Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0060

 

 

 

 

 

 

  2020           01          16                                      2020/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

           Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902001860107 тоот дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1981 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, одон орон судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

            Шүүгдэгч Г.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 25 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 38.7964 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан, Д.Т-, Г.А-, Ө.Д-нарт 400.000 төгрөгөөр худалдсан,

- 2018 оны 8 дугаар сараас Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс делта-9-тетрогидроканнабинолын агууламжтай нийт 7.4847 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6692 УБО улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан,

- Мөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 25 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9-тетрогидроканнабинолын агууламжтай хуванцар савтай шингэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах  зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн. Хуванцар саванд байсан шингэн нь хар тамхи биш байсан. Тэр нь ундааны саванд ус хийгээд гар аргаар хийсэн гаанс шиг юм байсан. Өвс хэрэглэсэн болохоор хар тамхи дотроос нь илэрсэн байж магадгүй. Тэр зүйл бол шингэн хар тамхи биш байсан. Бусдыг нь зөвшөөрч байгаа. 400.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь авсан нь үнэн” гэв.

Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “...А-, Д- ...бид 3 мөс гэх зүйл ямар байдаг юм бол, хэрэглэж үзэх үү гээд ярьж байгаад А- байрных нь ах хэрэглэдэг гэсэн тэр хүн олж өгч магадгүй гээд залгатал утас нь холбогдохгүй байсан тул удалгүй гэр гэр лүүгээ орцгоосон. Өнөөдөр 10 цагийн үед уулзаад ярьсан юм аа авахаар А- нөгөө ах руу залгатал Өргөөгийн ар талын 9 давхар цэнхэр байрны ойролцоо ирээд залга гэсэн тул тэнд очоод А- нэг орц руу ороод Д- бид хоёр эмийн сан орж тарианы усны шил 1-г худалдаж авсан. Бид 3 тэндээсээ Хүннү Моллын хажууд байх Сансар гээд найзынхаа гэрт очоод тарианы усны шилэндээ мөсөө хийгээд доороос нь ууршуулаад, соруулаар сорж хэрэглэсэн. Хэрэглэж дуусаад хөзөр тоглоод сууж байтал ...цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 154/,

Гэрч Г.А-мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө ах руу залгаад утас нь холбогдоод авахаар нь би таны амьдардаг байсан байрны хүүхэд байна, та надад мөс гэх зүйлийг олж өгч чадах уу, надад 400.000 төгрөг байна гэхэд Өргөө 1-н ар талын цэнхэр 12 давхар байр байгаа тэнд ирээд залга гэхээр нь би хэлсэн газар нь очтол Бямбаа ах гарч ирээд надад бага зэргийн мөс өгөөд 400.000 төгрөг авсан. Намайг мөсөө авч байх хооронд Д-, Тэмүүлэн 2 эмийн сангаас тарианы шил авчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 155-156/,

Гэрч Ө.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...А- манай байрны Бямбаа гэх ах Мөс олж магадгүй гэж хэлсэн. ...мөс авах мөнгөө Тэмүүлэнгийн I phone 8 гар утсыг ломбарданд 400.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь олсон. ...А- залгаад ярьж 400.000 төгрөгөөр мөс гэх бодисыг худалдан авахаар болж Өргөө кино театрын хойд талын байр руу хүрээд ир гэсний дагуу очиж А- ганцаараа тухайн Бямбаа гэх хүнтэйгээ уулзаж жижиг гялгар уутны ёроол хэсэгт цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйлтэй эд зүйлийг авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.Б- “би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн хар өнгийн цүнхэн дотроос “TOMMY HELFIGER” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн дөрвөлжин хайрцаг болон зиплок түгжээтэй ууттай зүйлс зэргийг гаргаж сайн дураараа өгсөнийг дүрс бичлэгээр бэхжүүлэн аваад уг цэнхэр дөрвөлжин савыг нээж доторх эд зүйлсийг шалгахад “дотор нь зиплок түгжээтэй жижиг ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг стандарт бус жин дээр жинлэхэд 1.6 граммыг зааж байв. Уг хайрцганд AU6799909 серийн дугаартай хуйлсан 50-тын дэвсгэрт, хар өнгийн жижиг хэмжээтэй жин зэрэг зүйлс байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг цэнхэр өнгийн хайрцагтай эд зүйлээс гадна сайн дураараа гаргаж өгсөн зиплок түгжээтэй ууттай зүйлийг задлахад дотор нь тусдаа жижиг зиплок түгжээтэй 7 ширхэг цагаан өнгийн нунтаг бодис байх ба эдгээр бодисыг тус бүрд нь стандарт бус жин дээр жинлэхэд эхний ууттай бодис 5.4 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.3 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.3 грамм, нийт 38.4 грамм / TOMMY HELFIGER/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн дөрвөлжин хайрцаг дотор байсан. ...28 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 47 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 14 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, нийт 1.100.000 төгрөг байв. Эдгээр мөнгөн дэвсгэртийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авлаа” гэжээ /хх 1-н 15-31/,

Шүүгдэгч Г.Б-гийн биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар /MET, AMP/ метамфетамин, /THC/ тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг зориулалтын таг, скочоор битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэжээ /хх 1-н 32-33/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.Б- мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд автомашины баруун урд талын хаалганы хатавч, хажуу талд байрлах хавтсан дотроос ууттай ургамал мэт зүйл гаргаж өгсөнийг хураан авч цахилгаан жин дээр жинлэхэд 7.7 граммыг зааж байв. Тээврийн хэрэгслийн зүүн урд талаас үзлэгийг явуулахад зүүн урд талын салоны хайрцагт нугалсан тугалган цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...нийт 525.400 төгрөг зэрэг эд зүйлсийг хураан авав” гэжээ /хх 1-н 34-41/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...хүүхдийн тоглоомон том машин дээр хажуу ханыг нь цоолж гуурс хатгаж хийсэн 0.5 литрийн ундааны сав, дотроо шаргал өнгийн шингэнтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа” гэжээ /хх 1-н 54-60/,

Яллагдагчаар Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би А-д нүдний багцаагаар 0.3 грамм өгөөд хариуд нь юм аваагүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 48-50/,

Шинжээчийн 2459 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Алтанхүү Бямбаа УШ82060617 гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Сансар 04/12 гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Г.Б-гийн шээсний дээж гэсэн шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинаол /tethrahydrocannabinol/ илэрч байна. ...Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 216-217/,

Шинжээчийн 2458 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AU6799909 гэсэн серийн дугаартай 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх 1-н 228-234/,

Шинжээчийн 2462 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “17” дугаартай хуванцар савтай шингэн зүйл, ханыг цоолон хуйлсан гуурс хэлбэрт оруулсан AL8857963 серийн дугаартай 10-тын дэвсгэрт зэрэгт тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-ын агууламж  илэрч байна.  дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх 1-н 141-143/,

Шинжээчийн 2457 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн нэг тал нь бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуур нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн нэг тал нь бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн асаагуураас дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-д багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-н 244-245/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 712 тоот дүгнэлтэд: “...Г.Б- нь 2018 оноос олон төрлийн сэтгэц идэвхт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байх боломжтой байна. Одоо Г.Б- нь олон төрлийн сэтгэц идэвхт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б- нь хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Г.Б- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Г.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Г.Б- нь олон төрлийн сэтгэц идэвхт бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 149-150, 2-н 1/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, Г.
Бямбаагийн гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 44-53/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 61-66/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 67-69, 94, 122, 130-131, 134, 137/, Г.Б-гийн хилээр орсон талаархи камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 70-77/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 78/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 85-93, 95-102/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 113-117/, Б.Сансарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 125-129/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 159-164/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 84-111, 119, 141-207/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

            Нийслэлийн прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 25 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9-тетрогидроканнабинолын агууламжтай хуванцар савтай шингэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Шинжээчийн дүгнэлтээр 0.5  граммын хуванцар савтай шингэнээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-ын агууламж илэрсэн байна.

            Уг 0.5 граммын хуванцар савыг хажуу талаас нь цоолж гуурс мэт болгосон мөнгөн дэвсгэртээс мөн уг бодисын агууламж илэрчээ.

            Уг эд зүйлсийг тухайн төрлийн мансууруулах бодисыг хэрэглэхэд ашигласан талаар шүүгдэгч мэдүүлсэн ба шүүгдэгчийн энэ мэдүүлэг нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамал буюу биет хэлбэртэй байх ба шингэн хэлбэртэй байдаггүй . Түүнийг хэрэглэхдээ хуванцар саванд ус хийн гуурсаар сорж ганс хэлбэрээр хэрэглэхэд уг саван дахь шингэн болон гуурсанд уг бодисын агууламж шинжилгээгээр илэрсэн гэж үзлээ.

            Уг саван дахь шингэн болон гуурсан хэлбэрт оруулсан мөнгөн дэвсгэртээс дээрх төрлийн бодисын агууламж илэрснийг Дельта-9-тетрагидроканнабинол гэх бодис гэж үзэн түүнийг хадгалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч тухайн төрлийн бодисыг худалдан борлуулах зорилгоор түүж бэлтгэн, өөрөө хэрэглэсэн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч Г.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 25 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 38.7964 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан, Д.Т-, Г.А-, Ө.Д-нарт 400.000 төгрөгөөр худалдсан,

- 2018 оны 8 дугаар сараас Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс делта-9-тетрогидроканнабинолын агууламжтай нийт 7.4847 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6692 УБО улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Гэрч Д.Тэмүүлийнгийн: “...А- нөгөө ах руу залгатал Өргөөгийн ар талын 9 давхар цэнхэр байрны ойролцоо ирээд залга гэсэн тул тэнд очоод А- нэг орц руу ороод Д- бид хоёр эмийн сан орж тарианы усны шил 1-г худалдаж авсан. Бид 3 тэндээсээ Хүннү Моллын хажууд байх Сансар гээд найзынхаа гэрт очоод тарианы усны шилэндээ мөсөө хийгээд доороос нь ууршуулаад, соруулаар сорж хэрэглэсэн. Хэрэглэж дуусаад хөзөр тоглоод сууж байтал ...цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 154/, гэрч Г.Алтантулгын: “...та надад мөс гэх зүйлийг олж өгч чадах уу, надад 400.000 төгрөг байна гэхэд Өргөө 1-н ар талын цэнхэр 12 давхар байр байгаа тэнд ирээд залга гэхээр нь би хэлсэн газар нь очтол Бямбаа ах гарч ирээд надад бага зэргийн мөс өгөөд 400.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 155-156/, гэрч Ө.Д-ий: “...А- манай байрны Бямбаа гэх ах Мөс олж магадгүй гэж хэлсэн ...А- залгаад ярьж 400.000 төгрөгөөр мөс гэх бодисыг худалдан авахаар болж Өргөө кино театрын хойд талын байр руу хүрээд ир гэсний дагуу очиж А- ганцаараа тухайн Бямбаа гэх хүнтэйгээ уулзаж жижиг гялгар уутны ёроол хэсэгт цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйлтэй эд зүйлийг авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 181-182/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.Б- “би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн хар өнгийн цүнхэн дотроос “TOMMY HELPIGER” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн дөрвөлжин хайрцаг болон зиплок түгжээтэй ууттай зүйлс зэргийг гаргаж сайн дураараа өгсөнийг дүрс бичлэгээр бэхжүүлэн аваад уг цэнхэр дөрвөлжин савыг нээж доторх эд зүйлсийг шалгахад “дотор нь зиплок түгжээтэй жижиг ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг стандарт бус жин дээр жинлэхэд 1.6 граммыг зааж байв. Уг хайрцганд AU6799909 серийн дугаартай хуйлсан тавьтын дэвсгэрт, хар өнгийн жижиг хэмжээтэй жин зэрэг зүйлс байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг цэнхэр өнгийн хайрцагтай эд зүйлээс гадна сайн дураараа гаргаж өгсөн зиплок түгжээтэй ууттай зүйлийг задлахад дотор нь тусдаа жижиг зиплок түгжээтэй 7 ширхэг цагаан өнгийн нунтаг бодис байх ба эдгээр бодисыг тус бүрд нь стандарт бус жин дээр жинлэхэд эхний ууттай бодис 5.4 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.3 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.2 грамм, дараагийн бодис 5.3 грамм, нийт 38.4 грамм / TOMMY HELPIGER/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн дөрвөлжин хайрцаг дотор байсан. ...28 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 47 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 14 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт, нийт 1.100.000 төгрөг байв. Эдгээр мөнгөн дэвсгэртийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авлаа” гэжээ /хх 1-н 15-31/, шүүгдэгч Г.Б-гийн биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.Б- мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд автомашины баруун урд талын хаалганы хатавч, хажуу талд байрлах хавтсан дотроос ууттай ургамал мэт зүйл гаргаж өгсөнийг хураан авч цахилгаан жин дээр жинлэхэд 7.7 граммыг зааж байв. Тээврийн хэрэгслийн зүүн урд талаас үзлэгийг явуулахад зүүн урд талын салоны хайрцагт нугалсан тугалган цаас байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...нийт 525.400 төгрөг зэрэг эд зүйлсийг хураан авав” гэжээ /хх 1-н 34-41/,  шинжээчийн 2459, 2458, 2462, 2457 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлс, нууц ажиллагааны магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний урьд цагдан хоригдсон 261 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай нийтдээ 8 ширхэг тусдаа ууттай, нунтаг цагаан өнгийн талстлаг зүйл, жижиг хэмжээний жин 1 ширхэг, өвс мэт зүйл, тунгалаг цаас, асаагуурын эд анги, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хуванцар гуурс 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг зэргийг устгах, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 7 хуудас, 1 ширхэг сиди/ зэргийг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлнэ” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Г.Б-гийн биеэс хураагдсан 1.100.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан нийт 525.400  төгрөг, нийт 1.625.400 төгрөгнөөс мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон Д.Т-, Г.А-, Ө.Д-нарт мөс гэх бодисыг худалдсан 400.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, үлдэгдэл 1.225.400 төгрөгийг шүүгдэгч Г.Б-д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Б-г “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 03 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 03 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Б-гийн урьд цагдан хоригдсон 261 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай нийтдээ 8 ширхэг тусдаа ууттай, нунтаг цагаан өнгийн талстлаг зүйл, жижиг хэмжээний жин 1 ширхэг, өвс мэт зүйл, тунгалаг цаас, асаагуурын эд анги, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, хуванцар гуурс 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг зэргийг устгах, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, нууц ажиллагааны магадалгаа /1 хавтас 7 хуудас, 1 ширхэг сиди/ зэргийг хэрэгт хавсаргасугай.

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гаас хураагдсан 1.100.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 525.400 төгрөг, нийт 1.625.400 төгрөгнөөс 400.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, үлдэгдэл 1.225.400 төгрөгийг шүүгдэгч Г.Б-д буцаан олгохыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР