Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0053

 

 

 

 

 

 

    2020           01          15                                      2020/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Пүрэврагчаа,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч: Ж.Д-, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905038221372 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Д-, 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...., ах, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын орчим иргэн О.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын Панасониктой байрны урд талд байрлах саадан дотор 01 цаг өнгөрч байхад би найз Ууганбаяр, Мөнх-Очир, Тэмүүжин нарын хамт юм яриад сууж байсан чинь хажуу талын саравчинд 4-5 залуу сууж байсан ба тэд нар бид нар руу муухай хараад байсан чинь манай найз Тэмүүжин нөгөө залуучууд дээр очихоор нь би араас очсон чинь Д- гэх залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон ба би газарт цохиулаад унасан чинь Д- миний дээрээс нүүр рүү өшиглөөд зодсон. Тухайн үед миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, хамар хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Гэрч Ү.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...саадны хажуу талын саравчинд 4-5 залуучууд байсан. Тэгсэн чинь гэнэт Эрдэнэсайхан тэдгээр залуучуудтай маргалдаад, би болиулах гээд очсон чинь сүүлд нэрийг нь мэдсэн Д-, Эрдэнэсайханы нүүр рүү баруун гараараа нэг удаа цохьсон чинь Эрдэнэсайхан газарт уначихсан ба нүүр рүү нь бас өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/,

Шинжээчийн 11603 тоот дүгнэлтэд: “...О.Э-ы биед хамар ясны хэлбэр алдагдсан хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Өсвөр насны яллагдагчаар Ж.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогч Эрдэнэсайхан хажуу талын саравчнаас түрүүлж ганцаараа манай саравчинд ирсэнээ муухай хараад байна уу, энд зогсож сөн түш гээд хэл амаар өдөөд байхаар нь би нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохьсон чинь Эрдэнэсайхан арагшаа унахаар нь нүүр орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 76-79/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-40, 42-54, 57/, хохирогчийн гэмтэл авсан гэрэл зураг /хх-н 69/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын орчим иргэн О.Э-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Э-ы: “...хажуу талын саравчинд 4-5 залуу сууж байсан ба тэд нар бид нар руу муухай хараад байсан чинь манай найз Тэмүүжин нөгөө залуучууд дээр очихоор нь би араас нь очсон чинь Д- гэх залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон ба би газарт цохиулаад унасан чинь Д- миний дээрээс нүүр рүү өшиглөөд зодсон. Тухайн үед миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, хамар хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, гэрч Ү.Т-гийн: “...саадны хажуу талын саравчинд 4-5 залуучууд байсан. Тэгсэн чинь гэнэт Эрдэнэсайхан тэдгээр залуучуудтай маргалдаад, би болиулах гээд очсон чинь сүүлд нэрийг нь мэдсэн Д-, Эрдэнэсайханы нүүр рүү баруун гараараа нэг удаа цохьсон чинь Эрдэнэсайхан газарт уначихсан ба нүүр рүү нь бас өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/, шинжээчийн 11603 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д- нь хохирогч О.Э-ыг муухай хараад байна уу, ирж сөн түш гэж хэлснээс нүүр рүү нь цохиж, газар унасан байхад нь нүүр рүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Э-ы биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өсвөр насны шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчид 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Д-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Д- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Д-д авсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР