Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0221

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ц.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.М-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/648 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Д.Б-ийн “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино, 10 дугаар хэсэг 1047а тоот 247 м.кв газрыг эзэмших гэрчилгээг Д.Б-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрын газар эзэмших гэрчилгээг Д.Б-д олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.М Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэлэ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 827 дугаар тогтоолыг үндэслэсэн байх ба прокурор Ц.Б нь уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж хаасан байтал шүүхээс уг прокурорын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, уг тогтоолыг “... Энэхүү хэрэг бүртгэлтийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хянаад эцсийн байдлаар ... Ц.М нь дээрхи иргэн С.Д-ны амьдарч байсан газар байрлах зуны орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй байхад нураасан, энэ үйлдлийн улмаас иргэн Д.Б-д 941 553 төгрөгийн хохирол учирсан байх тул Ц.М-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна ...” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Учир нь уг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 827 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар биш 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хаасан байхад шүүхээс илт хууль зөрчиж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүхээс зөвхөн хуульд нийцсэн дүгнэлт гаргах ёстой атал “... нөгөөтэйгүүр хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хууль үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн” гэжээ.

Харин миний бие тус газрыг 2011 оноос хойш эзэмшиж ашиглаж, ирсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж Засаг даргын А/258 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмших эрхтэй болсон. Дээрх газар манайхыг эзэмшихээс өмнө олон жил эзгүй, олон хүний шээс баасанд бохирдсон, энэ тэндхийн архичид цуглардаг, орчин тойрны айлуудын аюулгүй амгалан тайван байдлыг алдагдуулдаг газар байсан тул миний бие уг газрыг хуулийн дагуу ашиглаж, арчилж, тордож, эд хогшлоо байлгаж ашиглаж байгаад Газрын албанд мэдээллийн санд шүүлгээд хэн нэгэн эзэмшээгүй байсан тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хандаж, Газар эзэмших эрхийг шударгаар олж авсан. Ингээд миний бие уг газрыг засаж сайжруулж, хүн ашиглаж болохооргүй ашиглалтын хугацаа дууссан модон сууц гэх зүйлийг буулган цэвэрлэж, 40 сая төгрөгийн зээл авч өвлийн сууц барьсан байдаг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Харин уг газрыг эзэмшиж байсан С.Дугуйцагаан нь нас барсан байдаг нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан Газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болдог. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ын бичиг баримтаа авсаныхаа дараа сонсох ажиллагаа хийх гээд дуудахад зугтаад ирээгүй гэх тайлбарт үндэслэж сонсох ажиллагааны талаар дутуу дүгнэлт гаргаж байгаад гомдолтой. Учир нь дээрхи тайлбар нь худлаа бөгөөд харин хэрэгт авагдсан 2018 оны гэх буюу сар, өдөр бичигдээгүй манай захирамж гарахаас нэг жилийн өмнө бичигдсэн газрын албаны даргын гарын үсэгтэй цаас, захирамж боловсруулах төсөл зэрэг олон баримтуудаар сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг нь тогтоогдоно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/648 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.24 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 827 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “... иргэн Ц.М нь хууран мэхлэх замаар бусдын амьдарч байсан газар дээрх байшинг буулгаж 247 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/258 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 827 дугаар тогтоолоор нотлогдож байх тул” гэсэн үндэслэл, шалтгаанаар Ц.М-ын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яргайтын богино дахь зуслангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... миний бие ... 1047а тоотод 247 м.кв газар болон 35 м.кв өвлийн сууцыг эзэмшиж амьдардаг ... А/258 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмших эрхтэй болсон ... уг газрыг ашиглаж, арчилж тордож, эд хогшлоо байлгаж байгаад Газрын албаны мэдээллийн санд шүүлгэхэд хэн нэгэн эзэмшээгүй байсан тул, хуульд заасан үндэслэл журмын дагуу хандаж, Газар эзэмших эрхийг шударгаар олж авсан ... Б гэх хүнд болон аав Д нарт албан ёсны эзэмшиж ашиглаж байсан талаар ямар нэгэн бичиг баримт байхгүй байдаг. Б өөрөө Д-ны өмнөөс гомдол санал гаргах, хэлцэл хийх эрхгүй ... 827 дугаар прокурорын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, уг тогтоолыг буруугаар ашиглан газар эзэмших эрхгүй Б-д давуу байдал олгож, нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийг минь цуцалсан нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/648 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Д.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Д гуай ... 1972 оноос эхлэн ерөнхий прокурорын байгууллагынхаа зусланд гардаг болсон. Энэ нь одоогийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино, 10 дугаар хэсэг 1047а тоот, 1501110015 тоот нэгж талбарын дугаартай газарт ... Д гуайд уг газар 3х5 хэмжээтэй зуны байшингийн хамт байгууллагаас нь өгсөн ... уг зусландаа 2012 он хүртэл гарч байсан ... 2012 оны зуны наадмаар ... уг зуслангийн газар, байшингаа охин Бямбасүрэндээ өгч байгаагаа хэлсэн байдаг ... ах, эгч дүү нар нь хүлээн зөвшөөрдөг тул маргаан байхгүй ... Ц.М нь Б-ийн байшинг хууль бусаар нурааж өөрийнхөө байшингаа барьж минийх гэж газрын албыг хууран мэхэлж ... А/258 дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан байсан ... Чингэлтэй дүүргийн Прокурорын 2019 оны ... 827 дугаар тогтоол, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндэс бүрдэл хэсэг байна ... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг байх заалтуудаар тус тус Д.Б нь газар эзэмшигч байх нь нотлогдож байгаа ...” гэсэн үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино, 10 дугаар хэсэг 1047а тоот 247 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Д.Б-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг газрын газар эзэмших гэрчилгээг Д.Б-д олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлага гарган маргасан байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ц.М-ын “... олон жил эзэнгүй, сүнс сүүдэртэй гэгддэг, орчин тойрны хүмүүс ойртдоггүй, тэнэмэл хүмүүс орж гардаг, ... миний бие уг газрыг засаж сайжруулж, хүн ашиглаж болохооргүй ашиглалтын хугацаа дууссан модон сууц гэх зүйлийг буулган цэвэрлэж, ... өвлийн сууц барьсан ...” гэж маргасныг хүлээн авч нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15/959 дүгээр албан бичиг /1хх-80/, Мөрдөн байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 181102922 дугаар тогтоол /1хх-152/ зэрэг баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд буюу иргэн С.Д-ны охин Д.Б-ээс Чингэлтэй дүүргийн Газрын албанд гомдол гаргаснаар тус газрын албанаас цагдаагийн байгууллагад хандаж, улмаар хохирогчоор иргэн Д.Б-г тогтоон, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 827 дугаар тогтоолоор “... Чингэлтэй дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтан болон иргэн Ц.М нарын газар эзэмшүүлсэн, эзэмшсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна ... Харин иргэн Ц.М-ын бусдын эзэмшил, өмчлөлийн зуны модон орон сууцыг хууль бусаар устган 941,553 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” байх тул хэрэг бүртгэлтийн 181102922 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн 181102922 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нь түүнд газар эзэмших олгосон маргаан бүхий газарт иргэн С.Д-ны зуслангийн байшин байсантай маргаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь иргэн С.Д-д эрх бүхий этгээдээс ашиглуулахаар олгосон газар дээрх байшинг нураасан улмаар уг газрыг эзэмших гэрчилгээ авсан үйл баримтыг хууль бус болохыг эрх бүхий байгууллага шалгаж, тогтоосон гэж үзэхээр байна.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.М-т зуслангийн зориулалттай 247 м.кв газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/258 дугаар захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байх тул өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн мөн дүүргийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий А/648 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ