Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 744

 

Г.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Энхмэнд,

          хохирогч А.Г,

          шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч С.Б,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2017/ШЗ/192 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Т-д холбогдох 1707 0003 40008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ол овгийн Г-ын Т, 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазад Тээвэрлэлт үйлчилгээний албаны 2 дугаар хэсэгт жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамжны 13/5 дугаар байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тэрэлжийн шугуйд байрлах “Дэлгэрхайрхан” амралтын газарт иргэн А.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Т-д холбогдох эрүүгийн 1707 0003 40008 дугаартай хэргийг прокурорт буцааж, дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх Баяндоржоос мэдүүлэг аваагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 7, 8, 10, 11 дэх хэсэг, мөн зүйлийн 6.3 дахь заалтуудад зааснаар оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулж, тэмдэглэл үйлдэх, оролцогчоос гаргасан хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх ажиллагаануудыг зөрчиж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 1.14 дэх хэсэгт заасан хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг хууль бусаар хязгаарласан байна.

Иймд дээрх ажиллагааг хийлгэхээр Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн шүүгчийн захирамж гаргах хуулийн зохицуулалттай огт хамааралгүй заалтыг удирдлага болгож шүүгчийн захирамж гаргасан нь баримтлавал зохих хуулийн заалтыг зөв баримтлаагүй, хамааралгүй, хэрэглэх ёсгүй зүйл заалтыг удирдлага болгосон.

2. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шийдвэрийнхээ үндэслэлийг бичихдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 1.14 дэх хэсэгт...” гэсэн зүйл, хэсэг, заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байхгүй байна. Хуулинд байхгүй зүйл, заалтыг үндэслэх, Тодорхойлох хэсэгт бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Г.Т-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарагдаж байна. Шүүх хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх тов тогтоох тухай захирамж гаргаж хэргийг хүлээн авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Дээрх байдлаар хуулийн заалтуудыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үзэхээр байна.

4. Шүүхийн шийдвэрийг прокурорын газарт гардуулж өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр прокурорт ирүүлсэн.

5. Г.Т-д хэргийн материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч тэмдэглэл үйлдсэн, мөн хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйл, заалтыг зөрчөөгүй байна.

6. Шүүх хэргийг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоогоогүй гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хохирогч, яллагдагч нар согтуу байсан байдал, А.Г нь Г.Т-ыг орноос унагасан зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болсон нь хохирогч А.Г-ийн 2017 оны 7 дугаар сарын 8, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд өгсөн “...Б.Б гэх эмэгтэй над руу ирээд энэ хоёр хүнийг салгаад өгөөч гэхээр нь дагаад гэрт ортол Г.Т, Б.О хоёр орон дээр хэвтэж байхаар нь эмэгтэйг нь аваад нөгөө орон дээр унтуулах гэсэн чинь Г.Т үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт 2, 3 удаа цохисон, манай ажлынхан орж ирээд бид хоёрыг салгасан. Хэсэг хугацааны дараа учраа олох гээд гэрээс бага зэрэг зайдуу очоод ингэж болохгүй, миний үүдэн шүд ийм болчихлоо гэсэн чинь улам уурлаад миний нүүр лүү 2, 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-5-8/,

Гэрч Б.Б-гий 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “...Б.О бид хоёрыг гэр дотор унтаж байхад Г.Т орж ирээд бид хоёрын дундуур унтана гээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би А.Г-ийг дуудаад Г.Т-ыг өөр орон дээр унтуулаад өгөөч гэхэд А.Г орж ирээд Г.Т-ын цаагуур хэвтэж байсан Б.О-ийг өргөх үедээ Г.Т-ыг санаандгүй байдлаар орноос нь унагасан, Г.Т босч ирээд намайг газар унагалаа гээд маргалдаад, гадагш гарч зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-10/,

Яллагдагч Г.Т-ын 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “...манай хамт олон амралтын газарт байх хугацаандаа түр авсан Монгол гэр лүү ороод Б.О, Б.Б гэх хоёр эмэгтэйн дундуур ороод хэвтээд унтаад өгсөн. Нэг мэдсэн чин нэг хүн намайг орноос татаад унагахлаар нь босоод ирэхэд А.Г зогсож байсан. Тэгэхээр нь яагаад намайг орноос татаж унагааж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ гээд жаахан цааш нь түлхэхэд тэр миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод явсан. Тэгээд би нэг цохиулчихаад гадагшаа гараад ирэхэд А.Г, Б.Б хоёр миний хойноос гэрээс гарч ирсэн ба А.Г “муу бацаан минь” гэж намайг хэл амаар доромжлоод хөлөөрөө миний хэвлий рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөх гэхэд түүнийг онож цохиогүй ба бид хоёрын дундуур Б.Б ороод ирсэн. Тэр үед А.Г миний толгой руу хэд хэдэн удаа угсруулаад цохиод авах үед би түүний нүүр лүү хоёр гараараа 2 удаа угсруулаад цохиход амнаас нь цус гарсан. Тэр үед манай ажлынхан хүрч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд А.Г зүгээрээ бид хоёр хоорондоо зохицно гээд намайг дагуулаад гэрээс зайтай очингуутаа “чи муу охин Ерөөлтийн дүү биз дээ, чамайг яавал яана ш дээ, миний дүү прокурор шүү, чи миний шүдийг төлж өгөөрэй” гэх мэтээр над руу хэл амаар дайрч, давшлаад сүрдүүлж доромжлоод байсан. Тэгж байгаад миний нүүр лүү гараараа цохихлоор нь би зөрүүлээд түүний нүүр, шанаа руу нь хоёр гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд байж байхад Заяа гэдэг манай ажлын ах ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Г.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Г.Т-д холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2017/ШЗ/192 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хэргийн газарт Баяндорж гэх хүн байсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэгт авагдаагүй байх тул Баяндоржийг гэрчээр байцаах үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгч Г.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хангалттай нотлон тогтоосон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан баримт хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдол хавтас хэрэгт байхгүй, шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээр Г.Т-д холбогдох хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Г.Т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2017/ШЗ/192 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ