| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2020/0313/З |
| Дугаар | 221/МА2021/0096 |
| Огноо | 2021-02-24 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0096
2021.02.24-ний өдөр 221/МА2021/0096
Н.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.С-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Н.С-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, иргэн Н.С-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х давж заалдах гомдолдоо: Н.С-ын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлгч Н.С нь тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуульд өөр дүүргийн болон тухайн 1 дүгээр хороонд амьдардаггүй хүмүүсийг 1 дүгээр хорооны хаягт бүртгэж хуурамч бичиг баримт бүрдүүлж 23 дугаар сургуулийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байгаа тул талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөхийг хүсэж эмнэлгийн магадалгааг хавсаргаж шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн боловч шүүх хүсэлтийг хангахгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан эрхийг шүүхээс үндэслэлгүйгээр эдлүүлээгүйд гомдолтой байна.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл”-д тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан атал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.
Иймд хууль хэрэглээ болон процессын алдаатай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0816 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4. “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж” өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.С-ыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын албан үүргээс чөлөөлсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 28 дугаар зүйлд Баг, хорооны Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд иргэдийн Нийтийн Хурлаар чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, Хурлаас гаргасан саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр...” байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Н.С нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/336 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар томилогдож, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар дахин улиран томилогдож, ажиллаж байх хугацаандаа хорооны иргэдийн Нийтийн Хурал болон дүүргийн Засаг даргад “ажлаас чөлөөлөгдөх” хүсэлт гаргаагүй байх бөгөөд хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй. Харин хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар “...өнгөрсөн хугацаанд тус дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Н.С нь 23 дугаар сургуульд хүргүүлэх нэрсийн жагсаалтад харьяаллын бус хүүхдийн нэр нэмж оруулж, иргэдээс мөнгө нэхдэг тухай гомдол гарч байсан, 23 дугаар сургуулийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулсан...” гэх тайлбар тогтоогдохгүй байна. Мөн түүнчлэн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 1107 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 06/9888 дугаар албан бичиг зэргээс үзвэл албан тушаалаа урвуулан ашигласан үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болж, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин хариуцагчаас “анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу хэрэглэсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэж давж заалдах гомдлыг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмыг тодорхойлж өгчээ. Мэтгэлцэх зарчмын зорилго нь хэргийн оролцогчдын зүгээс шүүхээр зөв шийдвэр гаргуулахад ач холбогдол бүхий хууль зүйн үндэслэл бүхий тайлбар өгөх, нотлох баримтыг гаргаж өгөх бөгөөд анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/884 дугаар албан бичгээр Ч.М-ийг, 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/1625 дугаар албан бичгээр Г.Х-ыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгож, улмаар нэхэмжлэлийн хувийг шүүхээс хариуцагчид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13:30 цагт товлосон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Б-д тус өдрийн шүүх хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/9362, 1/9363 дугаар албан бичгүүдээр болон утсаар мэдэгджээ. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зүгээс гаргаж буй “мэтгэлцэх зарчмыг олгоогүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа эмнэлгийн магадлагаатай, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах зэрэг хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс тухай бүрд нь хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, мэтгэлцэх эрхээр хангаж байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өөр шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй болохгүй.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 3.1.11-д “гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” гэж тус тус заажээ. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан өргөдөл нь “нэхэмжлэл”-д хамаарч байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасныг баримталсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН