Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Ц.Ганцэцэг,

            Шүүгдэгч: Э.А-, түүний өмгөөлөгч Б.Д-,

Шүүгдэгч: А.П-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.П-нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706038261577 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-, Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт .....тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.П-, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд  төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүү нарын хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.А- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Bluefin” ресторан дотор хохирогч И.Ариунсанаагийн эзэмшлийн “Самсунг Эс 7 Эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их булаг” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрийн лангуунаас бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч И.Х-т 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр байранд байрлах “Авъяас” хүүхдийн өдөр өнжүүлэх газраас хохирогч Б.С-Самсунг Эс-6 Эджи, Самсунг Эс-3 маркийн гар утсыг хулгайлж 384.000 төгрөгийн, мөн насанд хүрээгүй хохирогч С.У-гийн Самсунг гранд загварын гар утсыг хулгайлж, 162.000 төгрөгийн буюу бусдад нийт 546.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singer” нэртэй оёдлын машины төв дотор хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь Э.Т-тэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Революшн” зоогийн газарт үйлчлүүлж байсан Э.С-гийн ширээн дээр тавьсан байсан Айфоне 6 Эс загварын гар утсыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь А.С-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-гийн өмчлөлийн Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 264.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь А.П-той бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-Ойл ШТС-н өрөөнд байсан М-Ойл групп ХХК-ний эзэмшлийн 440.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч А.П- нь Э.А-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-Ойл ШТС-н өрөөнд байсан М-Ойл групп ХХК-ний эзэмшлийн 440.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад үйлдсэн хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял  шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.П- шүүх хуралдаанд: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч И.Ариунсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bluefin” ресторанд үйлчлүүлж байгаад өөрийн “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утсаа алдсан. ...Би тухайн үед гар утсаа алдсанаа мэдсэн бөгөөд миний утас ширээн дээр байсан. Тэгээд гаднаас нэг 20 орчим насны залуу сэтгүүл бариад орж ирсэн бөгөөд ширээн дээр сэтгүүл тавьж авах уу гэх байдлаар асуусан. Тэгээд гараад явсан ба миний гар утас байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23-24/,

Хохирогч И.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш 19 цаг өнгөрч байх үед би гадуур ажилтай явж байтал манай эхнэр Лхамжав над руу 89782672 дугаараас дэлгүүрээс мөнгө алдчихлаа гэж залгасан. ...орлогын бэлэн мөнгө болох нийт 350.000 төгрөг алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121-122/,

Гэрч Г.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн 01-39 тоотод байрлах Их булаг нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ажиллаж байсан юм. ...19 цаг 30 минутын орчимд хүний хөл татрахаар нь складнаасаа хүслийн кола ундаа оруулах гээд склад руугаа орсон. Намайг склад руу орохоос өмнө хар саравчтай малгай, хар юдэнтэй цамцтай 17-18 орчим настай эрэгтэй хүүхэд гоо сайханы бараа үзээд зогсож байхаар нь би нэг их юм бодолгүй дэлгүүрийнхээ складнаас ундаагаа оруулж ирээд лангуун дээрээ өрөх гэтэл мөнгөний шүүгээ онгойж дотор нь байсан бэлэн мөнгөнүүд байхгүй болсон байсан. Тэгээд би энд байсан мөнгө яачваа гээд орилтол нөгөө эрэгтэй хүүхэд гараад зугтаасан. Би тэр хүүхдийн араас гарч хөөгөөд 24 дүгээр хорооны хажууд ирээд гүйцэхгүй болохоор нь буцаад дэлгүүр дээрээ очиж нөхөртөө болсон асуудлын талаар залгаж хэлсэн. ...Склад нь манай дэлгүүртэй залгаа өрөө байгаа юм. Тэр өрөөнөөс ундаа оруулахад 1 минут ч хүрээгүй байх. ...18 цаг болох гэж байхад би орлогынхоо бүхэл мөнгийг тоолоход 280.000 төгрөг байсан ба тэрнээс хойш их хүнтэй орлого сайтай байсан, багаар бодоход 350.000 төгрөг хүрсэн байсан. ...тэр хүүхдээс өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 124/,

Хохирогч Б.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны “Авъяас” өдөр өнжүүлэхэд ажил дээрээ хүүхдүүдэд хичээл зааж байхад гаднаас гар дээрээ шивээстэй шар цариатай залуу орж ирээд манай багш А-тай өдөр өнжүүлэхэд хүүхэд өгөх талаар ярилцаж байсан. Тухайн үед миний гар утаснууд үүдний ширээн дээр байсан юм. Тэгээд би өдрийн ээлжний хүүхдүүдийг хувцаслаж байсан бөгөөд хүүхдээ хувцаслаж дуусчихаад гадагшаа гарах гээд гар утсаа хайсан чинь миний үүдний ширээн дээр байсан Самсунг Эс 6 эджи, Эс 3 маркийн гар утаснууд алга болсон байсан. Бас манай сурагч С.У-гийн гар утас алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 201/,

Насанд хүрээгүй хохирогч С.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авъяас нэртэй өдөр өнжүүлэх газарт явдаг байсан. 2018 оны 4 дүгээр сард манай багш С-бид нарт хичээл орж дуусчихаад бид нарыг хувцаслаж байхад би гар утсаа ширээн дээр тавьсан байсан. Тэгээд хувцасаа өмсчихөөд гар утсаа авах гэхэд байхгүй байсан ба С-багшид хэлэхэд багшийн гар утас мөн алга болсон байсан. ...миний утас Самсунг Гранд загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 5/,

Гэрч П.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны “Авъяас” өдөр өнжүүлэх буюу ажил дээрээ байхад 16-18 орчим насны шар царайтай, гар дээрээ шивээстэй, 165-170 см орчим өндөртэй, хар өнгийн хувцастай хүүхэд орж ирээд 4 дүгээр ангийн хүүхэд өдөр өнжүүлэхэд авах уу гэж надаас асуугаад ардаас ээж орж ирнэ гээд үүдэнд зогсоод байсан. Тэгээд би гал тогоонд орж юм хийхээр болоод манай С-багш хүүхдүүдээ хувцаслаж байх үед нөгөө хүүхэд үүдний урд талын ширээн дээр байсан надтай хамт ажилладаг багш Соёл-Эрдэний гар утаснуудыг болон манай сурагч С.У-гийн гар утаснуудыг хулгайлаад аваад гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 204/,

Хохирогч Г.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороонд байрлах “Singer” оёдлын машины төвд ажиллаж байгаад ширээн дээрээ өөрийнхөө Самсунг Эс-8 маркийн гар утсыг үлдээгээд хажуу талын өрөөндөө орох хооронд миний гар утас алдагдсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 18-20 орчим насны эрэгтэй хүн аваад гараад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 23/,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед өөрийн нөхөр болох Найманжин, найз Батбаяр нарын хамт цэргийн баяр тэмдэглэх гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад орж пиво ууж суусан. Би орой болсон болохоор гэртээ харих санаатай нөхрөө дагуулан тухайн пабад гарсан тооцоог хийгээд түрүүлээд гарахад манай нөхөр найзтайгаа хамт араас гарч ирсэн. Би хүүхэд рүүгээ залгаад миний хүү хаалгаа тайлаарай ээж, аав хоёр нь очиж байна гэж хэлээд утсаар яриад явж байтал араас миний гарт байсан гар утсыг хүн шүүрээд гүйгээд явсан. Би нөхөр рүүгээ миний гар утсыг авчихлаа араас нь гүйгээч гэж хэлэхэд манай нөхөр болон найз нь нилээн согтуу байсан болохоор гүйж чадаагүй нөгөө хоёр хүнийг алдсан. ...намайг харахад ард явж байсан нэг хүн нь хар куртиктэй малгайтай цамцтай нэг эрэгтэй байсан. 160-165 см өндөртэй хүүхэд байсан. ...миний алдсан гар утас Самсунг Эс-6 маркийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 72/,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би одоогоор “М-Ойл” группийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 01 дүгээр салбарын эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сард намайг Дарь-Эхийн буюу 2 дугаар салбарт ажиллаж байхад салбарын эрхлэгч нарын албаны хурал дээр 01 дүгээр салбарт орлогын мөнгө авч зугтахыг завдсан үйлдэл гарсан гэж ярьж байсан. Уг асуудлыг тодруулан асуухад манай 01 дүгээр салбарт үл таних 2 залуу орж ирээд тухайн үед түгээгчээр ажиллаж байсан О.Х-гийн орлогын мөнгийг авч зугтах гэж байгаад баригдсан байсан. Ингээд манай байгууллага цагдаад хандаж байсан. ...Тухайн хоёр залуу 400 гаруй мянган төгрөг авсан байсан боловч цагдаад баригдаа буцаагаад өгсөн гэж байсан. ...манай байгууллагад учирсан хохирол төлбөр байхгүй тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх 4-н 21-22/,

Гэрч Ж.Н-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн урд талын М-Ойл шатахуун түгээх станцын хажуу талд байх М-ойл лубрекентс засварын газарт механикч ажилтай байгаад 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20-21 цагийн хооронд М-Ойл ШТС-ын операторын өрөөний дээд талд манай компаний оффис байдаг бөгөөд хамт ажилладаг О-ийг дээд давхараас бууж ирэхийг хүлээнгээ операторын өрөө рүү ордог хаалганы үүдний довжооны шатан дээр сууж байтал ертөнцийн зүгээр хойд талаас Кинг нэртэй супермаркетын хажуу талаас 16-20 орчим насны нэг нь бараан өнгийн хувцастай, нөгөөдөх нь цагаан өнгийн хувцастай хоёр эрэгтэй хүүхэд гүйгээд ирэхээр нь манай хажуу талд байдаг авто угаалгын газрын ажилтангууд байх гэж бодоод тоолгүй байж байтал хажуу талаар гараад операторын өрөө рүү яваад орчихсон. Тэгтэл дотор сууж байсан ахлах түгээгч Х-нь та гараач, ийшээ орж болохгүй гээд орилох чимээ гараад байхаар нь ямар учиртай хүүхдүүд болох талаар тодруулахаар босоод дотогшоо орох гэтэл өөдөөс бараан өнгийн хувцастай, саравчтай малгаатай эрэгтэй хүүхэд энгэртээ мөнгө барьчихсан зугтаах гэж байгаа бололтой гараад ирэхээр нь өөдөөс нь бариад авсан. Тэгтэл араас Х-бас барьж авч таараад операторын өрөө рүү оруулаад яах гэж мөнгө авч зугтаах гэсэн талаар асуухад замын хойд талыг заагаад дэлгүүрийн үүдэнд зогсож байсан ах нар мөнгө очоод аваад ир гэж хэлсэн гээд цонхоор заагаад байхаар нь хүмүүс байсан эсэх талаар тодруулах зорилгоор мөн гаднаас М-Ойл ШТС-ын түгээгч залуу ороод ирэхээр нь мөнгө авч гарахыг оролдсон хоёр хүүхдийг харж байгаарай гэж хэлчихээд замын хойшоо гарч Кинг нэртэй супермаркетын үүд орчмоор харахад ямар нэгэн хүн харагдахгүй байхаар нь Кинг нэртэй супермаркет руу орж ямар нэгэн хүн орж ирсэн, гадаа чинь хүмүүс зогсож байсан эсэх талаар асуухад ямар нэгэн хүн байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь уг хоёр хүүхдийг худлаа ярьсан байна гэж бодоод эргээд операторын өрөө рүү ортол мөнгө авч зугтаах гэж байсан, энгэртээ мөнгө барьсан бараан өнгийн хувцастай хүүхэд нь ганцаараа зогсож байхаар нь нөгөөтөх нь хаачсан талаар асуутал анхаарал сарнисан хойгуур гараад зугтаачихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 165-166/,

Гэрч О.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-нд 21:05 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмтлийн эмнэлгийн урд байдаг М-Ойл шатахуун түгээх станц дээрээ түгээгчийн ажлаа хийж байх явцдаа операторын өрөөнд орлогын мөнгөө сейфэнд хийхээр орсон. Тэгээд дөнгөж орж ирээд кармаанаасаа мөнгөө гаргаад сандал дээр суугаад байж байтал гаднаас 2 хүн ирж хаалга хүчтэй онгойлгож бариул нь унасан. Би орж болохгүй гэж сануулсан боловч хоёулаа шууд дайрч орж ирээд нэг нь өрөөстэй байгаа тос масло нураагаад эхэлсэн. Би тийшээ анхаарлаа хандуулах үед нөгөөдөх нь гарах гэж байгаа харагдсан. Энэ үед миний хаширгахыг сонссон бололтой цуг ажилладаг Нямаа орж ирээд өөдөөс нь бариад авахад өврөөс нь мөнгөнүүд унаад ирсэн. Анхаарал сарниулдаг нь зугтаад явсан ба мөнгө авдаг нь баригдаад үлдсэн. Тэгээд дохиолол дарж хамгаалалт дуудсан. ...мөн 102 руу утасдаж цагдаа дуудаж дээрэм үйлдсэн 1 хүүхдийг хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 167/,

Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орой 19 цагийн орчимд найз Ариунаагийн хамтаар Революшн гэх нэртэй ресторанд орсон. Тэгээд бид хоёр хоол захиалчихаад хоол идээд сууж байтал гаднаас 2 хүүхэд бохь сэтгүүл авах уу гээд ширээн дээр ирээд үзүүлсэн. Тэгээд би тухайн үед нээх их зүйл бодолгүй авахгүй ээ гээд тэр хоёр хүүхдийг явуулсан. Тэгээд би удалгүй ширээн дээр байсан гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан ба гар утас алга болчихлоо гээд уг рестораны зөөгчид нь хэлээд камер шүүж үзэхэд нөгөө бохь сэтгүүл авах уу гээд байсан 2 хүүхэд бидний ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 43/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч И.Ариунсанаа №5 гэж дугаарласан эрэгтэйг зааж энэ хүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Bluefin ресторанд үйлчлүүлж байхад гартаа сэтгүүл барьж орж ирээд ширээн дээрээс миний гар утсыг хулгайлсан хүн мөн байна. ...хохирогч Г.Л-№8 гэж дугаарласан эрэгтэйг зааж энэ залуу нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их булаг” хүнсний дэлгүүрийн лангуу дээр 350.000 төгрөг хулгайлсан хүн мөн байна. ...Г.А-г ЦХ-ийн 207 тоот өрөөнд оруулж ирэн 1-6 дугаартай, 6 эрэгтэй хүний зурагнаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр таны гар утсыг хулгайлсан гэх эрэгтэй хүний гэр зураг байгаа эсэхийг тодруулж асуухад, уг 6 хүний гэрэл зурагнууд дотроос 5 гэсэн дугаар дээр байрлагдсан хүн мөн байна. ...хохирогч О.Х- би 4 дугаартай зургийг зааж байна, энэ цагаан өнгийн хувцастай хүүхэд шууд операторын өрөө рүү ороод тос тослох материал тавьсан тавиур хэсэг рүү очиж зарим нэгийг нь татаж гараараа унгаагаад байсан хүн мөн байна гэснээр ажиллагааг дуусгав. ...Хохирогч Э.С- би ширээн дээр 2 эгнээ болгон байрлуулсан 8 иргэний гэрэл зургийг харлаа. Эдгээр зургуудын 1-р эгнээд №1 гэсэн дугаарын доор байрлуулсан эрэгтэй хүн сэтгүүл барьж байсан хүүхэд мөн байна. Харин 2-р эгнээнд №8 гэсэн дугаарын доор байгаа эрэгтэй хүүхэд бас тухайн үед хамт явж байсан хүүхэд мөн байсан. Энэ хоёр царайны ерөнхий байдлаар нь таньж байна. Гар утас хулгайлж авсан хүүхдүүд яг мөн байна.” гэжээ /хх 1-н 17-18, 131-134, 2-н 26-28, 189-191, 3-н 52-54/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цаад талд зогсож байсан саравчтай малгайтай эрэгтэй ширээн дээр 2 хэсэг бүхий өрөөстэй байсан хэмжээ, хэлбэр, өнгө сайн харагдах дээр дээрээс нь давхарлаж тавьсан мөнгөн дэвсгэрүүдээс баруун талын захын мөнгийг 00:32 секунтэд баруун гараараа аваад энгэр хэсэгтээ хийгээд гарав” гэжээ /хх 2-н 161-164/,   

Яллагдагчаар Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. Тухайн өдөр би хулгай хийж мөнгө олох зорилгоор ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Bluefin нэртэй ресторан руу орж хамгийн эхний ширээ рүү очиход үл таних хоёр эмэгтэй сууж байсан ба уг ширээний булан хэсэгт Самсунг Эс-7 Эджи загварын гар утас харагдахаар нь тэр хоёр эмэгтэйгээс “сэтгүүл авах уу” гэж асуугаад сэтгүүлээ ширээн дээр нь тавиад буцааж авахдаа Самсунг Эс-7 Эджи загварын гар утсыг нь хамт авч шууд ресторанаас гарсан. Тэгээд би такси бариад Монтел гар утас худалдааны төв рүү очиж хулгайлсан гар утсаа үл таних хоёр залууд 180.000 төгрөгөөр худалдсан. ...Миний санаж байгаагаар 2018 оны 01 дүгээр сарын эхээр байх, шинэ он гараад хэдхэн хонож байсан шиг санагдаж байна. Тухайн өдөр би хулгай хийж мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр рүү орж юм худалдаж авах гэж байгаа юм шиг зогсож байтал худалдаг нь болох үл таних эгч цаанаа бараагаа хураагаад юм хийгээд намайг анзаараагүй байсан. Тэгэхээр нь би лангууных нь ар руу гараа хийж байгаад задгай мөнгө байсныг нь авч зугтаасан. ...миний санаж байгаагаар 160.000 орчим төгрөг байсан. ...би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд дээрх хэргийг үйлдсэн учир тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би мөнгө олох гэж л энэ гэмт хэргийг үйлдэх болсон. ...2018 оны 3 дугаар сарын 19-нд Сансарын клонк дээр Содоо гэх урьд өмнө таньдаг байсан залуутай таарсан юм. Тэгээд Содоо бид хоёр Сансарт байдаг цахим тоглоомын газар орой хүртэл тоглож байгаад гарсан. Тэгээд Содоо бид хоёр 1 дүгээр хороолол ороод 26 дугаар байрны хажууд явж байсан чинь нэг эмэгтэй урд явж байсан ба Содоо тэр эмэгтэйгийн гарт байсан гар утсыг булаагаад зугтаасан. Тэр үед би Содоогийн араас дагаж гүйгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 3 дугаар сарын 20-нд Хархорин захын хажууд зам дагуу явж байсан үл таних хүнд гар утсыг 80.000 төгрөгөөр зараад цахим тоглоом тоглоод бас идэж уух юм аваад дуусгасан. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Э.Т- бид хоёр 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Революшн нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйн ширээн дээр тавьсан байсан айфоне 6 загварын гар утсыг хулгайлан авснаас өөр хэрэг байхгүй. Энэ хэргийг Э.Т- бид хоёр хамт явж байгаад үйлдсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 37, 143, 2-н 87, 167, 3-н 130/,

Яллагдагчаар А.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр А- бид хоёр хороололд Модны 2-н орчим таарсан. Тухайн үед би харих гээд явж байсан ба А-тай таараад бид хоёр Модны 2-ын хөндлөн замаар явж байгаад хороолол дундуур баруун тийшээ эргээд “М-Ойл” ШТС-ын гадаа очсон. Тэнд очоод А- ийшээ ороод таньдаг хүнтэйгээ уулзаад ирье хамт оръё гэхээр нь хамт орсон. Клонк дотор ороход А- намайг худалдагч нь байна уу хараадах гэхээр нь би байна гэхэд за за гэсэн. Тэгээд би ШТС-ын худалдагчаас машины тосны үнэ асуухад худалдагч эгч над руу хараад үнийг нь хэлээд байсан. Тэгэхэд цаана нь А- худалдагчийн сууж байсан ширээн дээрээс мөнгө авах гээд гараа явуулж байхаар нь болиоч гээд А-т толгойгоо сэгсэрч дохио өгсөн. Энэ үед нөгөө эгч эргэж хараад А-ыг бариад авсан. Тэгэхэд гаднаас 2 ах орж ирээд А-ыг барьж аваад загнаад ширээн дээрээс авсан мөнгийг нь буцааж авсан. Тэгэхээр нь би тэд нарын хажуугаар гараад явчихсан. Намайг гарч явах гэтэл нөгөө хүмүүс гаргахгүй явуулахгүй гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 217/,

Яллагдагчаар Э.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...А- бид хоёр 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Революшн нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйн гар утсыг ширээн дээр байхад нь хулгайлан авсан. Тухайн үед би эмэгтэйгээс сэтгүүл авах уу гэж асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд А- Айфоне-6 загварын гар утсыг нь хулгайлан авсан. А- бид хоёр үүнээс өөр бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 135/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 12, 112, 195, 2-н 12, 57, 152/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 13, 113, 196, 2-н 13, 58, 153/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 28-29, 211-212, 2-н 22-24, 72-73/, шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 47-56, 58-68, 71-76, 94, 135-137, 218, 223, 2-н 34, 36-37, 168, 3-н 72-82/, Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай /хх 1-н 101-102, 250, 2-н 1, 51-52, 97-98, 224-225/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 59-60/, шүүгдэгч А.П-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 177-181, 241-242/, хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 3-н 148-149/ зэрэг болно.    

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Э.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Э.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт  хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.А-ыг бусадтай бүлэглэн буюу ганцаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тус бүрт нь яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Э.А-ын ганцаараа буюу бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байх ба энэ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч Э.А- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Bluefun” ресторан дотор хохирогч И.Ариунсанаагийн эзэмшлийн “Самсунг Эс 7 Эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их булаг” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрийн лангуунаас бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч И.Х-т 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 39 дүгээр байранд байрлах “Авъяас” хүүхдийн өдөр өнжүүлэх газраас хохирогч Б.С-Самсунг Эс-6 Эджи, Самсунг Эс-3 маркийн гар утсыг хулгайлж 384.000 төгрөгийн, мөн насанд хүрээгүй хохирогч С.У-гийн Самсунг гранд загварын гар утсыг хулгайлж, 162.000 төгрөгийн буюу бусдад нийт 546.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singer” нэртэй оёдлын машины төв дотор хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь Э.Т-тэй бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Революшн” зоогийн газарт үйлчлүүлж байсан Э.С-гийн ширээн дээр тавьсан байсан Айфоне 6 Эс загварын гар утсыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь А.С-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-гийн өмчлөлийн Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч И.Ариунсанаагийн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bluefun” ресторанд үйлчлүүлж байгаад өөрийн “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утсаа алдсан. ...Би тухайн үед гар утсаа алдсанаа мэдсэн бөгөөд миний утас ширээн дээр байсан. Тэгээд гаднаас нэг 20 орчим насны залуу сэтгүүл бариад орж ирсэн бөгөөд ширээн дээр сэтгүүл тавьж авах уу гэх байдлаар асуусан. Тэгээд гараад явсан ба миний гар утас байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23-24/, хохирогч И.Х-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш 19 цаг өнгөрч байх үед би гадуур ажилтай явж байтал манай эхнэр Лхамжав над руу 89782672 дугаараас дэлгүүрээс мөнгө алдчихлаа гэж залгасан. ...орлогын бэлэн мөнгө болох нийт 350.000 төгрөг алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121-122/, гэрч Г.Л-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн 01-39 тоотод байрлах Их булаг нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ажиллаж байсан юм. ...19 цаг 30 минутын орчимд хүний хөл татрахаар нь складнаасаа хүслийн кола ундаа оруулах гээд склад руугаа орсон. Намайг склад руу орохоос өмнө хар саравчтай малгай, хар юдэнтэй цамцтай 17-18 орчим настай эрэгтэй хүүхэд гоо сайханы бараа үзээд зогсож байхаар нь би нэг их юм бодолгүй дэлгүүрийнхээ складнаас ундаагаа оруулж ирээд лангуун дээрээ өрөх гэтэл мөнгөний шүүгээ онгойж дотор нь байсан бэлэн мөнгөнүүд байхгүй болсон байсан. Тэгээд би энд байсан мөнгө яачваа гээд орилтол нөгөө эрэгтэй хүүхэд гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 124/, хохирогч Б.Соёл-Эрдэний: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны “Авъяас” өдөр өнжүүлэхэд ажил дээрээ хүүхдүүдэд хичээл зааж байхад гаднаас гар дээрээ шивээстэй шар цариатай залуу орж ирээд манай багш А-тай өдөр өнжүүлэхэд хүүхэд өгөх талаар ярилцаж байсан. Тухайн үед миний гар утаснууд үүдний ширээн дээр байсан юм. Тэгээд би өдрийн ээлжний хүүхдүүдийг хувцаслаж байсан бөгөөд хүүхдээ хувцаслаж дуусчихаад гадагшаа гарах гээд гар утсаа хайсан чинь миний үүдний ширээн дээр байсан Самсунг Эс 6 эджи, Эс 3 маркийн гар утаснууд алга болсон байсан. Бас манай сурагч С.У-гийн гар утас алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 201/, насанд хүрээгүй хохирогч С.У-гийн: “...хувцасаа өмсчихөөд гар утсаа авах гэхэд байхгүй байсан ба С-багшид хэлэхэд багшийн гар утас мөн алга болсон байсан. ...миний утас Самсунг Гранд загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 5/, гэрч П.А-ын: “...Авъяа” өдөр өнжүүлэх буюу ажил дээрээ байхад 16-18 орчим насны шар цариатай, гар дээрээ шивээстэй, 165-170 см орчим өндөртэй, хар өнгийн хувцастай хүүхэд орж ирээд 4 дүгээр ангийн хүүхэд өдөр өнжүүлэхэд авах уу гэж надаас асуугаад ардаас ээж орж ирнэ гээд үүдэнд зогсоод байсан. Тэгээд би гал тогоонд орж юм хийхээр болоод манай С-багш хүүхдүүдээ хувцаслаж байх үед нөгөө хүүхэд үүдний урд талын ширээн дээр байсан надтай хамт ажилладаг багш Соёл-Эрдэний гар утаснуудыг болон манай сурагч С.У-гийн гар утаснуудыг хулгайлаад аваад гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 204/, хохирогч Г.А-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороонд байрлах “Singer” оёдлын машины төвд ажиллаж байгаад ширээн дээрээ өөрийнхөө Самсунг Эс-8 маркийн гар утсыг үлдээгээд хажуу талын өрөөндөө орох хооронд миний гар утас алдагдсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 18-20 орчим насны эрэгтэй хүн аваад гараад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 23/, хохирогч Б.Д-гийн: “...Би хүүхэд рүүгээ залгаад миний хүү хаалгаа тайлаарай ээж, аав хоёр нь очиж байна гэж хэлээд утсаар яриад явж байтал араас миний гарт байсан гар утсыг хүн шүүрээд гүйгээд явсан. ...намайг харахад ард явж байсан нэг хүн нь хар куртиктэй малгайтай цамцтай нэг эрэгтэй байсан. 160-165 см өндөртэй хүүхэд байсан. ...миний алдсан гар утас Самсунг Эс-6 маркийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 72/, хохирогч Э.С-гийн: “...найз Ариунаагийн хамтаар Революшн гэх нэртэй ресторанд орсон. Тэгээд бид хоёр хоол захиалчихаад хоол идээд сууж байтал гаднаас 2 хүүхэд бохь сэтгүүл авах уу гээд ширээн дээр ирээд үзүүлсэн. Тэгээд би тухайн үед нээх их зүйл бодолгүй авахгүй ээ гээд тэр хоёр хүүхдийг явуулсан. Тэгээд би удалгүй ширээн дээр байсан гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан ба гар утас алга болчихлоо гээд уг рестораны зөөгчид нь хэлээд камер шүүж үзэхэд нөгөө бохь сэтгүүл авах уу гээд байсан 2 хүүхэд бидний ширээн дээр байсан гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 43/, яллагдагчаар Э.Т-гийн: “...А- бид хоёр 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Революшн нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйн гар утсыг ширээн дээр байхад нь хулгайлан авсан. Тухайн үед би эмэгтэйгээс сэтгүүл авах уу гэж асууж анхаарлыг нь сарниулж байх хооронд А- Айфоне-6 загварын гар утсыг нь хулгайлан авсан. А- бид хоёр үүнээс өөр бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 135/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.А- нь А.П-той бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-Ойл ШТС-н өрөөнд байсан М-Ойл групп ХХК-ний эзэмшлийн 440.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч А.П- нь Э.А-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-Ойл ШТС-н өрөөнд байсан М-Ойл групп ХХК-ний эзэмшлийн 440.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Э-ын: “...манай 01 дүгээр салбарт үл таних 2 залуу орж ирээд тухайн үед түгээгчээр ажиллаж байсан О.Х-гийн орлогын мөнгийг авч зугтах гэж байгаад баригдсан байсан. Ингээд манай байгууллага цагдаад хандаж байсан. ...Тухайн хоёр залуу 400 гаруй мянган төгрөг авсан байсан боловч цагдаад баригдаа буцаагаад өгсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 21-22/, гэрч Ж.Н-ы: “...ахлах түгээгч Х-нь та гараач, ийшээ орж болохгүй гээд орилох чимээ гараад байхаар нь ямар учиртай хүүхдүүд болох талаар тодруулахаар босоод дотогшоо орох гэтэл өөдөөс бараан өнгийн хувцастай, саравчтай малгаатай эрэгтэй хүүхэд энгэртээ мөнгө барьчихсан зугтаах гэж байгаа бололтой гараад ирэхээр нь өөдөөс нь бариад авсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 165-166/, гэрч О.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гаднаас 2 хүн ирж хаалга хүчтэй онгойлгож бариул нь унасан. Би орж болохгүй гэж сануулсан боловч хоёулаа шууд дайрч орж ирээд нэг нь өрөөстэй байгаа тос масло-г нураагаад эхэлсэн. Би тийшээ анхаарлаа хандуулах үед нөгөөдөх нь гарах гэж байгаа харагдсан. Энэ үед миний хаширгахыг сонссон бололтой цуг ажилладаг Нямаа орж ирээд өөдөөс нь бариад авахад өврөөс нь мөнгөнүүд унаад ирсэн. Анхаарал сарниулдаг нь зугтаад явсан ба мөнгө авдаг нь баригдаад үлдсэн. Тэгээд дохиолол дарж хамгаалалт дуудсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 167/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.А-, А.П- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хохирогч нарын эд зүйлсийг хулгайлан бусдад хохирол учруулсан, шүүгдэгч Э.А-, А.П- нар нь М-Ойл ШТС-н өрөөнд байсан М-Ойл групп ХХК-ний эзэмшлийн 440.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан баримт, эд зүйлийн үнэлгээ, хохирлын тооцоо зэргээр шүүгдэгч Э.А-аас нийт 2.844.000 гаргуулж хохирогч И.Ариунсанаад 408.000 төгрөг, хохирогч И.Х-т 350.000 төгрөг, хохирогч Б.Соёл-Эрдэнэд 384.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.У-д 162.000 төгрөг, хохирогч Г.А-д 1.300.000 төгрөг, хохирогч Э.С-д 240.000 төгрөг олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.А- нь хохирогч Э.С-гийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг яллагдагч Э.Т-тэй хамтран үйлдсэн бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 480.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.А-аас 240.000 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч Б.Д-гийн хохирлыг шүүгдэгч А.С-ээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор 264.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Э.А-ыг хохирогч Б.Д-д төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Хохирогч Ц.Э- /М-Ойл ШТС/ хохирлын мөнгөө буцаан авсан байх тул шүүгдэгч А.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.А-, А.П- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.   

Улсын яллагч шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил хорих ял, нэмж нэгтгэн нийт 07 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч А.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Э.А-, А.П- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүгдэгч Э.А- хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял, шүүгдэгч А.П-ид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, гэж 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.П- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 413 дугаар хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор нийт 08 сар 01 хоногийн хорих ял эдэлж 02 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 7 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-, А.П- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, тэдгээрийн урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ял нь оруулах тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1806002611660, 1808019671363, 1805009410914, 1908013311445, 1805024321199, 201725031073 тоот хэргүүдийг тус тус нэгтгэсэн, яллагдагч Э.Т-, А.С- нарт холбогдох хэргийг тусгаарласан бөгөөд яллагдагч А.С-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Э.А-, А.П-нарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Э.А-ыг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журалман мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 02 жил хорих ялаар, А.П-ийг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 07 сар 29 хоногийн хорих ялаар тогтоосугай.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 04 жил хорих ял, шүүгдэгч А.П-ид оногдуулсан 03 жил 07 сар, 29 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.А-ын урьд цагдан хоригдсон 216 хоног, шүүгдэгч А.П-ийн урьд цагдан хоригдсон 68 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1806002611660, 1808019671363, 1805009410914, 1908013311445, 1805024321199, 201725031073 тоот хэргүүдийг тус тус нэгтгэсэн, яллагдагч Э.Т-, А.С- нарт холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч А.П- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас нийт 2.844.000 төгрөг гаргуулж хохирогч И.Ариунсанаад 408.000 төгрөг, хохирогч И.Х-т 350.000 төгрөг, хохирогч Б.Соёл-Эрдэнэд 384.000 төгрөг, хохирогч С.У-д 162.000 төгрөг, хохирогч Г.А-д 1.300.000 төгрөг, хохирогч Э.С-д 240.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-, А.П- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР