Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: А.Э-,

Шүүгдэгч: У.О-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.О-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000090100 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.О-, ... Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны мэргэжилтэй, ШШГЕГ-ын харъяа 407 дугаар ангид механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч У.О-нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд иргэн А.Э-ыг гараараа цохиж зодон биед зүүн нүдний ухархайд доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.О-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч А.Э- шүүх хуралдаанд: “....Тухайн өдөр төгсөлтийн уулзалт болоод бааранд сууж байгаад бүжиглэх гэж уг бааранд орсон. Бүжгийн талбай дээр О-той зөрөхдөө шүргэлцсэнээс болоод зодуулсан. Хагалгаанд орсон байгаа. Одоо дахиад хагалгаанд орно. Мөн сарын дараа чихний хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хэрэгт өгсөн байгаа 621.000 төгрөгийн баримтан дээр өнөөдөр шинээр өгсөн 1.812.440 төгрөгийг нэмээд, дээрээс нь дахин эмчилгээ хийлгэхэд шаардагдах 3 сая төгрөг, нийт 5 сая төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэв.

Хохирогч А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед 10 жилийн ангийн залуучууд 30 жилийнхээ уулзалтыг хийж шинэ жилээ 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг ресторанд тэмдэглэсэн. ...22 цагийн үед ...Дурсамж нэртэй бааранд бүжиглэх гэж орсон. ...Тухайн үед би бас нэлээд муудсан байсан. Бааранд ороод 00-н өрөө рүү орох гэж байгаад танихгүй залуутай муудалцсан юм шиг байна лээ. Тэгээд нэг мэдсэн цагдаа болоод Гэмтлийн эмнэлэг дээр очоод урууландаа оёдол тавиулаад гэртээ харьсан. Би сайн санахгүй байна. Нэг мэдсэн тэр залуу миний дээр гараад суусан  цохиод байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Дурсамж-Ретро бааранд 14-өөс 21 цагийн хооронд шинэ жилийн хүлээн авалт авсан. Тухайн бааранд би хамгаалагчаар ажиллаж байсан ба орой 22 цагийн үед хүлээн авалт дуусаад гаднаас хүмүүс орж ирж үйлчлүүлээд хүлээн авалтын зарим хүмүүс нь манайд үргэлжлүүлээд суусан. Тэгээд бүжгийн талбай дээр хүмүүс бужигнаад байхаар нь очоод хартал 1 настай ах газар хэвтсэн, нүүр ам нь цус болсон хажууд нь нэг залууг хүмүүс хориглоод зогсож байсан. Тэгээд тэр настай ахыг аваад босгож үүдэнд аваачиж хэвтүүлсэн. Тэгээд 102, 103-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч О.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17-21 цагийн хооронд манай байгууллагын шинэ жил 3, 4 дүгээр хорооллын Дурсамж бааранд болсон. Тэгээд орой 22 цагт тараад зарим нь гараад явж байсан. Тухайн үед би гарах гээд ширээндээ сууж байсан. Тэгэхэд О- явлаа гээд гарч байсан. Тэгээд би хамт явдаг юм билүү гээд хартал бүжгийн талбай дээр 1 хүнтэй маргалдаад, нөгөө хүн нь О-ыг цохиж харагдсан. Тэгээд би босоод очих хооронд О- тэр хүнийг зөрүүлж цохиод газар унагаагаад би очоод салгасан. Тэгээд босоод ирэхэд нөгөө хүний хамраас цус гарсан байсан. Тэгээд О- тэнд цагдаа иртэл хүлээнэ гээд би түрүүлээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Шинжээчийн 615 тоот дүгнэлтэд: “.... биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /хх-н 27-28/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...А.Э- саарал өнгийн цамцтай гуйвсан байдалтай явах ба энэ үед хар пиджак, дотуураа цагаан цамцтай оролцогч У.О-хажуугаар нь зөрөх үед хохирогч А.Э- түүнийг мөрлөн баруун гараараа 1 удаа цохих үйлдэл хийхэд, оролцогч У.О-, А.Э-ыг баруун гараараа 2-3 удаа нүүрэн тус газар нь цохин зууралдаж буйдангийн хажууд унаж цохих үйлдэлээ үргэлжлүүлэн хийнэ” гэжээ /хх-н 6-7/,

Яллагдагчаар У.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд үйл ажиллагаа дуусаад орой 22 цагийн үед гарах гэж байхад бүжгийн талбай дээр гаднаас орж ирж үйлчлүүлсэн танихгүй согтуу ах зөрөхдөө эргэж хараад нүүр рүү цохиод бид 2 зууралдаад газар унахад нь би дээр нь гараад нүүр рүү нь 1, 2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 25-26, 32-33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42-66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У.О-нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд иргэн А.Э-ыг бүжгийн талбайд зөрөхдөө мөрлөж цохилоо гэх шалтгаанаар зодож биед нь зүүн нүдний ухархайд доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Э-ын: “...нэг мэдсэн цагдаа болоод Гэмтлийн эмнэлэг дээр очоод урууландаа оёдол тавиулаад гэртээ харьсан. Би сайн санахгүй байна. Нэг мэдсэн тэр залуу миний дээр гараад суусан цохиод байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч О.А-ийн: “...бүжгийн талбай дээр хүмүүс бужигнаад байхаар нь очоод хартал 1 настай ах газар хэвтсэн, нүүр ам нь цус болсон хажууд нь нэг залуу хүмүүс хориглоод зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч О.Ш-ын: “...О- явлаа гээд гарч байсан. Тэгээд би хамт явдаг юм билүү гээд хартал бүжгийн талбай дээр 1 хүнтэй маргалдаад, нөгөө хүн нь О-ыг цохиж харагдсан. Тэгээд би босоод очих хооронд О- тэр хүнийг зөрүүлж цохиод газар унагаагаад би очоод салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, шинжээчийн 615 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.О-согтуурсан үедээ нь хохирогч А.Э-ыг өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар түүнийг зодож улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан 621.000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна. Хохирогч нь шүүх хуралдаанд шинээр 1.812.440 төгрөгийн баримт гэж гаргаж өгсөн боловч уг баримтуудын дүн нь 1.742.440 төгрөг болж байх тул нийт 2.363.440 төгрөгийн хохирлыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Э-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээнд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.О-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-ыг 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-оос  2.363.440 төгрөгийг гаргуулж хохирогч А.Э-т олгосугай.

7. Хохирогч А.Э- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР