Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 80

 

 

“Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ононд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 284 743 357 төгрөг гаргуулж, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 22 500 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Онон нь 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-66 дугаар байр 20 тоот хаягт байрлах Ү-2206011496 улсын бүртгэлийн дугаартай 000123488 тоот гэрчилгээтэй 81,5 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 4,5 хувийн хүүтэй зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Түүний өргөдөл болон бусад баримтыг банк бус санхүүгийн байгууллага хянан үзээд Г.Ононд 14/2036 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/4036 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт баталгаажуулж 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зуруулж зээлийг олгосон. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот хаягт байрлах Ү-2206031493 улсын бүртгэлийн дугаартай 000312609 тоот гэрчилгээтэй 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 40 000 ам долларыг 6 сарын хугацаатай, нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Ингээд Г.Ононд 14/2065 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/4062 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан гэрээг нотариат болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар баталгаажуулж 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтанд гарын үсэг зуруулан олгосон. Иймд хариуцагч Г.Ононгоос эхний гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 49 758 360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 855 000 төгрөг нийт 106 613 360 төгрөг, дараагийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 ам доллар буюу 80 616 400 төгрөг, зээлийн хүү 41 820 ам доллар буюу 84 284 446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 564 ам доллар буюу 13 229 151 төгрөг нийт 178 129 997 төгрөг буюу хоёр гэрээний үүрэгт нийлбэр дүнгээр 284 743 357 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-66 байрны 20 тоот 81,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн дүүргийн Зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот 82,77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны дээрх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдаанд орох үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоож, материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 22 500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. 1 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн 2015,41 төгрөгийн ханшаар тооцсон. Хариуцагч тал төгрөгийн зээл авсан болон ашигласан хугацаанд маргаагүй. Энэ шаардлагыг зөвшөөрсөн гэж ойлгож байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Г.Онон 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 ам доллар зээлсэн нь үнэн. Зээлийн гэрээний хувьд маргаангүй. 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 106 613 360 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийг ам доллараар авсан бөгөөд энэ дүнг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт хөрвүүлэн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Анх үүргийн харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар анх 40 000 ам долларыг авсан, зээлийн гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцож төлөх ёстой гэж үзэж байна. Нотариатын зардал 22 500 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Энэ нь гэм хор бөгөөд энэ дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй. Мөн барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэл бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тогтоож өгнө үү гэсэн боловч зээл олгох үед зээлийн гэрээ байгуулсан талын тогтоосон үнээр барьцааны зүйлийн үнийг тогтоох шаардлагагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Г.Ононгоос 284 743 357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ориент-Инвест банк бус санхүүгийн байгууллагад олгож, үлдэх нотариатын зардал 22 500 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 581 667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ононгоос 1 581 667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөгч Д.Уламбаярын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, Д.Жаргалсайханы 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хариуцагч Г.Ононд олгосон итгэмжлэлийн дагуу Г.Онон нь тус ББСБ-тай 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 14/2036 тоот зээлийн гэрээ болон 14/4036 тоот хөрөнгө барьцаалах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 14/2065 тоот зээлийн гэрээ болон 14/4062 тоот хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийг байгуулахад итгэмжлэлийн хугацаа нь дуусаагүй хүчинтэй байсан. Улмаар шүүхийн шийдвэрт тус ББСБ-ын барьцааны гэрээг хүчингүй гэж шийдвэрлээгүй болно. Гэтэл хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахгүй гэж шийдвэр гаргаж байгаад тус ББСБ нь гомдолтой байна. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.5 дахь заалтуудыг үндэслэн тус ББСБ нь Д.Уламбаяр, Д.Жаргалсайхан нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасны дагуу тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа Д.Уламбаяр, Д.Жаргалсайхан нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй юм. Хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлөгчийн хийсэн хэлцлийг итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан үед хүчингүй болно гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд тус ББСБ нь гомдолтой байна.

Шийдвэрт дурдснаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Д.Уламбаяр, Д.Жаргалсайхан нарын өмчлөлийн орон сууцны анхны албадан  дуудлага худалдаанд орох үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлага нь шүүхэд харъяалагдахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Тус ББСБ нь Г.Ононтой байгуулсан 14/4036 тоот, 14/4062 тоот Хөрөнгө барьцаалах гэрээнүүдийн 2.1-т заасан Д.Уламбаярын өмчлөлийн барьцаа хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр, Д.Жаргалсайханы өмчлөлийн барьцаа хөрөнгийг 40 000 ам доллар буюу 80 616 400 төгрөгөөр Г.Ононтой харилцан тохиролцон үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Г.Ононтой тохиролцсон үнэлгээ болох 50 000 000 төгрөгийн 70% буюу 35 000 000 төгрөг, 40 000 ам доллар болох 80 616 400 төгрөгийн 70% буюу 56 431 480 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ гэж тогтоох бүрэн боломжтой. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран гаргасан өргөдөл, тухайн зүйлийн талаар эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг шүүх тогтоож болно гэж заасаар байтал тус ББСБ-ын Г.Ононтой байгуулсан 14/4036 тоот, 14/ 4062 тоот хөрөнгө барьцаалах гэрээнүүд буюу хуулийн хүчин төгөлдөр хэлцлийг үл харгалзан хуулийн тодорхой заалт заалгүйгээр барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Г.Ононтой байгуулсан 14/4036 тоот, 14/4062 тоот хөрөнгө барьцаалах гэрээнүүдийн 2.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг доорх байдлаар тогтоож өгнө үү. Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, 81,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг тохиролцсон үнэлгээ болох 50 000 000 төгрөгийн 70% буюу 35 000 000 төгрөг, Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар Зайсан гудамж 96 байр, 902 тоот хаягт байрлах, 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг тохиролцсон үнэлгээ болох 80 616 400 төгрөгийн 70% буюу 56 431 480 төгрөгөөр тус ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ононд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284 743 357 төгрөг гаргуулж, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 22 500 төгрөг, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 14/2036 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Г.Ононд 50 000 000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар, бизнесийн зориулалтаар, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 14/2065 тоот зээлийн гэрээгээр 40 000 ам долларыг, сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, бизнесийн зориулалтаар тус тус зээлдүүлж, хөрөнгө барьцаалах 14/4036 тоот гэрээгээр Д.Уламбаярын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, ХД-66 дугаар байрны 20 тоот 81,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, хөрөнгө барьцаалах 14/4062 тоот гэрээгээр Д.Жаргалсайханы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96 дугаар байрны 902 тоот 82,77 м.кв тайлбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэргийн 8-20, 23-25 дугаар талд авагдсан зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, итгэмжлэл, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

 Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 50 000 000 төгрөг, 40 000 ам долларыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Г.Онон нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч Г.Онон гэрээний 3.2.2 үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний 4.1.5-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

             

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулж, үйлчилгээний хөлс 22 500 төгрөг төлсөн талаар 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “тодорхойлолт” гэх баримт ирүүлсэн боловч уг баримт нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч зөрчсөнтэй холбоотой зардал гарсныг эргэлзээгүй нотлохгүй тул шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.                   /хэргийн 26 дугаар тал/

 

Хэргийн 10, 20 дугаар талд итгэмжлэлүүд авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлд иргэн Д.Уламбаярын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн 50 000 000 төгрөгийн, иргэн Д.Жаргалсайханы өмчлөлийн 3 өрөө орон сууцыг “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн 40 000 ам долларын зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, барьцаалбар болон бусад холбогдох бүхий л гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, захиран зарцуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, УБЕГ, ЭХЭБГ-т холбогдох гэрээ, хэлцлүүдийг бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үнийн санал төлөөлөн өгөх, гарын үсэг зурах” эрхийг 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар 04-ний өдрийг хүртэл хугацаатайгаар тус тус Г.Ононд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон байна.

 

Барьцааны гэрээг итгэмжлэлийн хугацааны дотор байгуулсан. Харин итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байх нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй, үндсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул барьцааны гэрээний үүрэг хэвээр гэж үзнэ.

 

Ийнхүү итгэмжлэлийн хугацаа дууссан нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байх эсвэл чөлөөлөх үндэслэл болохгүй байхад итгэмжлэлийн хугацаа дууссанаар барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоор хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардах эрхтэй бөгөөд түүний энэ талаарх гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Уламбаярын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байр 20 тоот хаягт байрлах 2 өрөө, 81,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн, Д.Жаргалсайханы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, ар Зайсан гудамж 96 дугаар байрны 902 тоот хаягт байрлах 3 өрөө, 82,77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тохиолдолд барьцааны зүйлийн үнээс үүргээ хангуулах эрх нэхэмжлэгчид үүсэх тул барьцааны зүйлийг дуудлага худалдаанд санал болгох үнийг барьцаалагч, барьцаалуулагч талууд тохиролцох талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заажээ.

 

Албадан дуудлага худалдааны доод үнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тогтоох бөгөөд шүүхийн шийдвэрт хэрхэн гүйцэтгэх арга журмыг заахаас шүүх барьцааны хөрөнгийн үнэлгээг тогтоох боломжгүй тул барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох, 40 000 ам доллар болох 80 616 400 төгрөгийн 70 хувь буюу 56 431 480 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ононгоос 284 743 357,44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нотариатын зардал 22 500 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 35 000 000 төгрөг, 56 431 480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Уламбаярын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байр 20 тоот хаягт байрлах 2 өрөө, 81,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн, Д.Жаргалсайханы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, ар Зайсан гудамж 96 дугаар байрны 902 тоот хаягт байрлах 3 өрөө, 82,77 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                       

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ