Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Ч.Г-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905046541386 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Г-, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Г-нь 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний авто засварын байранд тус компанийн эд хөрөнгө болох автомат хаалга 1 ширхэг, ус зайлуулах хоолой 4 ширхэг, приус 20 маркийн автомашины арын гэрэл 2 ширхэг, Аксио маркийн автомашины арын гэрэл 1 ширхэг, Ланд-200 маркийн автомашины урд гэрэл 1 ширхэг зэрэг зүйлсийг хууль бусаар гэмтээж нийт 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г-шүүх хуралдаанд: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохиролд 5 сая төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ... компаний засварын газарт 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө үл таних нэг залуу согтуу орж ирээд засварын газрын эд зүйл эвдэж гэмтээсэн. Үүний улмаас манай компаний засварын газрын эд зүйл эвдэрч тэрийг нь үнэлүүлэхэд 3.202.000 төгрөгийн хохирол учирсан. Манай засварын газар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил тараад засварын газраа хаагаад явцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өглөөний 07 цаг 30 минутын орчимд би ажил дээрээ ирээд засварын газраа нээсэн. Тэгэхэд засварын газрын шалан дээр ...сэлбэг тавьдаг байсан тусгай саван дээр байсан гэрлүүдийг газарт унагаан эвдсэн байсан. Тэгээд тэр эрэгтэй хүнийг барьж аваад байж байхад тэр хүн зугтаах гэсэн. Тэгэхээр нь барьж байгаад гарыг нь ард нь хүлж байгаад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. Тэгэхэд цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийчихээд яваад өгсөн. ...Манай компаний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 5.000.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Гэрч П.Г-мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай засварын төвийн дарга Түмэнжаргал ирээд ажлаа эхлүүлэх гээд кузов засварын цех рүү ороход тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл эмх замбараагүй болж эвдэрсэн байсан. Тэгээд бид цехээ шалгаж байхад дулааны узелийн өрөөнд хүн дугарах чимээ гарахаар нь бид хоёр дулааны узелийн өрөө рүү ороход нэг эрэгтэй чармай нүцгэн зогсож байсан. ...Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд тухайн залуу манай кузов засварын цехэд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн үүрээр 04 цаг 20 минутад согтуу орж ирээд манай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг эвдэж сүйтгэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

 Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Д.Т-аар таньж олуулахаар ...4 хүний цээж зургийг нэг цаасан дээр хоёр эгнээ байрлуулсан өнгөт зэргийг харуулж таниулахад Ч.Г-ийн зургийг хараад шууд зааж байлаа” гэжээ. /хх-н 19-21/, 

Яллагдагчаар Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг нь би хамаатан эгчийнхээ гэр рүү орох гэж байгаад тэр “...” ХХК-ний гараашийн үүдэнд машинаа тавиулчихаад дуудлагаар ирсэн жолоочийг явуулсан юм. Тэгээд би тэндээс юу болсноо санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон, намайг гарааш дотор байж байхад цагдаа нар ирсэн. Би тухайн үед хяналтаа алдаад тасарчихсан байсан... Би уг нь архи уудаггүй юм. ...Би дараа нь тэр компаний хяналтын камерт бичигдсэн байсан бичлэгийг үзсэн. Тэр бичлэг дээр миний согтуу эд зүйлс эвдэж байгаа бичлэг бичигдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-17/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-43/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-60, 63-81/, хохирогчийн хүсэлт /хх-н 90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Г-нь 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний авто засварын байранд тус компанийн эд хөрөнгө болох автомат хаалга 1 ширхэг, ус зайлуулах хоолой 4 ширхэг, приус 20 маркийн автомашины арын гэрэл 2 ширхэг, Аксио маркийн автомашины арын гэрэл 1 ширхэг, Ланд-200 маркийн автомашины урд гэрэл 1 ширхэг зэрэг зүйлсийг хууль бусаар гэмтээж нийт 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Т-ын: “...Манай ... компаний засварын газарт 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө үл таних нэг залуу согтуу орж ирээд засварын газрын эд зүйл эвдэж гэмтээсэн. Үүний улмаас манай компаний засварын газрын эд зүйл эвдэрч тэрийг нь үнэлүүлэхэд 3.202.000 төгрөгийн хохирол учирсан. ...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өглөөний 07 цаг 30 минутын орчимд би ажил дээрээ ирээд засварын газраа нээсэн. Тэгэхэд засварын газрын шалан дээр ...сэлбэг тавьдаг байсан тусгай саван дээр байсан гэрлүүдийг газарт унагаан эвдсэн байсан. Тэгээд тэр эрэгтэй хүнийг барьж аваад байж байхад тэр хүн зугтаах гэсэн. Тэгэхээр нь барьж байгаад гарыг нь ард нь хүлж байгаад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, гэрч П.Гантулгын: “...Манай засварын төвийн дарга Түмэнжаргал ирээд ажлаа эхлүүлэх гээд кузов засварын цех рүү ороход тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл эмх замбараагүй болж эвдэрсэ нбайсан. Тэгээд бид цехээ шалгаж байхад дулааны узелийн өрөөнд хүн дугарах чимээ гарахаар нь бид хоёр дулааны узелийн өрөө рүү ороход нэг эрэгтэй чармай нүцгэн зогсож байсан. ...Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд тухайн залуу манай кузов засварын цехэд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн үүрээр 04 цаг 20 минутад согтуу орж ирээд манай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг эвдэж сүйтгэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г-нь согтуурсан үедээ “...” засварын газар орж эд зүйлүүдийг гэмтээж 3.162.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 90/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                       

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР