| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04594/и |
| Дугаар | 4594 |
| Огноо | 2016-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 4594
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 11 дүгээр байр, 51 тоот хаягт оршин суух Юндэн овогт Чимидийн Чогжинжалав /РД:ХБ48122573/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1018 тоот хаягт оршин суух Даваанямын Ганхөлөг /РД:НМ84102334/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол, 416 дугаар байрны 169 тоот хаягт оршин суух Батцэрэгийн Цолмон /РД:ИЮ84081911/-д холбогдох Өндөр хүчдэлийн шугамыг албадан зайлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Чогжинжалав, түүний өмгөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Чогжинжалав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие эрүүл агаарт амьдрахаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ-1 гудамж, 103в тоот хашаандаа 2011 онд байшин барьсан. Гэтэл манай хойно хөрш “4 улирал” хотхон нь 2015 оны 12 дугаар сард манай байшингийн дээгүүр өндөр хүчдлийн /10.0 киловольтын/ ил гурван шугам татсан байна. Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д зааснаар өндөр хүчдлийн шугам нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж байх ёсгүй гэж заасан.
Өндөр хүчдэлийн цахилгаан соронзон орон түүний нөлөөлөл нь хүүхдийн уураг тархи болон хүний биед маш аюултай бөгөөд хортой учир манай ам бүлийг энэ байшинд амьдрах боломжгүй болгов.
Би энэ хугацаанд татсан өндөр хүчдэлийн шугамыг зайлуулах талаар Цахилгаан түгээх зүүн төвд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл өгсөн бол мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл өгсөн боловч хариу ирээгүй, энэ татсан өндөр хүчдэлийн шугамыг энэ оны 03 дугаар сард ашиглалтанд өгөхөөр болж байна.
Иймд, тус шугамыг албадан зайлуулах арга хэмжээ авах хүсэлттэй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ч.Чогжинжалавын нэхэмжлэлийг зөвшөөрч байна, одоогоор газар бүрэн гэсээгүй байгаа мөн бид ажил гүйцэтгэсэн байгууллагатай маргаантай байгаа учир нэхэмжлэгчтэй хугацаа тохирч эвлэрэх хүсэлттэй байна” гэжээ.
Талууд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан дээр харилцан тохиролцож, хариуцагч нарын зүгээс өндөр хүчдэлийн шугамыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор станц болон агаарын шугамыг буулгаж, хууль тогтоомжид заасан зохистой хэмжээнд нүүлгэн шилжүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд Б.Цолмон нь дээрх 4 улирал хотхоныг захиалан бариулж байгаа захиалагч бөгөөд харин Д.Ганхөлөг нь тухайн ажлыг зохион байгуулж буй инженер юм гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Чогжинжалав нь хариуцагч Б.Цолмон, Д.Ганхөлөг нарт холбогдуулан өндөр хүчдэлийн шугамыг албадан зайлуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн зүгээс хариуцагч нарыг энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэргийн жинхэн хариуцагч мөн гээд тус цахилгаан станц болон агаарын шугамыг зайлуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнээс үзвэл хариуцагч нар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ-1 гудамж, 103в тоот хашаанд байрлах байшингийн дээгүүр Эс Ти Сол ХХК-ийн барьсан агаарын шугам, өндөр хүчдлийн шугамыг зайлуулах, хууль журамд заасан стандартад нийцүүлэн нүүлгэхээр тохирсон нь хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба энэ нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ч.Чогжинжалав нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх 24 дүгээр хэсэг гудамж, 2426 тоот хаягт байршилтай 137 м,кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бөгөөд түүний эзэмшлийн хашаан дотор байшингийн дээгүүр цахилгаан дамжуулах шугамыг барьсан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02-07-102/223 тоот актаар Эс Ти Сол ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 улирал хотхоныг барьж байхдаа барилгын талбайд орсон 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцаас Сэлх фидерийн тулгуур 407-оос 410 тулгуурын хоорондох агаарын шугамыг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1919/2015 дугаартай техникийн нөхцлийн дагуу трасс шилжүүлэн зөөж, угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.3.1б дэх заалтуудыг зөрчиж, иргэн Ч.Чогжинжалавын амины орон сууцнаас 1 метрийн зайд татсан нь буруу гээд уг компанид 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор
1/ Ч.Чогжинжалавын амины орон сууцнаас хамгаалалтын зурвасын зай хэмжээг хангуулж, уг агаарын шугамыг зөөж шилжүүлэх,
2/ Уг агаарын шугамын трассыг өөрчлөн шилжүүлэх ажлыг баталгаажсан ажлын зураг, төслийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хяналтын дор тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цолмон, Д.Ганхөлөг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв хариуцагч нар хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байхаас гадна Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан актад дурьдсан Барилгын тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд тус тус нийцэх юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Хариуцагч Б.Цолмон, Д.Ганхөлөг нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Наранцэцэгт итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг эрхтэй байна.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна хариуцагч Б.Цолмон, Д.Ганхөлөг нарын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчдын хоорондын харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Ч.Чогжинжалавын гаргасан хариуцагч Б.Цолмон, Д.Ганхөлөг нарт холбогдох өндөр хүчдэлийн шугамыг албадан зайлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР