Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Болортуяад холобгдох

105 250 901 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөн бүрэн ББСБ нь иргэн М.Болортуяатай 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай сарын 3,8%-ийн хүүтэй зээлдүүлсэн. М.Болортуяа нь зээл авсан өдөртөө 4 сарын 7 хоногийн хүү 354 667 төгрөг, мөн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн 5, 6, 7 дугаар сарын хүүнд нийт 4 661 334 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд М.Болортуяад зээлийн төлбөрөө төлөх хугацааг хангалттай олгосон боловч тэрээр ийнхүү зээлээ төлөхгүй өдийг хүрсэн тул Мөнгөн бүрэн ББСБ нь шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Зээлдэгч М.Болортуяа нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18 м.кв хэмжээтэй 1 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 59 330 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 936 232 төгрөг, нийт 105 250 901 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүг 59 330 670 төгрөг гэж алдаатай бичсэн байгааг залруулан 54 314 669 төгрөг болгож байна. Хариуцагч М.Болортуяа нь 105 250 901 төгрөгөөс 385 215 төгрөг зөвшөөрөхгүй, 104 863 686 төгрөг болгож байх тул энэхүү шаардлагаа дэмжиж байна.

М.Болортуяа нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Н.Мандхайн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2201010769 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байрны 39 тоотод байршилтай, 18 м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. Барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна” гэжээ.

            Хариуцагч М.Болортуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн төлбөрт 105 250 901 төгрөг гаргуулах, хариуцагч М.Болортуяа нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан барьцааны зүйл 18 м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар шийдвэрийг гаргуулахаар тодорхойлжээ. Хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа дахин үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал үүсэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу ердийн журмаар нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Хариуцагч талаас 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 105 250 901 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч талаас тооцож үзэхэд зээлийн хүү 54 314 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 548 792 төгрөг байх тул нийт төлөх ёстой төлбөр 104 863 686 төгрөг болж байна. Иймд 387 215 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Харин хариуцагч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйл Н.Мандхайн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулна гэдгийг зөвшөөрөхгүй. М.Болортуяагийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Н.Мандхайтай барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны гэрээний 2.2.т барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг заасан байх бөгөөд 2.2.1-2.2.4-т үндсэн зээл 40 000 000 төгрөг, гэрээт хугацааны сарын хүү 3.8 хувь, хугацаа хэтэрсэн бол төлбөрийг төлж дуусах хүртэл хугацааны хүү, төлбөр төлж дуусах хүртэл нэмэгдүүлсэн хүү 20 хувь бусад хохирол төлбөр гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч бүх үнийн дүн буюу барьцааны хөрөнгөөр бүхэлд нь хангуулахаар шаардаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж байгаа бол хамтран хариуцагч Н.Мандхайг татан оролцуулах ёстой гэж үзэж байна. Иймд М.Болортуяа үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Н.Мандхайгийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгуулах гэсэн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Болортуяагаас үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 54 314 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 548 792 төгрөг, нийт 104 863 686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Болортуяа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Мандхайн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий №000035010 тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдааг хангуулж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 28321 тоот захирамжаар хариуцагч М.Болортуяагийн барьцааны гэрээгээр барьцаалсан иргэн Н.Мандхайн өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, орон сууц болон мөнгийг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 682 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  684 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс шаардлагыг хангуулахаар шаардаж буй эсэхийг тодруулах ёстой байсан.

Нэхэмжлэгч зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тохиолдолд барьцаалуулагч Н.Мандхайг хамтран хариуцагчаар татах ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч нь барьцаалуулагч Н.Мандхайг хариуцагчаар татаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 863 686 төгрөг гаргуулах гэсэн эхний тогтоох хэсгээ “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд” гэж өөрөө нөхцөлөө нэмж тодорхойлон 2 дахь тогтоох хэсэгтэй холбогдож Н.Мандхайгийн хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэрлэсэн төдийгүй хариуцагчийг оролцуулаагүй байж түүний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчин иргэний хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь хариуцагч М.Болортуяад холбогдуулан үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 59 330 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 936 232 төгрөг, нийт 105 250 901 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа багасгаж 104 863 686 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

  

Нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК, хариуцагч М.Болортуяа нарын хооронд 2013 оны 04 дүүгээр сарын 24-ий өдөр 13/035 тоот зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь 40 000 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, мөн өдөр нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь иргэн Н.Мандхайтай барьцааны гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчидын тайлбар, 40 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн кассын зарлагын болон орлогын мэдүүлэг, мемориалын ордер №56, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл эргэн төлөлтийн талаарх баримт зэргээр тогтоогдож байна. /хх 4-6,12-16/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй  гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 104 863 686 төгрөгийг хариуцагч Л.Болортуяагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           

Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Н.Мандхай нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, №000035010 тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/035 тоот барьцааны гэрээг “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-тай байгуулсан байна. /хх 7-10/

 

            Дээрх барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь М.Болортуяа биш байхад шүүх барьцааны зүйлийг өмчлөх этгээд болох иргэн Н.Мандхайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь барьцаалуулагчийн өмчлөх эрхээ хамгаалах боломжийг үгүйсгэсэн, хуульд заасан эрхийг нь зөрчсөн байх тул барьцаа хөрөнгөтэй холбоотой гаргасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.        

           

            Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК нь барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн өмчлөгч болох иргэн Н.Мандхайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010769 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7В дугаар байр, 39 тоот 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “Мөнгөн бүрэн ББСБ” ХХК-ийн М.Болортуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.           

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Болортуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН