Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0905/З |
Дугаар | 221/МА2021/0222 |
Огноо | 2021-05-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0222
“Б-Э” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Б, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б-Э” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б-Э” ХХК-ийг төлөөлж захиралы Э.Н-ээс гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гомдол гаргагч “Б-Э” ХХК-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, шүүхэд гаргасан тайлбар нь хуульд нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс манай байгууллагыг тусгай зөвшөөрөлд заагдаагүй тусламж үйлчилгээ явуулсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага болох “Б-Э” ХХК-ийн хувьд зарим тохиолдолд эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгч хүүхдээ нэмж халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлж ирэхдээ энэхүү үйлчилгээнийхээ тайлан мэдээг тухай бүрт нь хуульд заагдсан хугацаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, түүнд ногдох татварыг төлж ажилласан байдаг ба энэхүү үйлчилгээ нь Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба тус хуульд эрүүл мэндийн байгууллага нь эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар тодорхойлж заагаагүй болно.
Өөрөөр хэлбэл, манай байгууллага нь хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн явуулсан.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” хариуцлага тооцохоор заасан байна.
Гэтэл манай байгууллагын хувьд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон ЭХ05/22/2769 дугаартай “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ” чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, зөвхөн энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд буюу хүүхдийн өвчний оношилгоо эмчилгээг үзүүлж ирсэн байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.У нь хуулийн дээрх заалтыг үл хайхран торгууль оногдуулсан нь үндэслэлгүй болсон.
“Б-Э” ХХК нь 2017 оноос эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үйл ажиллагааны тайлан мэдээгээ хуульд заагдсан хугацаанд хүргүүлж, түүнд ногдох татварыг тухай бүрт нь төлсөн байдаг ба тус байгууллагын хувьд хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд, үйлчлүүлэгч хүүхдээ нэмж халдвар үйлчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлж ирэхдээ эмчлүүлэгчдийнхээ цаг хугацааг авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоо, хэмнэж, эмчилгээний үр дүнг хянаж, хүндрэлээс сэргийлэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд илүү ойртуулах байдлаар үзүүлж ирсэн болно.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу гэрээр, дуудлагаар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийг яаралтай тусламжийн үйлчилгээтэй адилтгах байдлаар тусгай зөвшөөрөлтэй явах ёстой, тусгай зөвшөөрөлд заагдаагүй үйлчилгээг үзүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй болсон.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Б-Э” эмнэлэгтэй холбоотой гаргасан гомдлыг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Б-Э” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэл хугацааны статистик тоон мэдээллийг гаргуулан авсан байна. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.У нь манай байгууллагын Нийслэлийн эрүүл мэндийн газарт тухай бүрт нь тайлагнаж, оногдох татвараа төлж байсан гэрээр, дуудлагаар үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээллийг үндэслэн хууль бусаар олсон гэх орлогын тооцоог бодож гаргасан байдаг ба ингэхдээ гэрээр, дуудлагаар үзүүлсэн үйлчилгээ нэг бүрийг 30,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцож нийт 128 хүн үзсэн гэж үзээд манай байгууллагыг 3,840,000 төгрөгийн хууль бус орлого олсон гэж үзсэн нь огт үндэслэлгүй болсон.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.У нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани болон бусад эрх бүхий этгээдээс гэрээр, дуудлагаар үзүүлсэн үйлчилгээний үнэлгээтэй холбоотой ямар нэг баримтыг аваагүй, зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад ийнхүү өөрөө дур мэдэн үнэлгээ тогтоож, өөрийн сонссон гэх үнэлгээнд тулгуурлан орлогыг тооцон гаргасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан манай байгууллагын Нийслэлийн эрүүл мэндийн газарт тухай бүрд нь тайлагнаж, оногдох татвараа төлж байсан гэрээр, дуудлагаар үйлчилгээ үзүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг хүртэл хугацааны статистик тоон мэдээллийг үндэслэн гаргасан хууль бус орлого хэмээн тогтоосон орлогын тоо хэмжээг зөвтгөхдөө хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд, үйлчлүүлэгч хүүхдээ нэмж халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлэхдээ хэдэн төгрөгөөр үзлэг хийдэг талаарх баримт, нотолгоог гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Б-Э” ХХК-аас гаргасан зөрчилд хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй, уг шийтгэлийн хуудасны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
Хуулиар хориглоогүй үйлчилгээ буюу Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон бусад стандарт, дүрэм, журмаар хориглоогүй үйлчилгээ болох үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрт нь очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хариу төлбөр авсан явдлыг хууль зөрчсөн гэж үзсэн нь шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэрэг юм.
Иймд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0120 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Б-Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл, хохирлын 3,840,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Б-Э” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... гэрийн дуудлагын үйлчилгээг ... үзүүлэхдээ ... “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баримталж, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт ирэх боломжгүй үйлчлүүлэгч нарын хүсэлтээр үзүүлж ирсэн ... Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба энэхүү хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар заагаагүй ... хуулиар хориглоогүй үйл ажиллагааг эрхлэн явуулсан ... эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, ... тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн байхад ... торгууль оногдуулсан нь үндэслэлгүй ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани болон бусад эрх бүхий этгээдээс дуудлагын үйлчилгээний үнэлгээтэй холбоотой ямар нэг баримтыг аваагүй, зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт байхгүй байхад ... дур мэдэн үнэлгээ тогтоож, ... орлогыг тооцон гаргасан нь үндэслэлгүй ... байцаагч ... нотлох баримт бүрдүүлэхдээ манай байгууллагад огт ажиллаж байгаагүй эмчийг гэрчээр мэдүүлэг авч хавсаргаснаас гадна “Б-Э” ХХК-д огт байдаггүй, хөтлөгддөггүй, хаанаас олж авсан нь тодорхойгүй гэрэл зураг, бүртгэлийн жагсаалтуудыг ашиглаж ... шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гарган маргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 15.1.4-д “клиник”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна”, 16.7-д “Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна” гэж зааснаас үзвэл клиник нь зөвхөн амбулатори өдрийн эмчилгээ, эсхүл амбулатори болон хэвтүүлэн эмчлэх гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчлагдсан байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараахь төрөлтэй байна”, 4.1.2-д “өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 14.2.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, клиник үзүүлнэ”, 14.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна”, 14.2-д “Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1-д заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дараахь төрлөөр олгоно”, 14.2.2-д “эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ”, 14.2.4-д “эмнэлгийн яаралтай тусламж”, 14.2.5-д “түргэн тусламжийн үйлчилгээ”, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлд “Эрүүл мэндийн тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл болох “эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ”, “эмнэлгийн яаралтай тусламж”, “түргэн тусламжийн үйлчилгээ”-г тус бүр эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээг үзүүлэхээс нь хамаарч эмнэлгийн яаралтай тусламж, түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ зэрэг нь тусдаа тусгай зөвшөөрөл олгогдохоор ялгаатай байдлаар хуульчлагдсан байх тул зөвхөн эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг эмнэлгийн яаралтай тусламж болон түргэн тусламжийн үйлчилгээг давхар эрхлэх боломжтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймээс “Б-Э” ХХК нь гомдлын үндэслэлээ “ ... 2019 оноос гэрийн дуудлагын үзлэгийн үйлчилгээг үзүүлж ирсэн ... гэрийн дуудлагын үйлчилгээг зарим тохиолдолд үзүүлж ирэхдээ Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба энэхүү хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар заагаагүй ...” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь,
Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0000110605 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2002000500 дугаар тэмдэглэл болон хэргийн оролцогчдын тайлбар, бусад баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “Б-Э” ХХК нь Хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ эрхлэхээр 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Б-Э” ХХК /Энхамгалан Нэргүй/-д “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ эрхлэх” чиглэлээр ЭХ-05/22/2769 дүгээр Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон байх бөгөөд хэрэгт авагдсан “Б-Э” ХХК-ийн хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Итгэлт-Элч” ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /хх-43/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “... “Б-Э” ХХК клиник нь Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг тул “Клиникийн бүтэц үйл ажиллагаа” MNS 6673 2017 стандартыг баримтлан ажиллах ёстой ...” 2/669 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаас үзвэл “Б-Э” ХХК нь зөвхөн “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ эрхлэх” чиглэлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг л үзүүлэх боломжтой байх бөгөөд гомдол гаргагч нь иргэдийн дуудлагаар гэрээр очиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхтэй маргаагүй байна.
Ийнхүү “Б-Э” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд заагаагүй тусламж, үйлчилгээг үзүүлсэн зөрчил нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан ...” гэж заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий 0069128 дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” талаарх дүгнэлт болон “Б-Э” ХХК “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг клиникт хамаарна гэх агуулга бүхий дүгнэлтүүд тус тус үндэслэлтэй, гомдол гаргагчийн “... зарим тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд хүүхдээ нэмж халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... гэрээр, дуудлагаар үзүүлж ирэхдээ ... тайлан мэдээг тухай бүрт нь хуульд заасан хугацаанд ... хүргүүлж, ... татварын төлж ажилласан ... Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй боломжгүй байна.
Түүнчлэн гомдол гаргагч “Б-Э” ХХК нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээд болох Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон ЭХ-05/22/2769 дүгээр тусгай зөвшөөрлийн хүрээнд “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэл”-ээр зөвхөн амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой байх тул тус компани Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг баримталж ажилласан эсэх, өөрт олгогдсон тусгай зөвшөөрөлд заасан “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэл”-ээр үйлчилгээ үзүүлсэн эсэхээс үл хамаарч гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь хууль бус, зөрчилд тооцогдохоор байх тул гомдол гаргагчийн “... ЭХ-05/22/2769 дугаартай “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ” чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, зөвхөн энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд буюу хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг үзүүлж ирсэн ... оношилгоо, эмчилгээг эмчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд, үйлчлүүлэгч хүүхдээ нэмж халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг гэрээр, дуудлагаар үзүүлж ирэхдээ эмчлүүлэгчдийнхээ цаг хугацааг хэмнэж, эмчилгээний үр дүнг хянаж, хүндрэлээс сэргийлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд илүү ойртуулах байдлаар үзүүлж ирсэн ...” буюу журмын дагуу үйл ажиллагаа явуулсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хуулиар хүлээсэн боловч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/725 дугаар албан бичиг, үзлэг хийсэн тухай бүртгэл зэргээс үзэхэд “Б-Э” ХХК-ийн хууль бусаар олсон орлогыг 3,840,000 төгрөг гэж тогтоож, уг орлогыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гомдол гаргагч нь хариуцагчийн хохирол тооцсонтой холбогдох хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нотлох баримт, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул шүүхийн “... Хариуцагч нь тухайн хууль бус орлогын тооцооллыг хийхдээ Нийслэлийн Эрүүл мэндийн газарт “Б-Э” ХХК-ийн өөрийнх нь ирүүлсэн 2020 оны 01-9 дүгээр саруудын статистик тоон мэдээнд тулгуурлан гаргасан нь тогтоогдсон, энэ нь тухайн зөрчил үйлдэж орлого олсныг нотлох баримт мөн ба гомдол гаргагч нь “манайхаас баримт аваагүй, дур зоргоороо тооцоолол гаргасан” гэж маргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн тооцооллыг үгүйсгэхүйц, үндэслэл бүхий нотлох баримт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй …” гэх дүгнэлт үндэслэлтэй, энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ