Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 399

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Г овогт О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А-г 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.А-д 13 /арван гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар төлөх төлбөргүй, О.А-с гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Насанд хүрээгүй хохирогч Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.А-н урьд цагдан хоригдсон нийт 32 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.А-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан  сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                              Н.БААСАНБАТ

 

                                                                                      Ц.АМАРГЭРЭЛ