| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04467/и |
| Дугаар | 4467 |
| Огноо | 2016-05-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 4467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчны 2-1419 тоот хаягаар оршин суух Дүвжирийн Д.Болд /ГЮ62122270/-ын гаргасан,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Алтжин бөмбөгөрийн замын урд байрлах “Хөлөг автосервис” ХХК-нд холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 2015 оны 07-р сарын 07-ны өдөр Жигүүр хөлөг ХХК-ийн харьяа Хөлөг авто сервист Харуулаар ажилд орсон ба 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халагдсан.
2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин болох 1,000,000.00 төгрөгийг олгоогүй тул тус компаниас 1,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хөлөг сервис ХХК-ийн Ерөнхий захирал Б.Уламбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Манай компанийн нэхэмжлэгч Д.Болдын нэхэмжлэлтэй танилцсан. Уг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжилсэн 1,000,000.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Болд нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Би Жигүүрт хөлөг ХХК-нд ажиллаж байгаагүй харин Хөлөг сервис ХХК-нд ажиллаж байсан, тус компанийн захирал Б.Уламбаярын тайлбартай танилцаж, зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба энэ нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх ёстой юм.
Хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл хариуцагч Хөлөг сервис ХХК нь нэхэмжлэгч Д.Болдод 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртлэх ажилласан хугацааны цалин хөлс 1,215,000.00 төгрөг төлөх тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02-06-044/437 тоот акт гарсан байх бөгөөд тус актыг хариуцагч Хөлөг сервис ХХК-ийн захирал Б.Уламбаяр хүлээн авсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн тайлбар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тус тусм тодорхой харагдаж байх тул энэхүү хэргйиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн харилцаанаас бий болсон байгаагаас гадна ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснөөс гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь тэдгээрийн хоорондын харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.
Иймд, Д.Болдын гаргасан Хөлөг сервис ХХК-нд холбогдох 1,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Болдын гаргасан гаргасан хариуцагч Хөлөг сервис ХХК-нд холбогдох 1,000,000.00 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Болдоос төлсөн 28,550.00 төгрөгийн тал хувь болох 14,275.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016 627тоот данснаас, үлдэх 14,275.00 төгрөгийг хариуцагч Хөлөг сервис ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР