Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2081

 

 

Д.Төмөрсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Төмөрсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монстрой” ХХК-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 40 204 780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Төмөрсүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Төмөрсүх миний бие 2012 оноос эхлэн “Монтсрой” ХХК-ийн хайрганы үйлдвэрээс өөрийн 13-78 УНН улсын дугаартай Хово, 59-45 УНУ улсын дугаартай Нордбенз, 31-28 УНС улсын дугаартай Нордбенз маркийн машинуудаар хайрга зөөн захиалагчид хүргэж өгөх ажлыг гүйцэтгэж байсан. 2012-2013 онд нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 100 431 400 төгрөг болсон бөгөөд түүнээс “Монтсрой” ХХК нь бэлнээр, дансаар, хайрга хэлбэрээр нийтдээ 67 410 000 төгрөгийн төлбөрийг төлсөн, үүнээс 33 021 400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2013 оны 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд тус компанийн хайрганы үйлдвэрээс 0.5 хайрга /зуурмагны элс/, 10x20 чулуу зэрэг ачааг 1 м.кубыг 9 000 төгрөгөөр зөөдөг байсан. 2013 оноос хойш тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байгаа ч тус компани захирал удахгүй өгнө, үлдэгдэл төлбөрийнхөө оронд Модны 2 хоёрт байрлах байр авчих гэх мэтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан. Хэрвээ байр өгвөл тухайн үеийн зах зээлийн ханшаар нь тооцоод авч болно гэж хүлээсэн ч одоог хүртэл төлбөрөө ч төлөөгүй, байр ч өгөөгүй, сүүлийн нэг жилийн хугацаанд миний утсыг огт авахгүй байгаа, уулзахаар удаа дараа хайрганы үйлдвэрт нь очсон ч уулзахгүй зугтааж байна. Тиймээс 2013 оны 8, 9, 10 дугаар саруудад гүйцэтгэсэн ажлын төлбөр огт төлөгдөөгүй байх тул шүүхээс тус нөхцөл байдлыг харгалзан үзэж “Монтсрой” ХХК-иас ажил гүйцэтгэсэн төлбөр болох 40 204 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь иргэн Д.Төмөрсүх нь манай компаний хайрганы үйлдвэрээс хайргыг захиалагчид хүргэх ажлыг гүйцэтгэхдээ гэрээ байгуулдаггүй байсан ба хайрганы үнийг м.куб тутамд 7 500 төгрөгөөр тооцож тухай бүр дансаар, бэлнээр, хайргаар төлбөрийг авч байсан. Мөн тээврийн хөлсөнд дунд гарын жип автомашиныг зах зээлийн үнэлгээ нь 6 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 3 000 000 төгрөгөөр бодож 2013 онд шилжүүлж өгсөн ба Д.Төмөрсүхэд төлөх төлбөр байхгүй. Харин ч бид харилцагч байгууллагуудаас хайрганы төлбөрийг дансаар хүлээн авахдаа татвар төлдөг боловч Д.Төмөрсүхэд тээврийн хөлсийг төлөхдөө татвар суутгадаггүй төлдөг байсан. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн номер дугааргүй, “Ажил гүйцэтгэх гэрээ” гэгчийг Д.Төмөрсүх авч ирэн “банкнаас зээл авах гэсэн юм, энэ гэрээнд тамга дараад гарын үсэг зураад өгөөч үнэ, хугацаа зэргийг өөрөө биччихье” банкнаас асуугаад болно нотариат хийгээд өгөөрэй гээд хоосон гэрээн дээр тамга, гарын үсэг даруулаад авч явсан. Хамтран ажиллаж байсан болохоор амьдрал ахуйд нь дэм тус болох үүднээс сайхан сэтгэл гарган авчирсан гэрээнд нь гарын үсэг зурж, тамга дарсан. Энэ гэрээ нь тээвэрлэлтийн гэрээ биш, агуулга нь “Барилгын ажлын гүйцэтгэх гэрээ” учраас биелэгдэх боломжгүй, гэрээнд тээвэрлэлттэй холбоотой үг, үсэг заалт огт байхгүй болно. Энэхүү гэрээг зөвхөн ганц хувь үйлдээд Д.Төмөрсүх өөрөө авч явсан бөгөөд уг гэрээнд сайн дураараа м.кубыг 9 000 төгрөг гэж бичээд үндэслэлгүйгээр төлбөр нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Монстрой” ХХКомпаниас 23 078 700 төгрөг гаргуулж Д.Төмөрсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 126 080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 359 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 266 722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Ж.Содномдаржаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 117 удаагийн ачилтаар 1634 м.куб ачаа болон 25 удаагийн ачилтаар 200 000 төгрөгөөр ачаа ачсан нотлох баримтыг өгсөн. Өөрийн автомашинаар 25 удаа х 200 000 төгрөг= 5 000 000 төгрөг, 1023 м.куб хайрга х 9 000 төгрөг= нийт 9 200 000 төгрөг, 611,2 м.куб элс х 9 000 төгрөг= нийт 5 500 000 төгрөг, нийтдээ 19 700 000 төгрөг авах ёстойгоос 2012 онд бэлнээр 7 900 000 төгрөгийг хүлээн авсан байх бөгөөд үлдэгдэл 11 800 800 төгрөгийг 2013 онд төлсөн. Гэтэл шүүхээс ямар ч нотлох баримт байхгүй гэж үзээд хасч байгаа нь үндэслэлгүй байна. 2013 онд хамтарч ажиллаж байх үед “Монстрой” ХХК-ийн захирал надад хандаж ямар ч мөнгөгүй болсон, мөн шатахуунгүй болсон шатахуун өөрийн танилын ШТС-аас зээлж өгөхийг хүссэн би өөрийн нэрээр зээлж буцаан төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээс “Монстрой” ХХК-иас надад шилжсэн бүх мөнгийг зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр шилжсэн төлбөр гэж дүгнэж байгаа нь буруу байна. Тухайн үедээ энэ асуудал дээр ямар ч маргаан гараагүй, шатахууны төлбөрийг төлөгдсөн байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй. зөвхөн хариуцагчаас хүлээн авсан төлбөрүүдийн үндэслэлийг тайлбарлаж байх явцад олж мэдсэн мэдээлэл дээрээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч байгаа нь огт үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй ямар төрлийн гэрээ байгуулсанд бус гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон эсэх тухайн харилцааг тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулах харилцаа байсаар байтал шүүх үүнийг барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн хуулийг буруу ашиглаж байгаа юм. Энэхүү гэрээг зөвхөн ганц хувь үйлдээд нэхэмжлэгч өөрөө авч явсан нь бөгөөд уг гэрээнд тээвэрлэлттэй холбоотой ямар ч зүйл заалт байхгүй болно. Мөн хариуцагчийн зүгээс мөнгөн төлбөр шилжүүлсэн баримтууд болон удаа дараа м.куб 7 500 төгрөгөөр тооцож олгосон мөнгөний баримт болон банкны гүйлгээний хуулга байсаар байтал шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд авч үнэлэж хэрэглэсэнгүй шүүгч өөрийн үзэмжээр хэт нэг талыг барьж хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хуулийг буруу тайлбарласан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээний 1, 2, 3, 4 дэх заалтууд дээр нөхөж бичсэн гар бичвэрүүд дээр шинчээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч Д.Төмөрсүх нь уг бичвэрүүдийг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөөр шүүх хүсэлтийг хүлээж аваагүй болно.

Гэтэл шүүх уг ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйл болох ажлийн хөлс м.куб 9 000 төгрөгууд талууд тохиролцож хөлсөөр ажилласан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэг авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт нийцээгүй. Мөн нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлагыг хангаагүй нотлох баримт байсаар байтал шүүх нотлох баримтын шаардлага хангасан байдлаар үнэлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байсаар байтал шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-т энэхүү гэрээ нь нотариатаар орсноор хүчин төгөлдөр болно гэж заасан байхад уг гэрээ нь нотариатаар ороогүй байхад шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийг 167.1.4-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Төмөрсүх нь хариуцагч “Монстрой” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 40 204 780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2012 оноос эхлэн хамтран ажиллаж нэг удаагийн рейсийг 7 500 төгрөгөөр тохиролцож тээвэрлэлтийн хөлсийг тухай бүрт нь бэлнээр болон дансаар, бусад эд хөрөнгөөр төлдөг байсан, нэхэмжлэгчид төлөх ямар нэгэн төлбөр байхгүй гэж маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь тогтоосон ачааг тогтоосон газар нь хүргэж өгөх, хариуцагч нэхэмжлэгчид хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь карьерийн элс хайргыг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зөөх бөгөөд уг зөөж буй нэг м.куб элс хайргыг 9 000 төгрөгөөр тооцох нөхцлийг хариуцагчтай тохиролцсон болно.

 

Хариуцагч дээрх гэрээг нэхэмжлэгч зээл авахад баримт хэрэгтэй гэж гуйхаар нь хоосон бланк дээр гарын үсэг зурж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн 3 автомашинаар 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 8806.3 м.куб элс хайрга, “Зитоп” ХХК болон Баянхошууны блокны үйлдвэрт 78 удаа, нэг рейсийг 144 000 төгрөгөөр тооцож элс хайрга зөөж байсан үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэг м.куб элс хайргыг 9 000 төгрөгөөр хөлсийг тохиролцсон гэж, хариуцагч нь нэг м.куб элс хайргыг 7 500 төгрөгөөр хөлсийг тохиролцсон гэж тус тус маргасан талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзвэл уг гэрээнд нэг м.куб элс хайргыг 9 000 төгрөгөөр хөлсийг тохиролцсон гэж дүгнэхээр байх бөгөөд уг үнийг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 3 380 литр дизель түлшний үнэ 5 915 000 төгрөг, 2012 онд хийсэн ажлын үлдэгдэл 11 800 800 төгрөгийг төлөх ёстой, хариуцагчийн түүнд төлсөн 67 410 000 төгрөгөөс хасч тооцсон гэх боловч уг төлбөр нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамааралгүй, нотлосон баримтгүй тул дээрх төлбөрийг хариуцагчийн төлсөн төлбөрөөс суутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч талуудын хооронд 2012 онд байгуулагдсан гэрээний нөхцлийг 2013 оны гэрээний нөхцлөөр тохирсон гэдгийг нотлохгүй тул нэг м.куб элс хайргыг 9 000 төгрөгөөр хөлсийг тооцох боломжгүй, талууд өөрөөр тохиролцох боломжтой байсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажиллагч хөлсөөр ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэсэн байх тул ажиллуулагч гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзэж 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Д.Төмөрсүхийн 8806.3 м.куб элс хайргыг зөөвөрлөсөн ажлын хөлсөнд м.куб тутмыг 9 000 төгрөгөөр тооцож 79 256 700 төгрөг, 78 удаагийн явалтын нэг удаа рейс тутам 144 000 төгрөгөөр тооцож 11 232 000 төгрөг, нийт 90 488 700 төгрөгийн хөлсийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 67 410 000 төгрөгийг хасч, үлдэх 23 078 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 126 780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

2013 онд хамтарч ажиллаж байх үед “Монстрой” ХХК-ийн захирал мөнгө  шатахуунгүй болсон тул шатахуун түгээх станцаас зээлж өгөхийг хүссэн учраас өөрийн нэрээр зээлж төлсөн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээс “Монстрой” ХХК-иас надад шилжсэн бүх мөнгийг зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжсэн төлбөр гэж дүгнэж байгаа нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Гэрээний гараар бичсэн хэсгийг нэхэмжлэгч бичсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шинжээч томилуулж хэн бичснийг нотлуулах шаардлагагүй ба нэг м.куб элс хайргыг 7 500 төгрөгөөр хөлсийг тохиролцсон эсвэл 9 000 төгрөгөөр хөлсийг тохиролцсон талаар шинжээч дүгнэлт гаргах боломжгүй тул шинжээч томилуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Төмөрсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 580 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ