Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

           Шүүгдэгч: Г.С-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905006920091 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.С-, ..., 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.С-нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Д-ыг “тавилга захиалгаар нийлүүлнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 465.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Г.С-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байхдаа тавилга авахаар интернэтээс харж байгаад Ханын тавилга хийнэС-гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй 80838347, 99816152 дугаартай утсаар холбогдож ярихад эхлээд урьдчилгаа 70 хувь өгнө дараа нь 30 хувь гэхээр нь урьдчилгаа гэж 465.000 төгрөг Хаан банкны 5024753553 С- гэсэн хүний данс руу хийсэн. Гэтэл С- гэх хүн маргааш өглөө холбогдоорой хүргээд өгнө гэхээр нь итгээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой утас руу нь залгахад холбогдохгүй мөн фэйсбүүк хаягтаа байхгүй алга болсон. Ингээд би цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/,

Яллагдагчаар Г.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...465.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Мөнгө шилжүүлж авсан өдрөө архи уусан байсан учраас үргэлжлүүлж 230.000 төгрөгөөр нь найзуудтайгаа нийлж архи уусан. Ямар нэгэн ажил төрөл хийгээгүй учир мөнгийг нь эргүүлж өгөх боломжгүй байсан тул утасны дугаараа ашиглахаа болиод фэйсбүүкийн .. гэх хаягаа устгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 62-65/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, шүүгдэгч, хохирогч нарын фэйсбүүк чатаар харилцсан мессежний фото зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-35, 41-45, 48-54/, шүүгдэгч Г.С-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 38/, хохирогч Г.Д-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.С-нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Д-ыг “тавилга захиалгаар нийлүүлнэ” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 465.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Г.Д-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байхдаа тавилга авахаар интернэтээс харж байгаад Ханны тавилга хийнэС-гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй 80838347, 99816152 дугаартай утсаар холбогдож ярихад эхлээд урьдчилгаа 70 хувь өгнө дараа нь 30 хувь гэхээр нь урьдчилгаа гэж 465.000 төгрөг Хаан банкны 5024753553 С- гэсэн хүний данс руу хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/, шүүгдэгч, хохирогч нарын депозит дансны хуулгууд, хоорондоо харилцсан захиа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С-нь хохирогч Г.Д-од тавилга хийж өгнө, урьдчилгаа 465.000 төгрөгийг төл гэж өөрийн данс руугаа мөнгийг шилжүүлэн авсан, түүний уг захиалга нь биелэгдэх боломжгүй байсан байх ба бусдын эд хөрөнгийг залилаж авах санаа, зорилготой байсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан 465.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.С-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.С-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР