Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 4561

 

Талуудын эврэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, Засгийн газрын автобаазын байр хаягт байрлах Улаанбаатар такси транспорт Сервис  ХХК /РД:5357799/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий 25-2945 тоот хаягт оршин суух Ядмаагийн Хасбаатар /РД:НЮ72101916/-т холбогдох 554,620.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            “Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд иргэн Я.Хасбаатар нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ТТ-12-240 тоот Түрээсийн гэрээ байгуулж, манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэрээний дагуу эзэмшиж байсан.

 

            Хариуцагч Я.Хасбаатартай байгуулсан гэрээнд зааснаар түрээслэгч нь автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн өмчийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх мөн автомашин түүний нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчид актаар хүлээлгэн өгөх болон актаар хүлээн авахаар гэрээнд заасан. Гэтэл Я.Хасбаатар тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа тус компаниар засвар үйчилгээ хийлгэсэн төлбөр 74,620.00 төгрөг, түрээсийн төлбөр 480,000.00 төгрөг, нийт 554,620.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

            Иймд, хариуцагч Я.Хасбаатараас 554,620.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Я.Хасбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

            “Миний бие Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжилсэн 554,620.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд сард 92,500.00 төгрөг төлж дуусгах боломжтой байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг нь хариуцагчийн тус тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч Я.Хасбаатарт холбогдуулан 554,620.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргээс үзвэл хэдийгээр хариуцагч Я.Хасбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч төлбөр болох 554,620.00 төгрөгийг тодорхой хугацааны турш хувааж төлөхөөр түүний илэрхийлсэн саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авсан байх тул талуудыг тодорхой хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар эвлэрсэн байна гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Я.Хасбаатар нь нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ТТ-12-240 тоот Түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн Хьюндай Элентра маркийн 15-39 УНС тоот улсын дугаартай автомашиныг тус компанийн Такси сүлжээнд нэгдэж, такси үйлчилгээ эрхлэхээр болжээ.

Тус гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийн 1 /нэг/ өдрийн төлбөр 30,000.00 төгрөгийг ажлын 5 /тав/-н өдөрт төлөх бөгөөд түрээсийн зүйлийн үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд түрээслэгч нь автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авах нөхцөлтэй байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулга, Түрээсийн төлбөрийн хуулгаас тус тус үзвэл хариуцагч Я.Хасбаатарын засвар үйчилгээний төлбөр 74,620.00 төгрөг, түрээсийн төлбөр 480,000.00 төгрөг, нийт 554,620.00 төгрөг болсон байна.

Гэвч хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагч Я.Хасбаатарын  зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжилсэн төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, талууд тодорхой нөхцлөөр эвлэрсэн нь зохигчдын тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Түрээсийн гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв хариуцагч Я.Хасбаатар нь Эвлэрлийн нөхцлийг үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн зохигчдын төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх тухай эвлэрэл нь  Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Отгончимэгт итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Бүүвээбаатарын Алтангадас бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад этгээдээр төлөөлүүлэхээр хүчин төгөлдөр бүхий итгэмжлэл олгосон байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагчтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

Дээр дурдсанаас тус тус дүгнэвэл зохигчид эвлэрсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Иймд, Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн гаргасан Я.Хасбаатарт холбогдох 554,620.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн гаргасан Я.Хасбаатарт холбогдох 554,620.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хариуцагч Я.Хасбаатар нь 554,620.00 төгрөгийг  6 /зургаа/-н сарын хугацаанд сард 92,500.00 төгрөгөөр төлж барагдуулах болсныг үүгээр дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 17,288.00 төгрөгийн тал хувь болох 8,644.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 8,644.00 төгрөгийг хариуцагч Я.Хасбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  4. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР