Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 4614

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 10 дугаар гудамж, 460 тоот хаягт оршин суух Боржигин овогт Сосорбарамын Ариунбаяр /РД:УК95080712/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13  дугаар хороо, сургуулийн 31 дүгээр гудамж, 634 тоот хаягт оршин суух Боржигон овогт Батмөнхийн Мөнхзул /РД:ШВ80111604/-д холбогдох 2,860,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч С.Ариунбаяр нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзулд 1,000,000.00 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл зээлдүүлсэн юм.

Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан ба гэрээний хугацаа дуусахад Б.Мөнхзул төлбөрийг төлөхгүй өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хоног тутамд тооцсон алданги 292 хоног, хүү болох 400,000.00 төгрөг болон үндсэн төлбөр нийлээд 2,860,000.00 төгрөг болж байна.

Иймд, хариуцагч Б.Мөнхзулаас 2,860,000.00 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие нэхэмжлэгч С.Ариунбаяраас 1,000,000.00 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд хүүгийн хамт төлнө. Харин алдангийн төлөх бололцоо алга, хүндрэлтэй байна.

Зээлийн мөнгийг хүүгийн хамт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.

Хариуцагч Б.Мөнхзулын гаргасан энэхүү тайлбарыг нэхэмжлэгч С.Ариунбаярын зүгээс танилцаад хүлээн зөвшөөрч байна гэсэн байна.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ариунбаяр нь хариуцагч Б.Мөнхзулд холбогдуулан 2,860,000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч С.Ариунбаяр нь 1,460,000.00 төгрөгийн алдангиас татгалзаж, харин хариуцагч Б.Мөнхзул үндсэн зээл 1,000,000.00 төгрөгийг хүү болох 400,000.00 төгрөгийн хамт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсноос дүгнэвэл талууд эвлэрсэн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Ариунбаяр болон хариуцагч Б.Мөнхзул нар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, тэдгээрийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүссэн зээлийн харилцааг зохицуулахаар болж, нийт 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзулд 1,000,000.00 төгрөгийг 10 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл зээлдүүлэхээр болжээ.

Тус гэрээнд зааснаар зээлдэгч Б.Мөнхзул нь зээлсэн мөнгийг 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эгүүлэн хүүгийн хамт төлөх, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэвч хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагчийн зүгээс алдангиас бусад төлбөрийг тодорхой хугацаанд төлөх талаар илэрхийлсэн түүний саналыг нэхэмжлэгч тал хүлээн авч, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж,  хариуцагч нь үндсэн зээл, хүүг төлөхөөр талууд тодорхой нөхцлөөр эвлэрсэн нь зохигчдын тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Зээлийн гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв хариуцагч Б.Мөнхзул нь Эвлэрлийн нөхцлийг үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн зохигчдын үндсэн зээл, хүүг тодорхой хугацааны дараа төлөх тухай эвлэрэл нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.

 

Ийнхүү дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчид эвлэрсэн нь тэдгээрийн хоорондын Зээлийн гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Иймд, С.Ариунбаярын гаргасан Б.Мөнхзулд холбогдох 2,860,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч С.Ариунбаярын гаргасан хариуцагч Б.Мөнхзулд холбогдох  2,860,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч С.Ариунбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 1,460,000.00 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Мөнхзул нь 1,400,000.00. төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах болсныг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ариунбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000.00 төгрөгийн тал хувь болох 31,000.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, хариуцагч Б.Мөнхзулын хүлээн зөвшөөрч төлөх болсон 1,400,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,675.00 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзулаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

 

 

                                   

   

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР