Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0070

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэрэнханд,

           Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал, К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903003780286 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1985 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний 05 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр  “Гранд Плаза” төвийн зүүн хойд уулзварт Г.Г-гийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3,7 “а”-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Д-ын жолоодож явсан “Хонда Инсайт” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч А.Д-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр, зорчигч Г.Г-ын  эрүүл мэндэд хөнгөн, “Хонда Инсайт”  маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Г-од нийт 5.670.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр найз залуу Г-ын хамт явж байгаад орой 19 цагийн орчимд байх Г- бид 2 Хан-Уул дүүргийн нарны хорооллын 3 дугаар байранд манай авга ахынд очоод Г- тэндээс найз нартайгаа уулзана гээд явсан, би авга ахындаа хонохоор үлдсэн юм. Г- надад машинаа үлдээгээд явсан. Тэгээд шөнө 03 цагийн орчимд байх Г- манай авга ахын гадаа ирээд дуудсан юм. Би ахынхаас гараад иртэл Г- би жоохон архи ууссан, одоо шөнө байгаа учир хаана очих уу гээд бид 2 ярилцаж байгаад 25 дугаар эмийн сангийн хойд талд ангийнхаа хүүхдийнд очихоор бид 2 Нарны хорооллоос гараад явж байгаад Гранд плаза дэлгүүрийн уулзварт орж ирээд мөргүүлээд урд талын хашлага даваад Гранд плазагийн бетонон хаалт мөргөөд зогссон юм. ...гэмтлийн эмнэлэгт очоод эмч нар миний биед үзлэг хийгээд би өөрийнхөө цээжний рентген зураг, мөн зүүн гар болон хүзүүний рентген зураг авахуулсан. Эмч нар зураг үзээд зүүн гар бугуй хэсгээр хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн байгаа. Намайг уулзвар зүүн талаас ирэхэд уулзварын  үндсэн ногоон гэрэл асчихсан байсан учир би уулзвар луу шууд орсон юм.  Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хөлбөмбөг тоглодог учраас 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нь тэмцээн дуусаад найз охин Д-тай уулзаад гадуур жаахан явж байгаад орой 19 цагийн орчимд Д-ын ахынх нь гадаа буулгаад би найз нартайгаа уулзах гэж байсан учир машины түлхүүрээ өгөөд машинаа үлдээгээд явсан юм. Тэгээд 2 найзын хамт пиво ууж байгаад шөнө буюу 03 цагийн орчимд баарнаас гараад найз охин Д-аар машинаа бариулаад явж байхдаа Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзварт Тоёота Приус маркийн автомашинтай мөргөлдсөн юм. Тухайн үед Д- хөдөлж чадахгүй шоконд орчихсон байсан учир би 102, 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч ирээд Д-ын биед үзлэг хийгээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Д- бид хоёрыг уулзвар дээр ирэхэд уулзварын ногоон гэрэл асчихсан байсан учир шууд уулзвар руу орсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/,

Гэрч Л.Б-мөрдөн байцаалт өгсөн: “...Би өөрийн хувийн машинаар шөнийн цагт таксинд явдаг юм. Тэгээд 2019 он 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих шөнө 04 цаг 50 минутын орчимд ТБД андуудын ард талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байгаад Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр иртэл уг уулзварын хойд талаас урагшаа зүгт Т.Приус 20 маркийн саарал өнгийн автомашин орж ирж Тоёота Инсайт маркийн машинтай мөргөлдсөн юм. Би уулзвар дээр хэсэг зогсож байгаад баруун гар тийшээгээ эргээд Гранд плаза дэлгүүрийн зогсоол дээр очиж зогссон юм. Би машинаасаа буугаад иртэл хар өнгийн суудлын автомашинд нэг охин, нэг залуу 2 сууж явсан машинаасаа бууж чадахгүй нилээн шоконд орсон байдалтай байсан. Энэ машин миний эсрэг талын урсгалаас ирж явсан учир мөн ногоон гэрлээр орж ирсэн, харин Тоеота Приус маркийн автомашин  нь хойд зүгээс улаан гэрлээр маш хурдтай уулзвар луу орж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/,

Гэрч Г.П-гийн мөрдөн байцаалт өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд ажлаасаа тарах гээд 11 дүгээр хорооллын Номин Хапермаркетийн салбар дээр байхад манай найз Мандахын найз нь гэх залуу Б- над руу залгаж Мандах Өмнөговь аймгийн Таван толгойгоос ирж яваа чамайг авчих гэсэн гээд Б- намайг ирж аваад тэгээд бид 3 төмөр замын эмнэлгийн наад талын зогсоол дээр уулзсан. Тэгээд модны хоёрын дунд замд байдаг одоо нэрийг нь сайн мэдэхгүй караокед ороод бид 3 жоохон архи  уугаад 04 цаг  өнгөрч байсан байх харих гээд гарч яваад Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр хар өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн юм.  Энэ ослын улмаас миний баруун эгэм хөндүүр оргиж байсан, осол болсны дараа нилээн хэд хоногийн дараа хөндүүр оргиод болохгүй байхаар нь цэргийн нэгдсэн эмнэлэгт танил дүү дээрээ очоод цээжний рентген зураг авахуулсан юм. Эмч нар үзээд хугарсан хүнд гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Харин толгой доргилт авсан байна гээд 5 хоног бариулсан байгаа. Одоо миний биед ямар нэг хөнгөн болон хүнд зовиур байхгүй байна, шүүх эмнэлэгт үзүүлэхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уулзварын голд 04 цаг 59 минут 17 секундэнд хойд зүгээс саарал өнгийн Т.Приус 20 маркийн автомашин нь улаан гэрэл зөрчиж орж, ирж зүүнээсээ баруун зүгт чигээрээ орж ирсэн хар өнгийн суудлын автомашинтай мөргөлдөж хоёр автомашин уулзварын урагшаа зүгт хашлага мөргөөд зогсож байгаа бичлэг нь 05 цаг 00 минут 10 секундэнд дуусч байна...” гэсэн тэмдэглэл /хх-н 28/,

Мөрдөгчийн 252 дугаар магдалгаанд: “...Т.Приус 20 маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Гантөмөр овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийн хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх-н 178-179/,

Шинжээчийн 4747 тоот дүгнэлтэд: “...А.Д-ын биед шуу ясны хугарал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд  нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 89/,

Шинжээчийн 4746 тоот дүгнэлтэд: “...Г.Г-ын биед доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун гарын дунд хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 94/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1169 тоот дүгнэлтэд: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4746 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Г-ийн биед доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун гарын дунд хурууны шарх гэмтэл учирсан байна. 2019.09.18-ны өдрийн Толгойн MRI-Н зурагт тархинд шинэ, хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Г.Г- нь 2019.6.16-ны өдөр баруун шагайн хальсан холбоосны гэмтэл авч MBG эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэсэн байна. Г.Г-ын биед одоо гэмтэл байхгүй байна. Доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун гарын дунд хурууны шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Яллагдагчаар Г.Б-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.  Одоо ослын талаар нэмж ярих зүйл байхгүй. ...П- бид хоёроос өөр хүн сууж яваагүй. Осол болохоос өмнө манай найз Батмандах модны хоёрын караокены үүднээс такси барина гээд үлдсэн, тэгтэл П- бид хоёрыг уулзварт автомашинтай мөргөлдсөнийг хараад араас гүйгээд ирсэн юм. Намайг драйгер багажаар  үлээлгэж шалгахад 1.53 хувь гарч байсан. Энэ машин нь миний төрсөн дүү Ганжолоогийн эзэмшилд байдаг байсан, би худалдаж авсан нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 115-117/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-н 8-10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-20 /, шүүгдэгч Г.Б-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 21/, хохирлын баримтууд /хх-н 39-41, 53-56/, иргэний нэхэмжлэгч Г.Г-ын өвчний түүх /хх-н 59-63/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 98-101/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 120-146/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний 05 цаг 00  минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гранд Плаза төвийн зүүн хойд уулзварт Г.Г-гийн эзэмшлийн “Тоёота приус ” маркийн  ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ  жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 ”а”, 8.9 “г” заасан заалтуудыг тус тус зөрчсөний А.Д-ын жолоодож явсан “Хонда Инсайт ” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж , жолооч А.Д-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Д-ын: “...Нарны хорооллоос гараад явж байгаад Гранд плаза дэлгүүрийн уулзварын урд талын хашлага даваад Гранд плазагийн бетонон хаалт мөргөөд зогссон юм. ...гэмтлийн эмнэлэгт очоод эмч нар миний биед үзлэг хийгээд би өөрийнхөө цээжний рентген зураг, мөн зүүн гар болон хүзүүний рентген зураг авахуулсан. Эмч нар зураг үзээд зүүн гар бугуй хэсгээр хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн байгаа. Намайг уулзвар зүүн талаас ирэхэд уулзварын  үндсэн ногоон гэрэл асчихсан байсан учир би уулзвар луу шууд орсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/, иргэний нэхэмжлэгч Г.Г-ын: “...Д-аар машинаа бариулаад явж байхдаа Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар Тоёота Приус маркийн автомашинтай мөргөлдсөн юм. Тухайн үед Д- хөдөлж чадахгүй шоконд орчихсон байсан учир би 102, 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч ирээд Д-ын биед үзлэг хийгээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Д- бид хоёрыг уулзвар дээр ирэхэд уулзварын ногоон гэрэл асчихсан байсан учир шууд уулзвар руу орсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/, гэрч Л.Болор-Эрдэний: “...2019 он 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих шөнө 04 цаг 50 минутын орчимд ТБД андуудын ард талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байгаад Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр иртэл уг уулзварын хойд талаас урагшаа зүгт Т.Приус 20 маркийн саарал өнгийн автомашин орж ирж Тоёота Инсайт маркийн машинтай мөргөлдсөн юм. Би уулзвар дээр хэсэг зогсож байгаад баруун гар тийшээгээ эргээд Гранд плаза дэлгүүрийн зогсоол дээр очиж зогссон юм. Би машинаасаа буугаад иртэл хар өнгийн суудлын автомашинд нэг охин, нэг залуу 2 сууж явсан машинаасаа бууж чадахгүй нилээн шоконд орсон байдалтай байсан. Энэ машин миний эсрэг талын урсгалаас ирж явсан учир мөн ногоон гэрлээр орж ирсэн, харин Тоеота Приус маркийн автомашин  нь хойд зүгээс улаан гэрлээр маш хурдтай уулзвар луу орж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/, гэрч Г.П-гийн: “...караокед ороод бид 3 жоохон архи дарс уугаад тэгээд 04 цаг  өнгөрч байсан байх харих гээд гарч яваад Гранд плаза дэлгүүрийн зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзвар дээр хар өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн юм. ...миний биед ямар нэг хөнгөн болон хүнд зовиур байхгүй байна, шүүх эмнэлэгт үзүүлэхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 252 дугаар магадалгаа, шинжээчийн 4747, 4746, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1169 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хонда Инсайт маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч А.Д-ын биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-ын биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 5.670.000 төгрөг, машин ачилтын 185.000 төгрөг, автомашины үнэлгээний 234.000 төгрөг, автомашины эд анги оншилгоонд оруулсан 49.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 6.146.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Г-од олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 6.146.000 төгрөгийн хохирол төлсөн ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Эм Би Жи Мед эмнэлэгт хэвтсэн 551.500 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 320.000 төгрөгийн баримт нийт 871.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгчийн Эм Би Жи Мед эмнэлэгт хэвтсэн 551.500 төгрөгийн төлбөр, 320.000 төгрөгийн толгойны зураг авахуулсан төлбөрүүд нь шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол биш гэж үзсэн болно.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-д хөнгөн гэмтэл нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” байх шалгуур шинжтэй байхаар заажээ.

Иргэний нэхэмжлэгчид хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба уг гэмтэл учирснаас хойш 4 долоо хоногоос дээш хугацааны дараа гарсан эмчилгээний зардал, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас өөр гэмтэлд эмчилгээ хийлгэсэн зардал нь уг гэмт хэргийн хохиролтой холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн 3 сарын цалин нийт 1.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь холбогдох нотлох баримтгүй тул нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогч А.Д-д 300.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэм хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 841910 дугаартай В, С, Е, М ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ын урьд цагдан хоригдсон 115 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй,  шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 871.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Иргэний нэхэмжлэгч Г.Г- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  9. Шүүгдэгч Г.Б-ын 841910 дугаартай В, С, E, M ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР