Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 816

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгээр ирүүлсэн ажил гүйцэтгэх БУ12/11 гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр А ХХК-тай байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.П , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.М , Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Эрүүл мэндийн Яамтай Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх БУ12/11 дугаартай гэрээг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2.995.162.425 төгрөгөөр дээрхи ажлыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор гүйцэтгэхээр тохирсон. Уг ажлыг гүйцэтгэж байх явцад төсөв хүрэлцэхгүй болж эхэлсэн ба энэ талаар захиалагч талд албан ёсоор мэдэгдэж талууд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж уг Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэх тендер зарлахдаа барилгын зургаар биш, тендерийн бичиг баримтанд заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон төсвөөр зарласан байсан, барилгын зураг төсөл нь экспертизээр ороогүй байхад 2006 онд улсын төсөвт 1 м.кв нь 238.000 төгрөгөөр барихаар суусан төсвөөр 2011 онд тендер зарласан, ажлын тоо хэмжээ дутуу, нэгжийн үнийг Засгийн газраас тогтоосон жишгээс хэт доогуур төсөвт тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн тул төсвийг дахиж үйлдэн экспертизээр баталгаажуулан гарсан шинэ төсвийг Сангийн яаманд хандаж шийдвэрлүүлэхээр талууд харилцан зөвшөөрсөн. Энэ шийдвэрийн дагуу төсвийг шинээр хийлгэж Барилгын хөгжлийн төв магадлал хийж баталгаажуулсан ба энэ экспертизээр дүн нь 7.392.867.000 төгрөг болсон. 

      Мөн энэ асуудлыг Үндэсний аудитын газар шалгаж барилгын ажлыг хойшлуулах үндэслэлтэй төсөвт өртөг нэмэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг тогтоосон. Цагдаагийн байгууллага, Авилгатай  тэмцэх газар мөн асуудлыг давхар шалгаж Арвис Интернэйшнл ХХК буруугүй гэдгийг тогтоосон. Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6/100/1684 дугаар дүгнэлтээр уг барилга угсралтын ажил 47 хувьтай хийгдсэн гэдгийг тогтоосон. Манай компани 47 хувийн гүйцэтгэл хийхдээ 3.695.236.657 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс захиалагч тал 2.724.594.000 төгрөгийн санхүүжилт хийсэн ба зөрүү 970.642.657 төгрөгийг манай тал өөрсдөө гаргаж санхүүжүүлсэн. Үүнийг Эрүүл мэндийн яам болон манай компанийн 2015 оны 5 дугаар сарын 06-нд тооцоо нийлсэн акт нотолдог. Гэтэл Эрүүл мэндийн яам ажил гүйцэтгэх БУ12/11 дугаартай гэрээг цуцалж буй шийдвэрээ 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  2/3016 тоот албан бичгээр  мэдэгдсэн. Энэ захиргааны байгууллагын шийдвэр нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. 

      Ажил гүйцэтгэх БУ/12/11 дугаартай гэрээний 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас гэрээг цуцалсан бол эхэлж ямарваа нэг тушаал шийдвэр гарч түүнийг танилцуулах, мэдэгдэж, барилгыг хүлээн авах хүлээлцэх ажлын хэсгийг хоёр талаас байгуулах, манай талаас гарсан зардлуудыг төлж барагдуулсны дараа гэрээг цуцлах ёстой байсан гэвч ямар ч зардлыг шийдвэрлээгүй. Зөвхөн авсан санхүүжилтээс илүү манайх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын зардал 970.642.657 төгрөг болсон үүн дээр 2013 оны 3 дугаар сард хамгийн сүүлд санхүүжилт хийснээс хойших ажил зогссоны дараа уг барилгыг хадгалах хамгаалахтай холбоотой зардлууд нэмэгдэнэ. Манай компани уг ажлыг төсөв нэмэгдүүлэн батлагдсаны дараа үргэлжлүүлэн хийхээр 2016 оны 5 сард Эрүүл мэндийн Яамны зохих албаны хүмүүстэй хуралдаж хуралдаан дээр үүнийг зөвшөөрч байсан. Иймд бид энэ барилга угсралтын ажлыг гэрээний дагуу цаашид үргэлжлүүлэн хийнэ гэсэн итгэл төгс байсан учир манай талаас гаргасан зардлуудыг өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлээгүй нэмж харуул хамгаалалтын зардлыг гаргаж байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт “...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах,...” гэж заасны дагуу манай компани Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхтэй тул нэхэмжлэлийг гаргаж байна. Эрүүл мэндийн Яамнаас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгээр ирүүлсэн ажил гүйцэтгэх БУ12/11 гэрээг цуцалсан шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа тул тус яамнаас гаргасан ажил гүйцэтгэх БУ12/11 гэрээг цуцалж буй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрсдөө тендер зарласан гэж тайлбарлаж байна. Энэ бол худлаа 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас тендер зарла гэсэн утгатай албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга явуулсан байдаг.        Аль ч Засгийн газрын үед Төсвийн тодотголын тухай хуулиар 15 хувиас дээш нэмэгдсэн ч гэсэн гэрээг шууд байгуулж ажилладаг жишиг байдаг. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтэц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх гэж заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно” 40.4.1-д “хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн”, 40.4.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн гэсэн заалт байгаа. Үнийн индекс яаж өөрчлөгдсөн гэхээр захиалагч нь гүйцэтгэгчтэй тухайн үеийн Төсвийн тухай хуулиар батлагдсан арга хэмжээний төсөвт өртгийг үндэслэн гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт ажлууд гарсан, арга хэмжээний ажлын зураг төслийн магадлалын дүгнэлтээр баталгаажих үед төсөвт өртөг нэмэгдсэн, Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм болон Барилгын төсөв зохиох дүрэм, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан. Өөрөөр хэлбэл энэ барилга угсралтын гэрээ байгуулагдсанаас хойш улсаас гаргасан норм, норматив, үнэлгээ зэрэг нь өөрчлөгдсөн. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж манай талаас үзэж байгаа” гэв.

      Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “БУ12/11 дугаар “Геронтологийн төв, Ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гэрээ”-г байгуулж, 2.995.162.425 төгрөгөөр дээрх барилга угсралтын ажлыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор гүйцэтгэхээр тохиролцсон. БУ12/11 дугаар гэрээгээр 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 999.982.447 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 724.611.553 төгрөг буюу нийт 2.724.594.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Анх байгуулсан гэрээгээр нийт 2.995.162.425 төгрөгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгахаар байсан боловч анх байгуулсан гэрээний санхүүжилтийн 90 хувийг А ХХК-д төлөөд байгаа билээ.

       Барилга угсралтын ажил гүйцэтгэж байх явцдаа Арвис интернэйшнл ХХК нь улсын Төсвөөс төсөвлөгдсөн 2.995.162.425 төгрөг нь барилга угсралтын ажилд хүрэлцэхгүй байгаа гэдэг шалтгаанаар Эрүүл мэндийн яаманд хандаж, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 6/100/1684 тоот дүгнэлтээр гэрээний үнийн дүнгийн 66.8 хувийг Эрүүл мэндийн яамнаас төлсөн байхад нийт ажлын 47 хувийг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Мөн А ХХК-иас мэргэшсэн төсөвчнөөр 2012 оны хяналтын төсвийг 7.392.867.000 төгрөгөөр зохиолгож, Эрүүл мэндийн яамны 2012 оны 11 дүгээр сарын 15-ны 356 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Барилгын хөгжлийн төвийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2/247 дугаар албан бичгээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалын дагуу өөрчлөгдсөн төсөвт өртгийн дүн 7.392.867.000 төгрөгөөр хянагдаж, орон тооны бус экспертийн гаргасан магадлалын дүгнэлтээр баталгаажсан. Гэрээт төсөвт өртгийн зөрүү 4.397.700.000 төгрөгийг улсын төсөвт тусгуулахаар барилга угсралтын ажлыг 2013 оны 7 дугаар сараас эхлэн зогсоогоод байсан.

       Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийн салбарын төсөвт өртөг нь үндсэн гүйцэтгэгчтэй анх байгуулсан гэрээний дүнгээс босго үнэ нь 15% ба түүнээс дээш хувиар нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг анх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нэр бүхий үндсэн гүйцэтгэгч нартай шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр саналыг боловсруулж, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1а/2555 дугаар албан бичгээр яамдуудаас санал авч нэгтгэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1а/2718 тоот албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг үндэслэл болгожээ. 2 жилээс дээш хугацаагаар хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс болон суурь үнэ огцом өссөн тохируулга хийхээр гэрээнд тусгаж болох тухай зохицуулалт болно. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 буюу гүйцэтгэгч нь барилга байгууламжийн суурь, хана, хүчилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх гэсэн заалт нь шийдвэрлэхээр зорьж буй асуудалд хамааралгүй зохицуулалт болно. Төсөвт өртөг нь анхны гэрээний үнийн дүнгээс 15 хувь ба түүнээс дээш хувиар нэмэгдсэн тул шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх боломжгүй бөгөөд дахин тендер шалгаруулалтыг явуулах нь зүйтэй гэсэн тул 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 тоот албан бичгээр А ХХК-д барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарлах болсныг мэдэгдсэн билээ. Гэтэл А ХХК нь Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсөн шийдвэр гаргасан мэтээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр тайлбарласан байгаа бөгөөд А ХХК-иас нотлох баримтаар хавсаргасан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэл нь Эрүүл мэндийн яаманд хамааралгүй, зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Барилгын хөгжлийн төвд хамаарах тул нотлох баримтанд тооцох боломжгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 А ХХК-иас “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгээр ирүүлсэн ажил гүйцэтгэх БУ12/11 гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр А ХХК-тай байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар  албан бичгээр 2017 оны улсын төсөвт батлагдсан хөрөнгө нь гэрээний үнийн дүнгийн 15 хувиас хэтэрч байгаа тул барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарлах болсныг мэдэгджээ. 

        Нэхэмжлэгч А ХХК нь Эрүүл мэндийн яамнаас зарласан Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцон шалгарч, ажил гүйцэтгэх БУ-12/11 дүгээр гэрээг  2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, гэрээний талууд харилцан зөвшилцөж, А ХХК болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/11 дугаар гэрээ сунгасан актаар гэрээний ажлын гүйцэтгэх хугацааг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан  байна.

       Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 6/100/1684 дүгнэлтээр  “...Геронтологийн төв, ахмадын эмнэлгийн цогцолбор барилгын инженерийн гадна шугам сүлжээний асуудлыг шийдвэрлээгүй байхад тендер зарлан барьж эхэлсэн нь уг эмнэлгийн барилгын ажил удааширч ашиглалтад  орох хугацаа хойшлож байна. Тендерээр хийгдэх барилга угсралтын ажлыг 47 хувьтай байна” гэжээ.

        Нэхэмжлэгч, хариуцагч буюу захиалагч Эрүүл мэндийн яам, гүйцэтгэгч А ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж  “...дээрх барилгын ажлыг анх тендер зарлахдаа барилгын зургаар биш тендерийн бичиг баримтад заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон, зураг төсөл нь экспертизээр ороогүй байхад улсын төсөвт тодорхой мөнгө тавигдсан, ажлын тоо хэмжээ нь батлагдсан төсвөөс зөрүүтэй, 2006 онд 1 м.кв нь 238000 төгрөгөөр батлагдсан тул төсөвт өртгийг дахин тооцож, шинээр төсөв хийлгэж, батлагдсан төсөвт өртгийг 2013 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг дуусгах”-аар шийдвэрлэсэн байна.

       Үүний дагуу Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын төсвийг шинээр хийлгэж, 7.862.205.652 (долоон тэрбум найман зуун жаран хоёр сая хоёр зуун таван мянга зургаан зуун тавин хоёр) төгрөгийн төсөвт өртгийн магадлалыг Барилгын  хөгжлийн төвөөр баталгаажуулсныг уг барилгын захиалагч  Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга, хяналтын инженер болон гүйцэтгэгч байгууллага болох А ХХК-ийн захирал, менежер 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  хамтарсан хуралдаанаар хүлээн зөвшөөрчээ.

Гэвч дээрх санхүүжилт буюу барилгын ажил гүйцэтгэлийн төлбөр хугацаандаа хийгдээгүйгээс А ХХК-ийн барилга угсралтын ажлыг 2013 оны 7 дугаар сараас зогсоосон болох нь  2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар албан бичгүүд, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн  Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй А ХХК-ийн удирдлагуудын хийсэн уулзалтын тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн сайдад хандсан албан бичгүүд болон Үндэсний аудитын газраас 2014 онд Хөрөнгө оруулалтын арга хэмжээнд дүн шинжилгээ хийсэн дүгнэлтээр  тогтоогдож байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1а/2718 дугаар  албан бичгээр Эрүүл мэндийн салбарын төсөвт өртөг нь үндсэн гүйцэтгэгчтэй анх байгуулсан гэрээний дүнгээс 15 ба түүнээс дээш хувиар нэмэгдэж батлагдсан, төсөл арга хэмжээний тендерт шалгаран барилга угсралтын ажил гүйцэтгэж буй үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулгыг хүргүүлжээ.

Монгол улсын Засгийн газрын   2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлд  “... төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан барилга угсралтын ажил нь 2 жилээс дээш хугацаанд хэрэгжиж байгаа болон 40 ба түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа боловсрол, соёл, биеийн тамирын салбарын зарим төсөл, арга хэмжээний ажлын үнэнд тохируулга хийх аргаар хугацаа сунгах гэрээг барилгын ажил гүйцэтгэгч нартай байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгасан байна.

Харин Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын асуудлыг дээрх байдлаар шийдвэрлээгүй бөгөөд  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1174 дүгээр  албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Геронтологийн төвийн барилгын ажлын худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг хүссэний дагуу тус газраас барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг явуулсан боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор А ХХК нь Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын сонгон шалгаруулалтыг зарласан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ТӨБЗГ/201700005 дугаар тендерийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2017/0817 дугаар  захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

        Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно”, 40.4.1-д “хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн”, 40.4.2-т “суурь үнэ огцом өөрчлөгдсөн” гэж заасан зохицуулалтыг хэрэглэж, Арвис интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэж буй Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын ажлын гэрээг Монгол улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр  сунгаж, цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь захиалагч, гүйцэтгэгчийн хэн алинд цаг хугацаа, төсөв хөрөнгийн хувьд ач холбогдолтой байдал үүсэхээр байна.

Иймд нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгээр ирүүлсэн ажил гүйцэтгэх БУ12/11 гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр А ХХК-тай байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр А ХХК-тай байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, 40.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Арвис интернешнл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/3016 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын гэрээг Монгол Улсын Төсвийн тухай хуульд батлагдсан дүнгээр А ХХК-тай байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН