Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 430

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Ш.*******ийн нэхэмжлэлтэй С.*******ид холбогдох 11.030.000 /арван нэгэн сая гучин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* нь 2016 оны 04-р сарын 30-ны өдөр 7.250.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй гэрээ байгуулж авсан. Зээлийн барьцаанд АНУ-ын хөрөө рамыг тавьсан бөгөөд уг хөрөө рамыг лацадсан байсныг түүнд гарган өгч ажиллуулж зээлээ төлөх боломж олгож хугацаа өгсөн боловч хөрөө рамыг эвдлэн ажиллах боломжгүй болгосон. Өдий болтол нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд утсаар залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор янз бүрийн шалтгаан хэлж 5 сар боллоо. Ингээд 2016 оны 09-р сарын 04-нд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж хоёр тал эвлэрч 2016 оны 12-р сарын 28-ны өдөр 11.000.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсанд гомдолтой байна.

Иймд иргэн С.*******оос барьцаат зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, 11.030.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.*******тэй найз нөхдийн хувьд компанийнхаа хэрэгцээнд мөнгө төгрөг зээлж байсан юм. Энэ 5.000.000 төгрөг нь 2014 оны 04-р сарын 27-ны өдөр Ш.*******тэй утсаар ярьж манай компанид мөнгө хэрэгтэй боллоо, 1 сарын хугацаатай 5 сая төгрөг зээлээч гэхэд ******* за чи Баруун бүсийн худалдааны төв дээр ирээд уулз гэсэн. Ш.******* нь эхнэр *******ийн хамт байсан. Тэгээд 3.000.000 төгрөгийг авч, өгөлцөхдөө гэрээ байгуулсан. 2.000.000 төгрөгийг маргааш нь бид 3 үйлдвэр дээр ирээд барьцааны хөрөө рамаа үзүүлээд авсан. Нийт 5.000.000 төгрөг авсан. Тухайн гэрээг 2014 оны 08-р сарын 27-ноос 2014 оны 09-р сарын 27-н хүртэл 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр байгуулсан юм. Би Ш.*******ээс 5.000.000 төгрөг авснаас хойш 2016 оны 08-р сарын 18-н хүртэл нийт 3.050.000 төгрөг төлсөн байна. Нэг сарын хүү хасагдлаа гэж бодоход 2.800.000 төгрөг төлсөн байгаа юм. Би зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ хүмүүс надаас ор үндэсгүй мөнгийг нэхээд гэр оронд ирээд хэцүү байх юм. 2015 оны 09-р сараас хойш ээж минь өвдөөд Улаанбаатар хотод 2016 оны 05-р сар хүртэл байсан тул мөнгө төлж чадаагүй. Миний бие 2015 оны 09-р сард хот явахдаа барьцаалсан хөрөө рамыг контейнерт цоожлоод явсан. 2016 оны өвөл надруу залгаад байхаар нь Ш.*******тэй утсаар яриад манай гэрт эхнэрт түлхүүр байгаа, чи үзээд хашаандаа аваач эсвэл наанаа лацадчих гэсэн. 2016 оны 04-р сард би хотоос ирээд үлдэгдэл төлбөрөө төлөх зорилгоор хөрөө рамаа ажиллуулах гэсэн боловч манай хөрөө рамыг лацадсан, хөрөө рам байсан төмөр чингэлэгийн түлхүүрийг манай эхнэрээс авсан байсан учраас үйл ажиллагаа явуулах боложгүй болсон. Тэгээд *******, ******* нар манай гэрт ирж 5.000.000 төгрөг дээр 6.250.000 төгрөг нэмээд 11.250.000 төгрөгийг төл, манайх ******* гэсэн компани болсон, хүү, алданги, хүүгийн хүү бодогдсон байгаа гэхээр нь би тийм их мөнгө төлж чадахааргүй байна. Үлдэгдэл төлбөрийнхөө оронд банз өгье гэсэн. Би хөрөө рамаа ажиллуулахын тулд 5.000.000 төгрөгний 50 хувь болох 2.250.000 төгрөг нэмж, 7.250.000 төгрөгний барьцааны гэх гэрээнд 2016 оны 04-р сарын 30-ны өдөр гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Энэ үед надад мөнгө төгрөг юу ч өгөөгүй, барьцааны гэрээ гэх зүйлээс хойш 2016 оны 08-р сард 300.000 төгрөг өгсөн. Нийт 3.050.000 төгрөг өгсөн.

Иймд анх 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай авсан зээлийн гэрээг үндэслэж хэдэн төгрөг төлөхийг хуулиар үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар нь хариуцагч С.*******той харилцан тохирч 8.500.000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 30-ны дотор төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ш.******* нь С.*******ид холбогдуулж 11.030.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 8.500.000 төгрөгөөр тогтон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож 8.500.000 төгрөгийг 2017 оны 03-р сарын 30-ны дотор өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос 75475 төгрөгийг гаргуулж, уг 75475 төгрөгнөөс 45475 төгрөгийг улсын орлогод, 30000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******эд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ