй. Хэдий тийм ч нэхэмжлэгч тал өмнөх шүүх хурлын тэмдэглэлийг нотлох баримтыг шинжлэн судлах явцад уншуулсан. Энэхүү бичлэг нь утасны яриаг буулгасан гэх боловч хэдний өдөр яг ямар зээлийн асуудлыг хөндөж ярьсан тухай тодорхой мэдэгдэхгүй бөгөөд талуудын хооронд мөнгө төгрөгийн өгөө аваа олон байсан асуудлыг шүүгч авч хэлэлцэлгүй бичлэгт яригдсан зүйлсээс хөрөнгө оруулалт хийсэн хэмээн дүгнэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эхнэрийн депозит дансны хуулга авсан бөгөөд 2014 оны 06 сарын 13-ны өдлийн орлого зарлагын гүйлгээг автомашинуудын төлбөрийн дүнтэй тохирч байх бөгөөд нэхэмжлэгчийн эхнэрийн данснаас авсан мөнгөөр төлбөрийг хийсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ дүн нь тухайн өдөр орсон дуудлага худалдаанд төлөгдсөн төлбөрийн дүнтэй таарахгүй буюу 2014 оны 06 сарын 13-ны өдөр Батхуягийн данс руу 1 350 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Эхний 500 000 төгрөгийг өөрөө бэлнээр авсан байдаг.

Мөн 2014 оны 06 сарын 24-ний нийт 4 500 000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн боловч ланд круйзер автомашины төлбөрт 4 150 000 төгрөг төлсөн байдаг.  Нэхэмжлэгчийн дансанд эдгээр мөнгө байсан боловч эдгээр нь бүгд хөрөнгө оруулалт хэлбэрээр автомашинуудыг авахад зориулагдсан эсэхийг тогтоох нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхийн шийдвэрлэсэн дүн тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгч машин тус бүрээр гаргаж өгсөн баримтын хүрээнд ялгаж салгаж шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн дансны хуулга болон утасны СД дээр бичигдсэн бичлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

             Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Баттулга нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан 27-72 УБГ улсын дугаартай Мерседес бенз-400, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота ипсум, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашинуудыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер 78 маркийн автомашиныг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгө болох 7 550 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож Д.Батхуяг нь ялагч болж 27-72 УБГ улсын дугаартай Мерседес бенз-400 маркийн автомашиныг 2 627 200 төгрөгөөр, 01-17 УБЦ улсын дугаартай Тоёота ипсум маркийн автомашиныг 900 000 төгрөгөөр, 06-51 УБЦ улсын дугаартай Мазда демо маркийн автомашиныг 1 100 000 төгрөгөөр, 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер-78 маркийн автомашиныг 4 200 000 төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь хэрэгт авагдсан дуудлага худалдаанд оролцох хүсэлт, автомашин дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дэнчингийн төлбөр төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээ, автомашины үнэ төлсөн баримт, тооцоо нийлсэн акт, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 6-16, 137, 211, 217-222, 228, 229, 237, 243/

            Харин нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан дуудлага худалдаанд хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон байна.

            Учир нь зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн тулд талуудын хамтран ажиллах зорилго, оруулсан хувь хэмжээ, ашиг, алдагдлыг хуваарилах талаарх тохиролцоо хийгдсэн гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгээр тодорхойлсон хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Хариуцагч Д.Батхуяг нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Баттулгын эхнэр Н.Энхсайханы данснаас шилжүүлсэн 1 350 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин уг мөнгийг зээлж аваад буцааж төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хууль болон гэрээнд үндэслэлгүйгээр шилжүүлсэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Учир нь уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч талаас хариуцагчид шилжүүлэх ямар үндэслэл байсныг хариуцагч баримтаар нотолж чадаагүй болно.

 

            Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанаас хариуцагч Д.Батхуягын худалдан авсан 05-01 УБЦ улсын дугаартай Ланд круйзер-78 маркийн автомашины үнэ 4 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Баттулга нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж, хариуцагч нь автомашины үнэ төлөх үүргээс чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгч Ц.Баттулгын тайлбар, гэрч Н.Энхсайхан, Б.Мөнхтөр нарын мэдүүлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/109 тоот албан бичиг /хх 57, 106, 107, 137, 141-143/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулахаар шаардах эрхтэй.

            Хариуцагч Д.Батхуяг нь дуудлага худалдаанаас автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч Ц.Баттулга нь дээрх 5 550 000 төгрөгөөс өөр мөнгийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь хэргийн баримтаар нотлогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан гаргуулах замаар эрх зүйн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн болохоос хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох замаар цаашид гэрээний эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх агуулгагүй байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох гэж заасан нь хариуцагчид өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тайлбар буюу тусдаа шаардлага биш байх тул шүүх автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийсэн гэх үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06162 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Батхуягаас 5 550 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосуй” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...135 750 төгрөг...” гэснийг “...103 750 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Батхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 550 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН