Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

2020        03         10                                  2020/ШЦТ/420

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Б өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01196 0458 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Б

Холбогдсон хэргийн талаар:

С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээрх үйлчилгээний төвд байрлах Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэн Э.А гийн нүүрэн тус газар цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө намайг унтаж байхад Э.А  гэнэт сэрсний улмаас цочин сэрж, түүнийг цохисон байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд 130.000 төгрөгийг төлсөн гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.А гийн өгсөн: ...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын Тунель дээрх үйлчилгээний төвд байрлах Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлаа хийж байхад айлд ус алдсан талаар дуудлага мэдээлэл ирсэн юм. Тухайн дуудлагын дагуу засварчин С.Б ийг унтаж байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Дуудлага ирснээс хойш 30-40 минут өнгөрсөн учир би өөрөө очоод сэрээсэн. Тэгтэл С.Б  сэрээд уурлаад намайг шууд цохиж зодсон. Тухайн үед С.Б  нь халамцуу байсан. Гэхдээ тийм аймаар согтуу байгаагүй. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл толгойн компюьтр-томографикт  харуулсан болон  мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн, бусад эмчилгээний хийлгэсэн бүх зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Гантулгын өгсөн: ...Шөнө 01 цагийн үед намайг компьютер хараад сууж байхад айлд ус алдлаа гээд дуудлага ирсэн юм. Тухайн үед би дуудлагыг аваад Э.А д хэлсэн. Э.А  болохоор С.Б ийг сэрээх гээд орилсон. С.Б  босч өгөхгүй болохоор нь би очоод С.Б ийг сэрээсэн. С.Б ийг сэрээхэд нилээн нойрмог байсан ба босоод суучихсан. Тэгээд би эргээд компьютерийн ард ирээд суусан. Тэгээд сууж байтал Э.А  дахиад орилсон. С.Б  босохгүй байсан болохоор Э.А  өөрөө С.Б  рүү очсон. Тэгээд Э.А  орилж, чарлаад эхэлсэн. Тэгээд би очиход С.Б  нь Э.А г газар унагаагаад дээр гараад хоолойг нь боож байсан. Би тэр даруй очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2628 дугаартай шинжээчийн:

1. Э.А гийн биед гэмтэл учирсан байна.

2. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, нүд, хөмсөгний гадна хэсэг, зүүн шанаа, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, нүд, хөмсөгний гадна хэсэг, зүүн шанаа, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин баруун нүдний алимны салстад цус харвалт, хүзүүний цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.С.Б ийн: ...Тэгсэн чинь манай ээлжийн инженер Э.А  нь дуудлага ирлээ гээд намайг сэрээсэн. Тэгтэл би унтаж байгаад хар дарж зүүдлээд цочсондоо Э.А г нүд рүү нь гараараа цохичихсон. Цохингуутаа хоолойг нь боосон. Тухайн үед би бага зэрэг халамцуу байсан ба унтаж байгаад гэнэт нойрноосоо сэрсэн учир болсон асуудлыг нэг их сайн санахгүй байна. Яагаад Э.А г цохиж, зодсоноо ч сайн мэдэхгүй байна. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

- Шүүгдэгч С.С.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24, 25, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель дээрх үйлчилгээний төвд байрлах Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэн Э.А гийн нүүрэн тус газар цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.А , гэрч У.Гантулга, яллагдагчаар өгсөн С.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2628 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.С.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Э.А  нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 128.000 төгрөгийн талаарх нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд хохирогч Э.А  нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Гэвч хохирогч Э.А  нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.С.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдөлд  тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С.Б өд оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.А  нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.С.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ