Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0059

 

 

 

 

 

 

    2020         01           16                                    2020/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Өсвөр насны шүүгдэгч: Х.И-, хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х.И-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905037411165 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.И-, 2002 оны  5 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ..... тоот регистртэй,

Өсвөр насны яллагдагч Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б-гийн эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д-ын эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтрэн орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Х.И- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А-52 тоот гэрээсээ гараад өөрийн Гүнтэд байрлах зуслан руугаа найз хүүхэн Болдмаагийн хамт өдрийн 12 цагийн үед явсан. Тэгээд зуслан дээрээ очоод нэг хоночихоод маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед өөрийн гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан. ...Би Boss брэндийн хар өнгийн бугуйн цагийг буцааж хүлээж авсан. Харин нөгөө Burberry гэх брэндийн цагийг АНУ-д амьдарч байгаа ...Б.Пүрэвдуламаас асуухад уг цаг нь одоо зарагдахаа больсон байна, үнэ ч тодорхой биш байна гэж хэлсэн. Тийм учир би одоогийн ханшаар уг цаг нь ямар үнэтэй байгааг мэдэхгүй учир “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ болох 599.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Хохирогч Ө.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед хамаатны дүү болох Б- болон түүний хүүхэдтэй бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь сауны баруун талаар уруудсан зам дагуу 25 дугаар байрны зогсоол дээр 46-19 УНП улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашинтайгаа ирж зогсоод манай дүү Б- хүүхэдтэйгээ хамт АТМ ороод би замын эсрэг талын хүнсний дэлгүүрээс чихэр аваад жолооч талын толио хавтсыг нь скочдоод дүү Б- хөдөөнөөс ирсэн чихэр, жимсээ багажнаас авахдаа би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан. ...би автомашинаа буцаан авсан бөгөөд миний автомашинд сэв зураас гэмтэл учраагүй. Надад одоо гомдол санал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэрч Р.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их хурлын гишүүн Эрдэнийн уулзалтын урилгыг өөрийн 42а байранд өөрийн хүү болох И-ын хамт тараасан. Тэгээд би И-т 42а байрны 3-р орцонд айлуудаар өгөөрэй гээд явуулсан юм. ...Тэгээд И- удалгүй 3-р орцны айлуудаар тараачихлаа гээд ороод ирсэн. ...дараа нь би И-тай хамт мэдүүлэг өгөхөд И-ыг Б-гийн гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд И-ыг Б-гийн гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны сагсны талбайгаас өөрийн хүү И-ыг олоод 25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Яллагдагчаар Х.И-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ийнхүү тараагаад явж байгаад 42а байрны 3-р орц руу ороод 1 давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б- ахын гэр болох 52 тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Булгаа ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан. ...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз Ука гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44, 96/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3, 62/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8, 63-64/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 23-25, 83-85/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-47, 51/, шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 49-50, 111, 118-129/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б-гийн эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д-ын эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинд буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн орж автомашиныг жолоодон хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Б-гийн: “...гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, хохирогч Ө.Д-ын: “...би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/, гэрч Р.О-ийн: “...И-ыг Б-гийн гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд И-ыг Б-гийн гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн. ... 25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Х.И-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, автомашинд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Х.И- нь хохирогч О.Б-гийн гэрт нэвтрэн орж 599.173 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цаг, хохирогч Ө.Д-ын өмчлөлийн автомашинд хууль бусаар нэвтэрч уг автомашиныг хулгайлан авч “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу автомашинд нэвтэрч” үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б-д 599.173 төгрөг, хохирогч Ө.Д-ад 5.300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Ө.Д-а нь автомашинаа буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч О.Б- нь 207.960 төгрөгийн хохирол хүлээн авсан гэж мэдүүлж байх тул өсвөр насны шүүгдэгч Х.И-ын хууль ёсны төлөөлөгч /төрсөн эцэг/ Б.ХосБ-с 391.213 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирол төлөх талаар шүүгдэгчийг өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Уг хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Х.И-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 8 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана...” гэж хуульчилжээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Х.И-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, хувийн байдал буюу урьд тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Х.И-ын хувийн байдал буюу урьд нь тухайн төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, мөн хохирогч О.Б-гийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.И-т оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Х.И-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад автомашинд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.И-ыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.И-т оногдуулсан 02 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.И-т оногдуулсан 01 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.ХосБ-с 391.213 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.И-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР