| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04358/и |
| Дугаар | 4358 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 4358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоотод оршин суух Батжаргалын Баясгалан /РД:УЗ72082211/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжинд байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөр төлтөл орон байрыг бусдад төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баясгалан, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, М.Мөнхтөр, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, мөн Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс, Б.Баттөгс, В.Хишигбаяр, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Б.Баясгалан би 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцыг 74,000,000.00 төгрөгөөр худалдсан авсан.
Тэр өдрийн дуудлага худалдаанд Гэр хорооллын барилгажилт ХЗХ, Бөөнцагаан нуур ХЗХ зэрэг хоршоодын хөрөнгө болон бусад өр төлбөртэй байгууллагуудын үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулж, тэдгээрийн хохирогчдын төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байсан.
Миний бие худалдан авсан орон сууцандаа очиход өрөө болгонд нь ХЗХ-ны хохирогч нар гэх хүмүүс байсан ба тэдгээрийг байрнаас гарсны дараа өөрийн хөрөнгөөр засвар хийж орсон юм.
Дуудлага худалдаа болсны дараа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас надад Ү-2203011990 тоот дугаарт бүртгэгдсэн Жамбалдоржийн Болдсайхан гэсэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн ба энэхүү дуудлага худалдаа нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолын дагуу явагдсан байсан.
Гэтэл Ж.Болдсайхан нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 97 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоос тус орон сууцыг дуудлага худалдаанд оруулах хэсгийг хасуулсан ба тухайн орон сууцыг Хас банк ХХК-ийн барьцаанд тавьж, тус банкнаас 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 110,000,000.00 төгрөгийн зээл авч, төлөөгүйгээс улбаалан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрээр Ж.Болдсайханаас 109,629,625.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн намайг Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцнаас гаргуулах ажиллагааг хийж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцыг хураах тогтоол гарсныг миний бие эс зөвшөөрч тус байгууллагад гомдол гаргасан ба надад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариу өгсөн.
Ийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна.
Учир нь, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 901 тоот захирамжийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1065 тоот магадлалаар хүчингүй болгосон. Ингэснээр манай байр 97 тоот шийтгэх тогтоолоор дуудлага худалдаанд орох ёстой байтал Хас банк ХХК-ийн нэхэмжлэлээр Ж.Болдсайханаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Б.Баясгалан миний бие шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас болж орон сууцаа эзэмших эрхгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хохирол 480,000,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэрээр хангаж өгсөн.
Гэтэл уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан биелүүлэхгүй байх тул төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү”.
Нэхэмжлэгч Б.Баясгалан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүсэлтдээ:
“Б.Баясгалан миний оршин сууж буй Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцыг Банк хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албаны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж зохион байгуулсан дуудлага худалдааг хүчингүй болгосон.
Шийдвэр гүйцэтгэх алба надад шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой хохирлыг барагдуулаагүй байж орох оронгүй намайг байрнаас гаргуулахаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Болдсайханд холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн 4413 тоот шийдвэрийн дагуу орон сууц битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага маань надад олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн шаардлага байгаа.
Шүүх хуралдаанд байрыг худалдан борлуулж, өр төлбөрөө авахыг хүссэн этгээдүүд оролцож байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн надад учруулсан хохирлыг барагдуулсны эцэст орон байрыг бусдад төлбөрт нь олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“Хариуцагчийн төлөөлөгч Ч.Оюунбилэгийн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн атлаа өөрсдөө төлбөрийг төлөөд байгаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулсны дараа орон байрыг бусдад шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч тусгайлан хариу хэлсэнгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны буруутай үйл ажиллагаа тэр чигээрээ Б.Баясгалангийн эрх ашигт нөлөөлсөн. Анх дуудлага худалдаанд оруулахдаа тус байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шалгах байсан гэтэл шалгаагүй. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас болж дуудлага худалдаа хүчингүй болсон.
Б.Баясгалангийн байгаа байр хотын А зэрэглэлийн байр, тэнд түүний хүүхдүүд нь өссөн, амьдрах орчин нь бүрдсэн, хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг нь ойрхон, эхнэр нь одоо 3 дахь хүүхдээ төрүүлэх гэж байна.
Хас банк ХХК нь ШШГА-аас энэ байрыг барьцаанд тавих гэж байна гээд асуучих ёстой байсан, гэтэл ийм үйлдэл хийхгүйгээрээ барьцаалсан учраас өөрөө бас буруутай.
Бид нар өнөөдөр бодит байдал ямар байна гэдгийг бүгдийн мэдэж байгаа, М.Болдсайхан энэ байрыг Банк хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгөөр авсан, Цагдаад гэрчилгээ аваачиж өгчихөөд тэр дороо 60,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ хуурамчаар байгуулсан байсан.
Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо байхгүй байгааг энэ хүн ашигласан. Хожим нь Ж.Болдсайхан сэжигтэн гэж явж байгаад мөрдөн байцаах шатнаас хэргийг нь хэрэгсэхгүй болгоод сэжигтэн биш болонгуут 901 дугаар захирамж гаргуулсан байдаг. Уг 901 тоот тогтоол гарсны дараа тэрээр шинээр байрны гэрчилгээ гаргуулж авсан. Тэгээд зээл авч байх хугацаанд бид нар 1065 тоот захирамжийг гаргуулсан.
Хуулиас гадуур бодит байдал дээр хэн хариуцлага алдсан хэний буруу вэ гэдгийг шүүх ялгаж салгах хэрэгтэй байх. Ж.Болдсайханаас төлбөр гаргуулж Хас банк ХХК-нд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрчимтэй явж байгаа мөртлөө Б.Баясгалангийн хохирлоо гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй байна.
Шийдвэр гүйцэтгэгч М.Мөнхтөр гардаж явуулж байгаа энэ ажиллагаа түүнээс шалтгаалаагүй, дээд байгууллага нь төгрөгийг шийдэж өгөхгүй байгаа учраас удааширч байгаа байх.
Гуравдагч этгээд В.Хишигбаярын хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргаж явах ёстой хүн, гэвч өнөөдөр тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Банк, хадгаламж зээлийн хоршоо тус 97 тоот шийдвэрийн дагуу хохирогч нарт хохирлын өгөх ёстой, өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал гэж байдаг. Эхлээд Банк, хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг өгөх ёстой гэж үзэж байна.
Манай нэхэмжлэлийн шаардлагаас хамгийн гол шаардлага нь эхлээд хохирлыг арилгаж мөнгөө өгч байж дараа нь адилхан А зэрэглэлийн байр авах юм. Энэ шаардлагыг хангаад өгвөл дараа нь бусдад төлбөр олгохыг даалгаж өгнө үү гэж байгаа юм” гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрээр Жамбалдоржийн Болдсайхан, Энхтүвшингийн Намуунзул нараас 110,335,763.00 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.
Төлбөр төлөгч Ж.Болдсайханы үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцыг барьцаалуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 154/11-10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/1-06 тоот тогтоолоор хураасан.
Тухайн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/32102 тоот дугаарын албан бичгээр холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад 2014 оны 1510006398 тоот дугаартай гэрээний дагуу Хас банк ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 480,000,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,557,950.00 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,000,000.00 төгрөг, нийт 483,557,950.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баясгаланд олгохоор шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1087 тоот гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Тус алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Б.Баясгаланд олговол зохих төлбөрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулахаар Хууль зүйн яам, Сангийн яаманд хандаж, ажилласны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 241,778,975.00 төгрөгийг олгохоор баталсан ба тус төлбөр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Баясгалангийн дансанд шилжиж орсон.
Мөн нэхэмжлэлийн гуравдахь шаардлагын хувьд манай байгууллагын зүгээс дээр дурьдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 тоот тогтоолыг биелүүлэх талаар ажиллагаа хийж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрээр Жамбалдоржийн Болдсайхан, Энхтүвшингийн Намуунзул нараас 110,335,763.00 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас төлбөр гаргуулахаар зохих ёсоор явагдаж байна.
Хууль зүйн сайдын тушаалаар нэхэмжлэгч Б.Баясгаланд олгогдох ёстой төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөрийг өгсөн ба энэ оны 7 дугаар сар гэхэд үлдсэн төлбөрийг олгох болно, бидний зүгээс ямар нэгэн байдлаар төлбөр төлөхгүй удааж байгаа зүйл байхгүй, энэ төлбөрийг олгоход Хууль зүйн яам, Сангийн яам гээд олон төрийн байгууллага дамждаг учраас хугацаа авсан байх. Маргааны зүйл болсон орон сууц нь өөрөө нэхэмжлэгч Б.Баясгалангийн өмч биш, тус тусдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоор Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны үүсгэн байгуулагч Т.Энхтөр, Д.Баттөр нараас 15,645,493,376.00 төгрөг гаргуулж, нэр бүхий 1413 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн.
Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн шийтгэх тогтоолд /шийтгэх тогтоолын хавсралт 2.1-ийн 61 дугаар/ 90,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, тус хадгаламж зээлийн хоршоодын хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцыг 2008 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан битүүмжилж, хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2009 оны 08 дугаар сарын 14-ны өдөр үнэлгээ хийлгэхэд 73,500,000.00 төгрөг болсон бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, 74,000,000.00 төгрөгөөр иргэн Б.Баясгаланд худалдсан.
Дуудлага худалдааны ялагч Б.Баясгаланд 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус орон сууцыг хүлээлгэн өгч, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн 5.2.3-т заасны дагуу орон сууцны үнэ 74,000,000.00 төгрөгийг Төрийн санд шилжүүлсэн.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 901 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолын хавсралтаас дээрх орон сууцыг хассан боловч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1065 тоот магадлалаар дээрх 901 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул тухайн орон сууц нь Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирлыг барагдуулахад тооцон олгох нь зүйтэй юм” гэжээ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээлдэгч Ж.Болдсайхан нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хас банк ХХК-тай Зээлийн 1510006398 дугаартай гэрээ байгуулж, 110,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба тус зээлийн барьцаанд Ү-2203011990 тоот дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцыг барьцаалуулсан.
Зээл олгох үед авсан улсын бүртгэлийн мэдээллийн сангаас уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болон түдгэлзүүлээгүй байсан. Ийм учраас манай банк нь зээлдэгчтэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, барьцааг баталгаажуулсан.
Зээлдэгч Ж.Болдсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай компаниас зээлдэгч Ж.Болдсайхан, Э.Намуунзул нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэр гарч, хариуцагч нараас 109,629,665.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 706,098.00 төгрөгийн хамт гаргуулж Хас банк ХХК-нд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байтал иргэн Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн улмаас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/07914 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хас банк ХХК нь Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд, хуульд нийцүүлэн дээрх барьцаа хөрөнгийг барьцаалсан бөгөөд энэ шинжийн хүрээнд манай банк шударга эзэмшигчид тооцогдох, бүртгэлтэй холбоотой аливаа маргаан нь банкны хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй гэж үзэж байна.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжүүлэн хийлгэж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 шийдвэрийг гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Хишигсүрэн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“В.Хишигбаяр миний бие Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоор Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогч болсон юм. Шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирогч нарын хохирлыг барагдуулахаар шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтанд Ж.Болдсайханы орон сууц битүүмжлэгдсэн байсан.
Гэтэл үүнийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдолтой байна.
Уг хөрөнгийг хууль дүрмийн дагуу дуудлага худалдаанд оруулж, хохирлыг минь барагдуулж, хохиролгүй болгоход шүүхийн үнэн зөв шийдвэр хэрэгтэй гэж үзсэн учир шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна.
Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1000 гаруй хохирогч нарын хохирол барагдаагүй, тэдгээр хохирогч нарын хохирлын тал хувийг барагдуулсан боловч үлдэх хохирлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд барагдуулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна.
Б.Баясгалангийн амьдарч буй энэхүү орон сууц нь дээр дурьдсан 97 тоот шийтгэх тогтоолын дагуу дуудлага худалдаанд орох ёстой байтал яагаад ийнхүү Хас банк ХХК-ийн барьцаанд орж, одоо дуудлага худалдаанд орох болсныг ойлгохгүй байна. Ж.Болдсайхан гэдэг хүн анхнаасаа энэ бүгдийг хууль зөрчиж хийсэн. Одоо дээрх орон сууцыг шийтгэх тогтоолын хавсралтаас хассан захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулах ёстой” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баясгалан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөр төлтөл орон байрыг бусдад төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ж.Болдсайхан, Э.Намуунзул нар нь Хас банк ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 110,000,000.00 төгрөгийг зээлсэн байх бөгөөд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Монгол Улсын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 213.1.4, 153, 165 дугаар зүйлд тус тус зааснаар Ж.Болдсайханы өмчлөлийн Ү-2203011990 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцыг барьцаалуулсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 24392 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу төлбөр төлөгч Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас төлбөр гаргуулах ажиллагааг явуулж байх бөгөөд барьцааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж байсан байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоор Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах ажиллагааны хүрээнд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас явуулсан албадан дуудлага худалдаанд иргэн Ж.Болдсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууцыг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулахад нэхэмжлэгч Б.Баясгалан 73,600,000.00 төгрөгөөр худалдан авах тухай санал гаргаж, ялагч болсны үндсэн дээр Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, тус орон сууцыг авахаар болсон байжээ.
Нэхэмжлэгч Б.Баясгалан нь дээрх гэрээний дагуу тус орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2375 тоот шүүгчийн захирамжаар Ж.Болдсайханаас 72,900,000.00 төгрөгийг гаргуулж, Г.Баярсайханд олгох, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууцаар хангуулах болсон учраас тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байжээ.
Нэхэмжлэгч Б.Баясгалангийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан үйлдлийг хүчингүйд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 38 тоот шийдвэр гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/1107 тоот албан бичгийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууц буюу Ж.Болдсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэтэл иргэн Г.Баярсайхан нь төлбөр төлөгч Ж.Болдсайханаас авах авлагыг гүйцэтгэхийг даалгах, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны зүгээс нэхэмжлэгч Б.Баясгаланд дээр дурьдсан орон сууцыг худалдсан албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албыг тус тус хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүх 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ж.Болдсайханаас 72,900,000.00 төгрөг гаргуулах ажиллагааг явуулахыг даалгаж, нэхэмжлэгч Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах алба нарын хооронд байгуулсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгосон байна.
Улмаар, Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд орон сууцнаас албадан гаргуулах үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах, орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцэж, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 815 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Ийнхүү Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 568 тоот тогтоолоор Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах алба нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон нь тэдгээрийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн этгээдүүд уг хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн байгаагаас гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 815 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Баясгаланг тухайн орон сууцны шударга эзэмшигч биш гэж үзсэн байх тул тэрээр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууцтай холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй этгээд юм.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 568 тоот тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээс тус тус дүгнэвэл Б.Баясгалан нь уг орон сууцыг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд болсон байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 901 тоот шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Болдсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууцыг шийтгэх тогтоолоос хасч шийдвэрлэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1065 тоот магадлалаар нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахгүй гээд хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолд Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахад хураагдсан хөрөнгөд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууц хэвээр байна гэж шийдвэрлэжээ.
Гэвч өмчлөгч Ж.Болдсайхан нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хас банк ХХК-тай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байх бөгөөд Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас 109,629,665.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 706,098.27 төгрөгийн хамт гаргуулж, Хас банк ХХК-нд олгох, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд маргааны зүйл болсон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 21 дүгээр зүйлийн 21.5, 34 дүгээр зүйлийн 34.4, 39 дүгээр зүйлийн 39.6, 47 дугаар зүйлийн 47.2.2, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг хамруулж ойлгодог.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа нь төлбөр төлөгч Ж.Болдсайхан, Э.Намуунзул, төлбөр авагч Хас банк ХХК нар оролцож байгаа бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч Б.Баясгалангийн хуулиар хамгаалсан ямар эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа нь тодорхой бус байна.
Учир нь, дээр дурьдснаар Улсын дээд шүүхийн 568 тоот тогтоолоор Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах алба нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээр түүнийг орон сууцны шударга эзэмшигч биш гэж үзсэн буюу тэрээр тухайн орон сууцтай холбоотой аливаа шаардах эрхгүй байхад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа нь түүний ямар эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа нь тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 901 тоот шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Болдсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай орон сууцыг шийтгэх тогтоолоос хасч шийдвэрлэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1065 тоот магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Хас банк ХХК нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх эрхтэй юм.
Иймд, нэхэмжлэгч Б.Баясгалангийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Б.Баясгалан нь Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албаны буруутай үйл ажиллагааны улмаас тэдгээрийн хооронд 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болсон гээд хохиролд 480,000,000.00 төгрөг нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 239 тоот тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл Монгол Улсын Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/128 тоот тушаалаар Төрийн албаны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг барагдуулахад шаардагдсан мөнгөн хөрөнгийг 2016 оны Улсын төсвийн батлагдсан хэмжээгээр хуваарилах тухай тушаалын хавсралтын 13 дугаарт нэхэмжлэгч Б.Баясгалангийн 483,557,950.00 төгрөг бүрэн багтаж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүний дансанд 241,778,975.00 төгрөг шилжин орсон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг хүлээн авсан гэж мэдүүлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлд тус тус зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 тоот тогтоолыг тус тус биелүүлэхгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж өгөхийг хүсч байна.
Гэвч хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэхгүй байгаа гэх эс үйлдэхүй хийсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Учир нь, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 239 тоот тогтоолыг биелүүлэхээр холбогдох ажиллагааг гүйцэтгэж байх бөгөөд үүний үр дүнд нэхэмжлэгч Б.Баясгалангийн 483,557,950.00 төгрөгийн хохирол барагдахаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2,280,547,800.00 төгрөгийн эх үүсвэрт сууж, улмаар тал хувь болох 241,778,975.00 төгрөг олгогдсон байх тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг буруутгах үйл баримт алга байна.
Иймд, нэхэмжлэгч Б.Баясгалангийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 тоот тогтоолыг тус тус биелүүлэхгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоор Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах ажиллагааны хүрээнд явагдсан албадан дуудлага худалдаанд Б.Баясгалан нь оролцож, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот 180 м,кв талбайтай 6 өрөө бүхий орон сууцыг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 73,600,000.00 төгрөгөөр худалдан авч, нүүж орсноор өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн байрыг эзэмшиж байгаа ажээ.
Гэвч Улсын дээд шүүхийн 568 тоот тогтоолоор Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах алба нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон бол Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээр түүнийг Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцыг сууцыг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Баясгалан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан албадан дуудлага худалдааны журмаар дээрх орон сууцыг худалдан авч, эзэмшсэн боловч түүнтэй Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас байгуулсан гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон байх тул тэрээр тухайн орон сууцыг буцаан өгөх үүрэг бүхий этгээд болсон байна.
Нэгэнт нэхэмжлэгч Б.Баясгалан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцыг сууцыг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд болж, буцаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн этгээд байх тул түүнийг уг орон сууцыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 тоот тогтоол биелэгдтэл эзэмшиж, оршин сууж болно гэж үзэх нь буруу юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг.
Нэхэмжлэгч Б.Баясгалангийн хувьд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албатай 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, маргааны зүйл болсон тус орон сууцанд нүүж орсноор тэрээр гэрээний дагуу эзэмших эрхтэй шударга эзэмшигч байсан боловч түүний энэхүү Худалдах, худалдан авах гэрээг Улсын дээд шүүхээс хүчингүй болгосноор тэрээр орон сууцыг эзэмших эрхгүй болсон байна.
Иргэний хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан байх тул Б.Баясгалан нь маргааны зүйл болсон орон сууцыг цаашид ямар үндэслэлээр ийнхүү эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэгддэг.
Хас банк ХХК болон иргэн Ж.Болдсайхан нарын Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн 4413 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 тоот тогтоолоор нэхэмжлэгч Б.Баясгаланд учирсан хохиролд 483,557,950.00 төгрөг олгохоор болсон, Улсын дээд шүүхийн 568 тоот тогтоолоор Б.Баясгалан болон Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах алба нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгосон бол Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээр Б.Баясгаланг Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцыг өмчлөх, эзэмших эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн эдгээр харилцаанууд тус, тусдаа бие даасан харилцаанууд байх бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 239 тоот тогтоол биелэгдтэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4413 тоот шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах нөхцөл байдал байхгүй, ингэсэн тохиолдолд дээр дурьдсан зарчмуудыг ноцтой зөрчих юм.
Иймд, нэхэмжлэгч Б.Баясгалангийн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөр төлтөл орон байрыг бусдад төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас гаргасан тайлбар болон мөн В.Хишигбаярын хувьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолоор түүнийг Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчоор тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн 815 тоот шийдвэрээр Б.Баясгаланг Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 14-10 тоот орон сууцнаас төлбөр барагдуулах ажиллагаатай холбоотой асуудлыг энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамт шийдвэрлэх боломжгүй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР