Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 801

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК, 

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Г ХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2010 оны 426 дугаар захирамжаар эзэмшиж байгаа газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, кадастрын зурагт өөрчлөлт оруулан, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг нийслэлийн Газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М ХХК нь Цогт-Арвижих ХХК-иас 250 кв.м талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа 250 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт 2007 онд худалдан авсан. Дараа нь Г ХК-иас 318 кв.м талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа 280 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгийг хамт 2008 онд худалдан авсан. Бичиг баримтаа компанийн нэр дээр шилжүүлэн авах гэхээр Г ХК-ийн захирал Ц.Т******* удахгүй болгоод өгнө, хүлээж бай, одоо энэ гэрээн дээр гарын үсэг зур, нөгөө гэрээн дээрээ дахиад гарын үсэг зуръя гэж дуудаж гарын үсэг зуруулж байсан. Ингээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад талбай нь 266 кв.м болсон. Манай зүгээс 12 кв.м талбай дутсан асуудлыг хөндөлгүй бичиг баримттай боллоо гээд орхисон. Энэ хоёр үл хөдлөх хөрөнгө нь дундуураа нэг ханаар зааглагддаг бөгөөд тухайн ханаар зааглагдсан барилгын хэсэг газар нь кадастрын зургаар Г ХК-ийн эзэмшилд үлдсэн байгаа болно.

     Г ХК-ийн газрын кадастрын зурагт 17, 18, 19, 20 дугаар цэгээр тэмдэглэгдсэн газар хэзээнээс Г ХК-ийн эзэмшилд байгааг нотолсон эзэмшил газрын кадастрын цэгүүдийг харуулсан кадастрын зургийн хуулбаруудыг авах хүсэлтийг 2016 оны 5 дугаар сард Нийслэлийн газрын албанд гаргасан боловч манайд өгөөгүй, тус компанийн газар эзэмших хувийн хэргийг танилцуулаагүй. Нийслэлийн газрын албаны архивт байгаа баримтаар М ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн дор байгаа газрын кадастрын зургийн цэгүүдийг байнга өөрчилж байсан боловч бидэнд танилцуулж, мэдэгдэж зөвшөөрөл авч байгаагүй нь манай эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Архивын баримт дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрх нь шилжсэн гэрээ байгаа тул Газрын албаны мэргэжилтэн энэ байдлыг хянаж, зөрчлийг арилгах үүрэгтэй байдаг. Гэтэл дур мэдэн кадастрын зургийн цэгүүдийг байнга өөрчилж байна.

      М ХХК-ийн эзэмшил газрын хувийн хэргийн материалтай танилцахад 1-6, 18, 23-24, 27-30 дугаартай нийт 13 хуудас материал байсан ба 17 хуудас материал алга болж, кадастрын зурагт гараар тэмдэглэл хийн өөрчлөлт оруулж байсныг мэдсэн. Газар эзэмшигчийн кадастрын зургийг зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгэсэн зургийг газрын алба хянан баталгаажуулах ёстой байтал архивт байгаа зургуудыг хэн хийсэн, хэнээр хийлгэсэн нь тодорхой бус байна. Тухайлбал  07/3885 дугаар албан бичигт хавсаргасан 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн 18641308805468 нэгж талбарын дугаартай кадастрын зураг дээр 6, 7, 8, 9, 10 дугаар цэгээр тэмдэглэсэн газар М компанийн эзэмшил газрын гадна байна. Гэтэл энэ газар дээр Г ХК-иас газрын хамт худалдан авсан үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа. 

     2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн кадастрын зураг дээр 5, 6, 7 дугаар цэгээр тэмдэглэсэн газар нь 18641308805468 нэгж талбарын дугаартай Г компаниас газрын хамт худалдан авсан үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газартайгаа М компанийн эзэмшил дотор байна. Харин 1 дүгээр цэгт өөрчлөлт орж урагшлан Цогт-Арвижих компаниас авсан газарт орж, 8, 9, 10 дугаар цэг мөн Цогт-Арвижих компаниас авсан газарт орж, урагшилсан бөгөөд М компанийн эзэмшил газрын гадна байна. Энэ кадастрын зургийг мэргэжилтэн Ц.Ш******* баталгаажуулсан, газрын хэмжээ 318 м.кв юм. 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн 18641308801451 нэгж талбарын дугаартай кадастрын зураг дээр маргаж байгаа газар 3, 4, 5, 6, 9 гэсэн цэгээр Цогт арвижих компаниас авсан газарт орж, М компанийн эзэмшил дотор байна. Энэ кадастрын зураг дээр мэргэжилтэн Б.Т*******баатар гарын үсэг зурсан. Хэдийгээр М ХХК худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг өмчилж, эзэмшил газраа бүрэн ашиглаж байгаа боловч Төрийн захиргааны байгууллагын ажилтны хууль бус үйлдлээс болж кадастрын зургаас харахад үл хөдлөх хөрөнгийн доорх газрын зарим хэсэг нь Г ХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болсон байна.

      Иймд Хан-Уул дүүргийн 2 хороонд М ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон эс үйлдэхүйг тогтоож, тухайн эзэмшил газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан, газрын мэдээллийн санд М ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгахыг өгнө үү” гэв.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “М” ХХК нь 2007 онд Г ХК-ийн захирал н.Т*******тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 283 м.кв талбайтай агуулах бүхий байшинг газрын хамт авахаар гэрээ байгуулсан. Газрын эрх шилжүүлэх гэрээнд 318 м.кв газар, хөрөнгө дээр нь 283 м.кв талбайтай байшинг авна гэсэн. Үүнтэй холбоотой баримт нь Улсын бүртгэлийн газраас хуулбар үнэн тэмдэг дарагдаад ирсэн байсан. Дараа нь уг байшингийн ханаараа залгаатай 250 м.кв талбайтай байшинг Цогт аривжих ХХК-иас авсан. Мөн уг байшинг авахдаа газрын хамт авсан. Анх социализмийн үед арьс, ширний үйлдвэрийн идээлэх цех, угаах цех гээд том барилга байхад нь хэсэг хэсгээр нь хүмүүс худалдаад авсан байсан учраас М ХХК нь авсан байшингийнхаа ганц ханыг буулгаад уг байшинг томоор нь эзэмшиж байхад нь 2015 оны 08 дугаар сард Г ХК нь иргэний хэргийн шүүхэд манай байшинг өг гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлтэй танилцахад Г ХК, Цогт арвижих ХХК-иас худалдан авсан байшингийн доод газрын дундах хэсэг нь Г ХК-д очсон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаад уг газар нь айлд байна гэхэд Г ХК нь нэхэмжлэлээ татаж авсан. Г ХК нь нэхэмжлэлээ татаж авсан ч яагаад манай үл хөдлөх хөрөнгийн доод газар нь гэрээнд зааснаар шилжээгүй үлдсэн бэ гэдэг асуудлаар 2 жил хөөцөлдсөн. Гэтэл Г ХК-ийн захирал н.Т******* нь Г ХК-иас авсан 89 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс хойно байрлаж байгаа газар дээр захирамж гаргуулаад нэхэмжлэл гаргасан байсан. Тэгээд манай компаний эрх зөрчигдсөн байна гэдгийг мэдсэн өдрөөс эхлээд шат дараатай өргөдөл, гомдол гаргаж явсаар байгаад Нийслэлийн Газрын албаны албан тушаалтангуудын хууль бус ажиллагаанаас болж худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн газрыг гэрээний дагуу шилжүүлсэн байх ёстой байтал нэг хэсэг газар нь Г ХК-д бүртгэлтэй байна гэдгийг мэдсэн. Кадастрын бичилт хийх эрх бүхий компани нь бичилт хийж Нийслэлийн Газрын алба дээр байгаа бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байхад Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн н.Ш******* гэдэг хүн дур мэдэн өөрчилсөн байдаг. Архиваас ирсэн баримтуудаар Нийслэлийн Газрын алба нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байгаа. Тэгээд кадастрын зурагт өөрчлөлт хийлгүүлэхээр өргөдөл гаргасан боловч өргөдлийг маань хүлээж аваагүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийх явцад Г ХК-ийн 3597 м.кв газрын нэгж талбарын 18641308827477 дугаартай гэрчилгээ дээр М ХХК-ийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь 17, 18, 19, 20 гэсэн цэгүүдээр Г ХК-д очсон байдаг. Ингэж Нийслэлийн Газрын алба нь хүний газрыг аваад үлдсэн байсан учраас үүнийг залруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Мөн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г ХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт явуулсан бичиг байдаг. Уг бичиг дээр 283 м.кв талбай бүхий барилгыг М ХХК нь худалдан авч байгаа тул уг барилгыг сууриар нь шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Г ХК, М ХХК-ийн хувийн хэрэг дээр нэг ч эрх бүхий байгууллагаар хийлгэсэн кадастрын зураг байхгүй байгаа тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 280 м.кв талбайтай хэсгийг газартай нь хамт 80 сая төгрөгөөр шилжүүлнэ гэсэн байгаа. 

2010 оны Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн н.Ш******* гэдэг хүний гарын үсэг зурсан баримт байгаа. Уг баримт дээр маргаан бүхий 17, 18, 19, 20 гэсэн цэгээр тэмдэглэгдсэн талбай нь Г ХК-д, М ХХК-д 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 цэгүүд байна гэсэн нь харагддаг. Газрын талбайн хэмжээ нь 318 м.кв гэдэг. Гэтэл 318 м.кв талбай нь 283 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн аль талд нь байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Үүний зураг нь Газрын албанд байдаггүй. Газрын албаны эрх бүхий ажилтангууд Г ХК, М ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бүртгэх, газрыг баталгаажуулахдаа газрын хэмжээ, барилгын хэмжээ зөрж байгаад ач холбогдол өгөөгүй нь харагддаг.М ХХК нь анх удаа үл хөдлөх эд хөрөнгөтэй болсон учраас кадастрын зураг гэж юу байдгийг ойлгоогүй байсан. Г ХК-ийн газрын баталгаажуулж байх үед н.Ш******* гэдэг хүн энэ асуудлыг мэдэх  үндэслэлтэй байсан, хэлж болох байсан. Үүнээс болж манай компаний эрх зөрчигдөөд байна. Иймд М ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Нийслэлийн Газрын албанд даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г ХК болон М ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлэхээр ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, кадастрын зураглал болон холбогдох материалыг хянан үзэж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжаар М ХХК-д 318 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж, Г ХК-д үлдэх 3686 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. М ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийн хувьд ямар нэг давхцал байхгүй, эргэлтийн цэгүүдэд 2010 онд баталгаажуулснаас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, өмнө Цогт-Арвижих ХХК-ийн эзэмшилд байсан газартай мөн давхцахгүй, Г ХК-ийн эзэмшилд байсан газар болно. Нийслэлийн Засаг дарга 2010 оны 426 дугаар захирамжаар М ХХК-д эзэмшүүлсэн 318 м.кв газрын кадастрын зурагт аливаа өөрчлөлт ороогүй байхад зарим цэгүүд тус компанийн эзэмшил газрын гадна болон дотор байгаа, Цогт-Арвижих ХХК-иас эрх шилжүүлэн авсан газарт орсон зэрэг асуудлыг нэхэмжлэлд дурдсан байгаа нь ойлгомжгүй байна.

     Нэхэмжлэлд дурдсанаар кадастрын зурагт өөрчлөлт оруулахад хөрш залгаа газар эзэмшигчийн зурагт мөн өөрчлөлт орох шаардлагатай тул тухайн газар эзэмшигчийн санал, хүсэлтийг авах шаардлагатай. Хэрэв зурагт өөрчлөлт оруулахаар хөрш залгаа газар эзэмшигчээс санал ирүүлээгүй тохиолдолд энэ нь хөрөнгийн маргаантай асуудал болно. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      Гуравдагч этгээд Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г ХК нь М ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан тохиролцсоны үндсэн дээр гэрээний зүйлийг шилжүүлэн өөрсдийн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн. Ийм учраас нийслэлийн Засаг даргын 2010 оны 426 дугаар захирамжаар Г ХК-ийн эзэмшлийн газраас 318 м.кв газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн шинжтэй нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй зүйл шүүхэд ирүүлсэн нь зориуд санаатайгаар шүүх, төрийн байгууллага, албан тушаалтны толгойг эргүүлэн өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэсэндээ удаа дараа шүүхэд хандаж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Тодруулбал 2010 онд газрын албаны мэргэжилтэн Ц.Ш үйлдсэн кадастрын зурагт үнэн зөвөөр тусгагдсан боловч 2009 онд үйлдэгдсэн кадастрын зурагт 5, 6, 7, 8, 9, 10 дугаар эргэлтийн цэг нь бусдын эзэмшилд байгаа мэтээр тайлбарлажээ.

     Гэвч уг нотлох баримтуудаас дээрх эргэлтийн цэгүүдийн координатуудын тэмдэглэгээ нь огт өөрчлөгдөөгүй байгаа нь маш тодорхой харагдаж байна. Уг  хэмжээ өөрчлөгдсөн урагшлуулсан зүйл огт байхгүй. Иймд нэгэнт зохих журмын дагуу баталгаажигдсан, баталгаажигдсанаас хойш ямар нэг өөрчлөлт ороогүй, газрын мэдээллийн санд нэгэнт орсон байгаа мэдээллийг өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

М ХХК-иас “М ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2010 оны 426 дугаар захирамжаар эзэмшиж байгаа газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ка

дастрын зурагт өөрчлөлт оруулан, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг нийслэлийн Газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

         М ХХК нь Цогт-Арвижих ХХК-иас 250 кв.м талбайтай газар эзэмших эрхийг  уг газар дээр байгаа 250 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт 2007 онд, Г ХК-иас 318 кв.м талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа 280 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгийг хамт 2008 онд худалдан авч,  үл хөдлөх эд хөрөнгийг Ү-2206004219 улсын бүртгэлийн дугаарт  бүртгүүлсэн байна. 

Нэхэмжлэгчийн кадастрын зургийг өөрчлүүлэхээр маргаж байгаа газар нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар  захирамжаар газар эзэмших эрхийг Г ХХК-иас шүлжүүлэн авсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар  уг газар нь 18641308805468 нэгж талбарын дугаар, 318 м.кв талбайтайгаар Газрын кадастрын мэдээллийн санд 2010 оны 7 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд талбайн хэмжээ байршилд өөрчлөлт ороогүй байна.

Тус шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр   

2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г ХК-иас нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн албан бичигт  “...283 м.кв талбай бүхий барилгыг М ХХК нь худалдан авч байгаа тул уг барилгыг сууриар нь шилжүүлж өгнө үү” гэжээ. 

М ХХК-ийн хувийн хэрэгт байгаа М ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар  захирамжаар Г ХХК-иас газар шилжүүлэн авах хүсэлтэд Ордгео ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг  нь тус компанид дээрх захирамжаар эзэмшүүлсэн 318 м.кв газрын кадастрын зургаас  зөрүүтэй бөгөөд уг зураг нь эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй байдаг.

Мөн Г ХК-ийн нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр  захирамжаар эзэмшиж байсан 4010 м.кв газраас нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжаар М ХХК-д 318 м.кв газар шилжүүлэн үлдэх 3686 м.кв газраа баталгаажуулсан боловч газар эзэмшлийн хувийн хэрэгт Г ХК-ийн эзэмшил газрын баталгаажсан кадастрын зураг байхгүй, харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн  газрын нэгж талбарын 18641308827477 дугаартай гэрчилгээ дээр М ХХК-ийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь 17, 18, 19, 20 гэсэн цэгүүдээр Г ХК-ийн кадастрын зурагт орсон байна. 

Нийслэлийн Газрын албанаас дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгийн сууриар кадастрын зурагт ороогүйгээс нэхэмжлэгчийн Г ХК-иас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг эзэмшил газрын кадастрын зурагт ороогүйгээс бодит байдал дээр М ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн доор газар Г ХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагт орж, маргаан гарах үндэс болжээ. 

 Түүнчлэн 18641308805468 нэгж талбарын дугаартай кадастрын зураг дээр 6, 7, 8, 9, 10 дугаар цэгээр тэмдэглэсэн газар М компанийн эзэмшил газрын гадна байна. Гэтэл энэ газар дээр Г ХК-иас газрын хамт худалдан авсан үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа.

     2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн кадастрын зураг дээр 5, 6, 7 дугаар цэгээр тэмдэглэсэн газар нь 18641308805468 нэгж талбарын дугаартай Г компаниас газрын хамт худалдан авсан үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газартайгаа М компанийн эзэмшил дотор байна. Харин 1 дүгээр цэгт өөрчлөлт орж урагшлан Цогт-Арвижих компаниас авсан газарт орж, 8, 9, 10 дугаар цэг мөн Цогт-Арвижих компаниас авсан газарт орж, урагшилсан бөгөөд М компанийн эзэмшил газрын гадна байна. Энэ кадастрын зургийг мэргэжилтэн Ц.Ш******* баталгаажуулсан, газрын хэмжээ 318 м.кв юм. 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн 18641308801451 нэгж талбарын дугаартай кадастрын зураг дээр маргаж байгаа газар 3, 4, 5, 6, 9 гэсэн цэгээр Цогт арвижих компаниас авсан газарт орж,

Мөн Г ХК М ХХК-иад 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар харилцан солилцох гэрээ байгуулж, Г ХК-ийн 86 м.кв газрыг М ХХК эзэмшихээр, М ХХК-ийн эзэмшлийн 49 м.кв талбайтай улаан тоосгон байшинг газартай нь Г ХК эзэмшихээр харилцан тохиролцож байжээ. Гэтэл Г ХХК-ийн газар эзэмших эрхийн хувийн хэрэгт 18641308620550 нэгж талбарын дугаар бүхий 86 м.кв газрын кадастрын зураг байх боловч, маргаж буй газраас өөр хэсэгт хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй баталгаажаагүй зураг орсон байна.        

318 м.кв талбай нь 283 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн аль талд нь байгаа нь мэдэгдэхгүй байгаа. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн Кадастрын зураглал ба газрын газрын кадастрын тухай хуулийн 13 дугаар зүлийн 13.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН