Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Д.О-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905046850125 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.О-, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.О-нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дурсамж баарны гадна маргааны улмаас С.С-хамар, уруулыг пивоны шилээр зүсэж хамар, дээд уруулд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч С.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...Баарны гадна найз Батхүүтэй таараад юм яриад зогсож байтал гэнэт хүмүүс маргаад эхэлсэн. Би нилээн муудсан байсан учир хэн нь хэнтэй юу гэж маргасныг мэдэхгүй байна. Хоорондоо зодолдох гээд байхаар нь дундуур нь орж салгасан. Тэгтэл О- гэх залуу баар руу ороод буцаж гарч ирэхдээ гартаа пивоны шил барьж гарч ирээд шилээ хагалаад миний хамар руу зоочихсон. Тэгээд хамарнаас цус гараад хамар хажуу тал руугаа зүсэгдээд сөхөгдсөн байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг рүү очтол ачаалал ихтэй байхаар нь Мөнгөнгүүр эмнэлэгт очиж хэвтэн хамраа оёулсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. О- гэх залуу пивоны хагарсан шилийг миний хамар руу зоож уг гэмтлийн учруулсан. ...О- надаас уучлал гуйн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 19/,

            Гэрч Г.Г-мөрдөн байцаалтад өгсөн: “...гараад ирсэн чинь манай найз Ариунболд, С-, Элбэгсайхан нар нь Батхүү болон нэг залуугийн хамт уулзаад зогсож байсан. Тэгсэн чинь бидний хажуугаар өнгөрч байсан хоёр залуу “та нар жолооч уу” гэж асуугаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр ална шүү гээд бүгд хэрэлдэж, маргалдаж, заамдалцаж эхэлсэн. ...Тэр үед жижигхэн залуу гүйж яваад хоёр гартаа пивоны шил барьж гарч ирсэн байсан. Удалгүй Элбэгсайхан гүйж ирээд С-гийн хамар эвгүй болчихлоо, зүсээд хаячихлаа гэхээр нь намайг бариад байсан залууг тавиулаад гүйгээд очсон чинь С-гийн хамарнаас цус гарсан, бараг хамар нь тасарсан унжсан байдалтай байхаар нь Гэмтэл согог судлалын Үндэсний төв рүү очсон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

            Гэрч Ё.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дурсамж баар руу зөөгч, ажилтнаас нь гар утсыг нь асуугаад гараад ирсэн чинь Г.Г- надад С-гийн хамар тасарчихлаа түргэн явахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би С- дээр очоод хамрыг нь хараад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

            Шинжээчийн 14273 тоот дүгнэлтэд: “...С.С-биед хамар, дээд уруулд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-н 28/,

            Яллагдагчаар Д.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. С-биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би С-хамар уруулыг пивоны шилээр зүсэж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх-н 11-12/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-39/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Д.О-нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дурсамж баарны гадна маргааны улмаас С.С-хамар, уруулыг пивоны шилээр зүсэж хамар, дээд уруулд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.С-: “...О- гэх залуу баар руу ороод буцаж гарч ирэхдээ гартаа пивоны шил барьж гарч ирээд шилээ хагалаад миний хамар руу зоочихсон. Тэгээд хамарнаас цус гараад хамар хажуу тал руугаа зүсэгдээд сөхөгдсөн байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг рүү очтол ачаалал ихтэй байхаар нь Мөнгөнгүүр эмнэлэгт очиж хэвтэн хамраа оёулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч Г.Г-: “...нөгөө хоёр ална шүү гээд бүгд хэрэлдэж, маргалдаж, заамдалцаж эхэлсэн. ...Тэр үед жижигхэн залуу гүйж яваад хоёр гартаа пивоны шил барьж гарч ирсэн байсан. Удалгүй Элбэгсайхан гүйж ирээд С-гийн хамар эвгүй болчихлоо, зүсээд хаячихлаа гэхээр нь намайг бариад байсан залууг тавиулаад гүйгээд очсон чинь С-гийн хамарнаас цус гарсан, бараг хамар нь тасарсан унжсан байдалтай байхаар нь Гэмтэл согог судлалын Үндэсний төв рүү очсон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, гэрч Ё.Б-гийн: “...Дурсамж баар руу зөөгч, ажилтнаас нь гар утсыг нь асуугаад гараад ирсэн чинь Г.Г- надад С-гийн хамар тасарчихлаа түргэн явахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би С- дээр очоод хамрыг нь хараад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, шинжээчийн 14273 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О-нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж пивоны хагархай шилээр хамрыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 50/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-г 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР