Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 4291

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал даатгалын офисс хаягт үйл ажиллагаа явуулдаг “Мандал женерал даатгал” ХХК /РД:5473489/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Батмөнх трейд байр хаягт байрлах “Намодик” ХХК /РД:262863/-д холбогдох 86,004.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Намодик” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-тай 10512088 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 95253925 тоот дугаар авч ашигласан.

 

2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөр 57,336.00 төгрөг болсон. Гэрээний дагуу төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар алдангийн хамт 86,004.00 төгрөг болж байна.

 

Мандал женерал даатгал нь “Мобиком корпораци” ХХК-тай Төлбөрийн даатгалын тасалдлын гэрээ байгуулж, уг гэрээгээр Мобиком корпорацийн хэрэглэгчийн гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөөгүй тохиолдолд даатгалын тохиолдол үүсч, даатгалын нөхөн төлбөрийг олгодог. Мобиком корпораци нь 57,336.00 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компаниас авсан.

 

Манай компани Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан болно.

 

Иймд, “Намодик” ХХК-иас 86,004.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын зүгээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

“Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Намодик” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү энэ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй байх ёстой.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч “Намодик” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-тай Утасгүй суурин телефон холбооны мобикон үйлчилгээний гэрээ, тус компанийн үйлчилгээг авахаар тохирчээ.

 

“Мандал женерал даатгал” ХХК нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон 2/21 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд “Мобиком корпораци” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 12076 тоот дугаартай Даатгалын гэрээ байгуулж, тус гэрээгээр “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийн тасалдлыг даатгахаар болсон байна.

 

Энэхүү гэрээний дагуу даатгагч “Мандал женерал даатгал” ХХК-иас хариуцагч “Намодик” ХХК-ийн төлбөрийн тасалдлыг даатгаж, 57,336.72 төгрөгийн нөхөн төлбөр олгосон ба Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хуульд зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн шаардах эрх нь даатгагч “Мандал женерал даатгал” ХХК-нд шилжсэн байна. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчаас нэхэмжилж буй 57,336.00 төгрөг, түүний алданги 28,668.00 төгрөг, нийт 86,004.00 төгрөгийн асуудал нь 2013 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/-н жил байх ба хөөн хэлэлцэх хугацааг тус хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм.

 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс энэхүү иргэний хэрэгт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул тэрээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлд зааснаар нэгэнт гүйцэтгэсэн үүргээсээ татгалзах эрхгүй болно.

 

Хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагч Намодик ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай түүний хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээс гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Мандал женерал даатгал ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр В.Мандах /РД:ХЛ81032217/ итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг эрхтэй байна.

 

Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Иймд, Мандал женерал даатгал ХХК-ийн гаргасан Намодик ХХК-нд холбогдох 86,004.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн гаргасан хариуцагч “Намодик” ХХК-нд холбогдох 86,004.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-иас урьдчилан төлсөн 4,550.00 төгрөгийн тал хувь болох 2,275.00 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 2,275.00 төгрөгийг хариуцагч “Намодик” ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

                                   

 

 

                  ШҮҮГЧ                                                     Б.МАНДАЛБАЯР