| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04464/и |
| Дугаар | 4464 |
| Огноо | 2016-05-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 4464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бодь цамхаг, 3 дугаар давхар, 301 тоот хаягт байрлах Бодь даатгал ХХК /РД:2088606/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 68/1 “Logos office”-ийн байр, 7 дугаар давхар, 701 тоот хаягт байрлах Албан журмын даатгагчдын холбоо ТББ /РД:8061866/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгий, 8 дугаар гудамж, 175 тоот хаягт оршин суух Ц.Октябрь /РД:БЕ86113011/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит, 35-610 тоот хаягт оршин суух Б.Түвшинжаргал /РД:ЧЗ77061674/ нарт холбогдох 6,640,700.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч Албан журмын даатгагчдын холбоо ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсэлэнгэ, А.Алтантуяа, хариуцагч Ц.Октябрь, Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Ц.Октябрь нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 58-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 05-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан.
Тус 05-01 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Баттөмөр нь тээврийн хэрэгслээ Бодь даатгал ХХК-нд даатгуулсан байсан тул даатгуулагчийн нэхэмжилснээр бид 5,491,800.00 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Ингэснээрээ Иргэний хуулийн 443.7 дах заалтад зааснаар даатгуулагчаас шаардах эрхийг шилжүүлэн авч, иргэн Ц.Октябрьтай Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч тэрээр төлбөрөө төлсөнгүй.
Иргэн Б.Түвшинжаргал нь Ц.Октябрийн Төлбөр барагдуулах гэрээнд Батлан даалт гаргаж, Ц.Октябрь төлөхгүй бол төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүний дагуу иргэн Б.Түвшинжаргалыг хамтран хариуцагчаар тодорхойлон тус төлбөрийг нэхэмжилж байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1. дэх заалт, Даатгалын тухай хуулийн 12.3.3 дахь заалтуудын дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолооч, иргэний гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд Албан журмын даатгагчдын холбоо ТББ нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Хариуцагч Ц.Октябрь нь жолоочийн хариуцлагагын даатгалгүй байсан тул бид энэхүү асуудлаар тус байгууллагаас нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч уг байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан ба манай компанийн зүгээс дээрх нөхөн төлбөрийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ч бидний гомдлыг хангаагүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу хариуцагчаар тодорхойлсон этгээдүүд хамтран хариуцагч бөгөөд мөн хуулийн 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу Бодь даатгал ХХК нь төлбөрийг тус этгээдүүдийн хэн альнаас нь ч шаардах эрхтэй.
Мөн хариуцагч Ц.Октябрь нь даатгагчтай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр тогтоосон графикийн дагуу төлбөр төлөөгүй тул түүнээс гэрээний 1.7 заалтад “даатгуулагч гэрээгээр тогтоосон графикийг зөрчиж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд даатгагч нь үлдсэн үнийн дүнг бүхэлд нь төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд үлдсэн нийт үнийн дүнгээс алданги тооцогдоно”, 1.5 дахь заалтад төлөгдвөл зохих үнийн дүнг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тус тус заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 4,297,800.00 төгрөгийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй.
Алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 2,148,900.00 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байна. Үүнээс үндсэн төлбөр 4,491,800.00 төгрөгийг Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас, алдангийн 1,148,900.00 төгрөгийг Ц.Октябриас, үлдэх 1,000,000.00 төгрөгийг батлан даагч Б.Түвшинжаргалаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Албан журмын даатгагчдын холбоо ТББ нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т энэ хуулийн 18.1-д заасан нөхөн төлбөр олгох зориулалтаар жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулахаар, мөн хуулийн 23.2 дахь хэсэгт жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно гэж тус тус заасан.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан нь хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгохоор хуульчилсан байх бөгөөд тус хуулийн 3.1.10-д хохирогч гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд эсхүл даатгалын тохиолдлын улмаас амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг ойлгоно гэжээ.
Гэтэл хохирогчийн зүгээс тус холбоонд хандаж даатгалын тохиолдлын талаар мэдэгдсэн болон нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл гаргасан талаарх нотлох баримт болон бүртгэл байхгүй байна.
Дээр дурьдсан хуулийн 13.6-д даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна гэж заасан байх ба мөн хуулийн 13.2.2-т зааснаар даатгалын тохиолдлын талаар шуурхай албанд мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй даатгуулаагүй жолоочийн нөхөн төлбөрийг тус хуулийн 20.1.2-т зааснаар даатгагч буюу Бодь даатгал ХХК нь жолоочоос нэхэмжлэх нь зүйтэй юм.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 21.1-д жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 12.3.3-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын бусад даатгалын сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэж заасан байх тул Бодь даатгал ХХК-иас даатгуулагчтай байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийг тус холбооноос барагдуулах нь үндэслэлгүй болно.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагын албан журмын даатгагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.Октябрь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас одоо хүртэл төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард уул, уурхайн хайгуулын компанид ажилтнаар орж, хөдөө орон нутагт ажиллаж байхад ажлын талбайд осол гарсны улмаас ажил явуулахыг зогсоосон юм.
Ингээд миний бие уг компаниас 6,000,000.00 төгрөгийн цалингаа авч байж төлбөрөө барагдуулах гэсэн боловч тус компани нь бидэнтэй маргаан үүсгэсэн учраас Хан Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Одоогоор миний бие ажилгүй учир уг нэхэмжлэлийг барагдуулж чадахгүй байна.
Иймд, дээр дурьдсан цалингийн асуудал шийдэгдэхгүй байсан ч надад боломж олгож сар бүр 500,000.00 төгрөгөөр төлж барагдуулах санал байна. Миний бие Бодь даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 4,491,800.00 төгрөг болон алданги 2,148,900.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, гагцхүү сар бүр 500,000.00 төгрөг төлөх замаар барагдуулах тухай саналыг минь харгалзаж, хугацаа өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 400,000.00 төгрөгийг алданги гээд Бодь даатгал ХХК-нд төлсөн” гэв.
Хариуцагч Б.Түвшинжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Ц.Октябрийн үүргийг батлан даасан нь үнэн болно, гэвч хариуцагчийн зүгээс тодорхой шалтгааны улмаас төлбөрөө төлж барагдуулаагүй нь түүний ажлын байр хаагдсан, тогтмол орлогогүй болсонтой холбоотой юм.
Хариуцагч Ц.Октябрь төлбөрөө барагдуулахыг зөвшөөрч байгаа, зугтаагүй, төлбөр төлөх хугацааны талаар тайлбар гаргасан ба төлбөрийг хугацаанд нь төлөх асуудлыг шаардаж ажиллах болно, тэрээр 400,000.00 төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь хариуцагч Ц.Октябрь, Б.Түвшинжаргал болон Албан журмын даатгагчдын холбоо ТББ-д холбогдуулан 6,640,700.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Албан журмын даатгагчдын холбоо ТББ нь Монгол Улсын Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуульд тус тус зааснаар энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш, төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа бол хариуцагч Ц.Октбярь, Б.Түвшинжаргал нарын хувьд нэхэмжилсэн төлбөрийг Ц.Октябрь бүрэн хариуцаж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Ц.Октябрь нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны баруун замд иргэн Л.Сүхболдын эзэмшлийн Киа Оптима маркийн 58-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 2.7-д заасан “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Баттөмөрийн жолоодож явсан Тоёота ланд круйзер маркийн 05-01 УБӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний автомашинд хохирол учруулсан байна /хавтас хэргийн 66 дугаар хуудас/.
Энэхүү зам тээврийн ослын улмаас Ц.Баттөмөрийн эзэмшлийн автомашинд 5,297,800.00 төгрөгийн хохирол, иргэн Н.Сүхболдын эзэмшлийн автомашинд 613,500.00 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирлын үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 тоот авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар Ц.Баттөмөрийн эзэмшлийн автомашинд 5,027,800.00 төгрөгийн үнэ бүхий эд ангийг солих, эвдэрч, гэмтсэн эд ангийг солих, засварлахад 270,00.00 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан гэж дүгнэжээ /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас үзвэл хохирогч Ц.Баттөмөр нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-нд хандаж, өөрт учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж үзэж, нийт 5,676,800.00 төгрөгийн нөхөн төлбөр хүссэнээс даатгагч нь 5,491,800.00 төгрөгийн нөхөн төлбөрийг түүнд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон байна /хавтас хэргийн 28, 32 дугаар хуудас/.
Монгол Улсын Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус зааснаар даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтоох бол харин сайн дурын даатгалын хэлбэрийг Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо тогтоох юм.
Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 тоот тогтоолоор Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн баталсан ба тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3-т “авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалын хэлбэр”-ийг тогтоож, баталжээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар болон хохирогч Ц.Баттөмөрийн өргөдөл, Бодь даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгосон үйл баримтаас дүгнэвэл Бодь даатгал ХХК нь иргэн Ц.Баттөмөртэй байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг үндэслэн тус гэрээнд заасан даатгалын тохиолдлын улмаас түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгуулагчийн гаргасан өргөдөл, Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 тоот тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг тус тус үндэслэн 5,491,800.00 төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, мөн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэсэн заалтын дагуу хохирогч Ц.Баттөмөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь нөхөн барагдуулж, улмаар гэм хор учруулсан Ц.Октябриас хохирлыг нэхэмжлэх тухай шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Ц.Октябрь болон нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай гэрээгээр гэм хор учруулсан Ц.Октябрь нь тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 5,297,800.00 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр зөвшөөрч, даатгагчаас хохирлын үнэлгээний ажлын хөлс 194,000.00 төгрөгийг түүнээс нэмж нэхэмжлэхээр болсон байна /хавтас хэргийн 7 дугаар хуудас/.
Иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсэх үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учруулах, 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох зэрэг бөгөөд хариуцагч Ц.Октябрь нь бусдын эд хөрөнгөд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулснаар Ц.Баттөмөр болон түүний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бол Бодь даатгал ХХК болон Ц.Баттөмөр нарын хооронд байгуулсан Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсноор тэдгээрийн хооронд мөн адил иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.
Ийнхүү талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэнээр шаардах эрхтэй этгээдүүд үүрэг бүхий этгээдээс гэрээ болон хуульд заасан үүргээ гүйцэтгэх буюу учруулсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй болсон байна.
Гэтэл нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг үндэслэн уг байгууллагаас нэхэмжлэлийн зарим шаардлага болох 4,491,800.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3, Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд тус тус зааснаар жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас нөхөн төлбөр олгохдоо тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно” гээд 18.1.1-д даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан бол нөхөн төлбөрийг олгохоор зохицуулж, харин хохирогч гэдгийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т тодорхойлохдоо “даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг” тус тус хамруулсан байна.
Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдлын улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд өөрөө эсхүл тухайн этгээд нас барсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан хохирогчийн гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнийг хохирогч гэж ойлгохоор байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 327 тоот тогтоолоор баталсан Албан журмын даатгагчдын холбооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар энэхүү холбооны зорилго нь албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий даатгагчдыг нэгтгэх, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, гишүүд, даатгалын хохирогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд заасан үйл ажиллагаа явуулахад орших ба уг зорилгын хүрээнд холбоо нь тус дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.3-д хуульд заасны дагуу албан журмын даатгалын сан бүрдүүлэх, даатгалын сангаас хохирогчдод нөхөн төлбөр олгох, буруутай этгээдээс олгосон нөхөн төлбөрийг нэхэмжлэх зэрэг үйл ажиллагааг явуулах ажээ.
Иймд, нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь Жолоочийн даатгалын тухай 3 дугаар зүйлийн 3.1.7, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр шаардах эрхтэй тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан хохирогч биш юм.
Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилго нь тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, тэр дундаа даатгалгүй эсхүл даатгалын гэрээний хугацаа дууссан болон ослын газраас зугтаж, хариуцах эзэнгүй болсон гэм хорын хохирлыг нөхөн төлөх зорилготой бөгөөд Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нийтийн эрх ашгийн төлөө хуулиар тогтоосон албан журмын даатгалын нэг төрөл юм.
Иймд тус хуулийн 3, 9, 10 дугаар зүйл болон 11, 19 дүгээр зүйлд даатгалын үнэлгээ, суурь хураамжийн хэмжээ, түүнийг тогтоох итгэлцүүр, нөхөн төлбөрийг олгоход баримтлах зарчим, хохирогч зэргийг хуулиар шууд тусгайлан тогтоосон байх бөгөөд даатгуулаагүй жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд зөвхөн хохирогч этгээдийн өргөдлийг үндэслэн Жолоочийн даатгалын сангаас түүнд нөхөн төлбөр олгож, учирсан хохирлыг арилгах замаар иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх юм.
Гэтэл хохирогч Ц.Баттөмөр нь даатгуулаагүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас хохирсон боловч тэрээр дээрх хуульд зааснаар Жолоочийн даатгалын санд хандаж, нөхөн төлбөр олгох талаар аливаа хүсэлт гаргаагүй, даатгуулаагүй жолооч болох Ц.Октябрь нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 337 тоот тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар албан журмын даатгалын сангийн хөрөнгийг хуульд зааснаас бусад зүйлд зарцуулахыг хориглосон.
Иргэний хуулийн 432 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон сайн дурын даатгалын үйл ажиллагааны зарчим, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөр олгох хувь хэмжээ зэргийг даатгагч компаниас гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд талуудын хооронд байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцдог ба Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасан даатгалын багц дүрэм, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 тоот тогтоолоор баталсан Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журмаас үзвэл эдгээр даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт нь өөр, өөр байхаас гадна даатгалын сангийн хөрөнгө нь тусдаа байх ажээ.
Ийнхүү албан журмын даатгал болон сайн дурын даатгалын үйл ажиллагааны зарчим, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөр олгох хувь хэмжээ, журам, даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, нөхөн төлбөр шаардах эрх бүхий этгээдүүд тус, тусдаа байхад нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь сайн дурын даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тусгайлан баталсан сангаасаа нөхөн төлбөр олгож, Ц.Баттөмөрийн эрсдлийг үүрсэн атлаа Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас гаргасан зардал буюу нөхөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь буруу юм.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “даатгагч, жолоочийн даатгалын сан нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах эрхтэй” мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэлүүдээр даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэгэнт олгосон нөхөн төлбөрөө Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас нэхэмжилж байгаа нь цаашид тус холбооны хувьд дээр дурьдсан хуульд заасан мэдээлэл авах, нөхөн төлбөр олгохоос татгалзах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэх юм.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан бөгөөд нэгэнт зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь тус, тусдаа бие даасан харилцаа байх тул Албан журмын даатгагчдын холбоо ТББ нь Бодь даатгал ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй.
Иймд, Бодь даатгал ХХК нь Албан журмын даатгагчдын холбоо ТББ-аас 4,491,800.00 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Тээврийн прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 219 тоот дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /хавтас хэргийн 66 дугаар хуудас/, түүнчлэн хариуцагч Ц.Октябрийн тайлбар зэргээр тэрээр бусдын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Ц.Баттөмөрийн жолоодож явсан Тоёота ланд круйзер маркийн 05-01 УБӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний автомашинд хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иргэн Ц.Баттөмөрт учирсан тус хохирлыг даатгагч Бодь даатгал ХХК нь түүнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгосноор тус компанид Ц.Баттөмөрийн Ц.Октябраас учруулсан хохирлыг шаардах эрх нь хуулийн дагуу шилжсэн байна.
Нэгэнт хариуцагч Ц.Октябрь нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Баттөмөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан тул тэрээр уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугийн талаар маргахгүй байх тул 4,491,800.00 төгрөгийг Ц.Октябрь хариуцах нь зүйтэй болно.
Харин нэхэмжлэгч Бодь даатгал ХХК болон хариуцагч Ц.Октябрь нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай гэрээгээр тооцогдсон алдангийг хариуцагчаас гаргах нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч гэрээ нь гагцхүү хуульд нийцсэн байх ёстой.
Талуудын хувьд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлд тус тус заасан гэм хор учирснаар Ц.Баттөмөр болон хариуцагч Ц.Октябрь нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд энэхүү харилцаа үүссэнээр Бодь даатгал ХХК-нд даатгуулагч Ц.Баттөмөрийн өмнө Даатгалын гэрээгээр хүлээсэн нөхөн төлбөр олгох үүрэг үүсч, хэрэгжих үндэслэл бүрдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ц.Баттөмөрийн эд хөрөнгөд Ц.Октябрь хохирол учруулснаараа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн үүргийг хүлээсэн ба учирсан хохирлыг Даатгалын гэрээний дагуу Бодь даатгал ХХК нь нөхөн төлбөр хэлбэрээр барагдуулснаар уг компанид Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 513 дугаар зүйлд тус тус зааснаар тухайн хохирол буюу нөхөн төлбөр олгосон хэмжээгээр Ц.Баттөмөрийн шаардах эрх хуулийн дагуу шилжсэн.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан байна.
Энэ нь Ц.Октябрийн гэм буруутай үйлдлийн үр дүнд 5,297,800.00 төгрөгийн хохирол учирсан хууль зүйн факт үүссэн ба даатгагчид тухайн хууль зүйн факт буюу даатгалын хохирлын хэмжээнд олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлын хүрээнд шаардах эрх шилжих тухай ойлголт юм.
Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар гэм хор учруулсан үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй ба үүнийг шаардах эрхтэй этгээд нь зөвхөн өөрт байгаа шаардах эрхийг л гэрээ болон хуульд зааснаар бусдад шилжүүлэх боломжтой тул Бодь даатгал ХХК-ийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу анхнаасаа хохирогч Ц.Баттөмөрт байхгүй шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэхгүй.
Иймд, нэхэмжлэгч Бодь даатгал ХХК алданги болох 2,148,900.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй тул хариуцагч Ц.Октябриас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 400,000.00 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч, нийт 4,091,800.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан батлан даагч Б.Түвшинжаргалаас нэхэмжилсэн 1,000,000.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч Бодь даатгал ХХК нь хариуцагчийг өөрөө тодорхойлж, нэхэмжлэл гаргасан боловч тус компанийн нэхэмжлэлээр Ц.Октябрь хариуцагчаар татагдсан ба тэрээр гэм хор учруулсан, түүний учруулсан хохирлыг барагдуулж, түүнд тавих шаардлага хуульд зааснаар зохих ёсоор шилжсэн, хариуцагч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг биелүүлсэн зэрэг үйл баримтыг тус тус үнэлж, түүнээс 4,091,800.00 төгрөгийг гаргуулах болсныг үүгээр дурьдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Октябриас 80,420.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОРЛОО
Л.ЭНХЖАРГАЛ