Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0061

 

 

 

 

 

 

  2020           01           16                                     2020/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга:  Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

           Шүүгдэгч: А.Д-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905022331317 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д-, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байрны орчим насанд хүрээгүй Ц.Г-ийн эзэмшлийн Ай поне-6 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж авсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Г-нь “гар утсаа буцааж авъя” гэхэд өгөлгүй улмаар хүч хэрэглэн зодон дээрэмдэж нийт 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед өөрийн найз А-, Оргил, Саруул нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 45 дугаар байрны сагсны талбай дээр тоглож байтал надтай цуг тоглож байсан эрэгтэй хүүхдийн танил нэг ах нь сагсны талбай дээр ирээд хоёр литрийн Сэнгүр нэртэй том пиво авчираад намайг пиво аягалчих гэхээр нь би пиво аягалж өгсөн юм. Тэгээд тэр ах өөрөө нилээн согтуу болчихсон байсан бөгөөд би нэг танихгүй хүүхэдтэй гурвуулаа нэг караокенд оръё гээд хорооллын тэр хавиар караоке хайж явсан. Надтай байсан хүүхэд бас насанд хүрээгүй болохоор бид хоёрыг насанд хүрээгүй гээд 22 цагаас хойш оруулахгүй байсан юм. Тэгээд нилээн их караоке хайж явсаны эцэст 33 дугаар байрны хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг караокенд ороход тухайн караокений хүн “чи хэзээ энэ бугуйн цаг, гар утсаа авах юм бэ, тэглээч чи насанд хүрээгүй хүүхдүүдтэй уг караокед орохгүй” гээд тэр танихгүй ахаас асуухад нөгөө ах би наад хүн чинь биш гэсэн юм. Тэгээд нөгөө караокений ах нөгөө танихгүй ахын зурагтай иргэний үнэмлэхний лавлагааг гаргаж ирээд чи энэ биш үү гээд байсан. Тэгж байгаад бид гурав караокеноос гараад тэр ах үйлчилгээний хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг бааранд орсон. Тэрнээс өмнө караокеноос гараад гар утсаа авах гэж зөндөө хэлж оролдоход ердөөсөө миний гар утсыг өгөхгүй намайг зөөлөн цохиж бариад байсан. Тэгээд манай найз охин залгана гээд байсан. Тэр үед манай ээж над руу залгаад байсан юм. Тэгээд бааранд бид гурав цуг ороод тэндээс нэг, нэг шил пиво бид хоёрт авч өгөөд тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирэхэд нөгөө ах нэг хүүхэдтэй хамт баарнаас гарчихсан байхаар нь би араас нь гараад ахаа та хайчих гэж байгаа юм гээд асуухад чи наанаа байж бай гээд байсан. Тэгээд би дахин гар утсаа авах гэж нөгөө ахад хэлэхэд миний гар утсыг өгөхгүй уурлаж, чи эр хүн шиг бай гээд тааралдсан газар руу зөөлхөн зөөлхөн цохиод байхаар нь би сүүлдээ гар утсыг маань өгөхгүй юм байна гэж бодоод баарны гаднаас зугтаад нөгөө караоке дээр очоод гар утсыг маань түрүүний надтай орсон ах авчихлаа та иргэний үнэмлэхний хуулбарыг нь өгөөч гэхэд тэр караокений эгч надад туслаад өөрийнхөө гар утсаар зургийг нь дарж өгөөд зурагтай гар утсыг нь аваад машинтай хоёр цагдаа дээр очоод нэг танихгүй ах гар утсыг маань авчихаад ерөөсөө өгөхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 33-35/,

Насан хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний гар утсыг өгөхгүй болохоор нь утсаа авъя гэхэд намайг цохиод тэгээд намайг сууж байхад бөгс рүү хүчтэй өшиглөхөөр нь би ингэж байхаар үхнэ гээд явсан” гэсэн мэдүүлгүүд,

            Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд нөгөө 2 хүүхэдтэй цуг гараад явцгаасан юм.Тэгээд удаагүй 20-30 минутын дараа тухайн этгээдтэй явж байсан насанд хүрээгүй хүүхэд орж ирээд надтай хамт орж ирсэн ах намайг зодоод миний гар утсыг аваад явчихлаа, та гараад цагдаад тайлбарлаад өгөөч гэхээр нь би караокеноос гараад дуудлагын 2 цагдаа дээр очиж тайлбарлаж хэлээд нөгөө 2 цагдаад зургийг нь дараад өгөөд яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/,

            Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн харьяа Баянгол дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайшир 113 чиглэлд 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд одоо миний санаж байгаагаар насанд хүрээгүй бололтой эрэгтэй хүүхэд над дээр ирээд “миний гар утсыг хүн авчихаад өгөхгүй байна” гэж хэлж байсан. Би одоогоор яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Оройны 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгэхээр нь би тухайн үед тэр хүүхдэд хандан “чиний гар утсыг авсан хүн хаана байна” гэж асуусан чинь тэр хүүхэд надад хандан “одоо явчихсан байгаа, надад иргэний үнэмлэхний хуулбар нь байгаа” гэж хэлэхээр нь би тэр хүүхдэд “гэртээ хариад насанд хүрсэн хүн дагуулаад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод өргөдлөө гарга” гэж хэлээд би дараагийн дуудлагандаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...миний гар утсыг булааж дээрэмдсэн хүн нь 2 гэсэн дугаартай хүн байна гэж сэжигтэн А.Д-ийн зургийг зааж ...тэр эрэгтэй миний гар утсыг булаасан хүн байна гэж хэлж байх ба бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна гэж хариулснаар ...дуусгав” гэжээ /хх-н 13-17/,

Яллагдагч А.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэж байна. Би тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-69/,

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-н 18/ гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 20/, хохирогчийн өргөдөл /хх-н 21/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 50-52/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 79, 83-86, 90-100, 112-125/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /хх-н 129/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон зүйл тогтоогдохгүй. Харин утсаар нь яриад өгье гэж хэлж аваад өгөхгүй байсан үйл баримт тогтоогдсон. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж аваад хохирогчийг гар утсаа буцаан авъя гэхэд нь өгөхгүй гараараа цохисон, мөн түүний бөгс рүү нь өшиглөн хүч хэрэглэсэн нь насанд хүрээгүй хохирогчийн “Миний гар утсыг өгөхгүй болохоор нь утсаа авъя гэхэд намайг цохиод тэгээд намайг сууж байхад бөгс рүү хүчтэй өшиглөхөөр нь би ингэж байхаар үхнэ гээд явсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Г-ийн: “...Тэгээд удаагүй 20-30 минутын дараа тухайн этгээдтэй явж байсан насанд хүрээгүй хүүхэд орж ирээд надтай хамт орж ирсэн ах намайг зодоод миний гар утсыг аваад явчихлаа, та гараад цагдаад тайлбарлаад өгөөч гэхээр нь би караокеноос гараад дуудлагын 2 цагдаа дээр очиж тайлбарлаж хэлээд нөгөө 2 цагдаад зургийг нь дараад өгөөд яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.М-ын: “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд одоо миний санаж байгаагаар насанд хүрээгүй бололтой эрэгтэй хүүхэд над дээр ирээд “миний гар утсыг хүн авчихаад өгөхгүй байна” гэж хэлж байсан гэсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг утсаар яриад өгье гэж аваад утсыг нь өгөхгүй хүч хэрэглэж өөрийн эзэмшилд авч, улмаар баарны тооцоонд барьцаалан захиран зарцуулсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн өмгөөлөгчийн тухайн хэрэг болоход байсан насанд хүрээгүй Аюурыг гэрчээр байцаагаагүй, мөн гар утсыг баарны тооцоонд барьцаанд тавьсан байхад түүнийг хурааж авах талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй гэсэн хүсэлтийн дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Гар утсаа буцааж авъя гэж насанд хүрээгүй хохирогчийг хэлэх үед түүнд хүч хэрэглэсэн цаг хугацаанд гэрч гэх Аюур байгаагүй талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн тул түүнийг гэрчээр байцаах шаардлагагүй. Мөн гар утсыг баарны тооцоонд барьцаанд тавьсан ба маргааш нь очиход хүн нь авсан гэж баарны бармен хэлсэн гэж шүүгдэгч мэдүүлж байх боловч энэ мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх мэдүүлэг өгөхдөө согтуу байсан тул болсон асуудлыг санахгүй байна гэж мэдүүлсэн ба дахин мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг мэдэж байгаа талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь түүний мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43 дугаар байрны орчим насанд хүрээгүй Ц.Г-ийн эзэмшлийн Ай поне-6 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж авсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ц.Г-нь “гар утсаа буцааж авъя” гэхэд өгөлгүй улмаар хүч хэрэглэн зодон дээрэмдэж нийт 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн: “...караокеноос гараад гар утсаа авах гэж зөндөө хэлж оролдоход ердөөсөө миний гар утсыг өгөхгүй намайг зөөлөн цохиж бариад байсан. Тэгээд манай найз охин залгана гээд байсан. Тэр үед манай ээж над руу залгаад байсан юм. Тэгээд бааранд бид гурав цуг ороод тэндээс нэг, нэг шил пиво бид хоёр авч өгөөд тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирэхэд нөгөө ах нэг хүүхэдтэй хамт баарнаас гарчихсан байхаар нь би араас нь гараад ахаа та хайчих гэж байгаа юм гээд асуухад чи наанаа байж бай гээд байсан. Тэгээд би дахин гар утсаа авах гэж нөгөө ахад хэлэхэд миний гар утсыг өгөхгүй уурлаж, чи эр хүн шиг бай гээд тааралдсан газар руу зөөлхөн зөөлхөн цохиод байхаар нь би сүүлдээ бодоод гар утсыг маань өгөхгүй юм байна гэж бодоод баарны гаднаас зугтаад нөгөө караоке дээр очоод гар утсыг маань түрүүний надтай орсон ах авчихлаа та иргэний үнэмлэхний хуулбарыг нь өгөөч гэхээр нь тэр караокений эгч надад туслаад өөрийнхөө гар утсаар зургийг нь дарж өгөөд зурагтай гар утсыг аваад машинтай хоёр цагдаа дээр очоод нэг танихгүй ах гар утсыг маань авчихаад ерөөсөө өгөхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 33-35/, гэрч А.Г-ийн: “...20-30 минутын дараа тухайн этгээдтэй явж байсан насанд хүрээгүй хүүхэд орж ирээд надтай хамт орж ирсэн ах намайг зодоод миний гар утсыг аваад явчихлаа, та гараад цагдаад тайлбарлаад өгөөч гэхээр нь би караокеноос гараад дуудлагын 2 цагдаа дээр очиж тайлбарлаж хэлээд нөгөө 2 цагдаа зургийг нь дарж өгөөд яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/, гэрч Э.М-ын: “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд одоо миний санаж байгаагаар насанд хүрээгүй бололтой эрэгтэй хүүхэд над дээр ирээд “миний гар утсыг хүн авчихаад өгөхгүй байна” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 129/ бичгээр гаргасан, мөн шүүх хуралдаанд гомдолгүй гэсэн хүсэлт, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 250.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч А.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Д-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Д-ийг учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 8 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч А.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Д-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Д-ийн урьд цагдан хоригдсон 55 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР