Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00540

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2549 дүгээр магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

СХД-ийн 129-р с-дхолбогдох

Ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, ээлжийн амралтын олговор 6 549 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн СХД-ийн 129-р с-дсургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан 129-р с-ийнийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 287 402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 191 792 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, 2016 оны 08 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмаар бичилт хийхийг хариуцагч 129-р с-ийнийн захиргаанд даалган шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 610 дугаар магадлалаар өөрчлөлт оруулан анхан шатны шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 2 470 195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00684 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Иймд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон надад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговорт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 170 хоног нийт 6 549 787 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хугацаа 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгааг 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл болгох, мөн дээрх ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмаар бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эгүүлэн тогтоосон буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг нэхэмжилсэн. Үүнд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 137 хоногийн цалин, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон 15 хоногийн амралт дээр, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар сургалтын менежерийн нэмэгдэл 15 хоногийн амралт нийт 30 хоногийн ээлжийн амралтын олговор гэж тооцон, 167 хоногийг 1 өдрийн цалинг 35 916 төгрөгөөр тооцон 6 549 787 төгрөгийг нэхэмжилж байгаа. Д.Быг ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 3 шатны шүүхээр хянагдаж байх хугацаанд түүнийг ажилд нь аваагүй. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас албадан биелүүлэх ажиллагаа явагдаж, Д.Бат-Отгон захирал эвлэрье гээд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргаад 08 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 08 дугаар сарын 23-наас хойшхи хугацааны цалин авсан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг бүх шатны шүүх хэлэлцээд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад дахин нэг асуудлаар иргэний маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгийн хэмжээ нь ямар хугацаанд ногдох цалин болохыг мэргэжлийн шинжээч томилж, эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бын нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн учир дахин нэхэмжлэл гаргах эрх байхгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 125 хоногийн цалин авах юм байна гэж бодвол үүнээс давж заалдах 14 хоногийн хугацааг хасахаар 111 хоногийн цалин яригдах байх. Энэ хүн ирж уулзаагүй, ажилдаа ир гэхээр ирдэггүй бөгөөд ирсэн үед нь тушаал гаргасан. Сургуулийн бүх ажилчид 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл амардаг тул нэмж 30 хоног бодогдохгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч " 129-р с-ийнь"-аас нэхэмжлэгч Д.Бын ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговорт 5 997 972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 551 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар нь бичилт хийхийг хариуцагч " 129-р с-ийнь"-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч " 129-р с-ийнь"-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2549 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...5 997 972 төгрөг...” гэснийг “...5 024 846 төгрөг...” гэж, “...551 815 төгрөг...” гэснийг “...973 126 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч дугаар сургуулийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилснийг зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэвч 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл ажлын нийт 125 хоног гэж тооцож байгаа. Мөн 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн давж заалдах гомдол гаргах хугацааг шүүгч хасалгүй тооцсон нь буруу болжээ. Учир нь 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол хариуцагч тал 2017 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл давж заалдах гомдол гаргах эрх бүхий өдөр нь байсан. Мөн 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш нар ээлжийн амралтаа авдаг. Монгол улсын Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тус сургууль 2017 оны 08 сарын 23-ны өдрөөс захирлын тушаалын дагуу бүх багш, ажилчид нар ажилдаа орсон. Гэвч Удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу сургуулийн тухайн жилийн төсөв, цалингийн сандаа багтаан багш ажилчид ээлжийн амралтын 30 хоногт ноогдох цалинг авч, амардаг. Илүү хоног амарлаа гээд нэг ч төгрөг ээлжийн амралтын цалин дээр бодогддоггүй. Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1.4-т заасныг баримтлан ажилладаг бөгөөд сургуулийн төсөвтэй уялдуулан гаргасан Захирлын тушаалаар тухайн заасан хоногийн хугацаагаар амардаг ба амарсан хоногийн цалинг нэмж олговол төсөв хэтрүүлсэн хэмээн хариуцлага тооцдог. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад байдаг нийтлэг жишиг. Хөдөлмөрийн тухай хуулиар 15 хоног тооцож, Боловсролын тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу 15 хоног тооцож, нийт 30 хоногийн амралт олгохоор хуулиар зохицуулсан байдаг. Иймд бид Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02332 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 2549 дугаар магадлалын зарим хэсэг буюу ажлын 125 хоногоос давж заалдах гомдол гаргах 14 хоногийг ажлын 10 хоногоор тооцон хасч ажлын нийт 115 хоногийн цалинг 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 684 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоолд заасан дундаж цалин болох 617 518 төгрөгөөс тооцож, 115 хоног х28723 төгрөг нийт 3 303 145 төгрөг, 2017 оны 06 сарын 15-наас 2017 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл ээлжийн амралтын цалинг ээлжийн амралтын ажлын 30 хоногоор нь тооцож 94 506 төгрөг нийт 4 197 651 төгрөгийг хуулийн дагуу олгох боломжтой байх тул 827 105 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч СХД-ийн 129-р с-дхолбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговорт 6 549 787 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, ...нийт 5 024 846 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх энэ хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулсан, харин хяналтын журмаар гомдол гаргахдаа “...827 105 төгрөгийг хасч, 4 197 651 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх гомдлыг гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн сарын дундаж цалин, ажилгүй байсан хугацааг буруу тооцсон боловч нэхэмжлэгч магадлалд гомдол гаргаагүй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тушаал зэрэг баримтаар ажилтны сарын дундаж цалин, ажилгүй байсан хугацааг тооцох боломжтой боловч нэхэмжлэгч нь 5 024 846 төгрөгийн хэмжээнд  магадлалыг хүлээн зөвшөөрсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01739 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 610 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00684 дугаартай тогтоолоор Д.Быг 129-р с-ий сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 2 470 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан үеэс ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацаанд хамаардаг тул нэхэмжлэгч нь ажилд аваагүй байгаа хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн нь хуульд нийцжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2549 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА