Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 000093

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.А.д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0200/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                                      Ц.Идэрмөнх

               Шүүгдэгч                                                       Ж.А

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Долгорсүрэн

               Хохирогчийн өмгөөлөгч                           Ц.Энхтуяа

               Хохирогч                                                       Л.Т

               Хохирогч                                                       Н.Т

               Хохирогч                                                       Ө.О

               Хохирогч                                                       М.Г

               Нарийн бичгийн дарга                             Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолтой, Ж. А холбогдох, 201614000403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970-09-20-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суух, Б овгийн Ж. А

 

Шүүгдэгч Ж.А нь давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар 2013 оны 04 дүгээр сард Д.Б-аас Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 535 000 төгрөгийг залилан мэхэлж авсан

2013 оны 06 дугаар сард Н.Т Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн Хабитат гэх газарт 4 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 2 304 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2014 оны 04 дүгээр сард М.Ч-оос Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багт 1 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 1 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 05 дугаар сард М.Г-аас Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт 2 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 1 000 000 төгрөг, 4 ширхэг хонь нийт 1 380 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 07 дугаар сард Л.Т-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө, Баян-Өндөр сумын газрын даамал Б.Г.т өгнө гэж 300 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 07 дугаар сард Ч.Н-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт 1 айлын гэрчилгээ гаргаж өгнө гэж 700 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Ж.А.г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч Ж.А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлүүдээс хохирогч Д.Б-аас 535 000 төгрөг залилан мэхэлж авсан, Н.Т-аас 2 304 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, М.Ч.с 1 000 000 төгрөг, 4 ширхэг хонь нийт 1 380 000 төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ж.А.д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.А.г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар шүүгдэгч Ж.А.д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн пиджак 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн юбка 1 ширхэг, цэнхэр өнгийн дугуй даавуун малгай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1.д зааснаар шүүгдэгч Ж.А-аас нийт 10 654 000 гаргуулж хохирогч Д.Б.д 385 000 төгрөг, Ч.Н.д 420 000 төгрөг, Н.Т.т 2 722 000 төгрөг, 3 134 000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Т.д тус тус олгож, Л.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 400 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, бодит хохирлыг үнэн зөвөөр нь үнэлээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шүүгдэгч Ж.А-ийн хувьд гэм буруутай болон ял шийтгэлийн хувьд маргаангүй. Харин хохирогч тус бүрт учирсан бодит хохирол, хор уршиг гэж тооцсон тооцоололыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх “...шүүгдэгч Ж.А-аас нийт 10 654 000 төгрөг гаргуулж, ...М.Г.д 1 260 000 төгрөг, Ө.О.д 834 000 төгрөг, М.Ч.т 850 000 төгрөг, Н.Т.т 2 722 000 төгрөг, 3 134 000 төгрөг гаргуулж хохирогч Л.Т.д тус тус олгож....” гэж хохирол төлбөрийг тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Шүүх хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэдэг ба яллах дүгнэлтээр нийт хохирлын хэмжээ 7 203 000 төгрөг гэж ирсэн байхад хохирогч нарын тодруулбал М.Г, Ө.О, М.Ч, Н.Т, Л.Т нарын мэдүүлгийг нэгдүгээрт тавьж, хохирлыг тооцсон нь буруу юм. Энэ талаарх тайлбараа шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

 

Ийм хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн хохирол тооцсон хэсэгт өөрчлөлт оруулж, хохирлыг бодитоор тооцож өгнө үү гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч Ж.А.д оногдуулсан ялыг зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хүндрүүлэн хорих ялаар шийтгэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.А.г давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар 2013 оны 04 дүгээр сард Д.Б-аас Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 535 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

-2013 оны 06 дугаар сард Н.Т-гаас Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн Хабитат гэх газарт 4 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 2 304 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2014 оны 04 дүгээр сард М.Ч-оос Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багт 1 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 1 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 05 дугаар сард М.Г-аас Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт 2 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 1 000 000 төгрөг, 4 ширхэг хонь нийт 1 380 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 07 дугаар сард Л.Т-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө, Баян-Өндөр сумын газрын даамал Б.Г.т өгнө гэж 300 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 07 дугаар сард Ч.Н-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт 1 айлын гэрчилгээ гаргаж өгнө гэж 700 000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ж.А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Д.Б-аас 535 000 төгрөг залилан мэхэлж авсан, Н.Т-аас 2 304 000 төгрөгийг залилан мэхэлж авсан, М.Ч.д 1 000 000 төгрөг, 4 хонь нийт 1. 380.000 төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан шүүгдэгч Ж.А.д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөөд

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.А.г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Ж.А-аас хохирлыг гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийг хянан үзэхэд

 

Шүүгдэгч Ж.А нь 2013 оны 4 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хооронд газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч мэхлэн Д.Б-аас 535 000 төгрөг, Н.Т-аас 2 304 000 төгрөг, М.Ч-оос 1 000 000 төгрөг, Ө.О-аас 984 000 төгрөг, М.Г-аас 1 380 000 төгрөг, Л.Т 300 000 төгрөг, Ч.Н 700 000 төгрөгийг тус тус залилан мэхэлж  авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.А нь хохирогч Д.Б.д 150.000 төгрөг, хохирогч Ч.Н.д 230.000 төгрөг, хохирогч М.Г.т 120.000 төгрөг, хохирогч Ө.О 150.000 төгрөг, хохирогч М.Ч.т 150.000 төгрөг, хохирогч Л.Т.д 100.000 төгрөг тус тус төлсөн байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан шинжээч томилж эд зүйлд үнэлгээ тогтоолгосон шинжээчийн дүгнэлтээр  Ж.А залилуулсны улмаас хохирогч Н.Т.т 498.000 төгрөгийн Л.Т.д 2.934.000 төгрөгийн хор уршиг тус тус учирсныг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Ж.А нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч төлөөгүй, өөрөөр хэлбэл хохирогчдын хохирлыг барагдуулаагүй байхад анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсан, оногдуулсан ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт тохироогүй байх тул давж заалдах шатны шүүхээс Ж.А холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг нь хүндрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.А 6 сар хорих ялаар  шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2, 39.1 дүгээр зүйлийн 4 .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтын “400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэснийг “ 6 сарын хорих ялаар ” гэж өөрчлөлт оруулан тогтоох хэсгийн 5,6  дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ж.А.д оногдуулсан 6 сар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.А.д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5 .Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэлмагадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                                        С.ЦЭЦЭГМАА